Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   06 сарын 15, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Бишрэлт группийг үүсгэн байгуулагч, НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ундармаа

"Бишрэлтийн" гэх тодотголоороо монголчуудад танигдсан Б.Ундармаа хатагтайг бид өнөөдрийн зочноороо урилаа. Худалдаа үйлчилгээ, зочид буудал, банк санхүү, дэд бүтэц зэрэг олон салбарыг хамарсан 10 орчим охин компани, 2000 орчим ажилтан бүхий Бишрэлт группийг удирдан тэрээр 11 жил дараалан Монголын Топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгаруулж байсан билээ. Монголын бизнесийн талбарт өөрийн вант улсыг байгуулсан цөөхөн эмэгтэйн нэг түүнийг дан ганц бизнесийн лидер гэхээс илүү нийгмийн зүтгэлтэн гэж хэлж болохоор санагддаг. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд тэрбээр группээ амжилттай удирдахын сацуу НИТХ-ын төлөөлөгчөөр хоёронтоо сонгогдож, Боловсролын дэд сайдаар ажиллаж явсан төрийн ажлын туршлагатай нэгэн. Тиймдээ ч өндөр боловсролтой, аливаа үнэнч тууштай ханддаг монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон Б.Ундармаа захирал Монголын эдийн засгийн хөгжилд бодлогын түвшинд хувь нэмрээ оруулахаар УИХ-ын 75-р тойрогт нэр дэвшжээ.

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч, УИХ дахь МАН-ын бүлгийн нийгмийн бодлогын зөвлөх, Бишрэлт группийг үүсгэн байгуулагч Сонгуульт ажил: УИХ-ын сонгуулийн 75-р тойрогт нэр дэвшигч
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Хэлсэн бол биелүүлж, эхлэсэн бол дуусгадаг
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудсууд: Батбаярын Ундармаа /фэйсбүүк/

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Аливаа шийдвэрийг гаргахдаа бусдыг сонсож, санал бодлыг нь тусгахыг зорьдог. Хүмүүс ийм арга барилыг хоёр талтай гэлцдэг. Зарим үед хүмүүс тал талаас хэтэрхий олон санаа гаргах нь бий, мэдээж бүгдийг нь нэгэн зэрэг гүйцэлдүүлнэ гэж байхгүй. Тэдгээрийн дундаас шүүлтүүр хийж, байж болох хамгийн зөв шийдлийг олохыг эрмэлздэг.

Ер нь ямар ч асуудалд гарах гарц заавал байдаг. Хэчнээн муу зүйл тохиолдсон ч түүнээс гарах эерэг замыг олж харж, гарцаа олно гэдэг хамгийн чухал гэдгийг туршлагаасаа ойлгосон доо.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, програм, аппликэйшнээсээ нэрлэнэ үү?

Миний гол ажлын хэрэгсэл бол үзэг. Их бичиж тэмдэглэдэг. Гэхдээ техник технологи өндөр хөгжсөн өнөө үед төлөвлөгөөний аппликейшн ашиглаж эхэлж байгаа. Google-ийн аппликейшнүүдийг gmail, calendar, drive зэргийг цогцоор нь ашигладаг.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Хоёр зүйлийг онцолъё. Эхнийх нь сайн төлөвлөх. Дараагийнх нь ажлаа хэцүүгээс нь хийж эхлэх. Хугацаа тулчихсан тэвдэх үед энэ аргууд цаг хожиход хэрэг болдог.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Тэмдэглэлийн дэвтэр ашигладаг. Уулзалтын тэмдэглэлүүд, чухал санаанууд, санах хэрэгтэй хуваариудаа байнга тэмдэглэнэ. Мэдээж туслах маань хийх ажлуудыг бас хэлж өгнө. Мөн захирлуудын маань гаргасан аливаа санаачилга, шинэ санаа, төлөвлөгөө, саналууд хийх ажлын жагсаалтад ороод явдаг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Удирдах ажилтны хамгийн гол ажил болох шийдвэр гаргах тал дээр сайн мэддэг хүмүүс маань намайг үнэлдэг юм шиг санагддаг. Асуудлын гол цөмийг нь олж, зөв талаас нь харж, шийдвэр гаргахыг хичээдэг дээ.

Ар гэрийн тал дээр 100 нас зооглоод буй эмээгийнхээ ачаар сайхан цай чанаж, хоол хийж сурсан байх. Ажлын ачаалал ихтэй, хуваарь шахуу байдаг ч өглөөний цагийг, амралтын өдрүүдийг гэр бүлдээ зориулахыг л боддог.

Хийж байгаа ажлынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд нь юу вэ?

