Хөгжимд дуртай уншигчдын маань удаан хүлээсэн Хуур стриминг үйлчилгээ саяхан +Vol хөгжмийн сувагтай хамт сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн билээ. iTunes, Spotify-той төстэй боловч монгол хэрэглэгчдэд илүү ойртсон, илүү тохирсон хөгжмийн стриминг үйлчилгээг бий болгохоор 5 жил тасралтгүй ажилласан С.Дөлмандахыг бид ярилцлагадаа урьсан юм. Дэлхийн болоод Монгол уран бүтээлчдийн 2 сая орчим дууг албан ёсны эрхтэйгээр таны сонорт хүргэх, цаашдаа улам ч өргөжих энэ бүтээгдэхүүний санааг тэрээр анх хэрхэн олсон, бодит ажил болгохын тулд яаж хөдөлмөрлөсөн зэргийг энэ ярилцлагаас уншаарай.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Хуур Мюзик Группийн үүсгэн байгуулагч, захирал
Таны ажилладаг арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Нямбай, чамбай
Хэрэглэдэг гар утас: Samsung A7
Хэрэглэдэг лаптоп: MacBook Pro 13'
Сошиал хуудсууд: @dulmandakh (Твиттер)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Би ямар ч ажил хийсэн нухацтай хандаж, чамбай ажиллахыг хичээдэг. Юу хийх гээд байгаагаа сууриар нь ойлгох гэж тал талаас нь судалж, элдэв ном, онол уншиж суухад нэлээд цаг зарцуулдаг. Тэгэхээр бусадтай харьцуулахад жаахан "удаан" гэж хэлж болно. Харсан асуудлаа, хайж буй шийдлээ, тэдгээрийнхээ давуу, сул талыг эхлээд тодорхойлохыг эрмэлздэг.

Код бичихдээ бол их цэвэрхэн бичнэ. Илүү дутуу мөрүүдийг нь хасаад, хамгийн эвтэйхэн байлгах гэж хичээдэг. Төгс рүү хэт тэмүүлэх гэж оролдоод дунд нь алдаж орхих нь ч бий.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, програм, аппликэйшнээсээ нэрлэнэ үү?

Ажлаа хийхдээ бол Visual Studio Code, Bitbucket-ийг ашиглана. Сошиал сүлжээнээс Твиттерт илүү идэвхтэй. Chrome броузер ашигладаг. Програмчлалын бүх бичиг баримтуудыг компьютер дээр татаад суулгачихдаг Dash-ийг ашиглах дуртай. Evernote мөн ашигладаг.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Kindle-ээ халаасандаа авч явах нь зарим үед их цаг хэмнэнэ. Хүн хүлээх, эсвэл замдаа саатах үед гаргаж ирээд уншиж байсан номоо үргэлжлүүлээд уншдаг. Би их алхдаг болохоор замдаа унших ч тохиолдол бий. Мөн янз бүрийн подкастууд татаж аваад ажиллаагүй үедээ сонсох нь өөрийгөө хөгжүүлэх цаг гаргаж байгаа гэсэн үг байх.

Мөн Udacity, Coursera-аас онлайн хичээлүүд нэлээн үздэг. Хамгийн сүүлд л гэхэд Berkeley-ийн хөгжмийн бизнесийн талаарх хичээлийг үзэж дуусгалаа. Ингэж үзэхдээ видео лекцийг хэмнэлийг хурдасгаж, 1.5 дээр тохируулаад үзэхэд цаг их хэмнэдэг юм. Анх үндсэн хурдаар нь үзэж байгаад, бага багаар хурдасгасаар одоо бол дасчихсан. 5 минутын видеог 3 минутанд үзэж байна гэсэн үг.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Гар утас болон компьютер дээрээ хийх ажлын жагсаалт, төлөвлөгөө, тэмдэглэлүүдээ Evernote-ийн тусламжтайгаар хөтөлдөг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Би бусдаас арай их уншдаг, судалдаг байж мэднэ. Уншихаас бол хэзээ ч залхуурахгүй. Яаж ийж байгаад л цаг гаргаад уншчихдаг. Мэргэжлийн чиглэлийн, мөн сонирхож байгаа салбарынхаа гол номуудыг гарангуут нь шууд л түүгээд уншчихдаг. Хийж байгаа зүйлстэй холбоотой асуудал гарч ирэхэд энэ дадал минь их хэрэг болдог.

