Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   10 сарын 26, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - "Непко Паблишинг"-ийг үүсгэн байгуулагч, нийтлэлч Баабар

Бичиж туурвисан ном, нийтлэлүүдийг нь шимтэн уншиж өссөн бид энэ удаагийн дугаартаа яг өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй нийтлэлч Баабар гуайг урин оролцуулж байна. Тэрээр социализмын үед эрдэм шинжилгээний ажилтан, 1990 оноос хойш Монголын Социал-Демократ Намын дарга, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд, Ерөнхий сайдын зөвлөх зэрэг албуудыг хашиж байгаад 2006 оноос "Непко" компанийг үүсгэн байгуулсан юм. Түүнд "Монголчууд: Нүүдэл суудал" ном бичсэнийх нь төлөө 2009 онд Монгол Улсын Төрийн Шагнал хүртээж байсан билээ. Монгол уншигчдадаа түүхээ илүү сайн таниулах, дэлхийн ертөнцийн оюун санааны охь дээж болсон бүтээлүүдтэй танилцуулах зорилгоор Непког удирдан олон сайн номуудыг эрхлэн гаргахын зэрэгцээ олон жилийн турш долоо хоног тутам "Өдрийн сонин" болон Baabar.mn сайтад нийгэм, эдийн засаг, улс төрийн сэдвээр шинэ өгүүллүүд бичсээр байгаа юм. 

Байршил: Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: НЭПКО Паблишинг ХХК-ийн ТУЗ-ын дарга
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy Note 3
Хэрэглэдэг компьютер: Air Macbook 13', гэртээ дэлгэцийн iMac
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бүтээлч, чөлөөт, үр дүнтэй хөдөлмөрч
Сошиал хуудсууд: @baabarniitlelch (твиттер)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Онцлоод байх юм үгүй дээ. УИХ-д 4 жил байхдаа цагт хавчигдаж байсныг эс тооцвол дураараа, ямар ч төлөвлөгөөгүй, тааваараа байдаг, тааваараа ч ажилладаг.

Өдрийн цагаар компанийн оффис дээр голдуу л хүмүүстэй уулзаж таардаг. Есөн шидийн хүмүүс ирж уулзана, голдуу зөвлөгөө авъя гэдэг юм. Яг бичих, суух ажлаа бол гэртээ шөнө оройн цагаар хийдэг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНҮҮДЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

1975 онд “Москва” гэдэг бичгийн машинтай болсон. 1989 онд Монголд бараг хамгийн анхных байх, хувийн компютэртэй болсон. Монел компютэр манайд анх угсарч эхлэхэд. Тун шаардлагатай программ апликэйшнийг сураад авдаг, цаашид онц хэрэггүй бол тэгэсхийгээд мартчихдаг. Компютэр дээр Solitaire гэх нэг л тоглоом бий. Юм хийж байтал гэнэт гацчихвал тэр тоглоомыг ажиллуулж пауз авдаг. Гагцхүү тоглоомондоо улайрах, хожих гэж тэмүүлэх дэмий. Тоглоомоо анзаарахгүй өөр юм бодож суудаг.

