Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   08 сарын 21, 2016

7 хоногийн тойм: 10.5%-аас 15% + Анхны квант-хиймэл дагуул + МкРегорын цуут ялалт

Монгол Банк бодлогын хүүгээ нэмлээ

Төв банк өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт буюу энэ сарын 18-ны өдөр бодлогын хүүгээ 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж 15 хувьд хүргэлээ. Үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах эхний алхмаа ийнхүү авч байгаа бөгөөд энэ нь төгрөгийн ханшийг хамгаалж, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа хэмээн тайлбарлалаа. Ийнхүү төв банкнаас авч болох арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа хэдий ч хямралаас гарах гарц нь дан ганц мөнгөний бодлогын арга хэрэгсэл биш бөгөөд төсвийн хариуцлагатай байдал ч мөн чухал юм. Иймд ирэх долоо хоногийн УИХ-ын ээлжит бус чуулганаар 2016 оны улсын төсөвт хийх тодотгол орлогод суурилан зардлаа танасан хөөсгүй төсөв болоход анхаарах учиртай хэмээн эдийн засагчид сануулж байна.

Монгол Банк: Мөнгөний бодлогын мэдэгдэл
Ройтерс: Монгол Банк бодлогын хүүгээ өсгөлөө

Риод бөмбөрцгийн шилдгүүд "үзэлцсээр"

Зуны олимпийн 31-р наадам Рио де Жанейро хотноо явагдаж, өнөөдөр хаалтаа хийх гэж байна. 28 спортын төрөлд 306 баг медалийн төлөө өрсөлдөж буй 206 орноос 86 нь ямар нэгэн медаль хүртэж, АНУ 43 алт, нийт 116 медальтайгаар итгэл төгс тэргүүлж байна. Их Британи, БНХАУ, ОХУ гэсэн дараалалтайгаар үргэлжилж буй медалийн жагсаалтанд Монгол улс 1 мөнгө, 1 хүрэл медальтайгаар 66-р байрт бичигдэж байгаа юм. Жүдогийн Д.Сумъяагийн мөнгөн медалийн дараагаар боксийн 60 кг-ийн жинд Д.Отгондалай хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ. Ихээхэн найдлага тавьж байсан эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийнхан медальд ойртож чадаагүй бол эрэгтэйчүүд одоогоор ялалт авч амжаагүй явна. ОУХМ П.Тэмүүжин таэквондогийн төрөлд Монголын багийн түүхэнд анхны ялалтыг авчирч, шөвгийн наймд шалгарсныг мөн онцлох хэрэгтэй. Өнөөдөр марафоны төрөлд Б.Сэр-Од тэргүүтэй 3 тамирчин, чөлөөт бөхөд МУГТ Г.Мандахнаран, Д.Хүдэрбулга нар өрсөлдснөөр манай тамирчид уралдаанаа дуусгана. Риогийн олимпийн хаалт УБ-ын цагаар даваа гарагийн 11 цагт эхлэх юм.

Ikon: Монголын багийн хуваарь, амжилт
CT: Риогийн хаалтаас юуг хүлээх вэ?

Хятад улс анхны квант-хиймэл дагуулыг хөөргөлөө

Хятад улс дэлхийд анх удаа квант хиймэл дагуулыг энэ сарын 16-ны өдөр, орон нутгийн цагаар 01:40-д сансарт хөөргөлөө. Австрийн Шинжлэх Ухааны Академитэй хамтарсан энэхүү төсөл нь тагнах боломжгүй, аюулгүй харилцаа холбооны нэгдсэн сүлжээг дэлхийд бүтээх их ажлын эхлэл юм. Орчин үед, квант физикийн шинж чанарт тулгуурласан, ийм төрлийн харилцаа холбоо нь өндөр хөгжилтэй орны засгийн газруудын сонирхлыг ихээр татаж байгаа юм. Тиймээс, зөвхөн манай урд хөршөөр зогсохгүй, Канад, Япон, Итали, Сингапур улсууд мөн энэ салбарт хүч үзэх төлөвлөгөөтэй аж.

Энэхүү төслийн хэрэгжилт нь Ши Жиньпиний удирдлагийн үеэс хурдсаж эхлэсэн бөгөөд БНХАУ-ын 13-р Таван Жилийн Төлөвлөгөөнд квант технологийн судалгааг эрчимчүүлэх зорилтийг тавьжээ. 600 кг жинтэй энэхүү хөлөгт, гэрлийн хос бөөм үүсгэх чадвартай кристалыг байрлуулсан бөгөөд хоёр бөөмийн нэгийг Бээжин, нөгөөг нь Венад байрлах ажиглах цэгүүдэд хүлээн авч, хакдах боломжгүй сүлжээний зүрх нь болсон нууц түлхүүрийг үүсгэх юм. Гэхдээ, энэхүү хоёр бөөм нь ердийн хос биш бөгөөд ямар ч зайнд тусгаарлагдсан нэгийнхээ төлөвөөс хамааран нөгөө нь төлөвөө өөрчилдөг шинж чанартай. Ийм маягаар холбогдсон бөөмүүдийг квант физикт “уяатай” бөөмүүд (буюу entangled particles) гэдэг. Мэдээлэл холбооны нууцыг хадгалах салбарт квантын салгаж болшгүй болон хуулбарлан төлжүүлж болшгүй чанарыг ашиглавал, зарчмын хувьд аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан нууц түлхүүрийг бий болгож, нэр хаягийг таних, нууц мэдээлэл дамжуулах болон дижитал гарын үсэг зэргийн аюулгүй байдлыг баталгаажуулж, мэдээлэл холбооны аюулгүй байдлын асуудлыг уг үндсээр нь шийдвэрлэх боломжтой юм. Нэг ёсондоо хакдах ямар ч боломжгүй харилцаа холбоо бий болно гэсэн үг.

