Шинэ жилийн тусгай-цуврал нийтлэлийнхээ энэ дугаарт бид зочидтойгоо хамтран 2016 оны онцлох аппуудыг хүргэж байна. 2016 онд дотоод гадаадын олон шинэ апп бүтээгдэж, эрс шинэчлэл хийж, та бидний өдөр тутмын амьдралд нэвтрэн, дотны нөхөр мэт болсон билээ. Бид тэдгээр аппуудыг та бүхэнд тухай бүрт нь танилцуулж байсандаа, ирэх онд ч шинэ содон, сонирхолтой аппуудыг таниулж, олон монгол апп-ийн нээлтээ хийх талбар болох болно гэдгээ дуулгахад таатай байна.

Whale

Бичсэн: А.Мэнд-Орших (Нью Медиа Групп & erxes Inc-ийн үүсгэн байгуулагч)

Өөрсдийн хүндэтгэж, ажил үйлсээс нь урам зориг авдаг гадны хүмүүсээс асуулт асууж, хариултаа 60 сек-д багтаан видео хэлбэрээр авах боломжийг энэхүү апп олгодог. Товчхондоо твиттер, фэйсбүүк, цахим шуудангаар асуухад хариу ирэх нь ховор, ирлээ ч хүсэн хүлээж буй хариу биш байх нь элбэг байдаг бол энэ апп эсрэгээр. Мөн бусад хүмүүсийн өөр хоорондоо асууж, хариулж буй видео бичлэгүүдийг үзэх боломжтой.
Төрөл бүрийн дотоод гадаадын апп олширч буй энэ цаг үед зөвхөн хэрэгтэй мэдээллээ хэрэгтэй хүнээсээ сонсох, асуух боломжийг олгож байгаагаараа илүү бүтээлч байхыг, цагаа дэмий үрэхгүйг хичээж буй залуучуудад хэрэгтэй.

ТАТАХ

what3words

Бичсэн: Б.Намнандорж (MASA-гийн нарийн бичгийн дарга)

Монголд зориулж аппликейшин гаргасан анхны гадаадын технологийн компани бол what3words байх. Энэ хаягжилтын технологийг ашиглаад хэрэглэгч өөрийн байршлыг маш амархнаар буюу 3 үг ашиглан илэрхийлж болохоороо онцлогтой. Цаг алдах, төөрч будилах асуудал огт гарахгүй. Монголд хэрэгтэй, ашиглахад амархан, асуудал шийдэж амьдралыг бага хэмжээгээр ч гэсэн амар болгож чадаж байгаа, үнэхээрийн инноваци хийж чадсан технологи бол what3words гэж боддог.

Миний хувьд уулзалтын газар товлохдоо, эсвэл гэрээ зааж өгөхдөө, тэр барилгын хажууд, тэр замаар яваад тэр байрны хойно гэх мэт ойлгомжгүй, төөрөгдүүлсэн заавар хэлэхээ болиод удаж байна. Би 3 үгтэй хаягаа өгөөд тэнд уулзъя гэдэг болсон.

ТАТАХ

PhotoScan

Бичсэн: Ө.Үнэнбүрэн (Skinny Studio-гийн үүсгэн байгуулагчдын нэг)

Google Photos-оос гаргасан PhotoScan өмнө нь гарсан зураг янзалдаг, зураг авч утас руу оруулдаг бүх апп-уудыг бут цохисон апп болж чадсан. Таны зураг ямар ч хуучных байсан, яаж ч элэгдсэн байсан, та зургаа харанхуйд, гэрэл цохихоор газар гээд хаана ч авсан байсан, энэ апп мэргэжлийн графикч янзалсан юм шиг хувиргаж өгөх болно. Нэг зураг хувиргахдаа 5 удаа жижиг зураг авалт хийж, түүнийг нь урьдчилан бэлдсэн алгоритм хамгийн сайн хувилбарт нь шилжүүлдэг юм билээ. Гол зорилго нь угаас гэрэл зургийн альбум дахь хуучны зургуудаа электрон хувилбар луу шилжүүлэх юм билээ. Зургаа хэмжээнд үл хязгаарлагдан хадгалах боломжийг олгосон гэхээр Google 70, 80, 90-ээд онд авсан зургуудыг өөртөө авах томоохон санаа агуулж байж мэднэ.

ТАТАХ

Headspace

Бичсэн: Э.Мөнхбилэг (Ширээний теннисний олон улсын шүүгч, NOUS Mongolia компанийн үүсгэн байгуулагч)

