Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   12 сарын 27, 2015

2015 оны онцлох үйл явдлууд

Ахин нэг гайхалтай, ахин нэг дурсамжтай оныг бид үдэж байна. 2015 он бид бүгдэд эргэн дурсах сургамжтай, санан баясах мөчүүдтэй, гунигтай бас хөгжөөнтэй олон олон дурсамжийг бэлэглэсэн нь гарцаагүй. Unread оны шилдгүүдийг танилцуулж буй цуврал нийтлэлийнхээ хүрээнд 2015 оны дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудыг ийн нэрлэж байна.

ПАРИС, БИД ЧАМТАЙ ХАМТ!

Дэлхийн хамгийн романтик хот Парис энэ жилийн дэлхий нийтийн анхаарлын төвд байсан хот байлаа. Хоёр ч удаа болсон алан хядах ажиллагааны золиосонд хэдэн зуун гэмгүй хүн амь насаа алдаж, дэлхий нийт уй гашууд автав. Терроризмын аюул занал ямар ойрхон ирснийг олон хүнд мэдрүүлсэн энэхүү үйл явдлуудаас гадна бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ийн чуулган уг хотод болж, хүн төрөлхтний ирээдүйд чухал нөлөө үзүүлэхүйц тунхаг бичгийг гаргасныг онцолж байна.

1-р сарын 7. Францын хамгийн алдартай шог сэтгүүлүүдийн нэг Шарли Эбдогийн редакцад зэвсэгт этгээдүүд дайран орж, 12 хүний амь насанд хүрэв. Муслим шашны өвөг эцэг зөнч Мухаммедийг элэглэсэн дугаарыг гаргасанд эгдүүцсэний төлөө энэ хэргийг үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг 2 хоногийн дараа баривчилж, аюулгүй болгосон билээ. Франц орон даяар терроризмын эсрэг тайван жагсаал болж, сая сая хүмүүс үүнд оролцжээ.

11-р сарын 23. Парисд ахин халдлага болов. Хөлбөмбөгийн цэнгэлдэх, рок концерт, хоолны газар гээд хүн ихээр бужигнадаг газруудад халдлага болж, дор хаяж 130 гаруй хүн амь эрсдэн, зуу зуун хүн шархдав. Энэ хэргийн хариуцлагыг хүн төрөлхтний №1 дайсан болоод буй ISIS-ийнхан хүлээхээ мэдэгдсэн билээ.

12-р сарын 12: Дэлхийн 196 орны төрийн тэргүүд, лидерүүд Парис хотноо чуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх дэлхий нийтийн тунхагийг батлав. 2100 он гэхэд дэлхийн дулаарлыг 1.5 градуст барих, хүлэмжийн хийн хэрэглээг хязгаарлан тэгд хүргэх, байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний технологид хөрөнгө оруулалт хийх зэрэг чухал асуудлууд энд шийдэгдсэн билээ.

НИЙГЭМД ГЭРЭЛ ГЭГЭЭ НЭМСЭН УЛС ТӨРИЙН ШИЙДВЭРҮҮД

Иргэний агаарын тээврийн салбарт тохиолдсон гунигт ослууд, дэлхийн өнцөг булан бүрт болж буй цус халдлага, иргэний дайнууд, террористуудын аюул занал зэрэг сөрөг мэдээнүүдээс гадна эерэг шийдвэрүүд ч өнгөрсөн жил цөөнгүй гарсныг бид онцолж байна.

6-р сарын 26: АНУ-ын дээд шүүхээс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг улс орон даяар хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан нь дэлхий даяарх LGBT коммьюнитигийн хувьд том ялалт болсон юм. АНУ ийм шийдвэр гаргасан дэлхийн 14 дэх улс болжээ.

9-р сарын 2: Туркийн Бодрум хотын ойролцоох тэнгисийн эрэг дээрээс олдсон энэ бяцхан хүүгийн цогцос дэлхий нийтийн анхаарлыг Сирийн дүрвэгсдийн чиг хандуулахад хүргэсэн юм. Сирид өрнөж буй иргэний дайны улмаас 4 сая гаруй хүмүүс эх нутгаасаа дайжаад байгаа бөгөөд зөвхөн энэ жил Герман улс 1 сая орчим дүрвэгсдийг хүлээн авч, тэдэнд 21 тэрбум евро зарцуулах болсноо зарласан юм.

