Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   06 сарын 24, 2016

ЕВРО 2016: Хасагдах шатны онцлох 3 тоглолт - 3 тоглогч

Сонгуулийн синдром ид дундаа явах үед Франц улсад хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн эхэлж, хэсгийн шатны тоглолтууд дуусаж, хасагдах шатны тоглолтууд эхлэхэд бэлэн болоод байна. Анх удаа 24 баг оролцсон энэ тэмцээнд хангалттай их дуулиан шуугиан дуулиан гарч, олон одод тодрон гарч ирж, сонирхолтой тулаануудаар дүүрэн байлаа. Гэхдээ аваргын цомын төлөөх "жинхэнэ" тулаан яг одоо л эхэлж байна. Unread маргааш эхлэх хасагдах шатны тоглолтын өмнө онцлох 3 тоглолт, 3 тоглогчийг нэрлэж байна. 

ОНЦЛОХ ТОГЛОЛТ 1: Испани - Итали

4 жилийн өмнөх финалын тоглолт. Хэсгийн сүүлчийн тоглолтдоо Хорватын багт "санамсаргүй" хожигдсоноор испаничууд байж болох хамгийн муу оноолт дээр буучихлаа. Энэ Еврод түүхэн дэх хамгийн муу багтайгаа ирсэн гэгдэж байсан италичууд эхний тоглолтоосоо л бүх дэлхийг гайхашруулж, Бельгийг хожиж, тактикийн гайхалтай шийдлүүд, туршлагатай хамгаалалтын бат бэх байдал, тооцоологдоогүй тоглогчдын няхуур тоглолтоороо энэ тэмцээнд түрүүлэх топ багуудын нэг болон дэвшсэн юм. Хэсгийн сүүлийн тоглолтдоо гарааны найман тоглогчоо амрааж, илүү хоног амарсан нь А.Контегийн багт багахан давуу тал үүсгэх нь гарцаагүй. Харин 2008, 2012 онуудад дараалан түрүүлчихээд буй Испанийн багт өмнөх тоглолтуудад дутагдсан хурц тоглолт, ялах чин хүсэл юунаас ч илүү хэрэгтэй. А.Иньеста эхний 2 тоглолтонд үзүүлсэн "төгс" тоглолтоо заавал гаргах ёстой. Лав л 4 жилийн өмнөх шиг "ойлгомжтой" тоглолт болохгүй. Хэн хожсоных нь Германтай хийх "боломжит" тоглолт яамай. Эхлээд энэ тоглолт, заавал үзэх тоглолт!

Хэзээ: 6-р сарын 28, 01:00 цагаас

4 жилийн өмнө Евро 2012-ийн финалд Испани Италийг 4:0-ээр бут ниргэн, 3 дахь удаагаа аварга болж байлаа. Итали хариугаа авч чадах болов уу?

ОНЦЛОХ ТОГЛОЛТ 2: Англи - Исланд

Цаасан дээрээс харахад, бүрэлдэхүүнийг нь ч, түүхийг нь ч үзэхэд энэ бол "тодорхой" тулаан. 330 мянган хүн амтай Исландаас ирсэн бөөн бөөн "сон"-уудыг хөлбөмбөгийн эх орон гэгдэх, Премьер лигийн бөөн бөөн оддоос бүрдсэн Английн залуус хожиж чадах болов уу? Словактай хуурай тэнцсэнээр нөгөө тал руу бичигдэж, харьцангуй "сул" багуудтай тоглосоор хагас шигшээд орчих боломжтой байсан сугалааны давуу талаа үгүй хийчихсэн Англи энэ тэмцээний хамгийн том сюрпризуудын нэгтэй тулах болно. Түүхэндээ анх удаа том тэмцээнд оролцож буй, хүн амынх нь 15 хувь нь Францад ирчихсэн байгаа Исландчуудад одоо алдах зүйл үгүй. Австрийг хожиж, португалчуудыг сандаргачихсан тэдэнд "үнсгэлжингийн үлгэр"-ээ үргэлжлүүлэх том амбиц бий.

Хэзээ: 6-р сарын 28, 04:00 цагаас

Хэсгийн 3 тоглолтдоо дунджаар 29 хувийн бөмбөг эзэмшилттэй байсан Исланд Англиас илүү олон гоол оруулаад байгаа. Англи тэдний "зөрүүд" хамгаалалтыг сэтэлж чадах уу?

ОНЦЛОХ ТОГЛОЛТ 3: Франц - Ирланд

Анригийн гараараа тогтоогоод, гоолын дамжуулалт өгч, улмаар Франц ДАШТ-д шалгарч байсан тоглолтыг бүгд бид мэднэ. Гэхдээ тухайн үед тэдний өрсөлдөгч нь Ирландын баг байсан гэдгийг хэр олон хүн санаж байгаа бол? Чухам энэ түүх, энэ мөч Ирландын багт хожлын төлөө зүтгэх илүү эрч, илүү тэмүүлэл өгч, бидэнд алдалгүй үзэх шалтгаан өгч байна. Тэмцээнийг зохион байгуулагчид Д.Пайегийн "дэндүү" гайхалтай тоглолтын ачаар хэсгээсээ шалгарсан бол одоо бусад топ тоглогчид нь зайлшгүй сайжрах ёстой нөхцөл байдалтай тулгараад байна. Ирландчууд Италийн "бараг" 2-р багийг хожсон эрчээрээ талбайн эзэдтэй тулна. Албанийн "даруухан" хамгаалалтыг 89 минут сэтэлж чадаагүй Франц илүү туршлага, илүү чадвартай Ирландын хамгаалалтыг хэрхэн давах бол?

