Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   11 сарын 02, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - "Терра Экспресс" ХХК-ийг үүсгэн байгуулагч Ш.Алтанбагана

Өнөөдрийн зочинтой би хамгийн анх удаа нэгэн оюутны эрдэм шинжилгээний хурлын үеэр, шүүгчээр ажиллаж байхад нь таарч байсан юм. Тухайн үед онолын үндэслэлтэй тайлбарууд хэлж, голыг нь олсон асуултууд асууж байсан нь санаанд тод үлджээ. Түүнээс хойш энэ эрхмийг бизнесийн салбарт манлайлж, өөрийн оролцоотой төрийн бус байгууллагууд, санаачилгуудаараа дамжуулан нийгэмд хувь нэмрээ оруулж байгаагаар нь илүү дуулах болсон. Өмнө нь "Чоно" групп зэрэг Монголын томоохон компаниудад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүний үүсгэн байгуулсан "Терра Экспресс" ХХК ердөө дөрөвхөн жилийн дотор уул уурхайн ложистикийн салбарт тэргүүлэгч компани болон өргөжжээ. Герман улсад стратеги менежмент, энтрепренершипийн чиглэлээр суралцсан зочин маань өдгөө өөрийгөө хөгжүүлэх, байгууллагыг удирдах, бизнесийг зөв аргаар хийх сэдвүүдээр олон байгууллага, хамт олон, мэргэжилтэн залууст сургалт явуулж, энэ чиглэлийн тэргүүлэх экспертүүдийн нэг хэмээн хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн байна. Түүнийг Ш.Алтанбагана гэдэг. Тэр ингэж ажилладаг. 

Байршил: Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: "Терра Экспресс" компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
Бусад: Монголын Маркетинг Холбооны Ерөнхийлөгч, МХАҮТ-ын Нийгмийн Хариуцлагын Зөвлөлийн дарга
Хэрэглэдэг гар утас: Samsung S7 Edge
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 17'
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Цөөн зүйлд төвлөрөх, баланс барих, суралцах-хөгжих
Сошиал хуудсууд: Baganaa Sh /фэйсбүүк/

Таны ажлын онцлох арга барил?

Хийх ажлуудаа чухлаар нь эрэмбэлээд, цөөн юманд төвлөрч ажилладаг. Өөрийн сайн хийж чадах, үнэ цэн нэмж болох цөөн зүйлийг л барьж авна. Цөөн зүйл төвлөрнө гэдэг нь үр дүнд төвлөрнө гэсэн үг. Ер нь цагийн менежмент гэдгийг ажлуудаа чухлаар нь эрэмбэлж, өөрөө хийхийг нь хийгээд, үлдсэн ажлуудаа бусдад хариуцуулахын нэр гэж ойлгодог.

Хоёрдугаарт, би байнга өөрчлөгдөж, хөгжиж, суралцахыг хичээдэг. Хүний чадавх хязгаартай учраас ингэж ямагт өөрийгөө шинэчилж, хөгжүүлж байхгүй л бол хүн өөрийгөө давтсаар л байдаг. Тэгэхээр өөрийгөө байнга шинэ орчинд оруулж, шинэ зүйлд суралцаж байх нь чухал.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Уншигч хүн учраас Goodreads-ийн фэн. Эндээс тухайн номын талаар хүмүүсийн бичсэн сайн тойм, сэтгэгдлүүдийг олж үзэж болно. Бизнесийн номуудыг 5 хуудсанд багтаан тун цэгцтэй, ойлгомжтойгоор хураангуйлдаг www.getabstract.com сайтын хэрэглэгч. Зарим номыг эндээс үзэхэд л хангалттай байдаг. Youtube–ийг сургалтын зорилгоор, том эрдэмтдийн лекц яриаг сонсох гэж ашигладаг. Youtube одоо магадгүй дэлхийн хамгийн том сургууль болчихоод байна, байхгүй юм ч гэж алга. Ялангуяа машинд явахдаа, фитнест явахдаа лекц түлхүү сонсдог. Менежментийн шинэ ойлголт, трендүүдээс хоцрохгүйн тулд McKinsey Insights-ийг ашигладаг. Сошиал медиагаас LinkedIn-ийг ажлын зорилгоор, фэйсбүүк найз нөхөдтэйгээ холбогдоход хэрэглэнэ. Slideshare-ийг сургалт, презентац бэлдэх, сонирхсон зүйлээ дэлгэрүүлж мэдэхэд ашигладаг. За тэгээд аяллын TripAdvisor зэрэг аппууд бий. Чат аппууд бол ёоз ёозоороо бий дээ.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Түрүүнд хэлсэнчлэн өдөрт 1-2 чухал зүйлд л төвлөрч ажиллаж, уулзалт, цаг нартай ажлуудаа календарьтаа зөв хуваарилах нь цаг хэмнэдэг. Гэхдээ миний хамгийн гол арга бол өөртөө цаг гаргах явдал. Өөрөөр хэлбэл, бусдын төлөвлөгөөгөөр явах биш, өөртөө цаг гаргаж өөрийн төлөвлөгөөр явахыг хичээдэг юм. Үүний жишээ нь өдөртөө би заавал 2 цаг юм уншдаг. Өдөр тутмын ажилдаа түүртээд хүмүүс мэдлэг чадвар, гадаад хэлний чадвар гэх мэт ирээдүйд хамгийн хэрэг болох, стратегийн гол зүйлүүддээ цаг гаргаж чаддаггүйд харамсдаг.

