Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   08 сарын 16, 2016

Шинэ апп: BENZEEN - Мэргэжлийн энтрепренерүүдийг бэлтгэнэ!

Энтрепренер байна гэдэг нэг талын баатарлаг, нөгөө талын зовлонтой ажил. Шинэ санаа хэрэгжүүлж, ажлын байр бий болгож байгаа ч мэдэхгүй, чадахгүй зүйлтэй их тулгарч, бүтэлгүйтлийн ирмэг дээр арай ядан тогтоно. Тэгвэл хэсэг залуус Benzeen нэртэй аппликэйшнээр дамжуулан гарааны бизнесүүд, энтрепренерүүдэд тулгардаг олон асуудлын шийдлийг санал болгож байна. Benzeen бол шилдэг менторуудтай хамгийн хялбар аргаар холбогдох боломжийг олгох апп юм. Өнөөдөр энэ апп бета хувилбараа манай сайтаар дамжуулан өнөөдөр нээлтээ хийж байгааг дуулгахад бид баяртай байна.  

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Гарааны бизнес эрхэлж буй үүсгэн байгуулагчид эсвэл шинэ санаагаа хөгжүүлж буй хэн бүхэнд тулгардаг асуудал бол "ганцаардал" юм. Өдөр тутмын олон жижиг сажиг асуудалтай зэрэгцээд стратегийн түвшний олон нарийн зүйлсэд туршлага дутах, цаг багадах, мэдээлэл хомсдох зэрэг нөхцөл үүсдэгийг бид ингэж тодорхойлж болно. Гэтэл ихэнх энтрепренерүүдэд энэ бүх асуудалд нь туслах, чиглэл өгч чадах мэргэжлийн хүмүүсийг хөлслөх бололцоо байдаггүй. Яг энэ үед менторууд буюу зөвлөхүүд тухайн асуудлын шийдлийг олох, урт хугацааны замналыг тодорхойлох зэргээр стартап компаниудын амжилтанд нөлөөлдөг билээ. Энэ жишээг бид гадны олон компаниудын амжилттай түүхээс харж болно.

Тэгвэл яг энэ асуудлыг шийдэхэд туслах аппийг Startup Mongolia-ийн үүсгэн байгуулагч Око буюу Д.Бат-Октябрь, DrinkEntrepreneurs-ийн Манлай, Одбаясгалан нарын залуус танд санал болгож байна. Монголын шилдэг ментор, туршлагатай зөвлөхүүд, мэргэжилтнүүдийг маш хялбар аргаар үүсгэн байгуулагчидтай холбогдох боломжийг Benzeen танд санал болгоно. Та энэ аппаар дамжуулан өөрт тулгарсан асуудлыг, шийдэж чадах мэргэжилтэнтэй шууд холбогдон асуух боломжтой. Хамт кофе уух уу гэж ч асууж болно шүү дээ. Бизнесээ дараагийн түвшинд гаргахад бодит нэмэр оруулж чадах учраас та энэ аппийг суулгах хэрэгтэй юм.

Энэ аппийн өөр нэг онцлох нэмэгдэл болох богино хэмжээний видео хичээлүүдээр дамжуулан та өөрийгөө жинхэнэ мэргэжлийн энтрепренер болон хөгжүүлэх боломжтой. Тун сонирхолтой, төрөл бүрийн сэдвээрх видео хичээлүүдийг ажил, сургуульдаа явах замдаа үзээд, тархиа цэнэглэх боломжтой гэсэн үг.

Ямар давуу тал, онцлогуудтай вэ?

Ажиллах зарчмын хувьд ментор бүр нэг зөвлөгөө өгөх өөрсдийн тогтсон ханштай байна. Энэ мөнгөн төлбөрийг та өөрийн данснаас төлөн нөгөө хүнтэйгээ шууд харьцах боломжтой болох юм. Хариулт танд 24 цагийн дотор мессеж хэлбэрээр ирнэ. Хөгжүүлэгчид нь төлбөрийн системийг төгс, хялбар болгохоор ажиллаж байгаагаа бидэнтэй хуваалцаж байсныг энд дурдъя.

