Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   04 сарын 10, 2016

7 хоногийн тойм: #PanamaPapers-ийн шуугиан + #SpaceX-ийн амжилт + #Yahoo-г хэн авах вэ?

Panama Paper Дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн үнэн төрхийг илчиллээ

Дэлхийн нөлөө бүхий улс төрчид, бизнесменүүд, урлаг, спортын зүтгэлтнүүдийн эзэмшдэг оффшор данс, тэдгээртэй холбоотой гүйлгээ, харилцааны талаар маш ноцтой мэдээлэл задарсан нь өнгөрч буй долоо хоногийн хамгийн онцлох сэдэв байлаа. "Panama Papers" гэсэн нэрийн дор нийт 11.5 сая нууцлагдсан бичиг баримт задарсан бөгөөд 214 мянган компанийн мэдээлэл үүнд багтжээ. Хамгийн анх Германы хамгийн их уншигчидтай өдөр тутмын сонины нэг Suddeutsche Zeltung нэрээ нууцалсан эх сурвалжаас энэ мэдээллүүдийг хүлээн авч эхэлжээ. Улмаар тэд Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүл Зүйн Консорциумтай (ICIJ) хамтарснаар тус байгууллагын сүлжээн дэх 76 орны 107 хэвлэл мэдээллийн байгууллагын 400 гаруй сэтгүүлч гүйлгээ, бичиг баримт бүрийг эрэн сурвалжилсны эцэст ийн ил гаргасан нь энэ юм. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ба түүний тойрон хүрээлэгчидтэй холбоотой 2 тэрбум долларын данс ил гарсан нь хамгийн онцлууштай байв. Үүнээс гадна Их Британийн ерөнхий сайд Д.Камерун, Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев, Украйны ерөнхийлөгч П.Порошенко, алдарт хөлбөмбөгчин Л.Месси, нэрт жүжигчин Ж.Чан нарын нэрс эдгээр мэдээлэл дунд багтсан нь сонирхол татлаа. Эдгээр бичиг баримтууд аль хэдийнэ олон нийтийн анхаарлын төвд орж, үр дүнгээ өгч эхэлсэн бөгөөд Исландын ерөнхий сайд С.Гуннлаугссон оффшор дансны асуудлаа хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ оруулаагүйн улмаас хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, улмаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. ICIJ бүх дата, бүх мэдээллийг 5-р сарын эхээр бүрэн эхээр нь олон нийтэд цацах болно.

NYT: Panama Paper: Бидний мэдэх бүх зүйлс
ICIJ: Panama Paper: Мөнгөө нуусан улс төрчид, гэмт хэрэгтнүүд, луйварчин бизнесүүдийн үнэн төрх

Шинэ технологиуд урагш ахисаар байна

Алдарт энтрепренер Элон Маскийн удирдаж буй SpaceX түүхэндээ анх удаа өөрийн нисгэсэн пуужинг далайд дрон хөлөг дээр амжилттай газардуулж чадлаа. Өмнө нь нийт 4 удаа Falcon 9-ийг Атлантын далайд газардуулах оролдлого хийсэн ч тэр бүгд нь бүтэлгүйтэж, дэлбэрэлтээр өндөрлөж байсан юм. 12-р сард дахин ашиглагдах пуужинг амжилттай газардуулж чадсан SpaceX-ийн хувьд энэ бол том ялалт. Пуужингийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлж, зардлыг багасгахын тулд пуужинг далайд газардуулах нь илүү зөв алхам ч технологийн хувьд энэ нь газарт буулгахаас харьцангуй хэцүү юм. Үүнээс гадна Google Токио хотноо болсон технологийн үзэсгэлэнгийн үеэр цоо шинэ роботоо танилцууллаа. Google-ийн эзэмшдэг Schaft-ийн бүтээсэн уг робот нь 2 талдаа "хөл"-ний үүрэг гүйцэтгэгчтэй бөгөөд үүгээрээ дамжуулан хурдтай хөдөлгөөн хийж, нэг газраас нөгөө рүү шилжиж чаддаг. Одоогоор нэргүй байгаа уг робот хүнд ачаа тээвэрлэх, зөөх үндсэн зориулалтттай гэнэ.

Techcrunch: SpaceX дрон хөлөг дээр пуужингаа анх удаа газардууллаа
Recode: Google-ийн шинэ роботыг танилцууллаа