Мөн хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ ихээхэн анхаарал хандуулдаг. Би 2 хүүхэдтэй, том охин маань 5 настай. Орой бүр хүүхдүүддээ тусгайлан цаг гаргаж, төрөл бүрийн сэдвээр ярилцаж, юмсын учрыг тайлбарлаж өгөхийг хичээнэ. Өчигдөр л гэхэд охиндоо "түрээсийн гэрээний" талаар тайлбарлаж өгөх жишээтэй (инээв). Манай хуучин оффист түрээсээр байсан оёдлын цехээр хийлгэсэн хантааз нь сэтгэлд нь хүрээгүй болохоор танай ажлын хүмүүс муу ажилласан гэж гомдоллосон юм. Тэр хүмүүс аавтай нь ямар ч хамаагүй, нэг барилгад л түрээс төлдөг тусдаа хүмүүс гэдгийг учирлаж тайлбарласан.

Таны хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Бид Монголд анх удаа хөгжмийн стриминг үйлчилгээг цогцоор нь хийж байна. Одоогийн байдлаар Sony Music, Universal Music Group, Warner Music Group зэрэг дэлхийн хамгийн том хөгжмийн студиудтэй хамтран ажиллаж, гадаад дууг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа юм. Нэг онцлох зүйл нь бид олон улсын жишигт нийцүүлж бүтээгдэхүүнээ хөгжүүлж байна байна. Нөгөө тал маань бидэнд шаардлагаа тавьж, ийм стандартыг хангавал ханга, тэгээд хөгжмөө ав гэдэг. Файлаа хулгайгаас хамгаалах, татаж авсан ч тараах боломжгүй болгох гэх мэт. Тийм учраас бид хэдий техникийн олон сорилттай тулгарч байгаа ч олон улсын жишгийн дагуу стриминг үйлчилгээгээ нээж байгаадаа баяртай байна.

Хэрэглэгчид маань даяаршиж, олон улсын хэрэглээтэй болсон болохоор гадны ижил төстэй үйлчилгээтэй харьцуулах хандлага мөн ажиглагддаг. Яагаад Youtube шиг биш, Spotify шиг биш, Apple Music шиг биш юм бэ гэж их асуудаг. Хэдий урьдач нөхцөл, ажиллаж байгаа баг, төсөв мөнгө нь тэнгэр газар шиг ялгаатай ч харьцангуй өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргасан гэж бардам хэлнэ шүү.

Хөгжим өөрөө их олон хүний гараар бүтдэг, олон шат дамжлагаар хүний чихэнд хүрдэг онцлогтой. Зохиогчид, инженерүүд, дуучид, бизнесийнхэн, технологийнхон гээд олон хүний хөдөлмөр шингэдэг. Эргүүлээд үр шимийг нь ч олон хүн хүртдэг онцлогтой салбар. Бид энэ үйлчилгээгээрээ дамжуулан Монголын хөгжмийн салбарыг дэлхийн жишигт хүрэхүйц болоход, өрсөлдөөнийг нь эрүүл байлгахад хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Бүтээлийн чанараасаа хамаарч орлогын түвшин нь тодорхойлогддог, сайн бүтээл гаргаж, их хөдөлмөрлөж байгаа нь үнэлэгддэг тогтолцоо эндээс гарна.

Хөгжим бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг оюуны өмч. Хэдэн ч настай, юу ч хийдэг хүн байсан хөгжим сонсдог. Үнэгүйдчих гээд байгааг нь "үнэ цэнтэй" болгож чадвал бусад оюуны өмчийн салбаруудад эергээр нөлөөлөх учиртай.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Сүүлийн 4, 5 жилийн турш Хуур дээрээ төвлөрөн ажиллаж байна. Ирэх долоо хоногоос аппликэйшн маань шууд татах боломжтой болж байна. Бүртгүүлсэн эхний нэг сардаа үнэгүй ашиглах боломжтой.