9-р сарын 27: НҮБ-аас 2030 он хүртэлх дэлхийн улс орнуудын хийж гүйцэтгэх гэрийн даалгаврыг баталлаа. Шинэ мянганы эхэнд баталж, өнөөгийн нийгмийн хөгжлийн үндэс болсон "Мянганы хөгжлийн зорилт"-ын хугацаа дуусгавар болж шинээр "Тогтвортой хөгжлийн зорилт"-ыг баталсан нь энэ байлаа. Хүний эрх, ядуурал, инновац, боловсрол гээд бүхий л талын асуудлуудыг багтаасан энэ зорилтонд 17 зорилго, 156 зорилго багтсан бөгөөд 196 улс нэгджээ.

ЭДИЙН ЗАСАГ: ДЭЛХИЙГ ДОНСОЛГОСОН ЭДИЙН ЗАСГИЙН ҮЙЛ ХӨДЛӨЛҮҮД

Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралт, АНУ-ын холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлогын хүүгээ өөрчилсөн, Грекийн өрийн хямрал даамжирсан, Орос Украйнд хориг тавьж, онгоцыг нь унагасан Турктэй харилцаа нь муудсан гээд олон сонирхолтой үйл явдал эдийн засгийн ертөнцөд өрнөв.

Хятадын эдийн засгийн өсөлт саарч, түүний нөлөө зөвхөн Монголд биш дэлхий дахинд мэдрэгдэв. Дэлхийн 2 дахь том эдийн засаг Хятад "хэрэглээнд суурилсан эдийн засаг"-ийн бодлого баримтлахаа зарлаж,  ханш тооцох аргачлалаа өөрчилснөөр юанийн ханш урьд өмнө байгаагүй түвшнээрээ унасан юм. Энэ уналт санхүүгийн зах зээлд нөлөөлж, Шанхайн хөрөнгийн биржийн үндсэн индекс нэг өдрийн дотор 8 хувиар унасан юм.

Европын холбоог тэр чигт нь хөдөлгөсөн Грекийн өрийн хямрал үргэлжилсээр. Өмнөх 2 удаагийн зээлээр нийт 240 гаруй тэрбум еврог зээлчихээд байсан Грек улс дахиад л дампуурлын ирмэг дээр ирж, ахин 83 тэрбумыг зээлэв. Өнгөрсөн 5 жилд эдийн засаг нь 25 хувиар агшиж, ажилгүйдлийн түвшин 25 хувьд хүрсэн грекчүүдийн ирээдүй бүрхэг хэвээр л байна.

ТЕХНОЛОГИ: ОРГИЛ ӨӨД ТЭМҮҮЛСЭН ТЕХНОЛОГИЙН ОЛОЛТУУД

Өдөр, цаг, мөч бүрт шинээр нээгдэж буй технологийн ололтууд хүн төрөлхтнийг мэдээллийн эрин зуунд улам урагшаа хөтөлсөөр. Фэйсбүүк, Гүүгл тэргүүтэй томчуудын өрсөлдөөнд хэрэглэгчид хожиж, Square, Etsy, Tinder шинээр IPO гарган, Slack, Uber, Airbnb-ийн нэр алдар оргилдоо хүрсэн технологи, стартапын орчны онцлох мэдээнүүдээс илүүтэй бид ирээдүйд нөлөөлж чадах том ололтуудыг онцоллоо.

10-р сарын 7: NASA-ийн эрдэмтэд Ангараг гарагт усны ул мөр олдсон талаар албан ёсоор зарлаж, хүн төрөлхтний эртнээс нааш мөрөөдөж ирсэн өөр гараг дээр амьдрал байдаг эсэх тухай асуултын хариултад нэг алхмаар ойртов. Нэгэн цагт тэнд ус далай тэнгис мэт цалгиж байсан бөгөөд чулуужсан усны мөр олдож, одоо мөс хэлбэрээр оршин байгаа гэж тэд мэдэгдсэн. Мөн цаашдаа зөвхөн робот биш судлаачид, эрдэмтдийг явуулж амьдралын ул мөр хайна гэдгээ зарласан билээ.

12-р сарын 21: Өнөө цагийн хамгийн суут сэтгэгчдийн нэг Элон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX ахин ашиглагдах зориулалт бүхий Falcon 9 нэртэй пуужингаа амжилттай туршиснаар сансар судлалын салбарыг тэр чигт нь өөрчлөх эхлэлийг тавилаа. Өмнө нь 2 ч удаа туршаад бүтэлгүйтсэн энэ технологи сансрын уудмыг эзлэх хүн төрөлхтний мөрөөдлийг улам наашлуулж, зардлыг багасган, энгийн хүмүүст ч сансарт аялах боломжийг олгох алсын хараатай билээ. 