Энэ апп нь нэг талаас менторуудад, нөгөө талаас ментий (зөвлөгөө авч буй хүн) нарт аль алинд нь үр өгөөж өгч болох байдлаар хийгдсэнээрээ онцлогтой. Менторуудын хувьд өөрийн туршлагаа залуу үетэйгээ хуваалцангаа нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломжтой. Мөн чадварлаг боловсон хүчинтэй холбогдож, шинэ технологи суурьтай гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулах, Монголын технологийн коммьюинид нэгдэх боломжтой болно.

Харин аппийн үндсэн хэрэглэгчид болох ментий нар салбартаа тэргүүлэгчдээс бодит зөвлөгөө авах, тэдэнтэй харилцаа үүсгэх, мөн менторуудаараа дамжуулан хөрөнгө оруулалт босгох зэрэг давуу талууд үүснэ. Цаг нь таардаггүй, мөнгийг нь дийлдэггүй хамгийн ховор менторуудыг маш хямд үнээр олж авах боломжтой гэсэн үг. Энд зүйлийг цохон тэмдэглэхэд, менторуудтайгаа илүү ойртон танилцах нь ментийнүүдийн авьяас чадвараас хамаарна. Хэрвээ тэгж чадвал асуух асуулт бүртээ мөнгө төлөхгүй болж, сонгодог ментор-ментийгийн харилцааг үүсгэж болохыг санаарай.

Загвар хийцийн хувьд ч их энгийн, гэхдээ таныг өөртөө татаж чадах байдлаар хийгдсэн. Байнга солигдох урмын үгс танд ажилдаа шамдах итгэл өгнө. Богино хэмжээний сургалтын видеонууд нь өөрөө байнга үзээд байхад уйдахааргүй байдлаар хийгджээ. Нэг ёсондоо хичээлээ үзэж тархиа цэнэглээд, асуулт асууж асуудлаа шийдвэрлэнэ гэсэн үг. Нэг сумаар 2 туулай биш гэж үү?

Хэн хэн танд benzeen шахаж өгөх вэ?

Эхний хувилбартаа 20 менторыг багтаахаар төлөвлөж буй гэх benzeen-д яг одоо стартап хөдөлгөөний онцлох лидерүүд, манлайлагчид нэгдсэн байна. CallPro-ийн Б.Идэр-Од, Харвардын бизнесийн сургуулийн анхны монгол төгсөгч Б.Бүүвэй, Гүүглийн ахлах инженер Б.Баттулга, iHotel-ийн Д.Эрдэнбат, OnAir-ийн С.Тэмүүжин гээд салбартаа тэргүүлэгчид, үүсгэн байгуулагчид, менторуудтай яг одоо холбогдох боломжтой. Тэднээр benzeen-ээ шахуулчихсан байхад нэг хэсэгтээ л алзахгүй байх.

Ямар сул талтай вэ?

Яг одоо бета хувилбарт байгаа гэдгээс өөр өөлөх зүйл үнэндээ алга. Та өөрсдийнх нь вэбсайтаар дамжин нэвтэрч, имэйл хаягаа бүртгүүлснээр бета хувилбарыг хэрэглэх, үндсэн апп гарангуут шуурхай мэдээлэл хүлээн авах боломж бүрдэнэ. App Store, Google Play-д 2 сар орчмын дараа орох байх хэмээн хөгжүүлэгчид хэлж байна.

Мөн нэг зөвлөгөөний үнэ, менторуудын ханш одоогоор хараахан мэдэгдээгүй байгаа. Явцын дунд тогтох ёстой дундаж үнийн түвшин олон хэрэглэгчдэд сонирхолтой байгаа байх. Мэдээж үнэгүй зүйл гэж үгүй, ялангуяа цаг бол алт шиг байдаг мундаг эрхмүүдтэй шууд холбогдоно гэдэг амжилтын төлөө төлөх ёстой төлөөс биз.

Unread-ийн үнэлгээ

Олон улсын зах зээлд гарах боломжтой, дээр нь Монголын стартап хөдөлгөөнд чухал хувь нэмэр оруулах потенциалтай энэхүү апп-ий Unread ихэд үнэлж, 8 оноог өгч байна.

40301   9


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.