Гэрэл зургийн эх сурвалж: Purvee Battulga, Times.mn

"Боож үхлээ" жагсаал явагдлаа

Гамшигийн хэмжээнд аль хэдийн хүрчихээд буй агаарын бохирдол болон утааны эсрэг "Боож үхлээ" нэртэй тайван жагсаал энэ бямба гарагт явагдлаа. Сарын өмнө Сүхбаатарын талбайд болсон ижил зорилго бүхий жагсаалд оролцогсдоос эрх баригчид болон шийдвэр гаргагчдад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг нэхэн, илүү дорвитой арга хэмжээг авахыг шаардсан энэхүү жагсаалд оролцогсдын тоо, идэвх нь эрс өссөн байсан нь тэмдэглүүштэй. Уг жагсаалд олны танил, нийгмийн зүтгэлтнүүд болон урлаг соёлын одод өргөнөөр оролцож, Никитон, The Lemons тэргүүтэй хамтлаг дуучид уран бүтээлээсээ хүргэн, агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Жагсагчид Төрийн ордныг тойрч, хашаанд нь хар өнгийн шааран бөмбөлөг уяж өлгөсөн нь агаарын бохирдлоос улбаалан жил бүр 500 гаруй хүүхэд эндэж байгааг илэрхийлсэн байлаа. Нийт 10 мянга гаруй иргэн энэ жагсаалд оролцож, УИХ-д хаягласан өргөдөлд гарын үсгээ зуржээ.

Gogo: "Боож үхлээ" тайван жагсаал явагдлаа
Ikon: Фото: Утааны эсрэг дорвитой арга хэмжээ авч, хурдтай ажиллахыг шаардлаа

Трампын шийдвэрүүд олныг алмайруулсаар

АНУ-ын шинэхэн ерөнхийлөгч Дональд Трамп албан үүргээ хүлээж аван эхний долоо хоногоо өнгөрөөлөө. Ажлаа хүлээн авсан даруйд нь цагаан ордны цахим хуудсан дахь LGBT-ийн эрх болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэсгүүд бүгд устгагдсан байсан нь олны шүүмжлэлийг хүлээсэн юм. Тэрээр одоогийн байдлаар нийт 17 тушаалд гарын үсэг зураад байгаа бөгөөд "Транс-Номхон далайн түншлэл"-ийн гэрээнээс гарах, Мексикийн хилийн ойролцоох харуул хамгаалалтыг чангатгах, төрийн албан хаагчдын халаа сэлгээг хязгаарлах, үр хөндүүлэхтэй холбоотой аливаа төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг зогсоох, ObamaCare-тэй холбоотой үүсч буй хүнд суртлыг багасгах зэрэг нь эдгээрт багтана. Гэхдээ эдгээрээс хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа нь лалын шашинт иргэдийн цагаачлалын асуудлыг хязгаарлаж, нэр бүхий 7 улсаас иргэд хүлээж авахыг 90 хоногийн хугацаатай хориглосон шийдвэр нь байлаа. Түүний тушаал дагуу 2017 онд АНУ улс хүлээж авах цагаачдын тоог 2 дахин багасгах буюу 50 мянга дотор барина гэнэ. Мөн Ирак, Иран, Сомали, Иемен, Судан, Сири, Ливи гэсэн улсын иргэдийг Америк улсад нэвтрэхийг хориглоод байна. Нийт 134 сая хүн энэхүү хоригт багтаж байгаа бөгөөд албан ёсны визтэй иргэдэд ч хамааралтай гэжээ. Цагаачлалын хязгаарлалт болон энэхүү хоригийг бизнес эрхлэгчид, олон нийт, тэр дундаа Цахиурын хөндийн лидерүүд ихээхэн шүүмжилж байгаа юм.

CNN: Трампын шуугиант шийдвэр
Recode: Цахиурын хөндий Трампын шийдвэрт эгдүүцэж байна

Оскарын шагналд нэр дэвшигчид тодорлоо

2-р сарын 26-нд явагдах 89 дэх удаагийн Оскарын шагналд нэр дэвшигчдийн нэрс тодорхой боллоо. "Алтан Бөмбөрцөг" наадамд нэр дэвшсэн 7 төрөлдөө бүгдэд нь ялалт байгуулж дээд амжилт тогтоосон La La Land нийт 14 төрөлд нэр дэвшснээрээ мөн рекорд тогтоов. Өмнө нь ийм амжилтыг 1950 оны All About Eve, 1997 оны Титаник кинонууд л үзүүлж байсан юм. Тэрчлэн харь гарагийнхантай холбоотой зөгнөлт кино Arrival болон өнгөт арьст ижил хүйстнүүдийн тухай өгүүлэх Moonlight тус бүр 8 төрөлд нэр дэвшсэн бол Hacksaw Ridge, Lion болон Manchester By The Sea кинонууд 6 төрөлд нэр дэвшжээ. Нийт 24 төрөлд 2-оос бусдад нь 5 кино шилдгийн төлөө өрсөлдөж буй. Зөвхөн шилдэг кино шагналд 9 бүтээл, шилдэг нүүр будалт болон үсний засалт төрөлд 3 кино өрсөлдөж байгаа гэнэ. Florence Foster Jenkins кинонд бүтээсэн дүрээрээ алдарт Мерил Стрип 20 дахь удаагаа Оскарт нэр дэвшиж, ийм амжилт үзүүлсэн анхны жүжигчин болжээ. Харин бүргэд баригч монгол охины тухай өгүүлэх Eagle Huntress энэ жилийн Оскарт нэр дэвшиж чадсангүй. Оскарын шагналд нэр дэвшигчдийн бүрэн жагсаалттай эндээс танилцаарай.

