Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   08 сарын 31, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - "Бостон балет" компанийн гоцлол бүжигчин, МУГЖ Д.Алтанхуяг

Өнөөдрийн дугаартаа бид дэлхийн балетын урлагт Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Дугараагийн Алтанхуягийг урилаа. 2000 онд Хөгжим Бүжгийн Коллежийг төгссөнөөсөө хойш тэрээр Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Япон улсын "Асами Маки", "Комаки балет" компаниудад бүжигчнээр ажиллаж, олон улсын 10 шахам тэмцээнд оролцон тэргүүн байруудыг эзэлж, 2005 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор шагнуулсан билээ. 2006 онд дэлхийн шилдэг 8 балетчины нэгээр шалгарсныхаа дараахан 2007 онд "Бостон балет" компанид орж, өнөөг хүртэл ажиллаж байна. Д.Алтанхуяг гавьяат 2010 онд "Монголын балетын хөгжил сан"-г үүсгэн байгуулж, эх орныхоо балетын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргахаар "Night of Ballet" олон улсын наадам болон дэлхийн шилдэг балетчдын тоглолтуудыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болоод байгаа юм. Мөн энэ жил "Монголын үндэсний балет" сургуулийг үүсгэн байгуулж, балетын хэрэглэлээр дэлхийд тэргүүлэгч Chacott брэндийг Монголдоо албан ёсоор оруулж ирсэн гээд түүний хийж бүтээж буй, хийж бүтээхээр зорьж яваа олон ажлыг уншигчдадаа таниулахад таатай байна.

Байршил: Улаанбаатар, Бостон
Одоо хашиж буй ажил, албан тушаал: “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, "Монголын балетын хөгжил сан"-гийн тэргүүн
Хэрэглэдэг гар утас: iPhone 6 Plus
Хэрэглэдэг компьютер: Dell, Macbook лаптопууд
Сошиал хуудсууд: Дугараа Алтанхуяг (фэйсбүүк)

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Би зөв зүйтэй гэж үзсэн ажлыг хойш тавихгүйгээр барьж авдаг. Харин зөв гэж тодорхойлохын тулд цаг зарцуулдаг. Нэг барьж авсан ажлаа бол сэтгэл гаргаж, тасралтгүй хийдэг гэж болно.

Одоо миний хувьд их онцлогтой цаг үе ирчихээд байна. Бүжигчний карьер маань төгсгөл үе рүүгээ орж явна. Одоо 2-3 жил бүжиглэх хугацаа бий. Энэ хугацаанд өөр тоглолтуудад оролцоно. Монголдоо томоохон ажлуудыг эхлүүлж байна. Удирдах ажилтан, менежер болох шилжилтийн үе эхлээд явж байна гэсэн үг.

ТАНЫ АЖЛЫН НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө 9.45 цагаас дасгал эхлээд өдөр хоолны 1 цагийн завсарлагатайгаар 18.30 цаг хүртэл үргэлжилдэг. Тоглолттой өдрүүдэд бол нэлээд өөр. Өглөө 10.45 гэж дасгал эхлээд, 14-16 цагийн хооронд завсарлаж, 19 цаг хүртэл дасгалаа хийж байгаад 19.30 цагаас тоглолтонд ордог. Ихэнхдээ 1-2 сар бэлтгэл сургуулилт хийгээд 10-15 өдөр тоглох давтамжаар явдаг. Харин 11-р сарын сүүлээс 12-р сарын сүүл хүртэл нийт 45-55 тоглолт хийх болдог. Зул сарын баярын сар их онцлогтой, олон тоглолттой байдаг юм.

Монгол ирсэн үед ажлын өдөр хуваарийн дагуу явах нь цөөн. Их олон ажил хийж таардаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ ПРОГРАМ, АППЛИКЭЙШНҮҮДЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Мэдээж имэйл их ашиглана. Фэйсбүүк, Instagram зэрэг сошиал медиа, Viber, WeChat, Skype зэрэг харилцаа холбооны аппуудыг ашигладаг.

Ажлын хэрэгслийн хувьд тэнд балетчид iPad байнга ашигладаг. Өөрсдийнхөө бичлэгийг гар утсаараа бас их хийдэг.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ажлыг хойш тавилгүй хийх нь цаг хэмнэдэг. Шийдвэр гаргаж болохоор үед удаж түдэхийг хүсдэггүй. Нөгөө талаас юмыг товчилж, хялбарчлах (shortcut) дуртай биш. Тэгвэл алдаа гаргах магадлалтай шүү дээ.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ХЭРХЭН ХӨТӨЛДӨГ ВЭ?