Бид яг одоогоор дэлхийн топ лэйблүүдийн дуу хөгжмийг хэрэглэгчдэд хүргэж байгаа бол тун удахгүй Ази, Солонгос, Оросын дуу хөгжмийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэх гэж байна. Ингэснээр манай дууны сан 10 гаруй сая болох учиртай. Үүн дээр андергроунд урсгалын жижиг лэйблүүд ч багтана. Монгол сонсогчид маань дуртай уран бүтээлчийнхээ дууг дэлхийтэй зэрэгцэн сонсох боломжтой болж байна.

4-р сарын дунд гэхэд Windows, Mac-ийн аппликэйшнүүд маань гарчихна. Хөгжмийг байж болох бүх л хэлбэрээр хүмүүст хүргэе гэсэн зорилготой байгаа.

Бид Монгол уран бүтээлчдийг олон улсад гарахад хувь нэмрээ оруулах гэдэг давхар зорилготой ажиллаж байгаа. Олон улсад гарах уран бүтээлчээс шаарддаг хамгийн эхний энгийн шалгуур бол дотооддоо ямар амжилт үзүүлсэн бэ гэдэг үзүүлэлт байдаг. Одоогоор манай хөгжмийн салбарын орлого, сонсолт, үзэгчдийн тоо албан бус байдалтай байгаа тул итгэл төрүүлэхүйц хэмжүүр болж чадахгүй байгаа юм. Тэгвэл манай үйлчилгээ зах зээлд нэвтэрснээр тухайн уран бүтээлч хэдэн дуутай, хэдэн сонсогчтой, ямар орлоготой вэ зэрэг тоон өгөгдөл үүсэж, түүндээ үндэслээд олон улсад өрсөлдөх гарц нь нээгдэх ёстой юм. Бид iTunes руу анх удаа монгол уран бүтээлчдийг массаар нь гаргасан. Мөн Биллбоард руу долоо хоног бүр тайлан явуулдаг. Монгол сонсогчдын сонссон үзүүлэлт чартын жагсаалтанд багаар ч болтугай нөлөөлдөг гэсэн үг.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Яг код бичиж байхдаа бол хөгжим сонсохгүй, анхаарал сарниад байдаг юм. Харин завсарлаж, тархиа амраах үедээ бол заавал сонсоно. Ихэвчлэн электро хөгжим сонсдог. Сүүлийн үед харин La La Land-ийн хөгжмийг сонсоод байгаа шүү.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Миний уншдаг номын бараг 99 хувь нь технологийн чиглэлийн ном байх. Ном уншихдаа эхлээд бүгдийг нь гүйлгэж уншаад ерөнхий зургийг нь буулгачихдаг юм. Дараа нь ажил хийж байхад ямар нэг асуудал гарахад тэр номны тэр хэсэгт ийм зүйл байсан даа гэж нэхэж санаад, нарийвчлан эргүүлж хардаг арга барилтай. Одоо бол Mongo DB-ийн талаарх ном, судалгаануудыг уншиж байна.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Нээлттэй талдаа хүн. Ажилд маань ч сайнаар нөлөөлдөг. Би дурын хүнтэйгээ ярилцаад мэддэгээ хуваалцах дуртай.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Өглөөний хүн болох гээд л чадахгүй байна. 00 цаг гэхэд унтаад өглөө 7-д босож охиноо цэцэрлэгт хүргэж өгдөг.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Ажиллаагүй үед ч компьютерийн араас л олох байх (инээв). Амралтын өдрүүдээрээ уул руу явах дуртай шүү.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Зорилгоосоо эрч хүч авдаг. Надад зорьсон зорилго байгаа болохоор шантарч хойшоо суух эрх байхгүй, улам урагшлах ёстой гэсэн бодол төрж, түүгээрээ өөрийгөө эрчилдэг. Бодоод байсан, алхаж явахад эсвэл хөгжим сонсох үед элдэв асуудал мартагдаж, өөрийгөө хурцлах боломж олддог юм шиг.

