Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   12 сарын 28, 2015

2015 оны шилдэг компани, стартапууд

"Онцлох бизнес" булангийн энэ оны сүүлийн дугаартаа бид энэ онд амжилттай ажилласан 4 том компани болоод 4 ирээдүйтэй стартапыг онцоллоо. Эдгээрээс та дэлхийн бизнесийн чиг хандлагын талаар бага ч атугай ойлголттой болох, ажил бизнестээ шинэ санаа сэдэл авах нь магад. Хэдийгээр бид энэ удаа монгол компани, стартапуудыг хараахан онцлоогүй ч жилийн дараа гэхэд өөрсдийн нэрийн жагсаалт гаргах нөөц боломж бүрдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

TESLA MOTORS

Зах зээлийн үнэлгээ: $25.5 тэрбум (2015 оны 5-р сарын байдлаар)
Гүйцэтгэх захирал: Элон Маск
Вэбсайт: http://www.teslamotors.com
Ажилтны тоо: 10,161
Борлуулалт: $3.2 тэрбум
Төв оффисын байршил: Калифорниа, Пало Алто

Тэсла Моторс цахилгаанаар явдаг машин, цахилгаан дамжуулах дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг зохион бүтээж, хөгжүүлж, үйлдвэрлэдэг компани. Өөрсдийн анхны машин болох Tesla Roadster-ийг 2008 онд гаргасан тэд цахилгаан дамжуулах бүрдэл хэсгүүдийг бусад автомашин үйлдвэрлэгчдэд борлуулдаг. Автомашины салбарт хувьсгал хийж буй, 2013 онд байгуулагдсан тус компани захирал Элон Маскийнхаа байнга өсөн нэмэгдэж буй нэр хүндийн нөлөөгөөр улам л алдаршиж байгаа юм.

Тэсла Forbes-ийн 2015 онд "Дэлхийн хамгийн инновацилаг 100 компани" жагсаалт болон MIT Review-ийн "Дэлхийн хамгийн ухаалаг 50 компани" жагсаалтын алин алиныг тэргүүлсэн нь хэрхэн амжилттай ажиллаж байгаагийн илрэл юм.

ILLUMINA

Зах зээлийн үнэлгээ: $26.3 тэрбум (2015 оны 5-р сарын байдлаар)
Гүйцэтгэх захирал: Жэй Платлий
Вэбсайт: http://www.illumina.com
Ажилтны тоо: 3,700
Борлуулалт: $1.86 тэрбум
Төв оффисын байршил: Калифорниа, Сан Диэго

Иллумина компани генийн үйл ажиллагаа, төрөлжилтийг задлан шинжилдэг цогц системийг үйлдвэрлэдэг. Эдний үйлчлүүлэгчид дотор генетикийн судалгааны төвүүд, боловсролын байгууллагууд, засгийн газрын лабораториуд, эмнэлгүүд, эмийн, биотехнологийн зэрэг арилжааны компаниуд байдаг. Тус компани 1998 онд байгуулагдсан юм.

Иллумина 2015 онд Forbes-ийн "Дэлхийн хамгийн инновацилаг 100 компани" жагсаалтын 35-д, MIT Review-ийн "Дэлхийн хамгийн ухаалаг 50 компани" жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгджээ.

TENCENT

Зах зээлийн үнэлгээ: $181.1 (2015 оны 5-р сарын байдлаар)
Гүйцэтгэх захирал: Хуатенг Ма
Вэбсайт: http://www.tencent.com
Ажилтны тоо: 27,690
Борлуулалт: $12.81 тэрбум
Төв оффисын байршил: Шензен

Ма Хуатенг тус компанийг 1998 онд үүсгэн байгуулсан бөгөөд Хятадын анхны чат үйлчилгээ болох QQ-г хөгжүүлж байсан билээ. Тэрбээр өдгөө 18.8 тэрбумын долларын хөрөнгөөрөө Хятадын 4 дэх баян хүнээр тодорчээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Тенсент мобайл тоглоом, интернэт худалдаа, энтертэйнмэнт үйлчилгээ, онлайн хөгжим, имэйл, болзооны үйлчилгээ зэрэг салбаруудад хүч үзэх болсон юм. Үнэгүй ашиглагддаг WeChat нь одоогоор 550 сая хэрэглэгчтэй болоод байна.

Тенсент 2015 онд Forbes-ийн "Дэлхийн хамгийн инновацилаг 100 компани" жагсаалтын 55-д, MIT Review-ийн "Дэлхийн хамгийн ухаалаг 50 компани" жагсаалтын 7-д оржээ.

NETFLIX

Зах зээлийн үнэлгээ: $25.5 (2015 оны 5-р сарын байдлаар)
Гүйцэтгэх захирал: Рийд Хастингс
Вэбсайт: http://www.netflix.com
Ажилтны тоо: 2,450
Борлуулалт: $5.5 тэрбум
Төв оффисын байршил: Калифорниа, Лос Гатос

Нетфликс бол кино, тв цувралуудыг интернэтээр шууд дамжуулдаг, шуудангаар ДиВиДи явуулдаг компани билээ. Тус компани дотоодын стрийминг, олон улсын стриймэнг, дотоодын ДиВиДи зэрэг гурван бизнесийн сувагтай. Тэд контентуудаа төрөл бүрийн студиуд, контент нийлүүлэгчдээс лицензийн тогтсон төлбөр, орлого хуваах гэрээ, шууд худалдан авалтын дүнд олж авдаг.