Тэмдэглэлийн дэвтэр дээр хөтөлдөг. Хөтлөх тусгай арга байхгүй ээ.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Өөрөө өөрийнхөө талаар хэлэхэд хэцүү юм. Мэргэжлийн хувьд нарийн мэдрэмжтэй бүжигчин байх гэж боддог.
Ажил мэргэжлээс өөр гаргууд сайн хийдэг зүйл гэхээр санаанд орохгүй байна. Сонгодог урлагийн онцлог нь хүн нэг л шимтээд орчихвол өөр ямар ч юм сонирхох боломжгүйгээр гүнзгий автдаг талтай.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Үнэхээр сайхан мэргэжил. Би балетчин болсноороо ихэд бахархдаг. Аав минь биелээч, ардын урлагийн хүн байсан бол би сонгодог урлагаар хичээллэж бүжигчний замналыг нь үргэлжлүүлж байгаадаа баярладаг.

Гэхдээ энэ мэргэжлийг сайн мэддэг ойлгодог хүн цөөхөн байх шиг санагддаг. Олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд сайн бүжигчин гарч ирнэ. Хэцүү бэрхшээлтэй зүйлс гээд яривал олон юм бий л дээ. Гэхдээ тэр болгоныг хэцүү гэж харах нь утгагүй. Сорилт гэж хараад урагшаа тэмүүлэхээс аргагүй.

Энэ бол зөвхөн хэсэг бүлэг цөөн хүнд зориулсан урлаг биш. Хэн ч балетаар хичээллэж болно. Бүжгийн энэ урлаг хүний биеийг чийрэгжүүлж, хөгжмийн мэдрэмжтэй болгоно. Тухайн хүнийг төлөвшүүлж, сахилга бат суулгана. Хөгжим, тайз, гэрэл, хувцас хэрэглэл гээд олон сайхан зүйлсийг нэгтгэсэн урлаг. Энгийн хэрнээ хүнд хэрэгтэй зүйлсийг балет өгдөг.

Балетын сургууль гэхээр зөвхөн мэргэжлийн хүмүүсийг бэлдэнэ гэсэн үг биш. Төрөлхийн авьяастай заримыг нь улам тордож, мэргэжлийн бүжигчин болгох нь ойлгомжтой зүйл. Мэргэжлийн бүжигчин болохгүй хүмүүсийн хувьд гоё амьдрахад нь л хувь нэмэр оруулах гээд байгаа хэрэг. Гоё сайхан амьдрах л хүний зорилго биз дээ. Орчин цагт балетын урлагт өөр мэргэжилтэй хүмүүс орж ирдэг болсон. Бостон балетын оркестрт л гэхэд эмч, хуульч гэх мэт бусад мэргэжлийн хүмүүс ирээд тоглох жишээтэй. Манай нэг удирдаач л гэхэд өмнө нь 20 гаруй жил сургуулийн захирал байсан хүн байдаг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Монголын үндэсний балетын сургуулийг үүсгэн байгуулж, энэ 9-р сарын 1-нээс албан ёсоор элсэлтээ авч эхлүүлэх гэж байна. Олон улсад хэрэгждэг сургалтын хөтөлбөр, стандартыг барих сургууль маань ирээдүйн шилдэг бүжигчид, сонгодог урлагийг ойлгодог, эрүүл бие, зөв сэтгэлгээтэй үзэгчдийг олноор бий болгох зорилготой. Жишээ нь 2-7 насныхныг насны ангилал бүрээр нь бүртгэж, бүтэн жилийн хөтөлбөрөөр хичээллүүлнэ. Энэ насныхны хувьд хагас, бүтэн сайны аль нэгэнд нэг удаа 50-90 минутаар хичээллэх юм. Балет хөгжсөн газруудад бол хүүхдийг багаас нь хүчлэхгүйгээр суурийг нь зөв тавьж өгдөг юм билээ. Авьяастай, авьяасгүйдээ гол нь биш. Сургуулийн маань ерөнхийдөө миний ажиллаж буй "Бостон балет"-аас гол үлгэр дууриалаа авч байгаа. Мэдээж том хүүхдүүд, насанд хүрэгчдийн ангиуд бий.

