Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   05 сарын 04, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Эс Девелопмент ХХК-ийн борлуулалт, маркетинг хариуцсан захирал М.Энхжаргал

"Би хэрхэн ажилладаг вэ?" булангийн өнөөдрийн зочинтой хийсэн ярилцлага ази, европ, америк хосолсон, өөр уур амьсгалыг мэдрүүлсэн, чамин тансаг орчинд өрнөсөн билээ. "Монгол дахь хамгийн шилдэг борлуулагчдын нэг" хэмээх тодотголыг тэр гадаад худалдаа, аялал жуулчлал, үүрэн холбоо, барилгын салбаруудад ажилласан амжилтаар дүүрэн он жилүүдэд олж авсан нь санамсаргүй хэрэг биш гэдгийг түүнтэй ярилцаж суухдаа ойлгосон юм. Энэ эрхэм өдгөө дотоод тохижилт, барилгын чанар, гадаад орчны зохион байгуулалтаараа барилгын салбарт шинэ стандартыг бий болгож, дотоодод төдийгүй олон улсад үнэлэгдэн, хүлээн зөвшөөрөгдсөн "Жардин" тансаг зэрэглэлийн орон сууцны хотхоны төслийг удирдан ажиллаж буй. Түүнийг М.Энхжаргал гэдэг. Тэр ингэж ажилладаг. 

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Эс Девелопмент ХХК-ийн Борлуулалт, маркетинг хариуцсан захирал, Сонгуульт ажил: JCI Capital 2016 оны Түншлэл, хамтын Ажиллагааны хорооны захирал
Одоогийн ажиллаж байгаа төсөл: “Жардин” тансаг зэрэглэлийн орон сууцны хотхон
Таны ажиллах арга барилыг цөөн тодорхойлбол: Зарчимч, шантардаггүй
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Macbook 17’
Сошиал хуудсууд: Munkhbayar Enkhjargal

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Хувийн бэлтгэлээ маш сайн хангадаг. Борлуулалт, маркетингийн ажил хийнэ гэдэг бол харилцаж буй хүнийхээ итгэлийг олж авах тухай асуудал юм. Тийм учраас тухайн хүнтэй аль болох их харилцаж, сайн ярилцаж, аажим аажмаар итгэлийг нь олж авахыг хичээдэг. Уулзаж буй хүнийхээ ажилладаг салбар, хийдэг бизнесийг нь судалж, түүнтэй холбоотой цаг үеийн болон чухал мэдээллүүдийг үргэлж уншиж, мэдээллийг авч байдаг. Би анхны уулзалтаараа харилцагчидтайгаа бүтээгдэхүүнээ борлуулах талаар яриад байдаггүй, энгийн сайхан яриа өрнүүлэхийг хичээдэг. Яриа өрнүүлэх тусам харилцагчаа улам мэдэрч, хэрэгтэй зүйлээ санал болгох нөхцөл бүрддэг юм.

Хамт ажиллаж буй залуустаа ингэ тэг гэж хатуу арга барил тулгалгүй, аль болох өөрсдийнхөө чадлаар, чөлөөтэй ажиллах нөхцөлөөр хангахыг хичээдэг. Шаардлагатай үед буюу шийдвэр гаргах, дэмжлэг хэрэгтэй зүйлүүдэд чиглүүлэхийг л хүсдэг дээ.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Facebook гэх мэт сошиал суваг бараг хэрэглэдэггүй. Гэхдээ имэйл, Dropbox-ийг бол тогтмол ашиглана. Сошиал апп-уудаас Viber, Line, Wechat, Facebook Messenger-ийг харилцаж буй хүндээ тохируулан тогтмол хэрэглэдэг. Харилцагчдын маань дунд гадаадын иргэд нэлээд байдаг учир тэдний гол хэрэглэдэг чатыг ашигладаг байх нь их чухал байдаг. Япончууд Line-ийг, Хятадууд Wechat-ийг хэрэглэдэг гэх мэт. Байнга ярих, чатлах боломжгүй байдаг хүмүүстэй харилцахад их хэрэг болдог тул тэдний дуут мессежийн үйлчилгээг ашигладаг.