Хэзээ: 6-р сарын 26, 22:00 цагаас

Т.Анригийн гараараа тогтоосон бөмбөг ирландчуудын Дэлхийн аваргад орох мөрөөдлийг үгүй хийж байв. Энэ жил тэд француудын талбайдаа аваргалах хүсэлд саад хийж чадах уу?

ОНЦЛОХ ТОГЛОГЧ: Криштиану Роналду (Португал)

Энэ тэмцээнд ирсэн хамгийн шилдэг тоглогчийг хэзээ хамгийн сүүлд тэгтлээ их бухимдаж, уурлаж, гоол оруулж чадахгүй тэвдэж байхыг нь та харсан бэ? Тоглолтын дараа эсрэг багийнхандаа хандан "сөрөг" үгс хэлж, эвгүй асуулт асуусан сэтгүүлчийн асуултанд бухимдахдаа микрофоныг нь шидэж уураа гаргах тоглогч тэр мөн үү? Хэсгийн сүүлийн тоглолтондоо 2 гоол оруулж, 3 удаа багаа "хасагдчихсан" байхад нь аварсан тэр эргэж ирсэн болов уу? Байж болох хамгийн таатай оноолттой байгаа Португалын баг энэ тэмцээний гол битүү морь гэж тооцогдох болсон Хорватын багийг хожихын тулд Роналду багтаа хэзээ хэзээнээс ч илүү хэрэгтэй болоод байна. 4 Евро дараалан гоолдсон анхны тоглогч болсон түүнд 12 жилийн өмнө дөхөж очсон ч дуусгаагүй даалгавраа биелүүлэхэд хамгийн тохиромжтой нөхцөл яг одоо бүрдээд байна.

ОНЦЛОХ ТОГЛОГЧ: Томас Мюллер (Герман)

Дэлхийн хамгийн мэдрэмжтэй, гоолын одтой бас адтай тоглогчийг ийм "азгүй" байна гэж хэн төсөөлөх билээ? Хамгийн сайн тоглолтоо хийсэн хэсгийн сүүлчийн тоглолтдоо тэр хаалгачийн эсрэг ганцаар гараад хаалгачийг онож, мөргөөд шон, цохиод хөндлөвч цохиж, суларч гараад хаалганы хажуугаар явуулчихсан. ДАШТ-д 10 гоол оруулчихсан тэр Еврод одоо болтол нэг ч гоол оруулж амжаагүй л явна. Гэхдээ Лёв баруун жигүүрийн хамгаалалтын асуудлаа залуу хүү Киммихийг гаргаж шийдсэн гэж үзвэл түүнд илүү их гоол оруулах боломж үүсэх нь гарцаагүй. Хэрвээ Герман ДАШТ, Еврод дараалан түрүүлж, өөрсдийн ноёрхлоо бүрэн тунхаглаж чадна гэвэл Мюллер зайлшгүй гоол оруулж эхлэх ёстой. Тэмцээний өмнөх нөхөрсөг тоглолтонд хожигдчихсон Словакийн баг тэднийг хүлээж байна.

ОНЦЛОХ ТОГЛОГЧ: Гарет Бэйл (Уэльс)

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Гарет Бэйл яг одоо тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг 3 гоолтойгоор тэргүүлж, багаа манлайлсаар хасагдах шатанд шалгараад байна. Өөрийн зах зээлийн үнэлгээтэй дүйцэхүйц тоглолтыг үзүүлж буй цөөн тоглогчдын нэг түүнд энэ формоо хадгалж, багаа урагш зүтгүүлэх боломж гарч ирчихээд байна. "Британийн төлөөх тулаан"-д англичуудад эцсийн мөчид хожигдсон тэд өөр нэг Британийн баг Умард Ирландтай хасагдах шатны тоглолтоо хийнэ. Англи, Испани, Итали, Герман, Франц гээд топууд нь бүгд нөгөө талд орчихсон учир тэдэнд энэ завсраар "одоо гүйж", хагас шигшээд ч гараад ирэх бололцоо гарах шиг. Г.Бэйлд өөрийгөө батлах, түүхэнд нэрээ бичүүлэх хэрэгцээ, шаардлага бий. Түүнийгээ Францад энэ жил бүрэн биелүүлэх боломж байна.

Харин та юу гэж бодож байна? Аль баг шуугиан дэгдээж, хэн гэдэг тоглогч тодрон гялалзах бол? Сэтгэгдэл үлдээн бусад уншигчидтай саналаа хуваалцаарай.

12411   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.