Анх худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн Бишрэлт групп маань өнөөдөр 10 гаруй охин компанитай, 2000 гаруй ажилтантай, үндэсний тэргүүлэх групп компани болон өргөжөөд байна. Би оновчгүй шийдвэр гаргахад бүх ажиллагсад, тэдний ар гэр, амьдралд нь нөлөөлөх учраас асуудал бүрээс гарах гарцыг эерэг талаас нь хайж олох хэрэгтэй болдог. Хүүхэд байхаасаа л нийгмийн идэвхтэй байсан, одоо ч нийгмийнхээ төлөө зүтгэж, хэд хэдэн сонгуульт алба хашиж, ажилласаар л байна.

Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед нийгмээ урагшлуулахын тулд хүмүүст урам зориг өгч, тал бүрээр дэмжиж, тэдний төлөө ажиллах боломжтой байдаг нь хийж буй ажлын маань эерэг тал. Нөгөө талаар их ачаалалтай ажилладаг учир эрүүл мэндээ орхигдуулах, өөрийгөө хэт ядраах нь бий. Гол юм руугаа анхаараад зарим жижиг сажиг зүйлсийг орхигдуулдаг байж магадгүй.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Яг одоо УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас Сонгинохайрхан дүүргийн 75-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж байна. Миний ажил, амьдралын зам энэ дүүрэгтэй салшгүй холбоотой. Манай тойрогт 1, 2, 20, 22,32-р хороод багтдаг. Өмнө нь хоёр ч удаа НИТХ-д эндээс сонгогдож ажилласан болохоор, мөн шийдэх хэрэгтэй, тулгамдсан асуудлууд ихтэй бүс учир, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолойгоо нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа учир нэр дэвшихээр шийдсэн.

21-р зуунд Улаанбаатар хотод цахилгаангүй айл өрх байсаар байна гэвэл та итгэх үү? Усаа авах гэж такси хөлслөхөөс аргагүй болдог гэхээр ямар сонсогдож байна? Хархорин, Саппоро орох гэж автобус дамжих хэрэгтэй болдог газрууд энд бий. Ажилгүйдэл ихтэй, эрүүл мэндийн үйлчилгээ бүр хаягдсан хүнд нөхцөл энд байна. Хүн ер нь тийм их зүйл хүсдэггүй шүү дээ. Аюулгүй, ая тухтай орчинд наад захын хэрэглээнүүдээр хангагдсан байхыг л хүсдэг. Гэтэл нөхцөл байдал энд тэс өөр байна. Олон мянган залуус ажилгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.

Бид нас насныханд зориулсан, үе шатууд бүхий мөрийн хөтөлбөр гаргасан. Ажлын байрыг нэмэгдүүлэх, амьдрах орчинг сайжруулах, хөрөнгө оруулалт татах, жижиг, дунд бизнесийг дэмжих зэргээс гадна иргэддээ хүрсэн бодит дэмжлэгүүдийг төрөл бүрээр бий болгохоор зорьж байна.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Хөгжим сонсож тархиа амрааж, тайвшрал авах дуртай. Морин хуурын эгшиглэнт аязыг сонсох дуртай. Хоёрхон утастай хосгүй зэмсгээр тийм гайхалтай эгшиглэнт аялгуу дуу гаргахыг сонсох, мэдрэх сайхан шүү.

Та хамгийн сүүлд ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Үеийнхээ бусад хүмүүстэй адил дэлхийн сонгодог, алдартай уран зохиолын номуудыг уншиж өссөн учир ном унших дуртай. Номоо сонгохдоо зөвхөн дуртай төрөл жанраасаа гадна яг тухайн мөчид хийж ажил төрөл, төвлөрч ажиллаж буй зүйлстэйгээ холбоотойг нь сонгохыг эрмэлздэг. Ингэж байж өөрийнхөө хийж байгаа зүйлд сайжирч, өөрийгөө хөгжүүлж, хамгийн сайн нь болох боломжтой болно гэж залуустаа зөвлөмөөр байна. Тийм ч учраас хамгийн сүүлд сонгуулийн кампанит ажлыг хэрхэн үр дүнтэйгээр зөв зохион байгуулах вэ гэдэг чиглэлээр ном уншсан даа.


