Амьд биет үзэгдэх нь байтугай оршин байх ч боломж бий эсэх нь үл мэдэгдэх эзгүй бас зэлүүд элсэн цөл. Хааяа нэг салхи исгэрэн, хамхуул хийсэх дуу сонсогдоно. Нарны илч дээрээс шарах нь эгээтэй л хөлс асгаруулж байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ. Эргэн тойрноо гүйлгэж нэг харлаа. Дээшээ бас доошоо. Яг л ганцаараа элсэн цөлд, цөхрөнгөө баран зогсож байгаа мэт.

Гэнэтхэн тээр тэнд, алс холд асар хүчтэй дуу чимээ гарч, бөөн утаа үзэгдэв. Зүгээр нэг утаа биш, маш том дэлбэрэлт гэдэг нь харахад л ойлгомжтой. Мөөгөн хэлбэртэй утаа тэнгэрийн хязгаар луу тулж, эгээтэй л нүүр лүү тулан ирж байгаа мэт аймшигтай. Дээш суунагласан утааны хэлбэр одоо яг л үлгэрт, эсвэл хүүхэлдэйн кинонд дүрслэгддэг мангас мэт харагдана. Хар нүүр, хоосон харц, хүйтэн мэдрэмж.

Дэлбэрэлт болсон зүгээс хөөрхийлэлтэй имжийн сүрэг хамаг хурдаараа над руу зүтгэн айсуй. Тэдний араас өнөөх утаа зогсолтгүй нэхэж, надад хүрэхээс нь өмнө нөмрөн авав. Үхэтхийн унасан имжнүүд хаа сайгүй. Саяхан л төөнөж "алах" мэт байсан наран авхай аль хэдийн зугатаан алга болжээ. Тэнгэрийг хар үнс бүрхэж, дээрээс яг л бороо мэт асгарна. Эргэн тойрон хав харанхуй. Амьд биет үзэгдсэн ч, тэд бүгд үгүй болжээ.

Толгойдоо зүүсэн төхөөрөмжөө аваад хэсэг зуур бодолд автав. "Бодит мэт" ертөнцөөс бодит амьдралдаа эргэн ирэх тийм ч амар байсангүй.

Энэ бол Австралийн нэрт найруулагч Л.Валвортын "Мөргөлдөөн" виртуал реалити киноны хамгийн оргил хэсэг юм. Виртуал реалити технологийг ашиглан тэрээр 50 жилийн өмнө цөмийн бөмбөгний туршилтын гэрч болсон Баруун Австралийн Пилбарагийн элсэн цөлд, Марту омгийн төлөөлөл Ньяри Ньяри Морган хэмээх эрийн түүхийг дэлхий нийтэд өгүүлсэн нь энэ. Тэр автомашины ачаан дээрээс, дрон ашиглан тэнгэр дээрээс, трипод ашиглан хөдөлгөөнгүй дүрслэлээрээ энэ түүхийг 15 минутанд л өгүүлэв.

Төрсөн нутгаасаа холдож амжаагүй, уламжлан авсан соёлоосоо өөрийг мэдэхгүй Ньяри шинэ эриний шинжлэх ухаан, технологийн ололттой хамгийн анх удаа нүүр тулсан нь өнөөх цөмийн бөмбөгийн дэлбэрэлт байж таарчээ. Түүний яриа, түүний ухаарал, түүний түүх хүн төрөлхтөнд тэр чигт нь хүрээлэн буй байгаль орчноо хайрлан хамгаалах, хадгалан өвлүүлэх цоо шинэ сэдлийг, огт өөр үзлийг ч төрүүлж мэднэ. Бидний огт мэдэхгүй ертөнцийг нээж, очиж үзээгүй орчинг таниулж, сонсож байгаагүй түүхийг хүүрнэнэ.

Энэ бүтээл дэлхийд алдартай Sundance Festival дээр нээлтээ хийж, Дэлхийн Эдийн Засгийн Форумд танилцуулгаа толилуулжээ. Монголд 7-р сарын 11 хүртэл Улаанбаатарын Олон Улсын Медиа Арт Фестивалын хүрээнд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музэйд тавигдаж буй "Уламжлал ба Шинэчлэл" үзэсгэлэнгээр зочлон та уг бүтээлийг өөрийн биеэр "мэдрэн" үзэх боломжтой.