Мэдээг бол хамгийн түрүүнд BBC-гээс авдаг. Монголын өдөр тутмын 10 гаруй сонинг захиална. Ямар эзэдтэйг нь мэдэх болохоор тухайн асуудлыг ямар өнцгөөс, ямар ашиг сонирхлоор бичиж вэ гэдэгт нь анализ хийдэг юм. Хэдэн монгол сайтуудаар орж гарчиглаад л өнгөрдөг.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Энэ зургийг Wall Street Journal-ийн зурагчин зориуд манай гэрт ирж хэдэн цаг ноцолдож байж аваад тус сэтгүүлд тавьсан юм. Яг миний ажлын байр. Олонд ил болчихсон энэ фотог л тавъя. Гэр орноо харуулж рекламдаад байх дургүй.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Завгүй хүнд цагийг хэмнээд байх шаардлага үгүй болов уу. Тодорхой цаг нартай онгоц, машин, болзоо зэрэгт л гэнэт цагт хавчигдан “хэмнэх” гэж сандардаг тохиолдол надад олон тохиолддог.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ёстой юун дээр ч хөтөлдөггүй. Тогтоогоод авчихдаг. Гэхдээ сүүлийн үед нас ахиад юм мартдаг болоод байна аа. Би уг нь ой тогтоолт их сайтай хүн юм сан. Одоо юм мартдаг, хүний нэр ус санаанд орж ирэхгүй болохоор их бухимддаг болоод байна. Гэхдээ манай эхнэр хэлэхдээ “Чи хэчнээн юм мартдаг болсон ч жирийн хүнийхээс илүү л байгаа шүү дээ, юунд нь бухимддаг юм. Ер нь хүн юм мартаж байж л юм тогтооно шүү дээ” гэдэг юм.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Зураг, зодоон хоёрыг холоос харж бай гэж Аглуу сургасан. Би өөрийгөө алив зүйлийг дээрээс нь харж чаддаг, тиймээс ч илүүтэй зөв дүн шинжилгээ, гаргалгаа хийдэг гэж боддог. Гэхдээ “манай сумандаа л Маркс Энгельс” гэгчээр энэ хавьдаа л юм шүү. CIA ч юм уу кримналистикийн том лабораторид дүн шинжээчээр ажиллах чадвар надад байхгүй. Тийм болъё гэж мөрөөдөж ч байгаагүй. Бичих авъяасыг бурхан надад өгсөөн, гэхдээ л тэр нь “манай сумандаа”.

ТАНЫ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

40 шахам бие даасан ном хэвлүүлжээ. Үүнд орчуулга ч хамаарна. Цэнддоо, Баярхүү нартай хамтарч бичсэн 2-3 ном ч орно. Эхнэртэйгээ хамтарч орчуулсан 2-3 ном ч багтана. Гэхдээ дахин хэвлэлтийг тооцоогүй. Миний мэргэжил биохимич, бүр тодруулан нарийвчилбал энзимологич. Би химийн лабораторид цөөнгүй жил ажилласан. Алив юмыг нягтлан хэмжих, дахин шалгах, өөр эх сурвалж хайх дадлыг энэ мэргэжил надад олгосон. Иймээс би бичиж байгаа юмандаа логик уялдаа, үнэн зөвийг эрхэмлэдэг. Янз бүрийн сэдвээр бичдэг боловч яг мэргэжлийн хүн нь үзээд шоолох вий гэдгээс их айдаг. Яагаад гэвэл үнэн зөв тэнд хэмжигдэнэ үү гэхээс нийгмийн сүлжээ, сайтын сэтгэгдэл бол хүн тоохоор юм биш. Бичих юмаа эхэлж толгойдоо эмхлэх нь тун цаг авдаг бэрхшээлтэй зүйл. Нэгэнт эмхлэгдсэн бол компютэр дээр буулгах нь зөвхөн бичих хурдаас хамаарна. Толгойн доторхоо ингэж буулгахад би цагт 4 нүүр юм гаргадаг. Маш олон санаа толгойд эргэлдэж байдаг ч хагас нь огт эмхлэгдэхгүй ор мөргүй алга болдог. Би бичсэнээ эргэж харж засдаггүй. Зүгээр л залхуу хүрээд байдаг юм.

Өдгөө интернэт хөгжиж эх сурвалж, санаа сэдэл авахад тун хялбар болжээ. Интернэтийг би сайн ашигладаг. 90-ээд онд Монголд гэлтгүй хойд хөршид олон нийтээс нууж хаасан архивын материалуудыг үй олноор нь дэлгэж, надад бэлээхэн аутсорсинг хийгээд өгчихдөг байлаа. Бүр дээр үед аав минь докторын ажлаа бичих гэж Москвагийн их сургуулийн номын санд 45 хоног суухаар томилолт аваад явж байлаа шүү дээ. Түүнийг бодоход амьдрал тун хялбаршсан байна.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

1996 онд бичсэн “Нүүдэл суудал: Монголын түүх” номыг сая үндсээр нь өөрчлөн нэмж бичиж дуусгалаа. Тухайн үед 450 орчим эшлэлтэй байсан бол шинэ хэвлэл нь 1700 орчим эшлэлтэй гэхээр аль зэрэг нэмэгдсэн нь харагдах байх. Мөн Цэдэнбалын намтрыг бичиж дуусгасан. Энэ бол өнгөрсөн өвөл хаваржингаа нойр хоолгүй шахам хийж дуусгасан бүтээл. Дуусангуутаа л асар их ядарснаа мэдэрсэн дээ. Төлөвлөх дургүй болохоор бодсон юм одоохондоо алга. Гэхдээ тун удалгүй санаа орж ирэх байлгүй дээ.