Мөн "Япончууд яагаад хөгширдөггүй вэ?" гэж номыг орос хэл дээр уншиж дуусгасан юм байна. Урт насалж, эрүүл амьдралын хэмнэлтэй хүмүүс бол яах аргагүй Япончууд. Тэдгээрийн өдөр тутмын амьдралын хэмнэл, иддэг хоол хүнс, түүний зохицол зэргийг маш дэлгэрэнгүйгээр тайлбарлаж бичсэн энэ номонд Япон улсын Окинава арлын хүмүүсийн эрүүл амьдралыг онцлон тусгасан байдаг юм.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Би нээлттэй хүн. Хүмүүстэй харилцахдаа ч аль болох ил тод, шударга байхыг эрмэлздэг. Хэлэх ёстой санагдсан үгээ шууд хэлчихдэг. Муу нуухаар сайн илчил гэдэг дээ. Нээлттэй байснаар хүмүүстэй хурдан ойлголцож, ажил амархан урагшилдаг. Аливаа ажлыг амжилттай болгохын үндэс нь хамтран ажиллаж буй хүмүүсийн харилцан ойлголцолд байдаг гэж ойлгодог. Тийм болохоор нээлттэй байх дуртай байдаг юм.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Манай гэр бүл ер нь их эртэч. Өглөө 6:30 гэхэд босоод ажлаа төлөвлөх, зарим ажлуудаа амжуулах их зүгээр байдаг юм. Харин ажлын онцлогоос болоод орой нэлээн оройтож унтдаг. Одоо бол шөнө 02 цаг хүргэх нь энгийн үзэгдэл болоод байна.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Ажиллаагүй үедээ гэр бүлдээ цаг зарцуулахыг хичээдэг. Гэрийн эзэгтэйн үүргээ биелүүлж, хүүхдүүддээ анхаарлаа хандуулна. Эмээ дээрээ очиж хууч хөөрөх дуртай. Мэдээж бас өөртөө цаг гаргаж найз нөхөдтэйгөө уулзаж суулгүй яахав.

Ууланд гарах, явган аялал хийх дуртай. Сүүлийн үед иогоор хичээллэж байгаа. Иог хийх үед гүн төвлөрч, бусад санаа зовсон асуудлуудаасаа түр хугацаанд ч гэсэн салж ангижрах боломжтой болдог.

Та залуу охид, бүсгүйчүүдэд зориулан нэг чухал зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Амьдралын их замд хөл тавьж, карьераа эхлүүлж буй залуу охид, бүсгүйчүүддээ хэзээ ч бүү шантраарай, тууштай байгаарай гэж хэлье. Амьдрал баян. Гэр бүлтэй болно, ээж болно. 30 нас хүртэл ачааны хүнд нь та нарт л ирээд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Эрдэм номын мөр хөөсөн ээж аавын эрх танхи охидод өрхийн ажил, гэрийн эзэгтэй болно гэдэг, үүний хажуугаар өөрийн карьерыг хөгжүүлнэ гэдэг асар их ачаалалтай, дарамттай зүйл байдаг. Үүнд сэтгэл зүйгээ бэлдэж, бэлэн байх хэрэгтэй. Гэр бүлийнхээ хүнд өөрийгөө ойлгуулж, тэднийхээ дэмжлэгийг авах юунаас ч илүү чухал. Гэрийнхээ ажлыг хамтарч хийх, үүрэг хариуцлагаа хуваах нь та нарын ажилдаа амжилт гаргах, карьераа өсгөхөд чухал шүү гэж зөвлөе.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Хамт олноосоо үргэлж урам зориг авч байдаг. "Дэм дэмэндээ, дээс эрчиндээ" гэж үг байдаг шиг хамт олныхоо хичээж, зүтгэж буйг хараад хийж байгаа зүйл минь зөв байна даа гэсэн бодол хүч өгдөг. Хийж байгаа ажлаа дуусгах ёстой, тууштай байх хэрэгтэй, шантарч болохгүй гэж бас өөрийгөө хурцална.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Банкны эдийн засагч мэргэжилтэй, гавьяат эдийн засагч ааваасаа би бэрхшээлтэй тулгарч, шантармаар санагдсан үедээ нэг асуултыг байнга асуудаг байлаа. "Үүнийг хийх аягүй хэцүү юм аа. Энийг яаж хийх юм бэ? Тэрийг яаж шийдэх вэ?" зэргээр байнга л туслалцаа, зөвлөгөө эрдэг байсан. Тэгэхэд аавын минь хэлдэг байсан "Зах зухаас нь хийгээд үз. Хийгээд эхэлбэл гарц нь олдоно. Эхэлсэн бол явсаар байгаад дуусна" гэсэн үгс одоо ч надад үргэлж урагшлах тэнхээг өгч байдаг. Эхэлсэн ажил дуусдаг юм аа, туулаад гардаг юм, тойрч гараад аргалаад эхэлбэл харин өөрөө ухарч байна гэсэн үг юм байна гэдгийг ойлгосон. Хэрвээ зугатаахгүй гэвэл шийдлийг олох хэрэгтэй, тэр нь надаас өөрөөс хамаарах юм байна гэдгийг үргэлж сануулж байдаг үгс.

Ундармаа захирал аав Батбаярын хамт

Та манай энэ буланд хэнийг санал болгож, ажлынх нь арга барилын талаар мэдмээр байна вэ?

Төвдөд уламжлалт анагаах ухааны чиглэлээр 9 жил сураад ирсэн н.Ганзориг гэдэг залууг санал болгомоор байна. Уламжлалт анагаах ухаанаар мэргэшсэн, судас барьдаг залуу бий. Төдийлөн олонд ил гараад байдаггүй энэ залуугийн ажлын арга барил их сонирхолтой, өөр байж магад.

Гэрэл зургийг Б.Батзаяа

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

46334   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.