Тухайн жилийн онцлох, шилдгүүдийг нэрлэхдээ киног орхивол алдас болох биз ээ. Манай редакц энэ удаа сайн кино үзэх дуртай, мөн киноны салбарт ажиллаж буй зочдыг урьж 2016 онд онцгой байсан кинонуудыг хамтран нэрлэлээ. Хэдийгээр энэ салбарт гарсан "хар мянган" киноноос хэдхэнийг нэрлэхэд хэцүү боловч кино мэддэг эдгээр хүмүүсийн сонголтод итгэж болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Он ч дууслаа, Оскар ч дөхөж байна, киногоо үзээд байж дээ!

Tony Erdmann

Бичсэн: Н.Энхбат ("Алтан Хальс" холбооны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал)

Everyone Else”-ээрээ 2009 оны Берлиний кино наадмаар гарч ирсэн "битүү морь" Марен Адэг энэ оны Каннын наадмаар Кино шүүмжлэгчдийн холбооны шагналыг хүртэхийн сацуу хамгийн эрхэм шагнал нь болох Алтан дал модны мөчирт нэр дэвшин “Тони Эрдманн”-аараа ингэтлээ шуугиан тарина гэж хэн ч төсөөлөөгүй байх. Өнөөгийн бидний завгүй амьдрал, капитализмын эргүүлэг хүн хоорондын тэр тусмаа эцэг охин хоёрын харилцаанд ямар нөлөө үзүүлж буйг драма болон инээдмийн төрлөөр сүлэн гайхалтай урнаар харуулсан Германы "Тони Эрдманн" уран сайхны кино нь одоогийн байдлаар 30 гаруй томоохон кино наадмын шагналыг хамчихаад байна. Мөн энд онд гарсан кинонуудаас "Moonlight", "Things to come", "Manchester by the sea", "Patterson" зэрэг бүтээлүүдийг заавал дурдах ёстой.

The Witch

Бичсэн: С.Батзориг ("Алтан Хальс" холбооны гишүүн, хөгжимчин)

Шударгаар хэлэхэд энэ жил гарсан ихэнх мундаг кинонуудыг тухтай үзэж амжаагүй л явна. Тэгэхээр эхлээд үзээгүй киноноосоо эхэлье. Энэ жил ихээхэн шуугиан тариад буй найруулагч Бэрри Жэнкинсийн "Moonlight". Шүүмжлэгчдээс бараг төгс үнэлгээ авсан, африк гаралтай найруулагч гэдгээрээ онцлог. Мөн өнгөрсөн жил Сикариог бүтээсэн найруулагч Дэннис Вилэнүвэгийн шинэ киног театраар заавал үзмээр байгаа. Улиг болсон харь гаригийн сэдвийг философилог, хэл-сэтгэхүйн драма болтол баяжуулсан мэт. Мөн хөгжим нь маш их таалагдсан. Заавал үзнэ.

Үзэх завшаан олдсон киноноос Робэрт Эггэрсийн "The Witch"-ийг онцолмоор байна. Миний л хувьд энэ жилийн хамгийн онцгой үзвэр. Зохиол үнэхээр тасархай байлаа. Эртний англи хэл, бэлгэдэл, зургийн шийдлүүд гээд бүх талаар судалгаанд суурилсан, дэлгэцийн жинхэнэ цогц бүтээл. Блокбастэруудаас Тим Миллэрийн "Deadpool", Гарэт Эдвардсын "Rogue One" үнэхээр сайн болсон байна лээ. Нэгэн хэвийн баригдмал блокбастэр хэв маягийг эвдэж, нэгэнт өгөгдсөн, хүн бүрийн мэддэг зохиолыг тэгж сайхан баяжуулах юм гэж хэн санах билээ?

Handmaiden

Бичсэн: О.Анхбаяр (Smok брэндийн үүсгэн байгуулагч)

Энэ жил гарсан кинонуудаас "Handmaiden"-ийг онцолъё. Ховсдуулж, нүд салгахын аргагүй зохиол, найруулга, зураглалтай. Хэрцгий ч юм шиг өвөрмөц арга барил. Солонгосын хамгийн урдаа барьдаг найруулагч Парк Чан Вүүкийн хамгийн том бүтээл байх.

Харин энэ далимд хамгийн дуртай киногоо бас дурдчихмаар байна. Жүжигчин Шон Пенний зохиолыг нь бичиж найруулсан "Into the wild". Нийгмийн амьдралаас залхсан боловсролтой, толгойтой залуу их сургуульд орохоос татгалзаж, иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтаа хайчлан хаяж, өөртөө шинэ нэр өгөөд, Аласкийн тайга руу аялдаг бодит түүхээс сэдэвлэсэн кино юм. Энэ бүтээлийг би бараг жилд нэг удаа үздэг. Энэ адал явдалт киноноос хүний амьдралын үнэ цэн, нийгмийн тогтолцооноос гадуурх амьдрал, яруу найраг, нөхөрлөл гэх мэт олон зүйлийг өөр өнцгөөс харж болно.