Бизнесийн томчуудад халгаатай долоо хоног

Дэлхийн энтертэйнмент салбарын хамгийн нөлөө бүхий компани Уолт Диснейд тодорхойгүй байдал үүсээд байна. Компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, дараагийн CEO болох магадлалтай байсан Томас Стаггс ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. 10 гаруй жил үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилласан тэрээр Пиксар, Марвелыг худалдан авсан гол гэрээнүүдийг гардан хийсэн бөгөөд сүүлийн 5 жил Дисней парктай холбоотой ажиллаж, ирэх зун Шанхайд шинэ салбараа нээхээр зэхэж байсан билээ. Энэхүү гэнэтийн шийдвэрийн дараа хөрөнгө оруулагчид 2018 онд тэтгэвэртээ гарах одоогийн CEO Роберт Айгерийг орлох хүний эрэлд гараад байна. Дэлхийн 100 гаруй оронд 54,000 салбартай хамгийн том сүлжээ супермаркетуудын нэг 7-Eleven-д мөн байдал тогтворгүй байна. Тус компанийн удирдах зөвлөлийн хурлын дараа CEO Т.Сузуки үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, "уучлал хүссэн" хэвлэлийн бага хурлыг хийсэн юм. 83 настай Сузуки удирдах зөвлөлийн хурал дээр өөрийнх нь залгамжлагчид тооцогдож байсан захирлыг огцруулах санал хураалтанд олонхын дэмжлэг авч чадаагүй бөгөөд үүнийгээ "ичгүүртэй явдал" хэмээн үзжээ.

Yahoo: Диснейн "ирээдүйн" CEO ажлаа хүлээлгэн өглөө
Fortune: 7-Eleven-ий захирал огцорсноос юуг ойлгож болох вэ?

Yahoo-г хэн худалдаж авах вэ?

Нэгэн үе интернетийн бизнесийн тэргүүн тоглогч байсан Yahoo-гийн нөхцөл байдал тун хүнд хэвээр байна. Тус компанийн удирдах зөвлөлөөс Flickr, Tumblr, Yahoo Mail, Yahoo News, Yahoo Finance зэрэг интернет бизнесээ зарж, бүтцийн хувьд өөрчлөлт хийн, Алибабад эзэмшиж буй хувьцаагаа хадгалж үлдэх стратегид шилжихээр шийдвэрлэсэн нь нууц биш болсон. Тэгвэл М.Майерийн удирдаж буй Yahoo гол бизнесүүдээ худалдаж авах сонирхолтой компаниудаас үнийн санал авах хугацааг 4-р сарын 18 хэмээн зааж өгчээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд хэд хэдэн боломжит худалдан авагчид өөрсдийн санхүүгийн тайлан болон бусад менежментийн мэдээллийг илгээж, үнийн саналаа илгээхийг хүссэн байна. Америкийн үүрэн телефоны томоохон компаниудын нэг Verizon одоогоор хамгийн боломжит худалдан авагчид тооцогдож байгаа бөгөөд 8 тэрбум долларын үнийн санал илгээхээр зэхэж буй бололтой. Тэд өмнө нь худалдаж авсан AOL болон Yahoo-гоор дамжуулан интернет дэх байр сууриа бэхжүүлэхээр зорьж буй. Үүнээс гадна Google, Time Inc нар мөн санал тавьж магадгүй гэнэ. 2008 онд Yahoo-г худалдаж авах санал тавьж, шуугиан тарьж байсан Microsoft энэ удаад "өнжих" бололтой.

Bloomberg: Verizon, Google хоёр Yahoo-гийн төлөө өрсөлдөж байна
Recode: Yahoo-гийн санхүүгийн бодит байдал ямар байна вэ?


Технологийн ертөнцийн эргэн тойронд

Фэйсбүүк өөрийн жил бүр зохион байгуулдаг "F8 Хөгжүүлэгчдийн хурал"-ын өмнө хэд хэдэн шинэ өөрчлөлтийг танилцууллаа. Тэд өөрийн дагагчид болон найзууддаа шууд бичлэг хийж, хүргэх боломж бүхий Live Videos-ийг танилцуулсан нь Твиттерийн Periscope-той өрсөлдөөн эхлүүлж буй хэрэг боллоо. Мөн бизнесийн байгууллагуудад зориулсан чатботыг танилцуулахаар зэхэж байгаа гэнэ. Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй чат апп Whatsapp дата нууцлалын шинэ системд бүрэн шилжжээ. Ингэснээр Whatsapp-аар дамжиж буй ямар ч харилцаа байгууллагын серверт хадгалагдахгүй бөгөөд ямар ч тохиолдолд датаг ахин сэргээх боломжгүй болж байгаа ажээ. Шинэ хэрэглэгчдийг татах том сорилтой тулгараад буй Твиттер Хойд Америкийн хамгийн том мэргэжлийн лиг NFL-тэй пүрэв гарагийн тоглолтуудыг шууд дамжуулах гэрээг байгуулж чадлаа. Тэд Yahoo, Facebook, Verizon зэрэг өндөр санал тавьсан бусад оролцогчдыг ялсан бөгөөд ингэснээр 10 тоглолтыг Periscope болон бусад хэрэгслүүдээртоглолтын өмнөх, үеэрх, дараах агшнуудыг сошиал медиагаар шууд дамжуулна гэнэ. Гэрээний үнэ 10 орчим сая доллар ажээ.

FB: Фэйсбүүкээр дамжуулан бичлэгээ хийж, шууд хуваалцах боломжтой боллоо
CNBC: NFL яагаад Фэйсбүүк биш Твиттерийг сонгов?

15055   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.