Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   02 сарын 23, 2016

Апп тойм: Аль чат апп-ийг ямар үед хэрэглэх вэ?

Unread энэ долоо хоногийн апп тойм буландаа хүмүүсийн өдөр тутмын чухал хэрэглээ болсон чат аппликэйшнүүдийг танилцуулж байна. Асар олон сонголт, дэндүү олон давуу талуудад төөрөлдөлгүй, алийг нь ямар үед, ямар тохиолдолд ашиглах боломжтойг мэдэхийг хүсвэл та энэ нийтлэлийг уншаарай.

Facebook Messenger

Фэйсбүүк Мессенжерийн хамгийн том давуу тал бол бараг бүх найзууд чинь энд бий. Үнэхээр ч хайж буй хүнээ нэрээр нь, утасны дугаараар нь олох магадлал бусад апп-уудаас хамгийн их. Стикерийн зах зээлийн өрсөлдөөнд харьцангуй сүүлд нэгдсэн ч маш олон үнэгүй дүрслэл, сонголтуудтай. GIF буюу хөдөлгөөнт зурган сан нь сүүлийн үед олны талархлыг хүлээж, өргөн хэрэглэгдэж байгааг онцолъё. Дуут мессеж, видео дуудлага, файл шилжүүлгэ зэрэг бүгд л боломжтой. Гэхдээ Фэйсбүүк мессенжер дундуур "төлбөрт сурталчилгаа" үзүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн шүү.

Ямар үед хэрэглэх вэ?:
Өдөр тутмын энгийн харилцааг үүсгэхэд, хурдан холбогдож, мэдээлэл солилцоход.

Whatsapp

Фэйсбүүк энгийн нэгэн чат апп-ийг 19 тэрбум доллараар авахад гайхсан хүн мундахгүй олон. Гэвч энэ нь "ашиггүй" хөрөнгө оруулалт байсангүй. Whatsapp-ийг хэрэглэгчдийн тоо аль хэдийнэ нэг тэрбумд хүрсэн нь үүнийг гэрчилнэ. Ямар ч сурталчилгаагүй, маш энгийн, цэвэрхэн загвартай, тун хурднаар мэдээлэл солилцоход тохиромжтой энэ апп-ийг хэрэглэдэггүй хүнийг Европ, Америкаас олоход тун амаргүй болов уу.

Ямар үед хэрэглэх вэ?
Нетийн хурд тааруу газар бусад апп-ууд ажиллахгүй байхад Whatsapp л харин ажиллаж байж мэднэ.

Viber

Яг одоо монголчуудын хувьд хамгийн ихээр хэрэглэж буй чат апп гэж хэлж болно. Бүх төрлийн хэрэгслүүд, төхөөрөмж дээр ажилладаг Viber-ийн гол давуу тал бол гар утасны дугаараар бүртгүүлж, утасны жагсаалтанд байгаа найзуудыг тань танд харуулж, найзаараа бүртгэх боломж олгодог. Сонирхолтой, үзүүштэй, анхаарал татам стикерүүд ашиглаж, харилцаагаа улам хөнгөвчлөх боломжтой. Мөн видео дуудлага нь ч давгүй. Хүсвэл Viber-гүй дугаар луу ч тодорхой төлбөр төлөн шууд залгах боломжтой.

Ямар үед хэрэглэх вэ?
Монголд хамгийн их хэрэглэгдэж буй чат апп, групп чат үүсгэхэд тохиромжтой. Өмнө нь ийм их хэрэглээтэй байсан апп магадгүй бидний хуучны танил, саяхан шинэчлэгдсэн Yahoo Messenger л байх.

Line

Японд хамгийн өргөн хэрэглэгддэг Line стикер, зурган илэрхийллүүдийг өнөөгийн түвшинд аваачиж, тэрбум долларын бизнес болоход гол үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Дагалдах тоглоомууд нь ихэд зугаатай тул таныг уйдаахгүй. Стикерийн баялаг сангаас гадна алдартнууд, бизнесийн байгууллагуудын аккаунтуудтай найзууд болж хөнгөлөлт, воучер авдаг. Бүр өөрөө стикерээ урлаад, түүнийгээ зарж борлуулах боломжтой шүү.

Ямар үед хэрэглэх вэ?
Стикерүүд ашиглан илүү зугаатай, илүү хөгжилтэй байдлаар хоорондоо харилцахад тохиромжтой. Солонгост үүнтэй төстэй КakaoTalk илүү алдартай, илүү олон боломжуудтай.

Telegram

Оросын Зукерберг гэгддэг П.Дуровын үүсгэн байгуулсан Telegram хамгийн нууцлал сайтай чат апп гэдгээрээ ихэд алдаршиж, Whatsapp-ийг орлох сонголт хэмээн үнэлэгдэж байгаа. Үүнээс гадна мессежийн өөрийгөө устгах хугацааг тохируулах, нууцлал хийх сонголтууд ч бий. Мөн ухаалаг бот-ын тусламжтайгаар сонирхолтой туршилт, санал асуулгыг группүүдээр хийх боломжтой. Нэг группт 200 хүртэлх хүнийг багтаах боломжтой учир энэ төрлийн хэрэглээнд их зүгээр. Бас их хурдан шүү.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Хэрвээ та өөрийн мэдээллийн нууцлалд санаа тавьдаг, эмзэг ханддаг бол энэ апп таны сонголт. Үүнээс гадна Signal энэ асуудлыг сайн шийдсэнд тооцогддог.

Snapchat

Snapchat бол шинэ үеийн сошиал апп-уудын гол төлөөлөгчдийн нэг юм. Зураг, мессеж явуулахад, нөгөө тал тань нээж үзээд 10 секундын дараа шууд устана. Ямар ч ул мөргүйгээр устана. Явуулж буй зургандаа эффект, филтер, үг нэмэх нь их л зугаатай. Зөвхөн мессеж, чатаас гадна Discover гэсэн нэмэлтээр дэлхийн топ медиа агентлагуудын сонирхолтой байдлаар бэлтгэсэн товч мэдээнүүдийг хүлээж авах боломжтой. Америкийн өсвөр үеийнхний гол хэрэглээ аль хэдийнэ болсон энэ апп Монголд ч бас чамгүй дэлгэрчээ. Ямар ч эргэлзээгүй дараагийн "олон" тэрбум долларын стартап.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Өсвөрийн үеийнхний номер нэг хэрэглээ, зураг болон бичил видео мэдээлэл солилцоход тохиромжтой.

WeChat

Хэрвээ та Хятадад яваа бол, дийлэнх сошиал апп-ууд ажиллахгүй учир, WeChat таны эхний сонголт болох нь гарцаагүй. Дэлхий даяар 500 сая хэрэглэгчтэй болоод буй энэ апп-ийн "дуут мессеж" их алдартай. Мөн "өөрт ойрхон байгаа хүмүүсийг олох", "найзуудын радарыг үзэх", "сэгсэрч танилцах" зэрэг нэмэлт хэрэгслүүдтэй нь давуу талыг олгодог.

Ямар үед хэрэглэх вэ?
Хятад руу явах гэж байгаа бол заавал суулгах хэрэгтэй.

Уншигч та ямар чат апп-ийг өдөр тутам хэрэглэдэг вэ? Тэдгээрээ та ямар учраас ашигладаг, ямар давуу талуудтай зэргийг сэтгэгдэл бичих талбараар дамжуулан хуваалцаж, бүтээмжит хэлэлцүүлгийг өрнүүлээрэй.

46464   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.