Энгийн хэрнээ гоё нэртэй энэ аппликейшнийг аль болох тогтмол ашиглахыг хичээж байгаа. Бясалгал хийхэд зориулсан энэ апп-ийг аль ч түвшний бясалгал хийдэг хүн ашиглаж болно. Хүмүүс бясалгал гэхээр л заавал нэг курст хамрагдаж сурах, цаг авах зүйл гэж эндүүрээд байдаг. Та зөвхөн өдөрт 5, 10 минут амьсгалын дасгал хийсэн ч болно. Headspace-ийг олон зүйлд тусалдаг, тархины дасгалжуулагч гэж ойлгож болно. Үнэгүй хувилбар нь хязгаарлагдмал 10 дасгалтай бол төлбөртэй хувилбар нь эрүүл мэнд, хувь хүний үзүүлэлт буюу төвлөрөх, тэнцвэртэй болох дасгалууд, хайр дурлалын зэрэг олон хэрэгтэй тархины дасгалуудыг агуулснаараа онцлогтой. Үнэгүй хувилбарыг турших хэрэгтэй гэж үзвэл сарын 8$ төлөөд авах боломжтой. Миний хувьд 10 хоног туршиж үзээд шууд л жилийн төлбөрийг нь төлж, одоо бүх л боломжийг нь ашиглаж байгаа. Wall Street-ын завгүй ажилтнуудаас эхлээд олимпийн тамирчид хүртэл хэрэглэдэг энэ апп миний өдөр тутмын хэрэглээ болж чадсан. Хамгийн таалагддаг зүйл нь өдөр бүр намайг тайван бай, юу ч болж байсан та өөрийнхөө сэтгэл зүйг удирдаж болно гэж сануулдаг. Зөв амьсгалахаас эхлээд тайван байх, амьдралын үнэ цэнийг мэдрэх, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх зэрэг олон зүйлийг зааж “багш”.

ТАТАХ

Snapseed & iMovie

Бичсэн: Г.Энхболор (Дэлхийн банкны зөвлөх)

Google-ийн хүн бүрийн мэдээд байдаггүй апп-уудын нэг болох зураг янзалдаг Snapseed хэмээх үнэгүй апп-ийг онцолъё. Маш энгийн засвараас эхлээд зургаа илүү бүтээлчээр янзлахад бүхий л тохиргоонууд нь ашиглахад хялбарын дээр хэд хэдэн жишээг нь алхам бүрээр нь тайлбарласан байдаг. Би хувьдаа байгалийн болон өөрөг (selfie) зургуудыг янзлах, HD юм уу vintage болгоход ашигладаг. Хэрвээ танд хялбар байдлаар зураг янзлах апп хэрэгтэй бол Snapseed-ийг туршаад үзээрэй.

ТАТАХ

Apple-ийн iLife багцын нэг апп болох iMovie нь гар утсанд байгаа видео дүрсүүдээр богино кино юм уу трейлер хийх боломжийг олгодог. Нэг дүрсээс нөгөө рүү чөлөөтэй чиглүүлэх, өөрчилсөн хэсгүүдээ хадгалах, мөн бүгдийг нь тоон түвшинд засварлах бололцоотой. QuickTime-ээр хадгалах, ямар ч дүрсний алдагдалгүйгээр тоон дүрс бичлэгийн хальс дээр буулгах боломжтой. Би энэ апп-ийг тэмдэглэлт өдрүүдийг дүрсжүүлэх болон аяллын трейлер хийхэд ашигладаг.

ТАТАХ

Pinterest

Бичсэн: Г.Эрдэнэбаатар (LifeLink компанийн гүйцэтгэх захирал)

2016 онд миний хамгийн их хэрэглэсэн апп бол Pinterest байлаа. Өөрийн сонирхсон зүйлээ, эсвэл ямар нэг шинэ санаа цуглуулах бол Гүүглээс биш харин Pinterest-ээс илүүтэй хайдаг болоод байгаа. Яагаад гэхээр хайсан үр дүнгээ тэмдэглэж аваад, түүнийгээ ангилан хадгалж авдаг. Pin буюу зүү гэдэг үгийг илэрхийлэх P үсгийг interest буюу сонирхол гэсэн үгтэй нэгтгэснээр Pinterest сайтыг 2010 онд Google, Apple–д ажиллаж байсан Бен Силверман нээсэн түүхтэй. Бен Apple ажиллаж байхдаа энэ санааг гаргасан боловч дэмжигдээгүй гэдэг. Миний хувьд үүргэвчтэй аялал, компьютерийн ширээний зохион байгуулалтын дизайн, эрчүүдийн хувцаслалт, бүтээлч санаанууд агуулсан боард зэрэг бүлгүүдийг дагадаг. Мөн энэ чиглэлээр бусад хүмүүсийн хийж буй үйлдлүүдийг харж, тэдэнтэй санал сэтгэгдлээ хуваалцдаг. Миний мэдэхээр дуучин Болд энэ апп-ийг бас идэвхтэй ашигладаг. Бараг цаг тутам л түүний хийсэн Pin миний хуудсанд гарч ирдэг. Pinterest–ийн хайлтын алгоритм өөрөө өөрийгөө сайжруулан хөгжүүлж, тухайн хайсан мэдээлэлтэй холбоотой материалыг үргэлж санал болгож байдаг. Энэ нь хайгаагүй байхад яг миний хүсэж байсан зүйлийг өөрөө гаргадаг гэсэн үг. Сүүлийн үед компани, байгууллагууд бас нэлээд ашиглах болсон байна лээ.

ТАТАХ

2016 оны онцлохуудыг нэрлэх Unread Special цуврал контент танд ийм дарааллаар хүрнэ:

12.25: Оны онцлох үйл явдлууд
12.26: Оны онцлох гарааны бизнесүүд
12.27: Оны онцлох аппликэйшнүүд
12.28: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.29: Атаархлын жагсаалт: Оны онцлох нийтлэлүүд
12.30: Оны онцлох кинонууд
12.31: Оны онцлох номууд
01.01: 2017 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Хэрвээ уншигч та бүхэн энэхүү жагсаалтуудад өөрийн зүгээс саналаа илэрхийлэхийг хүсвэл бидэнтэй editor@unread.today хаягаар холбогдоорой.