Хүнд хамгийн хэрэгтэй зүйл бол хоол. Аятайхан хоол хийж иддэг байх нь хүн бүрийн эзэмших ёстой чадвар гэхэд хилсдэхгүй. Тэгвэл хүн бүхэнд хамаатай энэ чадварыг эзэмшихэд туслах, гэртээ амттай сайхан хоол хэрхэн хийж идэхийг заах Gertee брэндийг бид өнөөдөр онцолж байна. Нэг нь дизайн, нөгөө нь хоолны чиглэлээр мэргэшсэн эгч дүү хоёр бүсгүйн эхлүүлсэн энэ бизнес танд хэрэгтэй мэдээлэл, эерэг энергийг өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Бизнесийн нэр: Gertee
Хаяг: Мөнгөн Завьяагийн ард Denver оффис, 506 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Хоолны заавар, сошиал медиа сурталчилгаа
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 1 сар
Үүсгэн байгуулагч: Б.Энхгэрэл, Э.Цэцэгсүрэн
Вэб: Gertee (фэйсбүүк), Gertee (инстаграм)

Зүүн гараас Б.Энхгэрэл, Э.Цэцэгсүрэн

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Б.Энхгэрэл: Би АНУ-д их сургуулиа санхүү болон дүрслэх урлаг, тэр дундаа гэрэл зургаар мэргэшиж төгссөн юм. Монголдоо ирэхэд хоолтой холбоотой фэйсбүүкийн группууд, хуудсууд их болсон байсан. Гэвч хоолыг яг чанартайгаар зургийг нь авч, видео хийдэг хүмүүс байхгүй байсан. Тиймээс иймэрхүү эрхэлж болох юм шиг санагдаад, хоол хийх дуртай бэр эгчдээ хамтаръя гэсэн санал тавихад дуртайгаар хүлээн авсан. Ингээд л Gertee-г эхлүүлсэн дээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Э.Цэцэгсүрэн: Эхлэлийн хөрөнгө нэг их шаардаагүй. Би хоолоо хийгээд, Энхгэрэл маань фото, видеогоо хийж, нэлээд олон сар гэрээсээ ажилласан учраас зардал багатай байсан. Яваандаа орлого олох болж, түүгээрээ зардлаа нөхдөг болсон. Энэ байраа бид өнгөрсөн намраас түрээсэлсэн юм. Үнэнийг хэлэхэд танай Unread-ийн Unplug арга хэмжээнд оролцоод маш их урам зориг авч, ерөөсөө бизнесээ албажуулж, хамтдаа нэг дор сууя, тэгвэл илүү бүтээмжтэй байх юм байна гэж шийдсэн. Тухайн үед Unplug-ийн шилдэг апп төрөлд дараа жил заавал оролцоно доо гэж өөрсдөдөө амласан (инээв).

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Гэртээ гэсэн нэр маань бидний санааг илэрхийлдэг. Гэртээ хийж болох амттай сайхан хоолуудыг хэрхэн хийх зааврыг бид видеогоор хүргэдэг. Аль болох амьдралд ойрхон, айл бүрт байдаг материалыг ашиглан хоол хийж түгээхийг зорьдог. Олдохгүй материал хийлээ гэхэд хаанаас яаж олохыг нь сайн хэлж өгдөг. Төрөл бүрийн хоолнны бичлэг манайд ордог. Цагаан хоолных ч бий. Мөн "Бяцхан тогооч" буланг маань нэг хүүхэд хөтөлж явуулдаг. Хүүхдүүд бас их сонирхдог юм. Сүүлийн үед бид уух юмс, коктейль зэргийн зааврыг хүргэж байна.

Ер нь хоолоор дамжуулан гэгээлэг мэдээллийг хүргэх зорилготой. Тиймдээ ч "Гэгээлэг бүхнийг Гэртээгээс" гэсэн уриатай. Гэрэл зураг, видеогоо өнгөлөг, хүнд ойлгомжтой дизайнтайгаар хийдэг. Фэйсбүүк хуудас дээр гэгээлэг пост, бичлэгүүдийг оруулдаг. Давхар цахим ертөнцөд соёлтой байхыг уриалдаг юм. Тэгэхгүй бол юм л бол шүүмжилсэн хүмүүс их байдаг. Гэхдээ нэг үеэ бодоход манай хэрэглэгчид шүүмжлэх нь арай гайгүй болсон юм шиг санагдаж байгаа шүү.

