Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   10 сарын 07, 2016

Үлгэр жишээ лидер болох Марк Аврелийн 10 дүрэм

Ромын эзэн хаан Марк Аврелий 161-180 оны хооронд Ромыг захирч байхдаа мэргэн удирдагч хэмээгдэж өндөр нэр хүндийг олсон бөгөөд амьд ахуйдаа "философич хаан" гэсэн тодотголыг хүртэж байжээ. Ямар мэргэн удирдагч байсныг нь залгамжлагчаараа хаан болоход үл тохирох хүүгээ бус ухаалаг генералаа сонгож буй "Гладиатор" кинонд гардаг дүрээс нь бид төсөөлж болно. Хүний зан араншингийн тухай эргэцүүлэн бичсэн, он цагийн уртад үнэ цэнээ үл алдах “Эргэцүүллүүд” (Meditations) хэмээх ном нь өнөөг хүртэл олон зууны туршид өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг хүмүүсийн, өч төчнөөн лидерүүдийн гарын авлага, ширээний ном болсоор байгаа юм. Тухайлбал энэ бүтээл 2-р Фредерик хаан, Жон Стуарт Милл, Гёте, Вэн Жиабао, Билл Клинтон нарын дуртай ном гэгддэг. Анхлан "Өөртөө" хэмээн гарчиглаж асан "Эргэцүүллүүд" бол түүний амьдралын сүүлийн 10 жилд бичсэн тэмдэглэлүүдийн эмхэтгэл бөгөөд стойк философийн тайлбар гэж хэлж болох юм. Стойк философи нь өөрийн хяналтаас ангид зүйлсийг хүлээж авах, сэтгэл хөдлөлөө барьж удирдаж сурах тухай "номлодог" билээ. Бид уг номоос Марк Аврелийн удирдан манлайлахуйн талаар сурсан, өөртөө сануулсан 10 зүйлийг эмхэтгэн толилуулж байна.

1. Хүмүүс нэг нэгэндээ туслах гэж амьдардгийг ойлго

Хувиа бодсон хүмүүс, бусдад хөнөөл тарихыг хүсдэг хүмүүс хэзээд байх боловч хүн төрөлхтөн гэдэг бие биетэйгээ зохицож амьдрах заяатай гэдэгт Марк Аврелий итгэдэг байжээ. “Бид энэ дэлхийд нэг нэгнийхээ төлөө л гэж ирсэн юм шүү дээ” хэмээн тэр бичиж байж.
Нийгэмд түүн шиг лидерүүд аяндаа төрдөг. Дагагчдынхаа хамгаалагч байх нь тэдний үүрэг юм.

2. Бусад хүмүүс тантай л адил

Таныг дагаж буй хүмүүс, танаас илүү мэдэлтэй, мэдлэгтэй хүмүүс, таны дайснууд бүгд л адилхан иддэг, унтдаг, мах цусанд төрсөн хүмүүс гэдгийг сана. Хэдийгээр ойлгомжтой зүйл мэт сонстовч тэдэнтэй холбоотой шийдвэр гаргахдаа тэднийг хэтрүүлэн үнэлэх буюу хэтэрхий дорд үзэх явдал элбэг байдаг.
Хүн бүрт нэр төр, бахархал байдгийг мартаж үл болно.

3. Олон алдаа зөвхөн мэдлэг мэдээлэлгүйгээс үүддэгийг сана

Хэн нэгэн танд үл таалагдах, таны ашиг сонирхлын эсрэг шийдвэр гаргасан ч юуны түрүүнд тэр хүний хувьд энэ зүйлийг хийх нь зөв байсан уу, хийж байгаа зүйл нь ёс суртахууны хувьд хүлээж авч болмоор байна уу гэдгийг бодож үз. Хэрвээ тийм байвал энэ тухай гомдоллож цаг заваа үрэхийн хэрэггүй.

Харин тэд байж боломгүй аашилж байвал, хийж буй үйлдлүүдийг нь мэдлэг мэдээлэлгүйнх гэж тооц. Ийм ч учраас тэдгээр хүмүүс шударга бус, бардам, шуналтай гэж хэлүүлэх дургүй байдаг гэж Марк Аврелий бичжээ. Тэгэхээр дагагчдаа шүүмжилж, шийтгэх хэрэгтэй бол үүнийгээ сургаж сэнхрүүлсэн байдлаар үйлдэх хэрэгтэй.