Мөн балетын хувцас хэрэглэлээр дэлхийд тэргүүлэгч Chacott брэндийг Монголдоо оруулж ирээд байна. 2001 онд Японд нэг тэмцээнд түрүүлэхэд Chacott брэндийн хувцас хэрэглэл шагналд өгч байсан юм. Бидний хэрэглэдгээс асар өөр, хавьгүй сайн хэрэглэл болохыг нь хараад түүнээс хойш Монголдоо яаж оруулах вэ л гэж бодсоор явсан. Үнэхээр биширмээр компани байдаг юм. Миний мэдэх бүх л бүжигчид энэ брэндийг хэрэглэдэг. Тэгээд 10 гаруй жил араас нь хөөцөлдөж, Японд удирдах хүмүүстэй нь танилцсаны хэрэг бүтэж, оруулж ирсэндээ маш их баяртай байгаа. Япон хүмүүс ч Монголд үнэхээр элэгтэй юм билээ. Яахав, бараа бүтээгдэхүүн нь эхэндээ үнэтэй санагдаж магад. Гэхдээ алсдаа манай балетын хөгжилд асар их нэмэртэй. Хүүхэд багацуул, балетаар хичээллэх сонирхолтой том хүмүүс хамгийн сайн хэрэглэлийг хэрэглэх боломж бүрдлээ. Гоо сайхны бараанууд нь ч гэсэн зөвхөн балетчид гэлтгүй энгийн хүмүүст 100 хувь таардаг. Энэ ажлын ард гарсандаа баярлаад л байгаа шүү.

Түүнчлэн "Хүүхдийн балетын улсын анхдугаар тэмцээн"-ийг зохион байгуулах бэлтгэл ажилд орсон явж байна. Энэ урлагийн 50, 60 жилийн түүхтэй улс ийм тэмцээнийг зохион байгуулах зайлшгүй хэрэгтэй. Жинхэнэ авьяастай, шилдэг бүжигчид энэ тэмцээнээс тодрон гардаг байх учиртай юм.

ТА ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСДОГ ВЭ? 

Хөгжмийн төрөл жанр харгалзахгүй сонсоно. Цаг үеэ олсон сайн л бүтээл байвал сонсоход таатай байдаг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Сүүлийн үед ном гэхээсээ сургуулийн ажилд хэрэглэгдэх материалуудыг нэлээд судалж байна даа. Бусад орны бүжгийн хөтөлбөрүүд, боловсролын салбарын гарын авлагууд гэх мэт.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Ер нь нээлттэй талдаа шүү. Ажилд маань сайнаар нөлөөлдөг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Дунджаар шөнө 12-оос өглөөний 8 цагийн хооронд унтдаг. Монголд ирсэн үед бол янз бүр дээ. Унтах дэглэм гэснээс хоолны дэглэмийг хүмүүс нэлээд сонирхож асуудаг юм. Байнга дэглэм барих ёстой гэсэн хатуу ойлголт байхгүй ч тоглолт дөхөөд ирэхээр яах аргагүй идэж уух зүйлдээ илүү анхаарах хэрэгтэй болдог. Ер нь унтах, идэхийн аль алинд мэргэжил харгалзалгүй хүн бүр л хэмжээ хязгаартай байх нь зүйтэй гэж боддог.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Гэр бүлийнхэндээ цаг гаргана. Мөн найзуудтайгаа уулзаж суух дуртай.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Хамтран ажиллагсад, уулзаж санаа бодлоо солилцдог хүмүүс гээд л ер нь хүмүүсээс урам зориг авдаг юм байна. Мэдээж ажлаасаа, ажлынхаа үр дүнгээс улам ихийг бүтээх эрч хүч авна.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Би өөрөө л сайн байж чадвал эргэн тойрон дахь хүмүүс маань сайн явах юм байна шүү, би бусдад эергээр нөлөөлж чадах юм байна шүү гэдгийг ойлгосон маань надад их нөлөөлсөн гэж боддог юм. Зөвлөгөө гэвэл мөн монгол зүйр цэцэн үгс үнэхээр орой руу ормоор сайхан хэлсэн байдаг.

ЗАЛУУЧУУДАД ХАНДАН НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ТА ЮУ ГЭХ ВЭ?

Монгол залуусыгаа би үнэлдэг, дор бүрнээ л хичээж сайн сайхан яваа гэж боддог. Манай залуучуудад хэрэгцээтэй бүх зүйлс байна, бүх л боломжоор хангагдсан байна. Хийж буй зүйлээ тууштай үргэлжлүүлээд, мэдлэгээ сайжруулаад, өөрсдийнхөө зөв гэж бодсон замаар явахад амжилтанд хүрнэ ээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛТАЙ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын ерөнхий балетмейстер Б.Жаргалыг санал болгоё. Монголын балетыг удирдаж яваа хүн. Монголдоо ажиллаж хөдөлмөрлөж буй хүмүүсийн үгийг сонсож, ажлын арга барилтай нь танилцвал сонирхолтой байх болов уу.

Гэрэл зургийг Б.БАТЗАЯА

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

38610   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.