Өөртөө цаг гаргаж чаддаг болохоор би завтай байж чаддаг. Хүмүүс ийм олон ажил хийж байж, яаж ийм завтай байж чадаж байна аа гэж асуудаг юм. Өөрийн хийж чадах 1-2 зүйлд төвлөрөөд, бусад ажлаа хүмүүст сайн хариуцуулахаар зав гаралгүй яах вэ. Манай компани лав надгүйгээр нэлээд удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулж дөнгөнө.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Тэмдэглэлийн дэвтэр дээрээ тухайн өдөр хийх, дээд тал нь 3 зүйлийг бичиж, байнга ил харагдахаар байлгадаг. Уулзалт, цаг нартай ажлуудаа гар утасны календарь дээр хөтөлчихнө.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Би өөрийгөө мэдлэг олж авах өөрийн гэсэн тогтсон арга барилтай болсон гэж боддог. Мэдлэг олж авах 3 арга бий гэдэг. Нэгт өөрөө оролдох турших, хоёрт менторуудаас суралцах, чиглэл авах, гуравт унших. Эхнийх нь асар их цаг авна, хоёр дахь нь чухал ч бас хангалттай биш. Харин уншихыг би мэдлэгийг системтэйгээр, үнэн зөвөөр олж авах гол арга гэж үздэг.

Бас намайг баг бүрдүүлэхдээ сайн гэж хэд хэдэн хүмүүс хэлж байсан шүү.

Унших арга барилаа та манай уншигчдад сонирхуулахгүй юу?

Хамгийн чухал нь эхлээд унших дадлыг өөртөө суулгах. Би сүүлийн 16 жил тасралтгүй уншиж байна. 10-аад жил 7 хоногт 2 ном унших дадал баримталж ирсэн, одоо бол өдөрт 2 цаг уншдаг. Номыг сэдэвчилж буюу хувь хүний хөгжил, менежмент гээд сэдэв сэдвээр нь дагнаж, герман, англи хэлээр уншдаг.

Тэгээд мэдээж унших зүйлээ, номоо хэрхэн сонгох вэ гэдэг нэн чухал. Эхлээд өөрийнхөө зорилгыг тодорхойлж, түүнд хүрэхэд ямар чадварууд хэрэг болох вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Тэгээд тэр чадваруудыг нэмэгдүүлэх номуудыг уншина даа. Би хувьдаа тухайн санаа, ойлголтуудыг анх гаргасан, хөгжүүлсэн хүмүүсийн номыг буюу оригиналь санаануудыг нь аль болох олж уншихыг хичээдэг. Дараа нь яаж унших вэ гэдэг асуудал тавигдана. Миний хувьд тухайн сэдвийн номуудыг зэрэг зэрэг уншдаг барилтай. Тухайн номоос мэдлэг олж авахын тулд би 3 зүйлийг эрхэмлэдэг юм. Нэгдүгээрт, зохиогчийн хэлэх гэсэн санаа нь юу вэ? Хоёрдугаарт, энэ номоос миний авах зүйл юу юм бэ? 3. Үүн дээр үндэслээд би юу хийх юм бэ? Олж авсан зүйлсээ юунд ашиглах юм бэ? гэсэн асуултуудад хариу олохыг зорьдог. Зарим тохиолдолд тэмдэглэл үйлдээд, заримдаа толгойдоо тогтоогоод авдаг.

