Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   08 сарын 12, 2016

Элон Маскийн залууст өгч буй 5 зөвлөгөө

Та цахилгаан машин унана гэж хэзээ нэгэн цагт төсөөлж байв уу? Сансрын аялал хийнэ гэж бодож байв уу? Танай гэр чинь бүхэлдээ нарны эрчим хүчээр цахилгаанаа шийддэг бол ямар вэ? Иймэрхүү санаануудыг та уран зөгнөлт киноноос л олж харсан байх. Эсвэл энэ бүхэн биеллээ ч алс ирээдүйд болох зүйл мэт санагдаж болох юм. Тэгвэл хамгийн гайхалтай нь дээрх санаанууд биеллээ олоод эхэлсэн буюу биелэх шатандаа явж байна. Энэ бүгдийг санаачлан хэрэгжүүлсэн Элон Маск өдгөө АНУ-д технологийн салбарт хамгийн нөлөө бүхий бизнесмэн, энтрепренер болоод байна. "Өнөө цагийн Стив Жобс" гэж нэрлэгдээд буй энэ хүний амьдрал, амжилтын түүх нэн сонирхолтой. Мэдээж түүний туулсан замнал, байгуулсан гавьяа хийгээд алдаа сургамжийг хэдхэн мөрөнд багтаах боломжгүй ч залууст хандан хэлсэн үгс, хувийн туршлагаас нь дараах 5 зөвлөгөөг хүргэе.

1. Хөдөлмөрлөхөд бэлэн бай

Хэрвээ та компани байгуулах гэж буй бол (ямар нэг том ажил эхлүүлэх гэж буй бол) нэлээд их хүч хөдөлмөр зарахдаа бэлэн бай. Учир нь бизнес эрхэлнэ гэдэг амар биш. Таны мэдлийн бус хүчин зүйлс ажлыг чинь улам л хүндрүүлэх болно. Маск өөрөө “Миний хувьд би хөлс хүчээ нэлээн барсан. Оюун ухаанаа махан биетэй зүйрлэвэл түүнд маань нэлээд олон сорви бий” гэж хэлж байсан удаатай.

2. Суралцахад бэлэн бай

SpaceX-ийг (сансрын пуужин үйлдвэрлэгч, сансрын тээвэр үйлчилгээний компани) байгуулсныхаа дараа Маск нэмж илүү их суралцах шаардлагатайгаа ухаарчээ. Тэрээр хэдий физикийн өндөр мэдлэгтэй байсан ч SpaceX-ийн анхны загварыг гаргахад түүнд мэдэхгүй зүйлс тулгарч, өөрөө бие даан суралцжээ. Маск энэ тухаЙ “Би хүүхэд байхдаа пуужин хийж байснаас биш өөр ямар нэг биет зүйлийг загварчлан бүтээж байсангүй. Би энэ зүйлд суралцсанаар асар их шинэ зүйл мэдэж авсан. Би анхандаа пуужингийнхаа ахлах дизайнер болох бодолгүй байлаа. Гэтэл эхэн үед ирж байсан хүмүүс нэг бол ур чадвар нь хүрэхгүй, нэг бол ажиллах хүсэлгүй байснаас би өөрөө ахлах дизайнер болсон юм. Мэдээж үүнд давуу болон сул талууд байсан” хэмээн ярьж байжээ.

3. Зөв багийг бүрдүүл

Ганц хүнтэй компани гэж байдаггүй. Маск ажилтнаа зөв сонгохыг амжилтын үндэс гэж боддог. Маск ажилд авах гэж буй хүнийхээ үзүүлсэн амжилт гэхээс илүү жигд ажилласан туршлагыг нь хардаг байна. “Зөв хүмүүсээ сонгохыг би туйлын чухал гэж боддог. Зөв баг гайхамшгийг ч бүтээж чадна. Буруу баг буюу хоорондоо гар нийлэн ажилдаггүй баг том асуудал үүсгэж болно. Компани удирдахыг би бэйсболын юм уу хөлбөмбөгийн, ер нь спортын ямар нэг шигшээ баг дасгалжуулахтай адилтгамаар санагддаг юм. Тоглогчид маань хэр сайн байна? Хоорондоо хэр байна? Энэ л амжилтыг тодорхойлно доо” гэж тэрээр хэлжээ.

4. Өсөж томрох тохиромжтой цагийг мэдэр

SpaceX компани 2002 оноос хойш эрчимтэй өсөн дэвшиж байгаа. Компани нэг шөнийн дотор л амжилтанд хүрсэн юм биш. Маск компаниа анх 120 орчим хүнтэй байгуулж байсан бол одоо 1100 давжээ. Компани одоогийн үлэмж том байрандаа 2007 онд нүүн орсон байна. Маскийн хэлж буйгаар компани цагаа олж өсөн дэвжих чухал аж. Учир нь цагаа олоогүйгээс ихэнх компани хүнд байдалд ордог. “Компани нэг бол мөнгөндөө боогдоод хөдөлж чаддаггүй, нөгөө бол хоосон найдлага өвөрлөн зарим зүйлд асар их мөнгө хаядаг. Аль аль нь л ярвигтай. Тиймээс өсөх тохиромжтой цаг нь ирвэл шуурхайлан хөдлөх хэрэгтэй" хэмээжээ. Ер нь хэт их зүйл хурааж нөөцлөх хор уршигтай аж. Маск юмыг аль болох цомхон байлгахыг хичээдэг. Түүний хэлж буйгаар, компанийн цар хэмжээ түүний явуулдаг үйл ажиллагаа, зорилгынх нь цар хүрээтэй нийцэж байх ёстой аж.

5. Тренд бүү хөө

Хийх гэж буй зүйл чинь үнэхээр утга учиртай болохоор хийх гэж байна уу, эсвэл бусад хүн хийж байгаа учраас тэднийг дагаж байна уу? Энэ тохиолдолд Маск аливаа зүйлийг физикийн анхдагч зарчмын үүднээс бодож үзэхийг зөвлөдөг. Энэ нь аливаа зүйлсийг хооронд нь харьцуулж биш, тухайн зүйлийг ул сууринд нь тултал задлан бодохыг хэлж байгаа юм. Ингэж бодох нэлээд ажиллагаатай ч шинэ зүйл эхлүүлэх гэж байгаа бол сэтгэн бодох энэ арга их тус болдог. “Ийм л сэтгэлгээ физикчдийг энгийн төсөөллөөс гадуурх квант механик гэх зэрэг ойлголтуудыг гаргаж ирэхэд тусалсан юм. Тиймээс юмыг физикийн түвшинд буулгаж бодох нь тун үр дүнтэй арга” гэж зөвлөжээ

34958   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.