Variety: La La Land 14 шагналд нэр дэвшиж бүх цаг үеийн дээд амжилт тогтоолоо
Vulture: Оскар 2017: Гэнэтийн болон гайхам сонголтууд

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Алибабаг үүсгэн байгуулагч Жэк Магийн эзэмшдэг цахим санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч
Ant Financial дэлхийн даяарх хамгийн том мөнгөн гуйвуулгын сүлжээний нэг Moneygram-ийг 880 сая доллараар худалдаж авлаа. Ингэснээр өөрсдийн Alipay үйлчилгээгээрээ дамжуулан зөвхөн Хятадад л гэхэд 500 сая хэрэглэгчтэй болчихсон Ant Financial Moneygram-ийн бүтцийг ашиглан дэлхийд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болж байна. Alipay-ээр өдөрт 200 орчим сая гүйлгээ хийгддэг гэнэ. Тэрчлэн энэ долоо хоногт олон нийтийн компани болох хуваарьтай байсан AppDynamics-ийг Cisco IPO гаргахаас нь өмнө худалдаж авч байгаагаа зарлалаа. Байгууллагын аппликэйшний хэрэглээнд хяналт тавьж, үр ашигтай үйл ажиллагаа явуулах боломжоор хангадаг AppDynamics 2 тэрбум долларын үнэлгээтэйгээр IPO хийх төлөвтэй байсан ч Cisco 3,7 тэрбумаар худалдаж авчээ. Airbnb онлайн төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч Tilt-ийг худалдаж авахаар зэхэж байна. Хамгийн сонирхолтой нь 62 сая доллар босгож, 400 сая доллараар үнэлэгдэж байсан Tilt-ийг тэд ердөө 20 орчим сая доллараар худалдаж авах хэлэлцээр хийж байгаа гэнэ. Тэгвэл энэ долоо хоногт Snapchat албан ёсоор IPO-ийн төлөвлөгөөгөө танилцуулах төлөвтэй байгаа гэнэ. Ирэх 3-р сард хувьцаагаа нээлттэй арилжаалж эхлэх тэдний зах зээлийн үнэлгээ 25 орчим тэрбум доллар байгаа юм. Энэ долоо хоногт дэлхийн технологийн олон тэргүүлэх компаниуд улирлын санхүүгийн тайлангаа зарлаж байна. Office-ийн борлуулалт өсч, Cloud үйлчилгээ нь өргөжиж байгаатай холбоотой Microsoft хамгийн өндөр өсөлттэй тайлан танилцуулсан бол Google-ийн тайлан таамагласан үр дүнд хүрч чадаагүй ч хайлтаас бусад үйлчилгээнүүд нь огцом орлогын өсөлтийг үзүүлжээ.

FT: Ant Financial Moneygram-ийг худалдаж авлаа
Techcrunch: Alphabet-ийн тайлангаас анзаарах зүйлс

Азийн орнууд шинэ жилийн баяраа тэмдэглэж байна

Хятад тэргүүтэй Азийн ихэнх орнууд шинэ оноо угтан, цагаан сарын баяраа тэмдэглэж байна. 2-р сарын 3 хүртэл үргэлжлэх цагаан сарын баяр аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбарын эргэлтэнд ихээхэн түлхэц болдог. Жилд ганц тохиох баяраар гэртээ харьж, гэр бүлийнхэнтэй амрах хүсэлтэй Хятадууд 1 секундэд 1000 галт тэрэгний тасалбарыг худалдан авдаг бөгөөд нийт 300 сая орчим хүн галт тэргээр гэртээ харьдаг гэнэ. Гэхдээ үүнээс хэд дахин их хүн машинаар аялж байгаа аж. Албаныхны тооцоолж байгаагаар 1-р сарын 13-аас 2-р сарын 21-ны хооронд газраар 2,5 тэрбум, галт тэргээр 356 сая, онгоцоор 58 сая аялал тус бүр хийгдэнэ гэнэ. Ганцхан долоо хоногийн дотор хятадын иргэд нийт 100 тэрбум долларыг зөвхөн хоол идэх болон шоппинг хийхэд зарцуулна. Хятадын уламжлал дагуу хүмүүс бие биедээ улаан дугтуйтай мөнгө бэлэглэх ёстой бөгөөд орчин үед энэ нь сошиал апп-ууд ашиглан цахимаар шилжүүлэх болон өөрчлөгдөж байгаа гэнэ. Өнгөрсөн жил 516 сая хүн 32 тэрбум дугтуй бие биедээ илгээсэн гэх статистик энэ жил 3 дахин өсч, 100 тэрбумд хүрэх магадлалтай. Хятад болон азийн ард түмэн тахиа жилээ угтан авлаа.

BBC: Яагаад энэ жилийн цагаан сар цахим мөнгөний баяр болох вэ?
CH: Хятадын цагаан сартай холбоотой 10 баримт