Апп-ийн хувьд бид фэйсбүүк хуудсаа эхлүүлээд 2-3 сар болоод л иймэрхүү апп байхгүй байна, апп хийх хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Ингээд зориглон аппаа хийхээр шийдэж өнгөрсөн 12-р сард бэлэн болгож гаргасан. Апп маань бүтээгдэхүүний зургаар баялаг, мэдээлэл сайтай, англи монгол 2 хэлээр үзэж болдгоороо онцлогтой. Хоолны заавар, мэдээллээс гадна "Gaduur" хуудсын контентууд ордог.

Хөдөө орон нутаг гэх мэт интернэтийн хурд удаантай газраас бичлэг үзэж болохгүй байна гэж удаа дараа хүсэлт ирсэн тул бид аппаа онлайн ашиглаж болдог болгосон нь хүмүүст их таалагдсан шүү.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Бид Gertee брэндийг үүсгээд цаашид хийх ажлуудынхаа суурийг дажгүй сайн тавьсан гэж бодож байна. Цаашдаа гарт баригдаж нүдэнд үзэгдэхүйц үйл ажиллагаа эрхэлнэ гэж бодож байгаа. Жижигхэн, хүн зорин байж ирдэг ресторан ажиллуулдаг ч юм уу. Ямар ч байсан цаашдаа шинэ зорилгууд аяндаа урган гараад явах байх.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Хэрэглэгчид, үзэгчдэд аль болох ойлгомжтой видео л хүргэхийг хичээдэг. Мөн видеондоо дуу хөгжим ашиглахдаа монгол хамтлаг дуучдаасаа зөвшөөрөл авч оруулдаг. Оюуны өмчийг дээдлэхийг их хичээдэг. Бодьхүү, The Colors, Моханик зэрэг хамтлаг дуучдын хөгжим видеог маань сайхан чимдэг шүү.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бид апп болон фэйсбүүк хуудас, инстаграм хуудсаа идэвхтэй хөтөлж явдаг. Гдуур юу идэх вэ, хаагуур хэрэгтэй юм байна вэ гэдгийг мэдээлэх зорилготой "Gaduur" гэсэн фэйсбүүк хуудсыг мөн хөтөлж эхлээд байгаа.

Сүүлийн үед бид ресторануудаар явж, тогооч нарынх нь хоол хийж буй бичлэгийг хийн түгээж байна. Ер нь яаж шинэлэг зүйлсийг хийх вэ гэж байнга л эрэлхийлж байдаг. Мөн мукбанг гэх Солонгосын идэлтийн шоуг оруулж ирээд, фэйсбүүкээр 3 дугаар гаргаад байна.

Мөн онигири гэх япон түргэн хоолыг өөрсдөө гаргаж, борлуулалт хийхээр ажиллаж байгаа. Материалуудаа Солонгосоос авч байгаа. Мэргэжлийн хяналтаас зөвшөөрөл авчихсан. Ер нь Монголд хийгдээгүй хоолтой холбоотой зүйлсийг хийе гэж боддог.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ? 

Э. Цэцэгсүрэн: Хоол өөрөө их эерэг энергитэй зүйл учраас байнга л үзэгчид, хэрэглэгчдээсээ урмын үг сонсож эрч хүч авдаг. Бид өөрсдөө дуртай ажлаа хийж байгаа болохоор ядрахгүй, цагт баригдахгүй ажилладаг. Яахав заримдаа хүүхдүүддээ ч цаг гаргаж чадахгүй их ажиллах үе ч бий. Хөгжилтэй зүйлс бас их тохиолдоно. Анх бид царайгаа харуулаагүй байхад эрэгтэй хүн гэж боддог байсан юм билээ. Бас хааяа фэйсбүүкээр live хийхээр аль нутгийн бүсгүй вэ гээд л ороод ирнэ шүү дээ (инээв).

ТАНАЙ ЯМАР ВИДЕО БИЧЛЭГ ХАМГИЙН ИХ ҮЗЭЛТТЭЙ ВЭ?

Манай анхны видео буюу алимтай кекс хэрхэн хийх тухай видео 1 сая гаруй хандалт авсан байдаг. Ердөө 1 минут гаруй хугацаатай богино, бас айл бүрт байдаг 5-6 бүтээгдэхүүний орцтой, гарын доорх хэрэгслүүдийг ашиглаж хийсэн болохоор хүмүүст их хүрсэн юм шиг байна лээ.

Ер нь манай үзэгчид махан хоол хэрхэн хийх бичлэгүүдийг их сонирхдог. Ийм амархан байсан юм уу, баярлалаа гэсэн талархлын үгс их ирдэг шүү.