Дэлхийн Эдийн Засгийн чуулган гэж юу вэ?

Жил бүрийн 1-р сард Швейцарийн Давос хэмээх "даруухан" хотноо энэ дэлхийн хамгийн "хүчирхэг" хүмүүс цугларч, хүн төрөлхтөний өмнө тулгарч буй хамгийн том асуудлуудыг хэрхэн хамтын оролцоотойгоор шийдвэрлэж болох талаар хэлэлцэж, гарцыг эрэлхийлдэг. Германд төрсөн Женевийн их сургуулийн профессор Клаус Шваб хамгийн анх 1971 онд Европын Менежментийн Форум нэртэйгээр зохион байгуулж байсан энэхүү уулзалт 1987 оноос хойш "Дэлхийн" гэсэн тодотголтой болж, дэлхийн топ лидерүүдийн нэгэн дор нэгтгэсэн хамгийн чухал цугларалтуудын нэг болж чадсан юм. Жил бүр улс орны төрийн тэргүүд, бизнесийн лидерүүд, топ захирлууд, эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд, урлагийн төлөөллийг багтаасан 2000 гаруй эрхэм энд цуглардаг.

Олон улсын макро эдийн засаг, хөгжлийн чиг хандлага, төлөв, глобал түвшинд тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар ердөө 4-5 өдөрт багтаан хэлэлцдэг энэ хурлын үеэр 400 гаруй хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг явагддагаараа онцлогтой. 2017 оны Давосын чуулга уулзалт 1-р сарын 17-20-ны өдрүүдэд явагдана.

Давос 2017: Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал

2017 оны тухайд "Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал" гэсэн сэдвийн хүрээнд явагдах Давосын чуулга уулзалт олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Өнгөрч буй онд популизмын давлагаа дэлхийг нөмөрч, урьдчилан таамаглаагүй олон үйл явдал зэрэг зэрэг өрнөсөн. Трампын "санамсаргүй" ялалт, британичуудын "гэнэтийн" шийдвэр зэрэг онцлох үйл явдлууд дэлхий нийт "манлайлагчийн" хомсдолд орсныг батлан харууллаа хэмээн мэргэжилтнүүд үзсэн юм. Тиймдээ ч эхлэх гэж буй хурлын гол сэдэв энэ байж, дэлхийн лидерүүд энэ асуудлын ирээдүйн төлөв байдлын талаар харилцан зөвшилцөнө.

Энэ жилийн тухайд БНХАУ-ын дарга Ши Жинпинг анх удаа Давост ирж байгаагаараа онцлогтой. Хэдий АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол давхцаж цөөнгүй нэр хүндтэй лидер Давост ирж чадахгүй болсон ч АНУ-аас л гэхэд Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри, дэд ерөнхийлөгч Ж.Байден нар хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн юм. Их Британийн ерөнхий сайд Т.Мэй, Канадын ерөнхий сайд Ж.Трудогоос эхлээд 80 гаруй орны төрийн тэргүүд хүрэлцэн ирнэ. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ жил 6 дахь удаагаа Давосын хуралд оролцох бөгөөд Азербайжаны ерөнхийлөгчийн хамтаар 18-ны өдөр "Торгоны замын нөлөөлөл" гэсэн сэдэвт хэлэлцүүлэгт зочноор оролцох ажээ. Мөн НҮБ-ийн шинэ ерөнхий нарийн бичгийн дарга анх удаа энэ хуралд оролцоно.

Бизнесийн лидерүүдээс гэхэд Microsoft-оос Б.Гэйтс, С.Наделла, Google-ийн С.Брин, Э.Шмидт, Фэйсбүүкийн Ш.Сандберг, Dell-ийн М.Делл, HP-ийн М.Уитман, Алибабагийн Ж.Ма нарын технологийн салбарын шилдэг захирлууд, үүсгэн байгуулагчид хүрэлцэн ирнэ. Түүнээс гадна Лего, IKEA, Carlsberg, PwC гээд Fortune 500-ийн жагсаалтанд багтдаг бүх компанийн гүйцэтгэх захирлууд, удирдах зөвлөлийн төлөөлөгчид ирэх ажээ.

Жил бүр Давост урлагийн салбарт өөрийн ажил үйлсээр гялалзаж, нийгэмд эерэг нөлөө үзүүлж буй Соёлын лидерүүдийг нэрлэн "Болор Шагнал" олгодог. Өнгөрсөн жил Монголын Урлагийн зөвлөлийн дэд гүйцэтгэх захирал Б.Номинтуяагийн багтаж байсан энэ жагсаалтанд М.Дэмон, Ж.Оливер, Ф.Витакер нар нэрлэгдсэн бөгөөд энэ жил Колумбын дуучин Шакираг онцлон, түүний нутагтаа санаачлан хийдэг, охидод анхан шатны боловсрол олгох сайн дурын ажлыг онцолж шагнахаар болжээ. Өнгөрсөн жил энэ шагналыг уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх санаачилгаараа алдарт жүжигчин Л.Ди Каприо хүртэж байсан юм.

Давос 2017-ын 5 гол сэдэв

Дэлхийн Эдийн Засгийн Форумыг үүсгэн байгуулагч К.Шваб хамтрагчид болон гишүүддээ зориулан илгээсэн шинэ оны мэндчилгээндээ 2017 оны Давосын үеэр хэлэлцэгдэх хамгийн чухал 5 сорил-асуудлыг нэрлэсэн билээ.

1. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал
Хиймэл оюун ухаан, зүйлсийн интернет, 3D принтинг, виртуал реалити зэрэг шинэ технологийн ачаар хүн төрөлхтөний амьдралын хэв маяг, бизнесийн орчин тэр чигтээ бүгд өөрчлөгдөж байна. 2017 онд эдгээр хандлагууд улам бүр хөгжиж, бидний амьдралд улам бүр нэвчин орох болно. Гэвч энэхүү өөрчлөлтөнд өнөөгийн нийгэм хэрхэн дасан зохицох вэ? Хэрхэн хамгийн зөвөөр хүлээн авч, үр ашигтайгаар ашиглах вэ? Энэ бол өнөө цагийн манлайлагчдын өмнө тулгарч буй хамгийн том сорилуудын нэг.

2. Олон улсын засаглалын систем
Технологийн дэвшил дэлхийг улам даяарчилж, "хавтгай" мэт болгоод байна. Хил хязгаар гэж үгүй мэт зах зээлийн энэ нийгэмд улс орнууд хэрхэн хамтран орших вэ? Дайны дараа тогтсон олон улсын харилцааны гол "дүрмүүд" өнөөгийн нийгмийн хөгжилтэй хэрхэн дасан зохицох вэ? Улс орнууд хэрхэн хамтын ажиллагаагаа хамгийн үр ашигтай түвшинд авчрах вэ? Бидэнд шинэ шийдэл хэрэгтэй юу? Төр, олон нийт, хувийн секторын хоорондын хамтын ажиллагаа урд жилүүдээс илүү үгүйлэгдэж байна.

3. Эдийн засгийн өсөлтийг сэргээх
Дэлхийн эдийн засгийн өсөлтийг хэрхэн эргүүлэн сэргээх вэ? Ядуу буурай орны эдийн засаг жилийн 5 хувийн өсөлттэй байхад 14 жилийн дараа ДНБ-ээ 2 дахин өсгөж чаддаг. Харин 3 хувийн өсөлттэй бол жилийн тоо 10-аар нэмэгдэнэ. Хэрхэн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг улс орнуудад бий болгох вэ? 2050 он гэхэд 9,4 тэрбум хүрэх дэлхийн хүн амыг ажлын байраар хэрхэн хангаж, технологийн дэвшилтэй зэрэгцэн бий болох "бүтцийн ажилгүйдлийн асуудлыг" хэрхэн шийдэх вэ? Бидэнд заналхийлж буй уур амьсгалын өөрчлөлттэй аж үйлдвэржилт хэрхэн зохицох вэ?

4. Капитализмыг ахин тодорхойлох
Зах зээлийн эдийн засаг одоогоор бидэнд буй хамгийн сайн тогтолцоо мөн. Гэхдээ түүнээс үүдэн гардаг сөрөг үр дагаврыг хэрхэн хамгийн бага түвшинд хадгалах вэ? Одоог хүртэл тэгш бус байдал тасралтгүй өсч байгааг хэрхэн зогсоож, нийтээрээ эдийн засгийн өсөлтөнд хүрэх вэ? Нийгмийн сайн сайхан байдал болон баялгийн шударга хуваарилалтыг хэрхэн хангах вэ? Хэрхэн нийгэм болон бизнест ашигтай бизнес моделийг хэвшүүлэх вэ? Энэ жилийн хуралд эдийн засгийн салбараас Нобелийн шагнал хүртсэн 4 эдийн засагч оролцож буй.

5. Нийгмийн шинэ нормыг бий болгох
Маш богино хугацаанд хурдацтай өөрчлөгдөж буй нийгмийн амьдрал тодорхой бус байдлыг улам их болгосоор байна. Олон нийгмийн итгэл үнэмшил, үнэт зүйлс өөр зүйлсээр солигдож, үе үеийн хооронд ойлголцлын зөрүү үүсэхүйц нөхцөл байдал бий болоод байна. Бид дундын үнэт зүйлс, нийгмийн шинэ нормыг хэрхэн хамгийн зөвөөр тодорхойлох вэ? Үндэстэн, нийгмийн ялгарлыг хэрхэн бий болгох вэ?

Unread Давос 2017-д

Дэлхийн хамгийн нөлөөтэй, хүчирхэг эрхэмүүдийн цугларалт Давосын чуулганд Unread-ийн төлөөлөл оролцох болсныг дуулгахад та бүхэнд таатай байна. Манай үүсгэн байгуулагчдын нэг А.Ундрал энэхүү хуралд оролцохоор сонгогдсон бөгөөд тэрээр жил бүр "Дэлхийн Эдийн Засгийн Форум"-ын дэргэдэх залуусын байгууллага Глобал Шэйпэрс нийгэмлэгийг төлөөлөн оролцдог 50 залуу манлайлагчийн нэг болсон юм. Энэ бол залууст эерэг нөлөөлөл үзүүлж, стартап хөдөлгөөн болон энтрепренер үзэл санааг түгээн дэлгэрүүлж буй бидний үйл ажиллагааг өндрөөр үнэлсэн хэрэг байлаа.

Бүх дэлхий анхаарлаа хандуулдаг Давосын чуулганаас Unread та бүхэнд өөрсдийн вебсайт, блог, фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулан хамгийн онцлох, хамгийн сонирхолтой болон шинэлэг хэлэлцүүлгүүдийн тойм, онцлох ишлэлүүд болон уулзалтын тэмдэглэлүүдийг тогтмол хүргэх болно.