Японы үнэт цаасны компани Dai-ichi Shyohin-д гишүүнчлэлийн эрхтэй байдаг тул хувьцаа, ханш, олон улсын эдийн засгийн мэдээллийг имэйлээр өглөө бүр тогтмол авдаг. Мөн Монголын банкуудаас эдийн засагтай холбоотой мэдээлэл ирдэг. Голчлон нэг л зүйлийн талаар мэдээллүүд ирэх ч өөр өөр өнцгүүдийг харуулдаг учир харьцуулалт хийхэд их амар байдаг.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Имэйл ашиглалт. Имэйлээ өглөө эрт ажлын цагийн өмнө юм уу ажлын цагийн дараа орой унтахынхаа өмнө шалгаж, ирсэн имэйл бүрт хариу заавал бичдэг. Өдрийн цагаар зөвхөн ажил хэрэг, уулзалтууд руу анхаарлаа хандуулснаар гол зүйл рүүгээ төвлөрөх цагийг олж авч чаддаг гэж хэлж болно. Энэ нь нэг талаар имэйлд маш удаан хариу бичдэг гэж зэмлүүлж болох ч нөгөө талаар над руу имэйл бичвэл заавал хариу ирдэг гэсэн утгыг агуулж байгаа хэрэг.

Мөн манай “Жардин” хотхонд салбартаа манлайлагч, үлгэр дууриал болохуйц хүмүүс амьдардаг. Хотхоныхоо оршин суугчидтай байнгын харилцаатай байдаг болохоор уулзахдаа, харилцан яриан дундаа тухайн салбар салбарын мэдээллийг авч, санал бодлоо солилцдог.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Гар утсан дээрээ бүх төлөвлөгөө, хуваарь, уулзалтын тэмдэглэлээ хөтөлдөг. Уулзалтуудаа календарь дээр тэмдэглэж, сануулах сэрүүлэг тавьчихдаг юм. Өглөө сэрэх гэж биш хийх ажлуудаа өөртөө сануулах гэж сэрүүлэг ашигладаг. Хүмүүстэй уулзахдаа утсан дээрээ гол санаа, асуудлуудаа тэмдэглэж суудаг нь зарим хүмүүст мессеж бичиж, утсаа оролдоод байна уу даа гэх сэтгэгдлийг төрүүлдэг байж магадгүй. Гэхдээ хүмүүс сүүлдээ мэддэг болчихдог юм. Харахгүйгээр утсан дээрээ хурдан бичиж чадна шүү, хуруу л хааяа жаахан өвддөг юм. (инээв)

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Харилцааны чадвараа онцолж хэлж болно. Би хэнтэй ч, ямар ч сэдвээр яриа өрнүүлж чаддаг. “Жардин” хотхоныхоо оршин суугчид, харилцагчид, хамтрагчидтайгаа ажил, бизнес, амьдрал гээд л өргөн хүрээнд, төрөл бүрийн сэдвээр яриа өрнүүлнэ. Ямар ч завгүй хүнтэй уулзсан, нэг л мэдэхэд уулзалт маань 2-3 цаг үргэлжилчихсэн байх нь элбэг. Би их сайн сонсогч. Тэр хүмүүсийн итгэлийг дааж, чин сэтгэлээсээ харилцахыг хичээдэг. Аливаа баяр ёслолын үеэр харилцагчид руугаа мэндчилгээ явуулдаг зуршилтай. Бараг бүгдээс нь хариу ирдэг шүү.

Таны эрхэлж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Тансаг зэрэглэлийн орон сууц худалдаална гэдэг хүнд нэг л удаа борлуулаад орхих биш, насан туршийн хөрөнгө болох “чухал” зүйлийг нь өгнө гэдэг утгаараа их хариуцлагатай ажил. Оршин суугчдадаа хэзээ ч харамсахааргүй, зөв сонголт хийлээ гэж мэдрүүлэхийн төлөө хичээнэ гэсэн үг. Үүний тулд тухайн хүнийг бүрэн ойлгож, гэр бүлийнх нь хүсэл сонирхол, хэрэгцээнд бүрэн нийцсэн орон сууц санал болгох хэрэгтэй.

Борлуулалтын ажлыг хүмүүс бизнесийн “хамгийн хэцүү” хэсэг нь гэж ярьдаг. Тийм ч байж магадгүй. Гэхдээ миний хувьд хийж байгаа ажилдаа дур сонирхолтой, өөрөө дуртай учир огтхон ч бэрхшээдэггүй, хэцүү санагдах зүйл гардаггүй. Нөгөө талаараа хотхоныхоо олон гэр бүлд аз жаргал, сэтгэл ханамж бэлэглэж, хамгийн гол нь түүнийгээ мэдэрч, гэрч нь болж, тэдний үр хүүхдийг зөв төлөвшиж, эрүүл өсөж торниход багахан ч гэсэн хувь нэмрээ оруулах боломжтой байдгаа энэ ажлын эерэг сайн тал гэж хардаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