Таны хийж байгаа ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Бизнес удирдаж байгаагийн хувьд, хийж байгаа ажил маань үнэ цэн (value) шинээр бүтээж, бүтээгдэхүүн үйлчилгээ маань аливаа асуудлыг шийдэж, сайн үр дүнд хүрч байгааг харах сайхан. Гэхдээ удирдах ажил гэдэг үргэлж эрсдэл дагуулж байдаг, шийдвэр гаргалтууд нь үргэлж үр дагавартай байдаг учир нэг талаар хэцүү. Хэдий тэр эрсдэлийг бууруулах гэж, сайн үр дүнгийн төлөө л ажилладаг ч заримдаа бэрхшээл тулгарч, үр дүнгүй хоцрох нь бий. Тэр болгоныг мэргэжлийн үүднээс хүлээж авахыг хичээдэг.

Үндсэн ажлынхаа хажуугаар би олон хүнд эергээр нөлөөлж, нийгэмд үр өгөөжтэй амьдрахыг эрмэлзэж, олон төрийн бус байгууллагад хувь нэмрээ оруулж, удирдах алба хашдаг юм. Олон хүн сайн дурын үндсэн дээр нэгдэж, нийгэмд тустай төслүүд дээр сэтгэл зүрхээ зориулан ажиллана гэдэг сайхан хэрэг. Хүмүүс үгүйсгэж шүүмжлэх заримдаа урам хугарах нь бий ч тэдгээр ажлуудаараа бахархдаг шүү. Бас сүүлийн үед нэлээд хэдэн залуугийн ментор нь гэгдээд, зааж зөвлөөд явж байна.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

"Терра Экспресс"-ийн хувьд ирэх жилийн төлөвлөгөө, стратеги төлөвлөлт дээр голчлон ажиллаж байна. Дэлхийн жишгийг ойртуулж, шинэ стандарт нэвтрүүлж байгаа ложистикийн компанийн хувьд удирдлагын стандарт, байгаль орчин, аюулгүй байдлын стандартууд дээрээ ажиллаж байна. Мөн уул уурхайтай холбоотой хоёр ч төслийн ложистикийн шийдэл дээр ажиллаж байгаа.

Олон нийтийн ажлын хувьд Монголын Маркетингийн Холбоондоо илүү төвлөрч ажиллаж байна. ТББ-ын амжилттай байдлын гол үндэс бол засаглал. Тийм учраас байгууллагын соёл, үйл ажиллагааны зарчим, баг бүрдүүлэлт дээр анхаарч байгаа. Бид Монголын маркетингийн хөгжилд хувь нэмэр оруулж чадахуйц, гэхдээ ашгийн бус, урт хугацаанд үр өгөөжөө өгөх 20 гаруй төслийг санаачлан, хэрэгжүүлж байна.

Та ажиллаж байхдаа хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Ажил хийж байх үедээ бол хөгжим сонсох нь ховор. Олон уулзалт, ажлын ачааллын дараа түр амсхийхдээ харин сонсох дуртай. Ер нь бол төрөл жанр гэлтгүй бүх л хөгжмийг сонсоно. Гэхдээ R.E.M, Sting-д илүү дуртай. Замд явахдаа бол машиндаа сүүлийн үеийн тренд болж байгаа хэмнэл сайтай дуунууд тавьдаг шүү.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Би одоо 10-аад ном эхлүүлчихсэн уншиж байна. Онгоцонд явахдаа 2 төрлийн ном авч явдаг зуршилтай. Нэг нь шууд урсаад явчих уран зохиолын амраах номууд, нөгөөх нь мэдлэг олгох ном. Уншиж байгаа номуудаа ч байнга эргүүлж хардаг "ширээний номууд", шинэ мэдлэг олгох номууд гэж ангилж болох байх. Их ном уншихаар унших хурд нэмэгдэж, ойлгох чадвар сайжирдаг юм шиг санагддаг. Би өөрөө их "шуналтай уншигч" тул шөнөжин сууж унших нь элбэг.

