Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   05 сарын 05, 2016

Ажил мэргэжлийн сүлжээ сайт LinkedIn-ийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?

Та уулзаж танилцсан ихэнх хүнтэйгээ фэйсбүүк дээр найз болдог (2010 оны өвөл дурлаж явсан хүн чинь ч үүн дотор бий). Твиттер дээр бас овоо хэдэн дагагчтай, хааяа юм жиргэчихдэг л биз дээ. Инстаграм дээр бас яаж хоцрох вэ дээ. Тэгсэн хэрнээ ажил мэргэжлийн хамгийн том сүлжээ сайт LinkedIn-д элсэхээс, эсвэл элссэн хэрнээ идэвхтэй ашиглахаас эргэлзэхийн хэрэг юун. Ажил бол амьдрал шүү дээ! Анзаараад байхад олон хүн LinkedIn хуудас нээдэг боловч тэгэсхийгээд хаячихдаг. Тиймээс өнөөдөр бид энэ чухал сүлжээ сайтыг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар зөвлөж байна. Сонирхуулахад, 2003 онд нээгдсэн LinkedIn өдгөө хэдийнэ 400 гаруй сая хэрэглэгчтэй болж, хэрэглэгчийнхээ тоогоор зөвхөн Фэйсбүүк, Твиттер хоёрын ард л яваа юм.

LinkedIn-ийг товчхон танилцуулахад, энэ бол танд ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжихэд туслах сайт юм. Та энэ сайтаар дамжуулан танилын хүрээгээ нэмж болно, ажил хайж болно, ажилтан хайж болно, сонирхож буй компани, байгууллагуудаа дагаад холбоотой мэдээллийг авч болно. Мэдээж сошиал сайт тул өөрөө юм бичих нийтлэх, хуваалцах (share), бусадтай мессежээр харилцах, групп-д элсэн хэлэлцүүлэгт оролцох, бусдын бичсэн хуваалцсан зүйлд like дарах, сэтгэгдлээ бичих боломжтой.

"Гэрийн даалгавар"-аа хийх

Фэйсбүүкийнхээ профайлыг та барагтай л бол дутуу бөглөдөггүй шүү дээ. Тэгвэл ажил мэргэжилдээ өсөн дэвжихийг хүсэж байгаа хүн илүү "албаны" энэ сошиал хуудсаа бүр ч чамбай бөглөх ёстой нь мэдээжийн хэрэг. Профайл зураг болон толгой хэсгийн том зургаа (background) оруулж, хийж байсан ажлуудаа жагсаан бичих хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн байгууллага, албан тушаалаа оруулаад өнгөрөх нь бусдад сэтгэгдлэл төрүүлэхгүй гэдгийг битгий мартаарай. Тухайн ажлын байран дээр юу хийж байсан, ямар ямар зүйлийг хариуцаж байсан, ямар амжилт гаргасан зэргээ бичвэл сайн.

Сайн дурын буюу нийгмийн ажил хийж байсан туршлага, мэргэжил дээшлүүлэх болон аль нэг чадвар олж авах сургалтад сууж байсан бол тэрийгээ мөн оруулах хэрэгтэй. Анхаарал хандуулдаг сэдвүүд, дэмждэг байгууллагуудаа хүртэл оруулж болно. Ингэж хуудсаа бүрэн бөглөснөөр илүү мэргэжлийн буюу ёстой л жинхэнэ мэргэжилтэн шиг харагдах болно. Хуудсаа бүрэн дүүрэн бөглөхийн нэг сайхан нь та үүнийгээ шуудхан PDF рүү CV болгон хувиргах боломжтой байдаг. Бусдын профайлыг ч бас та ийн CV болгох боломжтой.

Үлгэр жишээ профайл хуудасны жишээ

Үндсэн функцуудыг идэвхтэй ашиглах

Өөрөө бичиж нийтлэх, мэдээ мэдээлэл оруулах, бусдын бичсэн нийтэлснийг уншихаас гадна дэлгэцийн хажууд харагдах танилуудынхаа (connection - ЛинкэдИн дээр танил болох нь фэйсбүүкт найз болохтой ижил ойлголт) шинэ ажил болон ажилдаа ороод хэдэн жил болж буйг нь илтгэх тэмдэглэлт ой гэх мэт мэдээлэлд хариу үйлдэл үзүүлэх нь LinkedIn-ий соёлын нэг хэсэг.

Бас нэг чухал соёл бол танилын хүсэлт илгээхдээ цаанаас тухайн хүндээ зориулж бичсэн үгсийг дагалдуулах явдал байдаг. Энэ нь та үнэхээр тэр хүнтэй танилцахыг хүсэж байгааг, connect товчийг зүгээр ч нэг дарчихаагүйг илтгэдэг.