Харин НЕПКО-гийн хувьд манайхаас гаргаж буй "30 секундэд" цувралын хими, анагаахын салбарын номууд хамгийн сүүлд гарлаа. Одоо манай компанид үндсэн 12 хүн ажиллаж, гэрээт 100 гаруй орчуулагч нийт ажлын маань 80 орчим хувийг аутсорсингоор нугалж, жилдээ 100 гаруй ном эрхлэн гаргаж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХДАА ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Би нам гүм орчинд ажилладаг. Шөнө л гэсэн үг л дээ. Тиймээс ажиллаж байхдаа хөгжим сонсдоггүй. Чайковский, Бэтховэнд дуртай. Бах надад хүндэддэг. Битлзийг шүтдэг. Хип хоп ойлгодоггүй. Ер нь алдартай дуучин юм уу хөгжмийн зохиолчид ганц хоёр л гайхамшигтай бүтээлтэй байдаг, тэр болгонд нь дуртай даа. Стивэн Вондэрийн “Ай жаст коол ю тү сэй ай лав ю”, Бий Жийсийн “Мэссэчүсэтс”, Пинк Флойдын “Воол” рок оопэр, Шаравын “Гэгээн алсад одох юмсан”, Нино Рота, Энно Мориконэ нарын зарим киноны аяз, Сэйжи Озавагийн удирдаж буй симфони гэх мэт.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Би амьдралдаа уншсан юмныхаа ихэнхийг жорлон дотор, орон дээрээ гүйцээсэн байх аа. Багад нойлд ороод түгжээд суучихаар аав ээж байн байн хаалга нүдэж “Цагаан мах чинь гарлаа, бушуу гараач” гэдэг сэн. Ойролцоогоор 10 орчим ном зэрэг уншдаг. Аль болох нэг амьсгаагаар уншиж дуусгамаар санагддаг ч зарим номын ард хэдэн сарын дараа гардаг. Саяхан аль дээр үед худалдаж аваад таг мартчихсан Аюурзанын эмхтгэсэн “Дэлхийн сонгомол өгүүлэл”-ийг шкафнаасаа олж аваад шөнөд нь уншиж дуусгасан. Тэгээд тэр талаар шүүмж хүртэл бичсэн шүү. Уран зохиолын ном бараг уншихаа больж дээ. Гэхдээ олон жил дахин дахин уншдаг уран зохиолын хэдэн ном бий. Марк Твэйний “Хак Финн”, Ярослав Хашэкийн “Швэйкийн паян”, Антон Чеховын өгүүлэл, жүжиг гэх мэт. Ердөө саяхан Дэн Сяопиний намтар уншаад дуусгалаа. Р.Болдын бичсэн Монголын тусгаар тогтнол хүлээн зөвшөөрөгдсөн тухай ном оросоор гарч, тэрийг уншиж байна. Яков Блюмкины намтрыг аваад уншиж байна. Дөшнөр гэж нэг герман хүн фашистууд болон Ватикан хэрхэн холбоотой байсан тухай ном дээр үед бичсэн юм байна, тэрийг сонирхож байна. Эргээд хэрэг болсон учир Чуевийн Молотовтой хийсэн ярилцлагаар бүтээсэн номыг эргүүлж байна. Цэдэнбалын бие хамгаалагч асан Батдолгор гэж хүний бичсэн дурсамж өнөөдөр олж авлаа. Шуудангаар захисан Каку физикчийн бичсэн Ирээдүйн физикийн ном, Олсоны бичсэн Хүний үүсэл, ген, үүлдрийн тухай номыг хүлээж аваад хэд дэх өдрөө ч юм, сонирхон уншиж байна. Мичио Какуг би урьд нь мэддэггүй байж, шинжлэх ухааны хялбаршуулсан кино гарахаар л нэг урт үстэй ази нөхөр зурагтаар баахан ярьдаг шүү дээ. Уг нь утаслагийн онол дэвшүүлсэн мундаг онолын физикч л дээ. Гэхдээ ирээдүйн тухай, шинэ нээлтийн тухай бичихээрээ мөн ч уран сайхантай панаалдах юмаа. Фройдоос илүү панаалсаг. Итгэхгүй мөртөө л ам ангайн алмайрч, бүр автагдах юм гээч.