Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   05 сарын 19, 2016

Технологи сонирхогчдын мэдвэл зохих 4 вэбсайт

Өдөр бүр шинэ шинэ компани, технологи, төхөөрөмжүүд гарч бидний амьдралын нэгээхэн хэсэг болон хөгжиж байгаа өнөө үед мэдээллээс хоцрох нь бусдаас хоцорно гэсэн үг болжээ. Харин хаанаас технологийн цоо шинэ, бодитой, чанартай мэдээллүүдийг хурдтай авч байх вэ? Үүнд хариулт өгөхөөр бид мэдвэл зохих 4 вэбсайтыг танилцуулж байна.

TECHCRUNCH.COM

TechCrunch нь технологийн мэдээ, тэр дундаа гарааны бизнесүүдийн мэдээллийг хүргэх тал дээр түлхүү анхаардаг сайт юм. Уг сайтаас та сүүлийн үед гарч ирж буй, дөнгөж анхны хөрөнгө оруулалтаа аваад буй гарааны бизнесүүд, A, B, C шатны хөрөнгө оруулалтаа босгосон компаниудын мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой. CrunchBase хэсгээс нь стартап ертөнцийн бүхий л тоглогчдын танилцуулга, статистикийг харж болно. Уг сайтаас санаачилсан TechCrunch Disrupt буюу гарааны бизнесүүд хөрөнгө оруулагчдын өмнө бүтээгдэхүүнээ танилцуулан хөрөнгө оруулалт босгодог арга хэмжээ нь технологийн салбарын хамгийн анхаарал татдаг үйл явдлуудын нэг гэхэд болно.

Зочлох: www.techcrunch.com

WIRED.COM

Wired.com нь технологийн салбарыг ерөнхийд нь хамарсан хамгийн ууган вэбсайтуудын нэг гэхэд болно. 1992 онд анх нээгдэж байсан уг сайтаас та бизнесүүд, мэдээллийн аюулгүй байдал, шинэ бүтээгдэхүүнүүд, видео тоглоом, вэбсайт хөгжүүлэлт, гэрэл зургийн камер, шинжлэх ухаан зэрэг маш олон сэдвээр сүүлийн үеийн мэдээллийг авах боломжтой юм. Анхны сайтуудын нэг болохоор ч тэр үү бага зэрэг хуучинсаг өнгө аяс, бичлэгийн хэлбэртэй санагдаж магад.

Зочлох: www.wired.com

THEVERGE.COM

The Verge нь технологийн илүү прогрессив буюу ирээдүй руу чиглэсэн концепт, үзэл санаа бүхий агуулгатай вэбсайт юм. Шинээр гарсан бүтээгдэхүүн, бизнесүүдийг мэдээлэхээс гадна ирээдүйн трэнд, таамаг, шүүмж, судалгаануудыг нийтлэл, подкаст, видео хэлбэрээр боловсруулан гаргадгаараа бусад вэбсайтуудаас онцлогтой. 2011 онд анх нээгдсэн бөгөөд жилийн дараа 2012 онд Webby Awards-аас Шилдэг нийтлэл, Шилдэг подкаст, Шилдэг дизайн, Шилдэг мобайл апп, Шилдэг хэрэглэгчдийн мэдээллийн сайт гэсэн 5 шагнал авч байсан гэхээр хэр чанартай вэбсайт болох нь ойлгомжтой.

Зочлох: www.theverge.com

KICKSTARTER.COM

Crowdfunding буюу өөрийн санаачилга, бүтээл, төсөлдөө олон нийтээс санхүүжилт босгоход туслах зорилготой уг платформ нь сүүлийн үеийн шинэлэг технологи, бүтээгдэхүүн, оролдогуудын мэдээллийг авахад тохиромжтой сувгуудын нэг гэхэд болно. Дээр дурдсан сайтуудаас ялгаатай нь амжилттай болсон бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэйгээр санаачилгууд голлон байдаг нь тун сонирхолтой. Ташрамд дурдахад хамгийн анхны амжилттай ухаалаг бугуйн цагнуудын нэг болох Pebble, гар утасны гэрэл зургийг өөр түвшинд очих боломжийг олгосон Moment Case зэрэг бүтээгдэхүүнүүд уг сайтаар дамжин төрөн гарсан байдаг.

Зочлох: www.kickstarter.com

Та өөрийн зочлох дуртай вэбсайтуудаа санал сэтгэгдлийн хэсэгт хуваалцаарай.

40167   7


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.