Хамгийн анх Хуур-ын санааг их санамсаргүй олсон. Интернетээс монгол дууны үг хайсан чинь олдоогүй. Тухайн үед монгол дууны үг интернэтэд цөөн, бараг 20, 30 блог дээр л тарж байрласан байдалтай байсан. Тэгээд хэдэн дүү нартайгаа нийлээд дууны үгсийг нэгтгээд үзье гээд эхний хувилбараа гаргаж байлаа. Энэ маань ч хүмүүст нэлээн хүрч, үг нь байгаа юм чинь дууг нь бас сонсдог болмоор байна, дуунаас гадна видеог нь бас үзье, эсвэл гадаад дуу сонсмоор байна гэсэн хүсэлтүүд ирснээр Хуур.мн анх эхэлж байлаа. Хөгжмийн бизнесээ ойлгох гэж, оюуны өмчийн асуудлыг нь мэдрэх гэж, хөгжлийн үе шатуудыг нь мэддэг болох гэж ихэд хичээсээр өдий хүрч байна. Анх Sony-той Монголоос гээд холбогдоход бүгд гайхаад л, танайхыг хариуцах нэгж байхгүй, төв оффисоосоо асууя гэдэг байлаа. Тэгээд л 2, 3 сар болно. Тэгэнгүүт нэг өдөр зүгээр шууд Хонгконг явчихсан. Sony-ийн захирлуудын үүдийг сахиж, оффис дээр нь нэлээн удаан эргэлдсэн. Тэгэх явцдаа асар их зүйлийг суралцаж, мэдэхгүйгээ асууж, лавлаж, ухсаар өдий хүрлээ дээ. Энэ бүх хугацаанд зорилго маань л намайг чиглүүлж, эрчилж, урамшуулж байсан гэж боддог.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Хуучин захирлынхаа надад хандаж хэлж байсан үгийг онцолъё. Хэдэн жил ажиллачихаад, овоо дөртэй болоод жаахан биеэ тоогоод эхэлсэн үе байж л дээ. "Дөлөө, чи энүүхэндээ гайгүй байж болно оо. Гэхдээ чамтай ижил түвшний хэдэн сая хүн Энэтхэг, Хятадаар дүүрэн байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй шүү. Хэзээ ч ханаж болохгүй" гэж хэлж байсан юм. Үүнээс хойш би өөрийгөө үргэлж голж, дээшээгээ жиших хандлагатай болж, улам ихийг сурах хэрэгтэйг ойлгох болсон доо.

Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж хэлэх вэ?

Хэлээ сайжруулж, сайн унших ёстой гэж хэлмээр санагддаг. Манай технологийн боловсролын сургалтанд онолын мэдлэг маш бага олгодог юм шиг анзаарагддаг. Залуус маань ч онолоо нэг их ойшоохгүй, практик дээр болоод байгаа юм чинь яасан ч яадаг юм гэсэн хандлагатайгаар ажиллаад байх шиг харагддаг. Гарын эв дүйтэй хүн 1, 2 давхар байшинг бол асуудалгүй барьчихаж болох байх. 2 утас холбож мэддэг бол тийм байшингийн цахилгааныг ч холбочихож дөнгөнө. Гэхдээ илүү өндөр байшин барихын тулд илүү нарийн мэргэжлийн хүмүүс хэрэг болно. Яг л үүнтэй адилхан олон улсын стандартын, олон улсад өрсөлдөхүйц, чанартай сайн програм хангамж, бүтээгдэхүүн хөгжүүлье гэвэл чамд илүү сайн онолын мэдлэг зайлшгүй шаардлагатай болно шүү.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Хуур маань Монгол HD-тэй шинээр нээгдэж буй Vol+ суваг дээр хөгжмийн асуудлыг нь хариуцан хамтран ажиллаж, анх удаа албан ёсны эрхтэйгээр видео клипүүд цацах гэж байгаа юм. Энэ төсөл дээр хамтарч буй Монгол HD-ийн дэд захирал Г.Бат-Эрдэнийг санал болгоё.

Гэрэл зургийг Б.Батзаяа

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй