Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   10 сарын 26, 2015

Онцлох бизнес: Goldish Gym - Бие махбодио баярлуул

Сүүлийн үед фитнест явна гэдэг зөв моод дэлгэрээд байгаа билээ. Фитнес клубууд ч тэр хэрээр олноор байгуулагдаж байна. Unread энэ удаа олон жилийн түүхтэй нэгэн клубийг "Онцлох бизнес" буландаа урьж оролцууллаа.

Бизнесийн нэр: Goldish Gym
Хаяг: Спортын төв ордны зүүн талд, Спорт цогцолборын 2-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Бодибилдинг, фитнес
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2000 он
Үүсгэн байгуулагч: Ж.Ганболд
Ажилтны тоо: 5
Фэйсбүүк хуудас: Goldish Gym

Захирал Г.Ганням

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

2000 онд бодибилдинг, фитнесийн Хар Ирвэс, Тайхар, Мустанг зэрэг цөөхөн том клуб л байлаа. Тэр үед хүмүүст цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар цөөхөн байгааг ажигласан аав маань энэ клубийг анх нээж байсан. Өөрөө спортын хүн учир энэ бизнесийг эхлүүлэхэд нэлээн дөхөм байсан байх. Харин 2011 оноос хойш би клубээ удирдан ажиллуулж байна.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Гэр бүлийн хуримтлал, бусад бизнесээсээ хөрөнгө оруулж байж анх нээсэн.

Танайх юугаараа бусдаас өөр, давуу талуудтай вэ?

Манайх хотын төвд, их сургуулиудын дунд байршилтай. Тиймээс дийлэнх үйлчлүүлэгчдээ оюутнууд байгаасай гэсэндээ тэдний төлж чадах үнийг санал болгодог. Сарын төлбөр 50 мянга.

Германы чанартай төхөөрөмжүүдтэй. Хэдийгээр Хятад, Тайванийн сүүлийн үеийн гял цал болсон шинэ, сүр бараатай төхөөрөмжүүд биш боловч хүний биед ямар үйлчлэл үзүүлэх ёстой, тэрийгээ маш сайн гүйцэтгэдэг. Хүмүүс манай дээр бэлтгэл хийж эхлээд удалгүй л төхөөрөмжиндөө дасчихдаг юм.

Мөн мэргэжлийн 2 багш маань хүмүүстэй сайн тулж ажилладаг. Тулж ажиллана гэдэг ер нь их чухал. Шилдэг сайн багштай гэгддэг, том фитнес клубуудэд багшаа олж авах нь заримдаа хэцүү болчихоод байдаг талтай.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Одоогийн нэрээ брэнд болгож, дахиад 2-3 салбар нээх.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Манайхыг зорьсон хүмүүст гол нь зөв ойлголт өгөхийг эрмэлздэг. Олон залуус найз нөхдийнхөө зураг, бичлэгийг үзээд, богино хугацаанд гоё биетэй болчихдог юм байна гэсэн ташаа ойлголттой бэлтгэлд явж эхлээд, удалгүй хаячихдаг юм. Анхандаа бол би ямар уураг уух уу, ямар дасгал хийх үү гээд их сүртэй орж ирдэг ч тэгсгээд шантарчихдаг. Бид тэр буруу ойлголтыг нь засаж, тууштай явах нь хамгийн чухал шүү гэдгийг сайн захьдаг, хэрэгтэй хэрэггүй дасгал хийлгүүлсэн болоод мөнгийг нь авахыг боддоггүй. Төлбөр төлснөөс л илүү сэтгэл ханамж өгөхийг хичээж, бие бялдарт нь анхаарч, стресстэй нийгэмд байж байгаад зааланд ирсэн хүмүүсийг бэлтгэлээ хийчихээд инээгээд гардаг байлгахын төлөө мэрийж ажилладаг.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Зүгээр л төмөр өргөх гэдэг утгаар нь биш эрүүл чийрэг биетэй болох, амьдралын зөв хэмнэлд орох зорилгоор манайд ирдэг залуусыг харах, өөрийгөө хэрхэн хөгжүүлж, бие бялдар нь хэрхэн өөрчлөгдөж байгааг харах сайхан байдаг.

Нөгөө талаас, стандартын шаардлага хангахгүй фитнесүүд сүүлийн үед олон болсон нь хүмүүст сөрөг нөлөөтэй. Хямдхан аргаар мөнгө олчихъё гэсэн хүмүүс хэтэрхий жижиг талбайд ч юм уу подвальд хэдэн төхөөрөмж суурилуулж, мэргэжлийн бус хүмүүсээр заалгаж байна.

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамжаасаа хуваалцана уу?

Манайх дээр үеэсээ цөөн хэдхэн клубийн нэг байсан. Тэгээд түүндээ эрдээд ч гэх үү явж байтал нэг л мэдэхэд шинэ, том клубууд олноор бий болж, тэднээс хоцорч эхэлж байгаа нь анзаарагдсан. Түүнээс хойш үүндээ дүгнэлт хийгээд, өөрсдийн онцлог, давуу талд дөрөөлөн үлгэр жишээ клуб болохоор ажиллаж байна.

Goldish Gym-ээр сүүлийн үеийн сонин сайхан?

Тоног төхөөрөмжүүдээ шинэчилж, заалныхаа орчинг сайжруулж байна. Хоёр дахь зааландаа бие халаалтын тоног төхөөрөмжөө оруулсан. Тэр зааландаа мөн аэробек, бүжиг, иогийн сургалтуудыг нэмж явуулахаар ажиллаж байна. Энэ төрлүүдээр мэргэжлийн багш нартай хамтарч ажиллана.

Мөн энэ зун зааландаа засвар хийж байгаад эргээд нээсэн болохоор намрын урамшуулал зарласан. 2 сарын төлбөрөө төлбөл нэмээд 1 сар үнэгүй явах, 3 сараар нь төлбөл нэмээд 2 сар үнэгүй явах эрх нээгдэж байгаа.

Танайд маш амжилттай хичээллэсэн хүмүүсээс жишээ дурдах боломжтой юу?

Манайд бөхчүүд нэлээн хичээллэдэг уламжлалтай. Дээхнэ үед Сүхбат аварга, Ганбат арслан нарын бөхчүүд, бас жүдогийнхон явдаг байсан. Женко Баттулга гуай бас олон жил хичээллэсэн дээ. Сүүлийн үед гэвэл, Батсуурь, Бүрэнтөгс нарын арслангууд, мөн Жанцанноров гуай хичээллэж байна. Мөн манайд 60 кг-тай орж ирээд хоёрхон жилийн дотор 100 гаруй кг-тай болсон, пауэрлифтингийн хэвтээ шахалтын олон том тэмцээнд түрүүлсэн тамирчин бий.

31663   12


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.