“Жардин” хотхоны бүтээн байгуулалт маань олон улсын үл хөдлөх салбарын шилдгүүдийг шалгаруулдаг International Property Awards-аас Ази, Номхон далайн бүсийн “Шилдэг орон сууц”, “Шилдэг бүтээн байгуулалт” зэрэг шагналуудыг хүртэж, олон улсын таван одын зэрэглэлтэй болсон. Хамгийн сүүлд, хэдхэн хоногийн өмнө “Mongolian Property Awards – 2015” –аас шилдэг “Эко барилга 2010-2015 он” шагналыг хүртлээ. Эдгээр нь манай хотхоны чанар, чансаа ямар өндөр түвшинд байгааг илэрхийлэх үзүүлэлтүүд гэж бид үздэг. Тэгвэл одоо манай хамт олон Монголын хамгийн сайн үйлчилгээтэй хотхоныг бий болгохоор төвлөрөн ажиллаж байна. Энэ бол зөвхөн борлуулалтдаа анхаарах биш, эсвэл орон сууцаа худалдаад мартаад орхих биш, амьдарч байгаа оршин суугчдадаа “сервис” цогц үйлчилгээг үзүүлж, тэдний сэтгэл ханамжийг хамгийн өндөр түвшинд байлгах тухай ойлголт юм.

Би өөрөө Японд сургуулиа төгсчихөөд, Oriental Hotel Tokyo Bay зочид буудалд ажиллаж байлаа. Зочид буудал гэдэг бол үйлчилгээний стандартын хамгийн том жишээ болсон салбар. Тийм ч учраас бид “Жардин” хотхоны оршин суугчдын “ар” талыг бүрэн хариуцаж, зочид буудалд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр хичээж байна. Бид хотхондоо 24 цагийн call center үйлчилгээг ажиллуулдаг. Оршин суугчдадаа хөлбөмбөгийн сургалт, бүжгийн хичээл, бүх төрлийн захиалга, хүргэлт, такси дуудлага, хувцас угаалга гэх мэт олон төрлийн үйлчилгээг санал болгодог. Удахгүй бассейн, фитнессийн сургалтууд эхэлнэ. Ажил төрөл ихтэй, завгүй хүмүүст дотны хүмүүсийнх нь төрсөн өдөр, тэмдэглэлт өдрүүдийг хүртэл “сануулж”, арга хэмжээ зохион байгуулах мэт энгийн юм шиг хэрнээ “нандин” үүргүүдийг нь хамтарч гүйцэлдүүлдэг. Өглөө бүр оршин суугчдадаа шинэ сүү, таргаар үйлчилдэг нь сервисийн бас л нэг хэлбэр.

Бид хотхон дотроо хамгийн аюулгүй, хамгийн ногоон орчныг бүрдүүлж, оршин суугчид дундаа коммьюнити буюу хүрээллийг бий болгох зорилготой. Оршин суугчид маань гадаа салхилж суухдаа хөршүүдтэйгээ мэнд мэддэг, харилцан хүндэлдэг, уулзаж ярилцдаг байвал сэтгэл ханамжтай амьдрахад эерэг нөлөөтэй. Тиймдээ ч хүрээлэн буй орчноо эрүүл, аюулгүй, тав тухтай байлгахад ихэд анхаардаг.

Мөн ажлынхаа хажуугаар JCI Capital салбарынхаа үйл ажиллагаанд оролцоод явж байна. Манай JCI Capital хэд хэдэн төсөл дээр төвлөрөн ажиллаж байгаа. Үүний нэг нь 2 жилийн өмнөөс эхэлсэн БСШУЯ, Улсын төв номын сантай хамтран эртний судрыг баринтаглах “Номын баринтаг” төслийг хэрэгжүүлж 6000 гаруй ном судрыг баринтаглалаа. Нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрах, гишүүдээ хөгжүүлэхийн тулд тэдэнд зориулсан сургалтуудыг маш их хийдэг. Энэ жил гэхэд Харвардын Их Сургуулийн Кеннедигийн сургуулийн багш, дэлхийн лидерүүдийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулагч, доктор Дийн Уиллиамсыг урьж 2 өдрийн лекц уншуулсан. Сая 4-р сарын 30-нд “Донорын өдөр”-ыг хамтран зохион байгууллаа. Нэг хүнд цусаа өгнө гэдэг чинь 3 хүний амийг аварч байгаа гэсэн үг. Уншигч та бүхнийг цусаа өгөхийг мөн уриалъя.