Цагаан хадаг

Бичсэн: Х.Жигжидсүрэн (iCinema кино театрын захирал)

Би энэ жил "Hulegu Pictures"-ийн бүтээл, зохиолч, найруулагч Д.Төрмөнхийн охин Т.Номуунзулын кино зохиолыг нь бичиж, кино урлагт авьяас чадвараараа тодрон гарч ирсэн Ж.Сэнгэдоржийн найруулсан "Цагаан хадаг" киног онцолно. Т.Номуунзул 2015 оноос тамирчдын амьдралаар кино хийхээр шийдээд, өндөр үзүүлэх магадлалтайн дээр хамгийн сонирхол татам түүхтэй жүдоч Д.Сумъяаг сонгосон юм билээ.

Энэ кино олон талаараа онцгой байсан. Манайд өмнө нь спортын төрөл жанраар хийсэн, тэр дундаа бодит түүх дээр сэдэвлэсэн кино бараг байгаагүй. Хэдийгээр бодит хүний амьдрал дээр суурилсан ч гэсэн уран сайхны киноны хувьд хэтрүүлэг бас бийг санах хэрэгтэй. Зураг авалт нь Олимпийн өмнө болон дундуур явагдсан. Энэ кино амжилт олохын тулд Д.Сумъяа маань сайн барилдах ёстой байсан. Жүдоч маань ч монголчуудынхаа итгэлийг алдалгүй мөнгө медаль хүртэж, ард түмнийхээ магнайг тэнийлгэснийг бүгд мэдэж байгаа. Энэ киноноос айлын 6 хүүхдийн хамгийн том нь болох Д.Сумъяа өнөөдрийн өндөрлөгт хүрэхийн тулд ямар их хичээж хөдөлмөрлөснийг харах болно. Гэр бүлдээ нэмэр болохын тулд чөлөө заваараа машин угаадаг байсан энэ охин хэрхэн монголчуудын бахархалт хүн болсныг энэ кино сайхан гаргаж чадсан.

Sully & The Nice Guys

Бичсэн: Б.Батзаяа (Unread-ийн үүсгэн байгуулагч, арт директор)

2016 оныг эргээд харахад шуугиан тарьсан кино өмнөх жилүүдээс харьцангуй бага гарч, indie маягийн кинонууд нэлээн голлох байр суурийг эзэлсэн мэт. Гэхдээ үзэж амжаагүй кинонууд нэлээд олон байгаа учраас бас шууд тэгж дүгнэх нь өрөөсгөл байх талтай. Миний хувьд үзэж амжаагүй атлаа хүлээлт хамгийн өндөр байгаа бүтээлүүд бол домогт Мартин Скорсисийн "Silence", мөн Холливудад эргэн ирсэн Мел Гибсоны "Hacksaw Ridge", алдарт жүжигчин Дензел Вашингтоны найруулан хийж буй "Fences" гурав хэмээн нэрлэж болно. Үүний ардаас "La La Land", "Rogue One: A Star Wars Story", "Nocturnal Animals", "Arrival", "Moonlight" зэрэг кинонуудыг бас дурдах нь зүйтэй.

Өөрийн зүгээс 2016 оны шилдэг драма төрлийн киногоор "Sully"-ийг нэрлэе. Хөөрөх үедээ шувуутай мөргөлдөн Хадсон мөрөнд аваарын зогсолт хийснээсээ болж буруутгагдаж буй нисгэгчийн дүрийг Tом Хэнкс гайхалтай гаргасан гэж бодож байгаа. Шилдэг блокбастер кино бол эргэлзээгүй "Deadpool". R буюу насан хүрэгчдэд зориулсан ангилалд гарсан хэдий ч 700 гаруй сая долларыг бокс оффисоос "халаасалж" чадсан уг бүтээлд Р.Рэйнолдсын хөгжилтэй боловч “хэл яриа нь болор цомд ормоор” хөгжсөн хөлсний цэргийн дүр төгс зохицсон мэт. Indie аймшгийн кино "The Witch"-ийг та ганцаараа үзвэл нуруу руу чинь хүйт даана гэдгийг баталгаатай хэлье. Хэдий маш удаан өрнөлтэй ч уйдаахгүй явсаар байгаад төгсгөл нь жинхэнэ “солиотой” болдог. Киноны хийц, зураг авалт нь гайхалтай байсныг бас хэлэх ёстой.