Яг одоо бол Жим Коллинзийн "Great by Choice"-ийг уншиж байна. Манлайллаас илүү сахилга бат чухал гэж сургах энэ ном миний яг одоогийн нөхцөл байдалд тун тохирч байгаа юм шиг санагддаг. Орчин үеийн бизнесийн сэтгэлгээний тэргүүлэх гуру Клэйтон Кристенсений "The Innovator's Dilemma" -г шинэ бизнесийн санаа, төслүүдтэй ажиллах үедээ эргүүлж хардаг. Орчин үед бизнесүүд томорч байгаа нь, том байгаа нь өөрөө асуудал үүсгэж байгаа хандлагыг томъёолсон ном. Д.Брандесийн "Einfach Managen" гэх номыг олон санаа, олон ном, олон чиглэл дотор төөрчих гээд байдаг учир байнга эргүүлж хардаг. Бизнесийн менежментийг Aldi-ийн жишээн дээр тун энгийнээр тайлбарласан ном.

Шинээр гэвэл Азийн Маркетингийн Холбооноос 2017 онд гаргах, одоо худалдаанд гараагүй байгаа "Marketing for Competitiveness" номыг уншиж байна. Энэ холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүний хувьд бид энэ номонд оролцож, тодорхой хувь нэмэр оруулсан. Манайхаас UFC-ийн жишээ кэйз болон орж байгаа. Герман хэл дээр У.Черчиллийн намтрыг уншиж байна. Ц.Санчирын цуврал номуудаас "Өлзийт хааны ордон" номыг нь мөн эхлүүлсэн. Бас "Future of Management" гэж орчин үеийн менежментийн хандлага, суурь санааг илүү сонирхолтойгоор харуулсан номыг уншиж байна даа.

Энэ далимд өөрийн шигшиж гаргасан 10 шилдэг бизнесийн стратегийн ном, Өнөө үеийн 10 шилдэг маркетингийн ном гэсэн хоёр жагсаалтыг залууст санал болгоё.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Би нээлттэй хүн. Бодож байгаа зүйл, хэлж байгаа үгс, хийж байгаа үйлдэл минь ойролцоо байгаасай гэж хүсдэг. Худлаа хэлэх шаардлагагүй, дүр эсгэх хэрэггүй гэдэг зарчим намайг элдэв стресс, хуримтлагдсан ажил, худал амлалтаас хол байлгадаг юм. Чадахгүй бол чадахгүй гэдгээ шууд хэлчихдэг. Мэдээж нөгөө талдаа заримдаа "хатуу" мэт байдаг ч аль аль талынхаа ажлыг хөнгөвчилдөг гэж ойлгож болно. Далай ламын "Битгий худлаа хэл, тэгвэл юуг ч эргэж санах шаардлагагүй" гэдэг үг бий.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Би "орой унтагч-орой босогч". Дунджаар шөнийн 01-03 цагийн хооронд унтана. Унтсан цагаасаа хойш 7 цаг унтаад сэрдэг. 7 цагийн дүрэмтэй гэсэн үг. Саяхан "орой унтах нь тийм ч муу биш" гэсэн нийтлэл олж уншаад их баярласан шүү (инээв). Гол нь манай нийгэм тийм эртэч биш учраас энэ дадал маань асуудал дагуулах нь бага байдаг. Гэхдээ өглөө эрт уулзалттай үед бол сэрчихнэ ээ.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Би ням гарагт ямар нэг ажил төлөвлөдөггүй, зөвхөн гэр бүлдээ цагаа зарцуулдаг. Тиймээс гэртээ л, гэрийнхэнтэйгээ хамт байна гэсэн үг. Бусад үед бол хаа нэгтээ юм уншаад сууж байна байх, үгүй бол фитнестээ байж байна. Сүүлийн үед фитнесийг дадал болгох гээд хичээж байгаа. Би хөлбөмбөгийн ахисан түвшний хорхойтон. Өөрийн дэмждэг Байерныхаа тоглолтыг шөнө 3, 4-ийн үед суугаад үзэх дуртай.