Энэ жил Монгол улсад JCI Монгол байгууллага байгууллагдсаны 25 жилийн ой тохиож байгаа. Энэ далимд нийт гишүүддээ 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Бага байхдаа бол “жинхэнэ” сонсогч байлаа. Take That тарсныг сонсоод уйлж, Backstreet Boys-д “автаж”, үсээ адилхан засуулж, хувцсыг нь дуурайж оёулдаг байсан үе бий. Одоо бол тийм ч их хөгжим сонсох завдал гарахгүй л байна. Хааяадаа Японы орчин үеийн дуу сонсоно. Заримдаа Н.Жанцанноров гуайн аязыг сонсоход их таатай байдаг.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Ихэвчлэн япон хэл дээр ном уншдаг. Түүхийн болон алдартай хүмүүсийн намтар номнуудыг унших дуртай. Хамгийн сүүлд “Сорхугтани хатан”-ыг бараг 4 дэх удаагаа уншиж дуусгалаа. Ямар ч үед уужуу тайвнаар сэтгэж, хүлээцтэй, зөв шийдвэр гаргах талаар ихийг бодогдуулдаг юм. Японы дэлгэцийн зохиолч Адачи Наокогийн “Rich man, poor woman” зохиол их таалагддаг. Энэ хүнтэй уулзаж байсан болоод ч тэр үү, ялангуяа киноны эшлэлүүд нь үнэхээр намайг хурцалж өгдөг. Киног нь үзэх маш дуртай. Өөртөө хэт итгэлтэй, чадварлаг залуухан захирлын бизнесийн алдаа онооны тухай өгүүлдэг.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Нээлттэй хүн. Япончууд хүнийг ажилд авахдаа цусны бүлэгт их ач холбогдол өгдөг. Намайг О \1\ бүлгийнх, их нээлттэй, шаргуу хүн гэж тодорхойлж байсан юм. Борлуулалт, маркетингийн чиглэлээр ажиллаж буй учир миний характер ажилд маань эергээр нөлөөлдөг.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Японд байхдаа бага унтаж сурсан болоод ч тэр үү, их унтахыг боддоггүй. Хагас, бүтэн сайн байсан ч өглөө эрт босчихно. Хамгийн ихдээ л 6 цаг унтдаг. Ажлын онцлогоор уулзалтууд маань ихэвчлэн үдээс хойш, ажлын дараа байж таардаг учир гэртээ орой ирнэ. Ирээд имэйлээ шалгаж, хариу бичнэ гэсээр байтал оройтчихдог.

Залуу мэргэжилтнүүдэд хандаж, нэг чухал зөвлөгөө өгөөч гэвэл та юу гэж хэлэх вэ?

Өөрийгөө үргэлж мэдээллээр цэнэглэж, хийж буй ажил, харилцаж буй хүмүүстэй холбоотой мэдлэгээ нэмэгдүүлж бай гэж хэлмээр байна. Борлуулагч хүн худалдаалж буй зүйлийнхээ талаар мэддэг байх хэрэгтэй л гэдэг. Гэтэл энэ бол борлуулагч хүнд зайлшгүй байх ёстой чадвар юм. Харин энэ барааг хэн авах вэ, тэгвэл авах хүн маань ямар онцлогтой, юу хийдэг, юу сонирхдог вэ гэдгийг судлах нь чухал.