Энд зөвхөн үүнээс гадна дотор нь юу байгааг нь тэсгэлгүй гүйж очоод үзчихмээр санагдах, өөрөө агаарт хөвөн тогтоод ч байгаа мэт "Цоожтой авдар", Диане хэмээх бүсгүйн хийж буй виртуал ертөнц ба бодит байдлын ан цавыг "таниулсан" зугаатай бөгөөд адармаатай аяллын тэмдэглэл, амрангаа өөрийгөө зугаацуулж болох "цахим наадгай", бодолд автуулан, хэсэгхэн хугацаанд өөр тийшээ ч аваачих боломжтой "Төрүүлэгч" инстоляц гэх мэт олон сонирхууштай бүтээл бий. Үлдсэнийг нь өөрийн биеэр "нээх" боломжийг уншигч танд үлдээе.

Төгсгөлийн оронд:

Өнгөрсөн жилийн хавар Форбес сэтгүүлийн нүүрэн дээр гарсан Палмер Лаки хэмээх эрийн зураг, түүн дээр гарсан онц сонирхолтой түүх надад виртуал реалити хэмээх нэрийг танилцуулсан юм. 23 настай энэ залуугийн эцэг эхийнхээ гараашд эхлүүлсэн төсөл Kickstarter дээрээс 2 сая гаруй доллар босгон, 1000 хувь зорилгоо давуулан биелүүлж, хожим нь Фэйсбүүкт 2 тэрбум доллараар зарагдсан нь ямар ч өнцгөөс харсан "гайхалтай амжилтын түүх" байв. Гэхдээ энэ түүх, эргэлдэх мөнгөнөөс илүүтэйгээр түүний Oculus Rift хэмээх бүтээл бидний медиа хэрэглээг цоо шинэ түвшинд аваачиж чадах асар их бололцоо, асар их боломжийг олгож болох юм гэдэг сэдэл өгсөн нь илүү чухал байсан юм. Удалгүй Google, Microsoft, Sony гээд томчууд бүгд л VR луу улайран дайрч, шинэ шинэ бүтээл, патент, төхөөрөмжүүдийг танилцуулж эхлэв. Аль 1940-өөд оноос эхлээд онолын хувьд яригдаж эхлэсэн, шинэ зуун гараад туршилтууд нь амжилттай хэрэгжиж эхлээд байсан энэ технологи өнөөдрийн хамгийн эрэлттэй, хамгийн "сэтгэл хөдөлгөм" технологи нэгэнт болж чаджээ. Unread ч цөөнгүй удаа VR-ийг онцолж байлаа.

Дараахан нь УИД-т нээгдсэн VR тоглоомын төвд даруйхан очиж, өөрийн биеэр туршиж үзэн, баахан толгой эргэж, айж сандарсныхаа дараа энэ технологийг улам ч их "шүтэх" болсон. Тоглоом тоглох, тоглоомоо мэдрэх, дотор нь орох, яг л амьд мэт мэдрэмжийг төрүүлэх боломжтой энэ технологийн хязгаар хаа хүрэхийг төсөөлөх ч боломжгүй мэт. Тиймдээ ч "Уламжлал ба шинэчлэл" үзэсгэлэнд Монголд хамгийн анх удаа виртуал реалити киног үзүүлж байгааг дуулаад, үзэж турших мөчөө тэсгэлгүй хүлээсэн хэрэг. Зорьж очин үзсэн хүлээлт маань ч талаар болсонгүй. Таныг ч гэсэн үнэ төлбөргүй тавигдаж буй уг үзэсгэлэнг цаг гарган заавал үзэхийг урьж байна.

Түүх өгүүлэмжийн салбарыг тэр чигт нь өөрчилж чадах, хэрэглэгч талдаа ч, бүтээгч талдаа ч урьд өмнөх үеийнхний төсөөлж ч байгаагүй оролдлогуудыг "турших" боломжийг VR олгосон байна. Шинээр төсөөлөх, шинэ санаа ургуулах эрч хүч, тэмүүлэл өөрийн биеэр туршиж үзсэний эцэст өөрийн эрхгүй төрөв. "Мөргөлдөөн"-ий найруулагч Л.Валворт, продюсер Н.Ньюхам нар өөрсдийн биеэр Монголд ирж дотоодын уран бүтээлчдэд сургалт, яриа хийж байсантай таарсан маань өөрсдөөс нь бүтээлийн талаарх сэтгэгдэл, санаа, өгүүлэмжийг сонсох бүр ч олзуурхууштай боломжийг олгосон билээ.