4. Өөрийгөө бүү өргөмжил

Лидер хүн өөрийн удирдан манлайлах үүргийг нухацтай авч үзэх нь чухал хэдий ч өөрийгөө бурхан мэт бодох хэрэггүй юм. "Та ч гэсэн хангалттай олон алдаа гаргасан. Та яг л тэдэнтэй адил" гэж Марк Аврелий сургажээ. Хэрвээ та дагагчдынхаа гаргасан зарим алдааг тойрч чадсан бол, хэзээ нэгтээ "бүдрэх" ч юм уу бүр долоон дор зүйлийг хийх үе ирж болзошгүйг сана.

5. Бусдыг үйлдлийг шууд дүгнэхээс зайлсхий

Заримдаа танд дагагчид чинь юм уу өрсөлдөгчид чинь алдаа гаргачихлаа гэж бодох үе тохиолддог. Гэвч тэдний хийсэн зүйлс таны бодсоноос хавьгүй ухаалаг, зориудаар хийсэн зүйл байх нь бий. “Хүмүүсийн сэдсэн олон үйл хэрэг ямар нэг үр дүнд хүрэх гэсэн арга зам байдаг. Та бусдын үйл хөдлөлийг бүрэн дүүрэн ойлгохын тулд эхлээд маш ихийг мэдэх шаардлагатай" хэмээн тэр бичжээ.

6. Өөрийгөө хяна

Таны дургүйг хүргэсэн зүйлд уурлан бухимдах нь хэвийн үзэгдэл мэт боловч үр ашиггүй гэдэг нь ойлгомжтой. Сэтгэл хөдлөлөө хянаж барихын тулд амьдрал богинохон гэдгийг санах хэрэгтэй хэмээн Марк Аврелий сануулжээ. Та хэдийнэ болоод өнгөрсөн зүйлсэд бухимдаж цаг зав, эрч хүчээ зарцуулах сонголт хийж болно, эсвэл тайван байхыг сонгож, үүдсэн асуудлыг шийдэж болно.

7. Бусад хүмүүс таныг зовоох эсэх нь өөрөөс тань хамаарна

Жишээ нь хэн нэгэн таныг доромжилсон тохиолдлыг саная. Хэрвээ та санаж байвал, түүний хэлсэн үгсийг хүндээр тусгаж авахыг өөртөө зөвшөөрсөн гэсэн үг. Үүний оронд та тэднийг харанхуй бүдүүлэг байна хэмээн өрөвдөж болох л байсан.

Харин таны сэтгэлийг зовоох учиртай цорын ганц зүйл бол өөрийн тань хийх ичгүүргүй зүйлс. Яагаад гэвэл таны үнэ цэн, үнэт зүйлс өөрийн тань мэдэлд бүрэн байгаа шүү дээ.

8. Гутранги үзлийн уршиг их

Таагүй явдлууд тохиолдоход хүчтэй сэтгэл хөдлөл үзүүлэх нь байдаг л зүйл мэт боловч ингэх нь үүдэн гарах сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд саад болж, таны толгойг сөрөг бодлуудаар дүүргэх болно.
Тиймээс "уур бухимдал хийгээд уй гашуу нь тэдгээрийг үүтгэж буй зүйлсээсээ ч илүү их хөнөөлтэй" хэмээн Марк Аврелийн сургасныг санагтун.

9. Сайхан сэтгэл бүхнийг ялна

Чин сайхан сэтгэл гэдэг ялагдашгүй, ямар ч сөрөг үйлээс хавьгүй хүчтэй зүйл гэж тэр бичжээ. Хүчтэй лидерүүд өөрийн эгог хойш тавьж, аливаад энэрэнгүй, сайхан сэтгэлээр ханддаг.

“Хамгийн хөнөөлтэй хүнд ч гэсэн чи эелдэг хандсаар, аажим аажмаар зөв тийш нь чиглүүлсээр байвал, боломж гарвал чамд муу юм хийх гэж байх яг тэр үед нь ч гэсэн огт муу юм саналгүйгээр засаж залруулсаар байвал тэр хүн ямар л муу юм хийж чадах билээ дээ?” хэмээн тэр бичжээ.

10. Муу хүмүүс өөрт чинь өөрөөр хандана гэж бүү хүлээ

Хүчтэй лидерүүд бүтээлч, энэрэнгүй байхын тулд боломжтой бүхнийг хийж чадах ч тэд бас бусдад хохирол үзүүлэх шалтгааныг хэзээд олдог хүмүүс байдаг гэдгийг санах ёстой юм. Ийм төрлийн хүмүүсийг өөрчилж өөрт чинь өөрөөр хандахыг ятгаж болно гэж бодох нь тэнэглэл мөн гэж Марк Аврелий хэлжээ.

Эх сурвалж: www.businessinsider.com

36915   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.