Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   04 сарын 19, 2016

Апп тойм: Голомт банкны смарт банк

Хурдтай хийгээд завгүй амьдралын хэв маяг голчилж буй өнөөгийн нийгэмд олон үйлчилгээ хялбаршиж, хэрэглэгчдэд улам ойртсоор байна. Эдгээрийн түүчээ нь банкны салбар бөгөөд “цаасгүй”, “цахим”, үйлчилгээ - хэрэглээ чухам энэ салбараар дамжин хэрэглэгчдэд хүрч улам бүр боловсронгуй болсоор байгаа юм. Тэгвэл Unread энэ удаад саяхан шинэчлэгдсэн Голомт банкны “Смарт Банк” аппликэйшнийг онцлон танилцуулж байна. Тус банк Монголд хамгийн анх удаа ухаалаг утсанд суурилсан смарт банкны үйлчилгээг танилцуулж байсан билээ.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Технологи хөгжсөн өнөө цагт банкинд оочерлож, хамаг нерв, цагаа барах нь хоцрогдлын шинж болоод байгаа. Мэдээж зарим үед банкинд биеэр очих зайлшгүй шаардлага гардаг ч дансны үлдэгдэл шалгах, дэлгэрэнгүй лавлагаа авах, хуулга үзэхээс эхлээд бүх төрлийн гүйлгээ хийх, гар утас, интернэт, кабелийн ТВ-ийн төлбөрөө төлөх зэрэг олон үйлчилгээг Голомтын смарт банкаас авч болно.

Үүнээс гадна хамгийн ойр орших АТМ, салбарын байршлыг тун хялбар, интерактив хэлбэртэйгээр хийгдсэн газрын зургаас нь үзэх боломжтой. Орон сууцны болон цалингийн зээлийн тооцоолуур, хадгаламжийн тооцоолуурууд нь хэрэглэхэд энгийн, зарим “тулсан” үед их хэрэг болох үйлчилгээ байдаг.

Байгууллагын хэрэглэгчид ч дансны үлдэгдэл шалгах, хуулга үзэх, гүйлгээний лавлагаа авах зэрэг өдөр тутмын үйлчилгээг авахаас гадна хүлээгдэж буй гүйлгээг батлах, цуцлах боломжтой юм билээ. Нууцлалын хувьд дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн технологитэй. Тэд таны хувийн мэдээллийг утсан дээр хадгалахгүй, ашиглахгүй 15 минутаас илүү болсон тохиолдолд автоматаар холболтыг салгана.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Бүрэн шинэчлэгдсэн Смарт банк хэд хэдэн давуу талыг өөртөө нэмсэн нь шууд анзаарагдав. Эхнийх нь энгийн мөртлөө гоёмсог дизайн. Голомт банкийг бүрэн илтгэх бүдэг цэнхэр, цагаан өнгийг хэрэглэгчдийн нүдэнд дасахуйц, амар байдлаар буюу цэвэрхэн оруулж өгсөн байна. Зүүн талаас нь цэснүүд гарч ирж байгаа нь түүнээс сонголт хийн үйлчилгээ хооронд шилжих боломжийг хялбаршуулжээ.

Маш хурдтай болсон мэт санагдлаа. Шинээр татаж авч байгаа бол, эсвэл апдэйт хийж байгаа бол танд энэ нь шууд мэдрэгдэнэ. Дансны үлдэгдлийн мэдээллийг шинэчлэхийн тулд заавал дахиж ачааллахгүйгээр, жагсаалтыг доош татахад л хангалттай. Мөн гүйлгээний үеэр хадгалсан дансны мэдээлэл, автоматаар бөглөгдөх утгыг сонгох, гүйлгээ хийх үедээ мөнгө гаргах дансаа хуруугаа салгалгүй шууд чирч өөрийн данс хоорондоо мөнгө шилжүүлэх гэх мэтээр хэрэглээг уян хатан, амархан болгосон шинэчлэлүүд хийгдсэн байна.

Үүнээс гадна, миний хувьд хамгийн чухал нэмэлт бол онлайн зөвлөх байлаа. Банкны ажилтнууд таны сонирхсон асуулт, хүндрэлтэй бэрхшээлүүдийг шууп апп-аар дамжуулан шийдвэрлэх боломжийг энэ нэмэлт олгожээ. Хэд хэдэн асуулт асууж “туршиж” үзсэн, бүгдэд нь шууд хариулж, асуудалгүй шийдэж өгч байсан нь операторууддаа нэлээн анхаарсаныг илтгэж байв.

Ямар ч байсан Голомтын хэрэглэгчийн хувьд хувийн санхүүгээ удирдах хамгийн чухал ажил маань улам хөнгөвчлөгдөж байгаад баярлахын сацуу бусад банкны апп-тай харьцуулж үзсэний хувьд Монголын банкны хамгийн сайн апп болжээ гэж итгэлтэйгээр хэлэх байна.

Ямар сул талтай вэ?

Мэдээж, энэ аппыг хэрэглэхийн тулд та Голомт банкинд данстай байх хэрэгтэй. Шинээр эрхээ идэвхжүүлэхийн тулд дурын салбар дээр очиж, эрх нээлгэх хүсэлт бөглөж, гэрээ байгуулах нь багахан “түвэгтэй” санагдав. Гэвч аюулгүй байдал, нууцлалын хувьд энэ нь зайлшгүй биз ээ.

Unread-ийн үнэлгээ 

Хэд хэдэн чухал нэмэлт шинэчлэл хийж, ухаалаг хэрэглээг өдөөсөн энэхүү апп-д Unread 8 оноо өгч байна.


Уншигч та энэ апп-ийн талаар болон өөр банкны данстай бол хэрэглэдэг апп-ийнхаа талаар санал сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.

20252   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.