"The Nice Guys" бол энэ жил миний үзсэн хамгийн чанартай инээдмийн төрлийн кино. Ретро хийц, зураг авалт, өнгө аястай уг кинонд Рассел Кроув, Райан Гослинг хоёрын хослол төгс байсан. Вестерн кинонд дуртай хүмүүс "Hell or High Water"-ийг үзээрэй гэж санал болгоё. Уг киног хамгийн товчоор дүгнэвэл орчин цагийн “gritty” вестерн гэж болно. Animation төрөлд "Kubo and the Two Strings" бол бүх талаараа цойлсон. Хийц биширмээр, найруулга гайхалтай, дуу оруулсан дүрүүдийн зохицол төгс. Чадахгүй мөртлөө нууцхан атаархаж л суулаа. Баримтат киноны төрөлд би өнгөт арьстнууд, тэр дундаа африк-америкчуудад Америкийн төр, шүүх, шударга ёсны систем хэрхэн үйлчилдэг талаар өгүүлэх "13th" хэмээх бүтээлийг дурдъя. Та хүсвэл яг одоо Netflix-ээс үзэж болно. Түүхэн бүтээлүүдээс "The Birth of Nation" буюу Америкийн иргэний дайны өмнөхөн Виржиниа мужад боолуудыг нэгтгэн бослого гаргаж, бүх эздээ хөнөөгөөд эцэст нь өөрөө дүүжлүүлж төгссөн домогт Нат Тюрнерийн тухай кино санаанд бууж байна.

Ингээд дурдаад байвал олон бүтээл бий тул энд хүрээд өндөрлөе. 2017 он харин блокбастеруудын жил болох төлөвтэй. Хүлээх л үлдлээ.

Над руу битгий ингэж хар (Don’t Look At Me That Way) 

Бичсэн: Ж.Тэгшзаяа (Tegshee's Movie Corner-ийн админ, Тагтаа Паблишингийн үүсгэн байгуулагч)

Найруулагч Б.Үйзэнмаагийн “Над руу битгий ингэж хар” кино энэ жил бүтээгдсэн монгол кинонуудаас арт хэв маягаар хийгдсэн цор ганц бүтээл юм. Тиймээс эл киног арилжааны киноны дүрэм, зарчмаар хэмжих нь утгагүй хэрэг болно. Арилжааны киног амжилттай болсныг олсон ашиг орлогоор, харин арт, инди киноны амжилтыг нэр хүндтэй кино наадмуудын шагнал, кино судлаач мэргэжилтнүүдийн үнэлэмжээр хэмжих нь нийтлэг. Найруулагч Б.Үйзэнмаа эл киногоороо Герман улсын Баварийн Кино урлагийн “Шилдэг залуу найруулагч”, Японы Осакагийн Кино наадмаас “Өсөх ирээдүйтэй уран бүтээлч”, Тайваний кино наадмаас “Гранд Прикс” буюу дэд шагнал зэргийг хүртсэн нь залуу уран бүтээлчийн анхны киноны хувьд тун дориун амжилт. Б.Үйзэнмаа киноныхоо зохиолыг бичиж, найруулж, гол дүрд нь тоглож, эвлүүлэг дээр нь ажилласан гээд өөрт байгаа бүхий л боломжийг бүтээлчээр дайчилсан нь ихээхэн үнэлүүштэй. Тиймдээ ч уг киногоо 25 мянган евро буюу 65 сая төгрөгийн тун цомхон зардлаар бүтээж чаджээ.

Кино агуулгын хувьд хоёр эмэгтэйн буюу ижил хүйстний харилцааг өгүүлж буй мэт боловч хүнийг хүйсийн хувьд шошголж, ялгаж хандалгүй хүнийг “хүн” хэмээх өргөн агуулгаар гаргасан нь, мөн хүн хоорондын харилцаанд ижил хүйстэн ч юм уу нийгмийн аль нэг бүлэгт хамаарагдаж ангилал, түүнийг дагасан элдэв норм, журам, үзэл санаа чухал бус “хайр” гол юм гэдэг санааг хөндсөнөөрөө жирийн нэг ЛГБТ сэдэвт киноноос агуулга, санааны хувьд өргөн цар хүрээтэй болсноороо онцлог. Кино “Ёстой”-гийн элдэв хүлээсэнд байдаг олон нийтийг зориуд өдөөн хатгасан шинжтэй цадиггүй, хэт гэмээр хэсгүүд чамгүй олонтой, түүгээрээ ч найруулагчийн өөрөө тоглосон Хэйдигийн дүр кинонд байнга үзэгддэг эмэгтэйчүүдийн хэвшмэл дүрийг эвдэж чадсан. Киног бичиж, найруулахаас гадна гол дүрд нь өөрөө торохгүй тоглож чадсан нь Б.Үйзэнмааг олон улсад залуу уран бүтээлчийн хувиар үнэлэх бас нэг шалтгаан болсон биз ээ. Зарим кино илт өгүүлэх хүчтэй санаа, үйл явдлын огцом эргэлт зэргээр үзэгчдийн сонирхлыг татаж, гайхашруулж байдаг бол зарим кино дэлгэц дүүрэн ноёрхсон хүчтэй уур амьсгал, орчин нөхцөлдөө үзэгчийг уусгаж, барим тавим тодорхой санаа, шийдэл өгөхөөс илүүтэй ямар нэг мэдрэмжинд хөтөлж байдаг. Тэрхүү барьцгүй мэдрэмж л үзэгчийн оюун санаа, хандлага, сэтгэл зүрхэнд тун тодорхой өрнөл, хувирлыг авчирч байдаг нь киноны ёстой л ид шидийн гэмээр чанар юм. “Над руу битгий ингэж хар” кино ч дүрүүдийн бодитой тоглолт, нэгдсэн цул уур амьсгал, найруулгын чөлөөт шийдлээрээ үзэгчдийн мэдрэхүйд нэвтэрч, холбогдох бүтээл болж чадсанаараа гарцаагүй онцлогдох учиртай.