Nature сэтгүүлд гарснаар, хоёр жилийн хугацаатай уг төсөлд мөн цэвэр шинжлэх ухааны зорилготой судалгааны туршилтууд давхар хийгдэх хуваарьтай аж. Эдгээр туршилтуудын хүрээнд Беллийн тэнцэл бишийг 1200 км-ын зайд шалгаж, мөн квант телепортын туршилт хийх юм.

Nature: Хятад улс квант интернетийн хөгжилд том алхамыг хийлээ
Fortune: Анхны квант-хиймэл дагуулыг хөөргөсөн нь ямар ач холбогдолтой вэ?

К.Мкгрегор эргэн ирлээ

Өнөө цагийн UFC-ийн өнгийг тодорхойлогч Конор Мкрегор, Нэйт Диаз нарын хариу тулаан өнөөдөр явагдаж, үзэгчдийн хүлээлтээс ч давсан "аймшигтай" өрсөлдөөнийг үзүүллээ. Өнгөрсөн гуравдугаар сард жин өгсөж орж ирээд карьерынхаа анхны ялагдлыг Диазаас хүлээсэн Конор Мкрегор энэ тулаанд маш сайн бэлтгэсэн нь мэдэгдэж, тулааны эхнээс л илүүрхэж эхэлсэн юм. Гэсэн ч Диаз тийм ч амар бууж өгсөнгүй, төгсгөлийг маш сайн хийснээр тулааны үр дүн хаашаа ч эргэж мэдэх нөхцөл байдлыг үүсгэсэн. Гэсэн ч шүүгчдийн олонхын саналаар К.Мкрегор ялалт байгуулж, хариугаа аван хоорондын харьцаагаа тэнцүүлж чадлаа. 2 тулаанч үнэхээр "хайр найргүй зодолдож", цусандаа хутгалдан, баахан бэртэл гэмтэлтэйгээр тулаанаа дуусгасан. Жинхэнэ эрчүүдийн хүч чадал, тэсвэр тэвчээрийг харуулсан энэ тулааныг түүхэн дэх хамгийн шилдэг тоглолтуудын нэг хэмээн нэрлэж байгаа нь ч санамсаргүй хэрэг биш. 3 дахь тулаан буюу хайнаа салгах тулаан болох нь тоглолтын дараа л шууд тодорхой болсон. 2 тулаанчийн фенүүдийн хүсэн хүлээсэн тулаан явагдана гэдгийг, тэсэж ядан хүлээх болно гэдгээ Диаз ч тэр, МкГрегор ч тэр хэлсэн билээ.

Unread: Хүсэн хүлээсэн тулаан буюу Конор Мкрегор болон Нэйт Диаз нарын 2 дахь тулаан
UFC: Хаан эргэж ирлээ

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Энэ долоо хоногийн технологийн ертөнцийн хамгийн онцлох мэдээ нь Lifehacker, Gizmodo зэрэг хандалт өндөртэй медиа сайтуудыг эзэмшдэг Gawker Media дампуурлаа зарлан, Univision-д дуудлага худалдаагаар зарагдсан явдал байлаа. Латин Америкийн хамгийн том кабелийн сүлжээнүүдийн нэг Univision Gawker-ийг 138 сая доллараар худалдаж авч байгаа гэнэ. Gawker өнгөрсөн 5-р сард алдарт жүжигчин Халк Хоганы мэдүүлсэн заргад ялагдал хүлээж, улмаар дампуурлын ирмэг дээр ирээд байсан юм. Uber энэ сарын төгсгөл гэхэд Питсбург хотноо анхны жолоочгүй машинуудаа замын хөдөлгөөнд оруулахаа зарлалаа. Нийт 100 ширхэг Volvo XC90 эхний ээлжинд олон нийтэд нээлттэй үйлчлэх ажээ. Нэг хэсэг Uber-ийн гол өрсөлдөгч гэгдэж байсан Lyft зарагдахад ойрхон байна. 9 тэрбумаар үнэлэгдэж буй стартап тун удахгүй шинэ эзэнтэй болох магадлал өндөртэй. Фэйсбүүк зөвхөн 21-ээс доош насныханд зориулсан Lifestage нэртэй аппаа танилцууллаа. Энэ аппаар дамжуулан хэрэглэгчид өөрсдийн танилцуулгаа зурагт дүрслэл, видео бичлэгээр дамжуулан бусадтай хуваалцаж, хүрээллээ нэмэгдүүлэх боломжтой аж.

Techcrunch: Баяртай, Gawker
WSJ: Uber-ийн хамгийн эхний 100 жолоочгүй машин

Дугаарт ажилласан: @Sdblge @AltanUlzii_ch
Гэрэл зургийг: Getty Images, Vox Media, Zimbio, Bank of Mongolia

14222   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.