Амжилтанд хүрэх хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг бол харилцаа. Харилцааг өдөөх хамгийн чухал зүйл нь мэдээлэл, мэдлэг байдаг. Хүмүүсийн түгээмэл гаргадаг нэг алдаа бол шууд нэг хүн дээр очоод би тэндээс ирсэн, манай бүтээгдэхүүн ийм сайн гэж бүтээгдэхүүнээ магтах явдал юм. Харин эсрэгээрээ өрөөнд нь ороод ширээн дээрээ ямар ном тавьсан байна, ханандаа ямар зураг өлгөсөн байна гэх зэргээр сонирхлыг нь ажиглаж, яриагаа эхлэх хэрэгтэй байдаг. Энэ зарчмыг хэвшүүлээрэй гэж хамт ажилладаг залуустаа зөвлөдөг.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Фитнесст тогтмол явахыг хичээдэг. Амралтын өдрүүдээр гэр бүлдээ цагаа зориулна. Хагас, бүтэн сайн өдрүүдэд охиноо балетын сургалтанд нь заавал хүргэж өгдөг. Тэгээд гадаа нь 2 цаг хүлээж суудаг юм. Охиноо хүлээх энэ хугацаанд ажил хэрэгтээ илүү сайн төвлөрч, хэн ч саад болж чадахгүй орчинд суух боломжтой байдаг.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Үргэлж холбоотой байж, санал сэтгэгдлээ хуваалцан ярилцаж байдаг “Жардин” хотхоныхоо оршин суугчдаас, тэднийхээ ажил амьдралын хэв маяг, амжилт бүтээлээс урам зориг авдаг. Өөр өөрийн салбартаа манлайлж, шинийг сэтгэж, бүтээж яваа тэр хүмүүсээс үргэлж суралцаж байдаг. Манай оршин суугчдын ихэнх нь маш их ажилтай байдаг ч гэр амьтай хүмүүс байдаг юм шиг санагддаг. Энэ ч надад нөлөөлж сүүлийн үед ажлаа хурдан дуусгаж, гэр лүүгээ тэмүүлдэг болсон шүү.

Түүнээс гадна энэ том бүтээн байгуулалтыг бий болгосон хамтран ажиллагсад, түншүүд, амжилттай урагшлуулах боломжийг олгосон удирдах ажилтнуудын итгэл, үүрэг хариуцлага намайг үргэлж хурцалж байдаг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Оюутан байхдаа нэгэн япон хүнтэй танилцаж, түүнд ойр зуурын орчуулга хийж өгч тусалдаг байсан юм. Чухам тэр хүнд ирж буцах билетийг нь хайж, авч явсаар хамгийн анхны бизнесээ буюу билетийн кассаа найзтайгаа байгуулж байлаа. Үүний дараахан тэр хүн надаас Японоос машин оруулж ирж борлуулах уу гэж асуудаг юм байна. Би ч тэрхэн хооронд их юм бодож, “тэгье” л гэчихлээ. Хэдэн машин зарж чадах вэ гэхэд нь хэд л бол хэдийг л зарж чадна гэчихсэн юм. Тэр яриа ч тэгэсхийгээд мартагдаж, бараг л мартчихсан явж байтал хэдэн сарын дараа нөгөөх маань залгаад “Хэдэн машин зарсан бэ?” гэж асуудаг юм. Би ч гайхаж, “машин байхгүй юм чинь яаж зарах билээ?” гэж эргүүлэн асуутал “Чамд хоосон, байхгүй зүйлийг ч зарах чадвар байна. Тэр чадвараа хөгжүүлж чадвал чи хэдэн ч машин зарж чадна” гэж хэлсэн. Тэр үгийг сонсон урамшиж, хэсэг хугацаанд бодож байгаад тухайн үед борооны дараах мөөг шиг олшроод байсан жолооны курсуудээр явж, 5 минутын танилцуулга хийж, өнөөх “байхгүй” машинаа зарах гэж сурталчилж хэсэг явав. Бараг бүх курсүүдээр сар гаруй явсан байх. Хэсэг хугацааны дараагаас нөгөө танилцуулга сонссон хүмүүс маань жолооны сургуулиа төгсөөд, машин авах гэсэн юм гээд л холбогдож эхэлсэн. Би ч хөөрөөд, нөгөө хүнтэйгээ холбогдож, баахан захиалга ирээд байна, одоо машинаа оруулж ирье гэж хэллээ. Гэтэл өөдөөс “Одоо тэгвэл 1000 долларын урьдчилгаа авчих. Жинхэнэ борлуулагч хүн хоосон зүйлийг зарж мөнгө олж чаддаг байх ёстой” гэдэг юм байна. Улмаар бид машинаа оруулж ирэхээс өмнө, урьдчилгаа авч, тэр мөнгөөрөө машинаа ачуулж, давгүй их борлуулалт хийж чадсан. “Хүмүүс чамд итгэж байна. Үүнийг л битгий алдаарай” гэж хожим тэр япон хүн хэлж билээ. Ерөөс энэ түүх огт өөр аялал жуулчлалын чиглэлээр сурч байсан намайг борлуулалт, маркетинг руу хөтөлж, карьерын маань замыг чиглүүлсэн юм даа.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцахыг хүсэж байна вэ?

Монголын хамгийн том компаниудын нэг АПУ ХК-ийг амжилттай удирдаж яваа гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгийн ажлын арга барилтай танилцах нь олон залууст сонирхолтой байна байх.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

62137   15


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.