Ер нь би аливаа зүйлийн балансыг олохыг эрмэлздэг. Хийх-төлөвлөх, анализ хийх-зорилт тавих, нийгмийн ажил-хувийн амьдрал, ажил-амьдралын балансыг тохируулах гэх мэт. Ажилдаа цаг гаргахаас гадна нийгмийн ажилд идэвхийлдгээ дадал хэвшил болгож чадсан минь үүнтэй холбоотой байх.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Би гэр бүлээсээ, хүүхдүүдийнхээ аз жаргалтай байдлаас нь урам зориг авдаг. Ашиг олохыг урьтал болголгүйгээр бизнесийг зөв хийж, үр өгөөжтэй зүйлсийг бүтээж байгаагаасаа, хийж байгаа ажлынхаа үр дүнгээс эрч хүч авдаг.

Мөн нийгэмд оруулж буй багахан ч гэсэн хувь нэмрээсээ, хүмүүст дэм болж буй нөлөөллөөсөө эрч хүч авч байдаг. Хэд хэдэн ТББ-аас гадна ашгийн бус олон төрлийн сургалтыг тогтмол хийдэг. Стратеги менежмент, байгууллагын стратеги, энтрепренершипийн чиглэлээр долоо хоногтоо бол 2-3 удаа тогтмол сургалт хийчихнэ. Сургалт хийх нь миний хувьд өөрийгөө хөгжүүлэх нэг арга юм даа.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Би өдийг хүртэл маш олон үлгэр жишээ хүмүүстэй учирч, олон зөвлөгөө авч байлаа. Гэхдээ бага байхад аавын маань хэлж байсан энэ зөвлөгөө надад хамгийн ихээр нөлөөлсөн гэж боддог юм. "Таарсан хүн бүрээсээ нэг сайн талыг нь олж харж, суралцаж байгаарай. Янз бүрийн хүмүүстэй л учирна. Гэхдээ ямар ч муу хүнд сайн тал байж л байдаг. Хэрвээ тэгж чадвал учирсан бүх хүнийхээ сайн талуудынх нь нийлбэр болж чадна" гэсэн тэр үгийг би байнга санаж, хэрэгжүүлэх гэж хичээдэг. Энэ хооронд хэдэн мянган хүнтэй таарлаа, бүгдээс нь л сайн талыг нь эхлээд олж харах гэж хичээсээр явна.

Залуу мэргэжилтнүүдэд хандан та юу гэж зөвлөх вэ?

Хамгийн эхлээд identity буюу өөрийнхөө дүр төрхийг бий болгоорой гэж захья. Хүн өөрөө өөрийгөө бүтээдэг. Тиймдээ ч ямар дадал зуршил, ямар үнэт зүйлстэй байхаа сайн бодож бий болгоосой гэж хүсдэг.

Ямар ч хүнд мэдэх шаардлагатай асар их зүйлс байсаар л байдаг. Тиймээс үргэлж өөрийгөө хөгжүүлэх дадал, арга барилыг бий болгоорой. Би хувьдаа улиралдаа ч юм уу, тодорхой хугацаанд нэг төрлийн soft skill-ээ хөгжүүлэхийг хичээдэг. Ийм чадварууд төрөлхийнх гэхээсээ илүү өөртөө хэвшүүлдэг, хөгжүүлдэг чадварууд байдаг.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

"Зиг Заг"-ийг үүсгэн байгуулагч, захирал Д.Зоригийг санал болгоё. Түүний тасралтгүй суралцаж, суралцсан зүйлээ хэрэгжүүлэх гэж эрмэлзэж, эрч хүчтэй ажилладаг нь сэтгэгдэл төрүүлдэг юм.

Гэрэл зургийг Д.Ганзул

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

70514   21


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.