Нетфликс контентийн зах зээлд маш амжилттай ажилласан хэвээр байж, Forbes-ийн "Дэлхийн хамгийн инновацилаг 100 компани" жагсаалтын 27-д, MIT Review-ийн "Дэлхийн хамгийн ухаалаг 50 компани" жагсаалтын 10-т багтан энэ оныг үдэж байна.


Харин одоо ирээдүйтэй, шилдэг гэгдэж буй 4 стартаптай танилцъя.

NEBIA

Ямар учиртай стартап болох: Бүр дэлгүүрт тавигдахаасаа өмнө Тим Күүк болон Кикстартерын зуун зуун хэрэглэгчээс мөнгө босгосон Nebia-гийн шүршүүр нь Цахиурын хөндийн шинэ "халуухан" бүтээгдэхүүн болоод байна. Тус стартап Y Combinator-ийн 8-р сарын үзүүлэнгийн өдрөөр нээлтээ хийсэн ба Кикстартер дээр 3 саяыг босгож, уг вэбийн хамгийн өндөр санхүүжилт авсан 25 төслийн нэг болсон юм. Энэхүү шүршүүр нь даралтын тусламжтайгаар усыг атомжуулж, илүү өргөн хэсгээр шүрших, манан дунд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэн, хамгийн гол нь усыг хэмнэх зориулттай юм.
Санхүүжилт:
Kickstarter-ийн хэрэглэгчдээс 3 сая гаруй доллар
Вэбсайт:
https://nebia.com/

DIAMOND FOUNDRY

Ямар учиртай старт болох: 11-р сард олон нийтэд ил болсон энэ стартап 9 карат хүртэлх хэмжээтэй алмазуудыг лабораторийн аргаар ердөө 2 долоо хоногийн дотор ургуулж чадна хэмээж байгаа юм. Тэд лабораторид цэвэр алмазыг ургуулах аргыг олохын тулд 3 жил ажиллаж, газраас гаргаж авсан алмазны нимгэн хэрчимд атомуудыг нь наалдуулдаг плазмыг нээн олжээ. Тэрхүү атомууд нь улмаар байгалийн алмазын дээр давхарга үүсгэн үүсгэсээр жинхэнэ, цэвэр алмазыг бий болгох гэнэ.
Санхүүжилт: Тэд гурван шатны санхүүжилтээс 100 сая дөхсөн хөрөнгө оруулалтыг татаад байгаагийн дотор нь алдарт жүжигчин Леонардо ДиКаприо, Twitter/Medium-ийн үүсгэн байгуулагч Эван Уиллиамс, Zynga-ийн үүсгэн байгуулагч Марк Пинкус зэрэг олон хувь хүн, венчур сангууд байгаа юм.
Вэбсайт:
https://www.diamondfoundry.com/

M.GEMI

Ямар учиртай стартап болох: Ruelala хэмээх хувцас загварын сайтыг үүсгэн байгуулэгч Бэн Фишманы шинэ стартап M.Gemi нь гар хийцийн, гоёмсог итали гутлуудыг боломжийн хямд үнээр хүмүүст хүргэх зорилготой. Италийн үйлдвэрүүдэд урласан гутлууд нь ойролцоогоор 500-2,000 доллараар зарагддаг бол Италийн жижиг гутлын үйлдвэрүүдээс шууд нийлүүлдэг M.Gemi-гийн гутлууд 98-300 долларын үнээр борлогддог.
Санхүүжилт:
Breakaway Innovation Group, Forerunner Ventures, General Catalyst Partners зэрэг венчур сангуудаас 14 сая долларыг босгожээ.
Вэбсайт:
http://www.mgemi.com/

A PLUS

Ямар учиртай стартап болох: Нью-Йоркт төвтэй энэхүү дижитал медиа стартап нь вэб болон мобайл апп-аар дамжуулан хувь хүнийг хөгжүүлэх, нийгмийн өөрчлөлтийг уриалан дуудах, хүмүүсийн нэг ижил зорилгыг онцлох зэргээр дандаа эерэг утга агуулгатай контент хүргэж, улмаар дэлхийд зөв зүйтэй өөрчлөлт гаргах зорилготой. Тус сайтыг жүжигчин, технологийн хөрөнгө оруулагч Аштон Катчер болон Эван Бийрд, Кендал Дабаги нар үүсгэн байгуулж, 2015 оны 1-р сарын 27-нд албан ёсоор нээлтээ хийжээ. Өдгөө тус сайтад нэг сард 50 гаруй сая давтагдаагүй хандалт бүртгэгддэг болжээ. Unread ч мөн эерэг контент хүргэхийг чухалчилдаг болохоор бид энэхүү компанийг онцоллоо.
Санхүүжилт: Аштон Катчер, Sound Ventures, болон зарим урлаг соёлын одод, SV Angel, Axelspringer, Gary Vaynerchuck, Venture 51, Ceyuan Ventures-ийн Ричард Чэн, Social Starts, Norwest Venture Partners-ийн Жаред Хяат, Babble-ийн үүсгэн байгуулагч Руфус Гриском нараас 3.5 саяын хөрөнгө босгосон байна. Мөн Ники Минаж, Лил Вэйн нар тус сайттай холбоотой гэнэ.
Вэбсайт: http://www.aplus.com

31562   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.