Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO 2016” үзэсгэлэн өнгөрсөн долоо хоногт “Мишээл Экспо” төвд болж өнгөрсөн билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд салбарын том жижиг, шинэ хуучин олон тоглогчид оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулав. Эдгээрийн дундаас бид өнөөдөр мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын дөрвөн бүтээгдэхүүнийг онцоллоо.

4G LTE

Харилцаа холбооны салбарын энэ оны хамгийн онцлох ололт бол 4G технологийг нэвтрүүлсэн явдал юм. Өмнө нь ашиглаж байсан 3G сүлжээнээс даруй 10-20 дахин (яг тийм!!!) хурдтайгаар интернетэд холбогдох боломжийг олгох 4G LTE сүлжээг Юнител өнгөрсөн 4-р сард Монголд хамгийн анх танилцуулсан бол Мобиком ICT Expo-ийн үеэр 4G LTE сүлжээнийхээ нээлтийг хийж, 4G-ийн хурдыг Porsche машинтай зүйрлэн уг машиныг үзэсгэлэнгийн гадаа байрлуулсан нь хүмүүсийг нүдийг хужирлаж байв. Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар 2020 оны орчим 5G хэрэглээнд өргөнөөр нэвтрэх хүртэл интернэтэд холбогдох гол сүлжээ байх 4G технологийн ямар хурдан болохыг, ямар их бололцоог олгож байгааг манай Батзаяа өөрийн биеэр туршсаныг та доорх видеоноос үзээрэй. 4G технологи ямар гар утсанд ажилладаг, утсандаа суулгахын тулд сим картаа солих хэрэгтэй эсэх зэрэг олон мэдээллийг та хоёр дахь видеоноос харна уу. Далимд хэлэхэд, одоогоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт тэргүүтэй 5 том хот, суурин газарт нэвтэрч, хамгийн том сүлжээг бий болгоод байгаа Юнителийн 4G LTE үйлчилгээ өчигдөрхөн болж өнгөрсөн, энэ салбарын хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох ICT Awards-аас "Шилдэг технологи" шагналыг хүртжээ.

OTT үйлчилгээ

Дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн, хамгийн амжилттай яваа трендүүдийн нэг бол маргаангүй видео стримингийн OTT үйлчилгээ юм. Уг үйлчилгээ энэ оны 2-р сард Монголд анх нэвтэрсэн нь Юнител группийн Look TV хэмээх бүтээгдэхүүн байлаа. Дэлхийг байлдан дагуулж буй Netflix-тэй ижил энэ үйлчилгээг бид гарсан даруйд нь дэлгэрэнгүй тоймлон хүргэж байснаас хойш нэлээд олон шинэчлэл хийгджээ. Тэгвэл Мобиком MobiPlay хэмээх ОТТ үйлчилгээнийхээ нээлтийг мөн уг үзэсгэлэнгийн үеэр хийж, хэрэглэгчдийн сонголтыг нэмлээ. Дотоодын OTT үйлчилгээнүүд нь кино контентийг монгол хэлээрээ үзэх боломжийг олгож байгаагаараа, мөн телевизийн сувгуудыг шууд үзэж болохоороо гадаад үйлчилгээнүүдээс ялгарна. Тэр дундаа 36 гаруй мянган хэрэглэгчтэй LookTv-гийн хувьд гадаадын дотоодын олон студитэй гэрээтэйгээрээ контентийн хамгийн арвин санг бүрдүүлжээ. OTT үйлчилгээ экспогийн гол бүтээгдэхүүнүүдийн нэг байсныг батлах мэт LookTv өчигдрийн ICT Awards-аас "Шилдэг бүтээгдэхүүн" шагналтыг хүртжээ. Unread-ийн зүгээс зөвлөж хэлэхэд, та бүртгүүлэхээсээ өмнө цаг заваа сайн төлөвлөөрэй. Учир нь таныг хэдэн ч цаг саатуулж чадах бүтээлүүд тэнд бий.

IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээ

Зурагтаа ухрааж, реклам алгасаж, дараа нь нөхөж үзэх боломжийг олгон биднийг цаг завыг хэмнэж, амьдралыг хөнгөвчилсөн IPTV, хурдтай найдвартай интернэт, нүүр нүүрээ харан ярилцах боломжийг авчирсан суурин утасны гурвалсан үйлчилгээтэй монголчууд танилцаад хэдийнэ 5 жил өнгөрчээ. Утас, интернэт, кабелийн телевиз гэх үйлчилгээнүүдийг тус тусад нь хэрэглэж, төлбөр тооцоог нь хийхээс эхлээд асуудал бэрхшээл мундахгүй учирдаг байсан тэр үеийг одоо бидний дийлэнх нь мартаад буй. Энэ зах зээлийг өдгөө хоёр компани хуваан эзэлж буй нь 2011 онд анхдагч болон гарч ирсэн Юнителийн Юнивишн, Скайтелийн Скаймедиа хоёр юм. Энэ экспод гурвалсан үйлчилгээнүүдээс дангаараа оролцсон Юнивишний хувьд өдгөө 115 мянган өрхөд үйлчилгээгээ хүргэн зах зээлийн 70 хувийг эзэлж, Warner Bros, Universal, Walt Disney зэрэг дотоод гадаадын хамгийн олон студитэй хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа аж.

Хиймэл дагуулаас олон суваг дамжуулах үйлчилгээ

Энэ төрлийн үйлчилгээг тэргүүлэгч нь ДДэш ТВ. Монголын хамгийн том буюу 300 мянган айл өрхийг үйлчилгээгээрээ хангадаг ДДэш ТВ-г Монгол орны хаанаас ч хүлээн авах боломжтой байдаг. Хөдөө орон нутгийг кабелийн телевизээр хангадгаар нь хүмүүсийн сайн мэдэх энэ үйлчилгээ Улаанбаатар хотын зуслан лагериуд, хотын захын хэсэг дэх олон мянган иргэдэд олон суваг үзэх боломжийг мөн олгодгийг бид тэр бүр сайн мэддэггүй. Үзэсгэлэнгийн үеэр ДДэш ТВ Юнител группийн харьяа болсноо зарласан нь сюрприз байлаа. Ингэснээр ДДэш-ийн хэрэглэгчдийн дийлэнх хувийг эзэлдэг хөдөө орон нутгийнхан, хотын захаар оршин суудаг иргэд монгол хэл дээр, албан ёсны, арвин их контентийн сантай болж байна гэсэн үг. Дэлхийн 7 тэрбум хэрэглэгчдийн 4 тэрбумд нь хүрдэг DTH буюу сансрын хиймэл дагуулаар дамжуулан дуу дүрсийг өндөр чанартайгаар хэрэглэгчдэд хүргэдэг ДДэшийг хэрэглэгчид ухрааж, нөхөж үзэх боломжгүй тул өдрийн турш зөвхөн кино урсан гардаг 5 сувгийг шинээр нээснээ ДДэш ТВ онцолж байлаа.

Дүгнэж хэлэхэд

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын нүүр царай болсон ICT Expo 2016 үзэсгэлэн 5 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн үзэсгэлэнгээс харахад салбарын компаниуд уг үзэсгэлэнд сайтар бэлтгэлтэй оролцож, шинэ бүтээгдэхүүн гаргах хугацаагаа энэ цаг үетэй тааруулдаг болжээ. Нээлтэн дээр Камертон хамтлаг ирсэн, Мобиком, Юнител, Скайтел зэрэг салбарын том компаниудын талбайгаа гоёмсгоор засаж тохижуулсан байдал, Hi-Fi Music үйлчилгээний нээлт, Rokit Bay зочилсон зэрэг нь үзэсгэлэнг үзэж сонирхсон хүмүүст ихээр таалагдсан нь харагдаж байв. Ингээд дараа жил болтол баяртай, ICT Экспо. Илүү сайн, илүү сонирхолтой шинэ бүтээгдэхүүнүүдээр дахин уулзацгаая.