Мөн танилуудынхаа ур чадварыг батлах (endorse), мөн recommendation бичих буюу танилыгаа бусдад санал болгон бичих нь маш чухал функцууд юм. Хэрвээ хэн нэгний удирдлагад юм уу дэргэд нь амжилттай ажиллаж байсан бол recommendation бичиж өгөөч гэж хүсэхээсээ бүү санаа зовоорой. Recommendation-ууд таны чадварлаг мэргэжилтэн болохыг илтгэнэ. Танилынхаа ур чадвар бүрийг үнэлэх боломжтой ба үүнд нөгөө хүн тааламжтай байх нь аргагүй. Нөгөө талаар та өөрийн чинь чадваруудыг бусад хүмүүс хэрхэн үнэлж байгаагаас давуу талуудаа, илүү сайн мэддэг чаддаг зүйлсээ танин мэдэх боломж бүрдэнэ.

Түүнчлэн танил биш хүмүүстэй ямар танилуудаар нь дамжин холбогдох боломжтойг, өөрөөр хэлбэл та хоёрын дунд ямар хүмүүс гүүр болж болохыг хардаг нь, таны профайл хуудсыг хэн хэн харсныг мэдэж болдог нь нэн хэрэгцээтэй функууд.

Хэр их ашиглах хэрэгтэй вэ?

Өдөр бүр цөөхөн минут орчихоод байвал уг нь сайн. 7 хоногтоо нэг удаа арай удаан цагийг танилын хүсэлт явуулах, группүүдээр зочлох, нийтлэл унших зэрэгт зориулбал бүр ч сайн. LinkedIn-ийн нэгэн ажилтан “Хэрвээ та 7 хоногт ядаж нэг удаа ямар юм бичих юм уу нийтлэл мэдээлэл share-лээд байвал ажил олгогчид таны хуудсыг харах магадлал 10 дахин нэмэгддэг” гэж хэлсэн байна лээ. Ажил олгогчид гэснээс Монголд Mongolian Talent Network зэрэг хүний нөөцийн агентлагууд LinkedIn дээр их идэвхтэй ажиллаж, чадварлаг мэргэжилтнүүд байнга хайж байдгийг бүү мартаарай.

Профайл хуудас тань таны CV-тэй яг ижилхэн байх ёстой юу?

Зорилгоосоо хамаараад ямар ч байж болно л доо. Гэхдээ LinkedIn-ийг үр дүнтэй ашиглая л гэж байгаа бол дэлгэрэнгүй оруулсан нь дээр. CV арай илүү албан ёсных тул профайл хуудсан дээрээ та өөрийгөө илүү сонирхолтой өнгө аясаар танилцуулсан ч болно. CV-нээс ялгаатай нь профайл дээрээ видео, зураг, презентаци, линк зэргийг оруулж болдог. Жишээ нь би өөрийн хуудсан дээр Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, дэлхийн нөлөө бүхий эмэгтэй лидерүүдийн нэг Шэйрил Сандбергийн "Өөдөө тэмүүл" номын нээлтэнд илгээсэн видеог үгийг оруулсан байдаг юм. Тэр мундаг хүн миний нэрийг дурдаж байгаа нь нэр хүндийн хэрэг байлгүй яах вэ.

LinkedIn-ий гүйцэтгэх захирал Jeff Weiner-ийн профайл хуудас. Тэрбээр мөн LinkedIn Influencer.

Бусад нэмэлт боломжууд 

Аварга сүлжээ сайт учраас LinkedIn ажил мэргэжлийн салбарт амжилт олж буй бусад компаниудыг худалдан авдаг. Тэдний нэг Slideshare-ээр та сонирхолтой презентацууд үзэх, өөрийнхийгөө тавих боломжтой. Миний зүгээс LinkedIn-ий үүсгэн байгуулагч Рэйд Хоффманы энэ презентацийг онцгойлон санал болгоё. Мөн LinkedIn өнгөрсөн жил Lynda.com-ийг 1.5 тэрбум доллараар худалдан авч онлайн сургалтын салбар луу ороод буй. Тиймээс эдний харьяа Lynda.com-ээр орж бизнес, технологи, програм хангамж гэх мэт сэдвээр онлайн хичээл үзэж ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой юм.

Influencers

LinkedIn-ий миний дуртай нэг хэсэг бол Influencers. 2012 онд эхлүүлсэн энэ булангаас дэлхийн үзэл санааны олон арван лидерийн бичсэн нийтлэлүүдийг унших боломжтой. Зочдыг зөвхөн урилгаар сонгодог бөгөөд Richard Branson, Narendra Modi, Arianna Huffington, Martha Stewart, Deepak Chopra, Jack Welch, Bill Gates нарын томчууд байдаг нь гайхалтай. Хэн хэн гээч influencer-ийг дагасан тань таны хуудсан дээр харагдаж, үзэж буй хүмүүст илүү мэдээлэл өгөх болно.

Та LinkedIn-тэй холбоотой өөрийн туршлага, хэрэгцээтэй зөвлөмж зэргийг бусадтай хуваалцаарай.

29992   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.