Телевизийн цувралууд

Бичсэн: А.Ундрал (Unread-ийн үүсгэн байгуулагч, нийтлэлч)

Өнгөрсөн жилийн эцэст бичсэн шигээ онцлох телевизийн цувралуудаас нэрлэе гэж бодлоо. "Game of Thrones", "The Walking Dead", "Modern Family", "Veep" зэрэг бараг домог болсон цувралуудыг түр цааш тавиад шинээр гарснуудаас шилдгийг нь нэрлэ гэвэл эргэлзээгүй "Stranger Things"-ийг хэлнэ. Netflix-ийн магадгүй хамгийн амжилттай цуврал ч гэж хэлж болохуйц "Stranger Things"-д дунд ангийн “бацаануудын” тухай өгүүлдэг ч сэтгэл догдлом үйл явдлууд, адармаатай нууцлаг хэв маяг нь таныг дэлгэцийн урд нэлээд уях вий. Гарцаагүй л турших ёстой цуврал. 80-аад оны цуут бүтээлүүдийн хэлбэр, онцлогуудыг жижиг деталиараа шингээсэн энэ цувралын 2-р анги бүр ч их хүлээлт үүсгэж байгаа.

"Westworld" энэ жилийн HBO-ийн гаргасан хамгийн их анхаарал татсан цуврал байлаа. "Inception", "Prestige", "Interstellar"-ийн Жонатан Нолан, "Lost", "Fringe", "Star Trek"-ийн Ж.Ж.Абрамс нар ард нь байгаа гэхээр л шууд “итгэл үнэмшил” төрүүлсэн энэ бүтээл хиймэл оюун ухааны хөгжил хаашаа биднийг хөтөлж болох вэ гэдгийг мэдрүүлэх болно. Холливудын домог Энтони Хопкинсийн дүр шууд утгаараа “бурхан”-ыг танд санагдуулна. Үг бүр нь эшлэл, үйлдэл бүр нь нууцлаг, дүрслэл бүр нь гайхашруулам энэ киног заавал нэг үзээрэй. Дараагийнх нь улирал 2018 онд л гарах болохоор танд хангалттай цаг бий. Аль 2012 оноос хойш л сураг нь гарсан "The Night Of" энэ жилийн бас нэгэн онцгой бүтээл байлаа. АНУ-ын хуулийн систем хэрхэн “бүтэлгүйтэж” байгааг пакистан гаралт хүүгийн нэгэн шөнийн азгүй үйл явдлаар төлөөлүүлэн үзүүлсэн энэ бүтээл “Алтан Бөмбөрцөг”-ийн гол фаворитуудын нэг. Үзэж суугаа хүн бүрийг эргэлзүүлсэн, заримдаа залхааж, заримдаа ангайлгам өрнөлтэй энэ кинонд болдог үйл явдлууд бодит амьдралын тусгал гэхээр бас л “эвгүй”.

2016 оны онцлохуудыг нэрлэх Unread Special цуврал контент танд ийм дарааллаар хүрнэ:

12.25: Оны онцлох үйл явдлууд
12.26: Оны онцлох гарааны бизнесүүд
12.27: Оны онцлох аппликэйшнүүд
12.28: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.29: Атаархлын жагсаалт - Оны онцлох нийтлэлүүд
12.30: Оны онцлох кинонууд
12.31: Оны онцлох номууд
01.01: 2017 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Хэрвээ уншигч та бүхэн энэхүү жагсаалтуудад өөрийн зүгээс саналаа илэрхийлэхийг хүсвэл editor@unread.today хаягаар холбогдоорой.