Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   07 сарын 12, 2016

Апп тойм: Ketchapp - Таныг донтуулах тоглоомууд

Утсан дээрээ тоглоом тоглож цэнэгээ "барангаа" цаг нөхцөөх тунчиг дургүй миний бие хэд хоногийн өмнө найзаасаа олж мэдсэн хэдэн тоглоомууддаа бараг "донтох" дөхөв. Хамгийн сонирхолтой нь, эдгээр тоглоомууд нь бүгдээрээ нэг компанийн бүтээгдэхүүн байсан учир та бүхэнд сонирхуулахаар шийдлээ. Энэ бол энгийн боловч зугаатай, амархан юм шиг хэрнээ адармаатай, сонирхол татсан загвар, шийдлүүд бүхий тоглоом бүтээгч Ketchapp юм.

Ketchapp-ийн тухай

2015 оны статистикаар iPhone-ий апп нийлүүлэгчдийн дунд таталтын тоогоороо 5-р байрт орсон Ketchapp Games-ийг Францын ах дүүс Мишел ба Антуан Моркос нар 2014 онд байгуулжээ. Тэдний урд ямар компаниуд орсон гээч? Google, Facebook, Electronic Arts болон Amazon! Технологийн ертөнцийн томчуудтай мөр зэрэгцэн өрсөлдөж яваа тэдний амжилтын нууц нь юу байсан талаар мэргэжилтнүүд гайхан хэлэлцдэг. Бүтэн цагаар ажилладаг 5 хүнтэй, гэхдээ оффис байхгүй энэ компани зуу зуун сая утсанд тоглоомоо суулгаж чадсан юм. Тэд бусад тоглоом бүтээгчдийг өөрсдийнхөө нэр дээр, өөрсдийн маш сайн сүлжээгээр дамжуулж тоглоомоо олон нийтэд гаргахыг зөвшөөрдөг сонирхолтой бизнес модельтой. Мөн нээлттэй эх бүхий тоглоомуудыг маш сайн "нутагшуулж", зарим тоглоомуудыг тун сайн "хуулбарлаж" чаддаг. Бид энэ удаа тэдний хамгийн шилдэг 4 тоглоомыг танилцуулж байна.

2048

Хүн бүрийн хэзээ нэгэн цагт, ядаж нэг удаа тоглож үзсэн гэж хэлж болох энэ тоглоом Ketchapp-ийг амжилтанд хүргэсэн хамгийн анхны бүтээл нь байсан юм. Тоглоход тун амархан, гэхдээ түвэгтэй дүрэмтэй энэ тоглоом хамгийн анх нээлттэй эх бүхий, вэбд суурилсан тоглоом байсан бөгөөд олон нийтийг "донтуулсан" шалтгаан нь гар утсанд зориулсан энэ апп гарсан явдал байсан юм. Та хоёрын зэрэгтүүдээр гарч ирэх тоонуудыг нийлүүлж, гарч ирсэн тоонуудыг хураасаар 2048 гэсэн тоог үүсгэвэл ялалт байгуулна. Харахад болчихмоор юм шиг, тоглох тусам дөхөөд байгаа юм шиг энэ тоглоом энгийн шийдлээрээ олон хүний хамгийн дуртай, зав гарвал тоглодог тоглоом нэгэнт болжээ.

ТАТАХ: iOS

Gravity Switch

Анх харахад тийм ч хэцүү биш юм шиг хэрнээ яг тоглоод үзэхэд ижил төстэй бусад тоглоомуудаас арай өөр удирдлагатайг нь та мэдэх болно. 2 тал руугаа татагдах өөрийн биеийг урд тань гарч ирэх саадуудаас зайлуулан удирдах нь нэг хэсэгтээ л таныг хангалттай "шатаана" гэдэгт эргэлзэх хэрэггүй. Заавал туршиж үзэх тоглоом!

Татах: iOS / Android

Zig Zag

Биет удирдах мэдрэмжийг шалгах өөр нэгэн тоглоом. Эвгүй эргэлтүүдтэй, нарийсаж мушгиралдсан замууд нь танаас нэн өндөр түвшний анхаарлыг шаардах болно. Нэг товчлуураар 2 өөр тийшээ биетээ чиглүүлэх нь заримдаа толгой эргүүлэм, дунд нь гарч ирэх тэмдгүүдийг цуглуулах нь цуцмаар ч тоглох тусам үргэлжлүүлмээр санагдах нь гарцаагүй.

Татах: iOS / Android

Jelly Jump

Цэлцэгнүүрийг байж болох хамгийн дээш нь аваачих нь энэ тоглоомын даалгавар. 2 талаас гарч ирэх хаалтуудыг хаагдахаас өмнө та цэлцэгнүүрээ дээшээ амжиж үсэргэх ёстой. Хавчуулагдсан ч "гүрийсээр" байгаад хамаг биеэ үлдээгээд дээш гарч ирж байгаа нь, дээшлэх тусам хурд нь нэмэгдэж сандаргах нь үнэхээр "амьдралтай".

Татах: iOS / Android

Stack

Авсан оноогоороо найзуудтайгаа өрсөлдөхөд хамгийн тохиромжтой тоглоомуудын нэг. Хавтангуудыг дээр дээрээс нь давхарлах нь таны даалгавар. Хэтрүүлэх юм уу дутуудвал тэр хэрээрээ таны хавтан жижгэрэх ба хамгийн нимгэн зүсэм үлдтэлээ үргэлжлэх болно. Өнгөрсөн жилийн эхэн хэсэгт нийт аппуудыг таталтаараа тэргүүлж байсан мундаг тоглоом.

Татах: iOS / Android

Бусад туршиж үзэх тоглоомууд: Twist, Stick Hero, Don't Touch The Spikes, Elevator, Skyward

20019   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.