Хүн бүхний зүрх сэтгэл долгилон буй, шинэ зорилго, шинэ мөрөөдөл, шинэ хүсэл тэмүүллээр халгиж цалгин буй энэ цаг мөчийн мэндийг, шинэ оны халуун мэндийг уншигч та бүхэндээ хүргэе. Бөмбөрцгийн энэхэн хэсэгт бид шинэ оноо хэдэн цагийн өмнө гаргаж, 2016 оны эхний өглөөтэй учран золгоод байгаа бол нөгөө хэсэгт АНУ тэргүүтэй цөөн улс шинэ оноо яг одоо ид гаргаж байгаа юм. Ингээд бид шинэ оны эхний нийтлэлээ улс орнууд шинэ оноо хэрхэн угтсан тухай бэлтгэлээ.

МОНГОЛ

Улс орон бүр өөр өөрийн онцлогоор шинэ оноо угтдаг. Монголчуудын хувьд гэр бүлээрээ цугларцгааж, баярын хүнсээ зооглон, зурагтынхаа өмнө сууцгаадаг билээ. Мэдээж мөн цөөнгүй улаанбаатарчууд Сүхбаатарын талбайд цуглан, баярын концерт үзэж, өвлийн шөнийн жавар тачигнасан хүйтнийг умартан шинэ оныг хүлээдэг. Тэгээд шинэ оны босгон дээр ерөнхийлөгчийнхөө мэндчилгээг үзэж дуусахын алдад бид оргилуун дарсаа буудуулж, төв талбайд цуглагсад ёслолын буудлагыг харж сэтгэл баясдаг билээ. Энэ жил бид энэ л ёсоороо ертөнцийн нэгэн оныг угтлаа. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үгийг та эндээс уншаарай.

Гэрэл зургийг Ikon.mn


Европын хотуудын хувьд болзошгүй террорист халдлагаас сэргийлсэн чанга хамгаалалтын дор шинэ оноо угтжээ. Брюссел үүнтэй холбоотойгоор ёслолын арга хэмжээгээ цуцалсан бол Парист маш өндөржүүлсэн сонор сэрэмжтэйгээр даруухан тэмдэглэсэн байна. Берлинд цагдаагийн газраас оройн 10 цагийн үед террорист халдлага болж болзошгүй гэсэн сэрэмжүүлэг явж, холбогдох арга хэмжээнүүдийг авчээ. Италийн хотууд агаарын бохирдлоос шалтгаалан салют буудуулахыг хориглосон гэнэ. Харин Шанхай хотын хувьд террорист халдлагаас бус ноднингийн олон хүн дарагдаж үхсэн явдлаас шалтгаалан оны сүүлчийн хором мөчүүдийг тоолох арга хэмжээг цуцалжээ.

ПАРИС

Хүндхэн жил байлаа, Парис. 2016 он муу муухайн бүхэн дэлхийн хамгийн романтик энэ хотоос холхон байг!

БЕРЛИН

Бранденбургийн хаалганы дээгүүрх ёслолын буудлага.

Лондончууд хотынхоо төвд баярлалдаж байна.

ДУБАЙ

Дубайн Бурж Ал Араб зочид буудлын дээгүүрх ёслолын буудлага.

СИДНЕЙ

Сидней хот сүүлийн жилүүдэд шинэ жилийн баярыг гоёмсог тэмдэглэдгээрээ нэрд гараад байгаа билээ. Оройн 21 цагийн үед 8 минутын турш, яг он солигдох мөчид 12 минутын турш Сидней хотын тэнгэр солонгын өнгөөр гэрэлтдэг нь австраличууд болоод жуулчдыг нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээдэг юм. Хэдийгээр үүнд дэндүү их мөнгө зарж байна гэсэн шүүмжлэл явдаг ч нэг сая гаруй хүн далай эргийг тойрон цугладаг гэхээр энэ нь эргээд ихээхэн орлого оруулж байгаа нь лавтай.

Мөн алдарт дуучин Мариан Кэрри Мельбурнийн Краун Казиногийн шинэ жилийн үдэшлэгт ая дуугаа өргөсөн байна.

Энэ жил Сиднейн ёслолын буудлагыг 1.5 сая хүн энэ ёслолыг үзэж сонирхжээ.

КАЙРО

Алдарт пирамид шинэ жилийн үдэш өнгө өнгөөр гэрэлтэн байлаа.

ТОКИО

Япончууд Токио цамхгийн ойролцоо бөмбөлөг хөөргөн шинэ жилээ тэмдэглэж байна. Шинэ жил гарахын өмнөх өдрүүдэд хүмүүс сүмд очиж, ирэх жилийнхээ хүслийг цаасан дээр бичин модонд өлгөдөг уламжлалтай.

ӨМНӨД СОЛОНГОС

Өмнөд солонгосчууд шинэ жилийг хонх дуугарах ёслол хийгээд ёслолын буудлагаар угтдаг. Энэхүү зурганд Пажу хотын Имжингак парк-д хүмүүс цуглан, баяраа тэмдэглэж байгааг харуулжээ.

ХЯТАД

Хятадын Жүжуанг хотод иргэд шинэ жилийн хүслээ шивнэсэн гэрэлт дэнлүүг голын усанд тавьцгааж байна.

Тайванийн алдарт 101 цамхаг шинэ жилийн үдэш гайхалтай харагдаж байлаа.

ЭНЭТХЭГ

Амритсар дахь шинэ жилийн үдэш Харвиндер Синх Жилл хэмээх артист хүнсний ногоогоор энэ бүтээлийг урлан иржээ.

2016 ОНД ТӨРСӨН АНХНЫ ХҮҮХЭД

Филиппин шинэ оныг угтсан хамгийн эхний орнуудын нэг байсан болохоор Кашмир Мансилла хэмээх нэртэй энэ бяцхан хүүхэд 2016 онд төрсөн анхны хүүхэд боллоо.


Мэдээ болон гэрэл зургийн эх сурвалж: Telegraph, Associated Press, Getty Images