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, АЛЬ ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Би хаа очиж маш нээлттэй хүн шүү. Заримдаа хэтэрчих гээд байдаг юм. Гэхдээ нээлттэй, илэн далангүй байх нь бас нэг төрлийн өөрийгөө бодсон хамгаалалт мөн шүү.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Би голдуу шөнийн гурав дөрөвт унтаж өглөө есөн цагийн орчимд босдог. Зургаан цаг унтаад сурчихсан юм. Гэхдээ заримдаа нойроо хурааж чаддаг. Өдөрт гурав дөрвөн цаг унтаж сар ажилласны дараа дутуугаа нөхөж бүтэн хоёр хоног унтах тохиолдол бий. Өнгөрсөн өвөл яг тэгсэн.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Компани дээрээ, эсвэл гэртээ. Амарч байх үедээ голдуу зурагтаар кино үздэг. Кино миний нэг том хобби. Кино урлагийн талаар би хэдэн өдөр тасралтгүй донгосч чадна. Тоглоом наадам хөөдөггүй, гуанз ресторанаар тэнэдэггүй. Хүмүүжилтэйдээ ч тэр биш, надад огт таашаал өгдөггүй учраас.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Шинэ санаа л ёстой гоё. Тэр нь хүний түүхэн дэх шинэ санаа биш л дээ, зүгээр наддаа л шинэ байвал бөөн кайф. Манай чөлөөт нийгэм дэх чөлөөт сэтгэлгээтэй шинэ үеийн залуусаас урам зориг авдаг. Миний мэдэхээр урьд нь монгол хүн ийм цоглог байгаагүй юм аа. Ерөнхийдөө л бүгдээрээ унжгар, аймхай, хувиа бодсон, “цэвэр ичимхий”. Хөөрхий дөө нийгэм нь тийм байхыг албаддаг байж дээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Намайг хойно сурч байхад нэг хичээлийн шалгалт дээр уначихсан чинь профессор маань “Чи заавал биохимич болох гэх хэрэг байгаа юм уу? Энэ дэлхий дээр 17 мянган мэргэжил байна шүү дээ” гэж билээ. Би хожим нь “сумандаа” муугүй биохимич болсон л доо. Гэхдээ хүн өөрийгөө, авъяасаа зөв сонгон олох хэрэгтэй гэдгийг ясандаа тултал ойлгосон.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Дээрх профессорынхоо хэлснийг л би залууст сургадаг. Энэ хорвоод юунд ч авъяасгүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Ядахнаа л тэвэг тоглох, чавхаар харвахдаа авъяастай байж болно шүү дээ. Түүнийгээ л зөв тодорхойлж цааш хөгжүүлэн энэ хорвоо дээр өөрийн гэх орон зайгаа олж хөл дээрээ бат зогс. Өөрөө байраа олоогүй байж эх орон, ард түмэн, озоны цоорхой, галактикийн сүйрэлд санаа зовон архи ууж шүлэг бичих нь арай эртэднэ шүү. Өөрөө байраа олоогүй хүн эх орон, озоны цоорхойд гай болно уу гэхээс тус болж чадахгүй. Гэртээ дэнгүй байж айлд чийдэн тусгах гэж гүйгээд хэрэггүй ээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Би твиттерээр заримдаа ордог юм. Өдөр шөнө, өглөө оройгүй твиттер дээр завгүй сууж байдаг хэдэн хүн байх юм. Тэдний хэрхэн ажилладаг, амьдралаа яаж залгуулдаг нь их сонин байна. Шүүмжилж, үгүйсгэж, шоолж байгаа юм биш шүү, зүгээр л саваагүйтэн сонирхож буй хэрэг.

Гэрэл зургийг Б.Батзаяа

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

158605   53


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.