СПОРТ: БӨӨН БӨӨН ДЭЭД АМЖИЛТУУДТАЙ ЖИЛ

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн, регбигийн, крикетийн ДАШТ-тэй, Роналду-Мессигийн дуэль үргэлжилж, Бээжин өвлийн олимпийн эрх аван, Серена, Жоковичийн давамгайлал улам даамжирсан, Р.Роузи алдрын оргилд хүрч, Вүүдсийн доройтол олныг гайхшруулсан, Болт өөрийгөө хурдан хэвээр байгааг баталгаажуулсан 2015 он спорт сонирхогчдыг огтхон ч уйдаасангүй. Ирэх жил биднийг олимп, Евро хүлээж байгаа шүү, нөхөд өө.

Дэлхийн хамгийн нөлөөтэй спортын холбоо ФИФА-ийн эргэн тойронтой холбоотой авилгалын хэрэг энэ жилийн гол онцлох үйл явдал байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд ахин ялалт байгуулсныхаа дараахан үүрэгт ажлаа хүсэлтээрээ өгөх болсноо зарласан Зепп Блаттер болон түүнийг тойрон хүрээлэгчдийг шүүх цагдаагийнхан шалгаж, засаглалын бөөн асуудалд тэд ороод байна. Блаттерийг гол залгамжлах хүнээр нэрлэгдэж байсан УЕФА-ийн тэргүүн М.Платини ч шийтгэл хүлээж, том спонсорууд нь тэднээс нүүр буруулахад хүрэв. ФИФА-ийн хямрал улам даамжирсаар.

5-р сарын 2: Зууны тулаан хэмээн нэрлэгдсэн, нийлээд 13 жингийн дэлхийн аварга цолыг эзэмшиж байсан, энэ цагийн хамгийн шилдэг боксчид болох Флойд Мэйвэдер болон Мэнни Пакьяо нарын тулаан энэ жил биеллээ олов. 410 сая долларын орлогыг цуглуулж, бүх цаг үеийн хамгийн их үзэгчтэй, хамгийн их орлого олсон тулаанд Мэйвэдэр давамгайлж, ялагдаагүй цувралаа үргэлжлүүлж чадсан билээ.

Алтан Мужийн Дайчид энэ жил босоо байлаа. Хөлбөмбөгт Барселона давамгайлснаас ч илүү сагсанд дархлагдсан Уарриорс НБА-ийн аварга болж, улирлын эхний 24 тоглолтдоо дараалан ялж, бөөн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна. Сэтгэл хөдөлгөм ялалт, боломжгүй шидэлтүүдийг үзүүлсээр буй тэднийг хэн, хэзээ зогсоох бол?

ЭНТЕРТЭЙНМЕНТ: АДЕЛЕ, ОДДЫН ДАЙНТАЙ ЖИЛ

2015 оныг бид Аделийн 25 гарсан жил, Оддын дайны 7-р анги цацагдсан жил хэмээн санах болно. Call of Duty-ийн шинэ анги борлуулалтаараа шуугиан тарьж, Game Of Thrones-ийн байлдан дагуулал, Victoria's Secret-ийн тогтвортой амжилтуудыг тэд өөрсдийн "байж боломгүй" амжилтуудаар дарж орхив.

11-р сарын 20: 4 жилийн дараа шинэ цомгоо гаргасан Аделе уналтанд ороод байсан хөгжмийн CD борлуулалтын зах зээлийг аварч, бөөн бөөн дээд амжилтыг тогтоов. Хаанаас нь ч сонссон Аделийн уянгалаг хоолой, гунигтай үгс болон сэтгэл хөдөлгөм аялгууг агуулсан "25" цомог эхний долоо хоногтоо л 3.38 сая хувь борлогджээ. Ирэх жил ч түүний хувьд онцгой жил байж, шагналын хур буулгах нь тодорхой биз ээ.

12-р сарын 18: Фенүүдээ Аделээс ч илүү буюу 10 жил хүлээлгэсэн "Оддын дайн" 7-р анги болох "Хүч сэргэсэн нь" ангиараа эргэн ирж, киноны салбарт цахиур хагалж байна. Дисней 2012 онд энэ франчайзийн эрхийг авснаас хойш гаргаж буй анхны ангийг алдарт найруулагч Жэй Жэй Абрамс найруулсан бөгөөд эхний долоо хоногтоо дэлхий даяар 890 сая доллар олж, дээд амжилт тогтоов. Оны төгсгөл тэр чигтээ оддын дайнаар амьсгалсан өдрүүд байлаа.

20783   4


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.