Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   10 сарын 18, 2015

7 хоногийн тойм: Бургер Кинг Монголд + Dell & EMC + Евро 2016

Unread-ийн "7 хоногийн тойм" ээлжит дугаараа хүргэж байна. Энэ долоо хоногт бид Монголд шинэхэн нээгдсэн ээлжит франчайзинг Burger King, технологийн түүхэн дэх хамгийн том худалдан авалтыг Dell хийсэн тухай, Евро 2016-ын сонгон шалгаруулалтын хэсгийн шат дууссан зэрэг мэдээг онцоллоо.

Германы ерөнхийлөгчийн айлчлал, түүнтэй холбоотой түгжрэл, нэмээд бөөн бөөн хурим найр давхацсан намрын налгар энэ өдрүүдэд дэлхийн түргэн хоолны томоохон брэндүүдийн нэг Burger King Монголд анхны салбараа нээснийг бид онцолж байна. Монгол улс BK-ийн салбараа нээсэн 100 дахь орон болж байгаа бөгөөд энэ салбарт харьцангуй туршлагатай гэж хэлж болох "Макс Групп" үйл ажиллагааг эрхлэн явуулах ажээ. 1954 оноос эхтэй Burger King өдгөө дэлхий даяар 14000 гаруй салбартай. Ташрамд дуулгахад 2010 онд Бразилын 3G групп, алдарт У.Баффетийн Berkshire Hathaway-ийн хамтаар тус компанийн дийлэнх хувьцааг 3.26 тэрбум доллараар худалдаж авсан билээ. Burger King-ийн эхний салбар 3, 4-р хороололд байрлаж байна.

Макс: Burger King нээлтээ хийлээ
News: Burger King-ийн албан ёсны эрхийг эзэмшигчээр Макс Групп сонгогдлоо

Технологийн салбарын түүхэн дэх хамгийн үнэтэй худалдан авалт энэ долоо хоногт боллоо. Компьютер үйлдвэрлэлийн томоохон тоглогчдын нэг Dell тоон өгөгдөл хадгалалтын салбарын гигант EMC-ийн нэгж хувьцаа бүрийг 33.15 доллараар үнэлэн, нийт 67 тэрбум доллараар худалдан авах болсон байна. Худалдан авалт 2016 оны 2-р улиралд бүрэн дуусах төлөвтэй байгаа бөгөөд үүнээс өмнө холбогдох байгууллагуудын зөвшөөрлийг хүлээх ёстой. Өдрөөс өдөрт өрсөлдөөн ширүүсэж буй мэдээллийн технологийн салбарт Dell өөрийн байр суурийг баталгаажуулж, ирээдүйн чиг хандлагын дагуу дата боловсруулалт, хадгалалт ба шинжилгээ, системийн аюулгүй байдлын үйлчилгээг үзүүлэгч энэхүү компанийг худалдаж авч байгаа юм. Гэрээний дагуу EMC-ийн хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаа бүрээс 24.05 долларыг бэлнээр авахаас гадна шинэ байгуулагдаж буй компанийн хувьцааг эзэмших эрхтэй болж буй. Шинжээчдийн таамаглаж байгаагаар худалдан авалтын дараагаар компанийн жилийн борлуулалт 80 тэрбумд хүрэх бололтой. Үүнээс гадна Square болон Tinder IPO хийхээ зарласан, Хятадын Пангу хакер бүлэглэл iOS9-ийн анхны jailbreak-ийг гаргасан, жолоочгүй гэдгээрээ онцлогтой Tesla Model S-ийн туршилтын бичлэг цацагдсан, Blackberry анхны андройд гар утсаа гаргасан зэрэг сонирхолтой үйл явдлууд технологийн ертөнцөд өрнөлөө.

Business Insider: Dell салбарын түүхэн дэх хамгийн том худалдан авалтыг хийлээ
Ikon: Dell корпораци EMC-ийг түүхэн дээд үнээр худалдаж авахаар боллоо

Англи-Америкийн иргэн, Принстоны их сургуулийн эдийн засагч Ангус Дитон хэрэглээ, ядуурал, баялгийн талаар хийсэн судалгааныхаа төлөө 2015 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ. Шведийн эзэн хааны шинжлэх ухааны академиас түүнд шагнал гардуулахдаа хэрэглэгчид өөр өөр бүтээгдэхүүнүүдэд хэрэглээгээ хэрхэн хуваарилдаг тухай, хэрэглэгч хэр ихийг зарцуулж, хадгалбал зохих тухай, мөн ядуурал болон баялгийн байдлыг хэрхэн хэмжих тухай судалгааны ажлыг нь онцолж, "микроэкономикс, макроэкономикс болон хөгжлийн эдийн засгийн салбарт шинэчлэл авчирсан" хэмээжээ.

Gogo: Ангус Дитон Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ
VIP76: Аз жаргалтай амьдрахад 75 мянган доллар хэрэгтэй

Ирэх зун Франц улсад зохиогдох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 20 багийн нэр тодорхой боллоо. 13 сарын турш үргэлжилж буй сонгон шалгаруулалтын хэсгийн шатанд нийт 53 баг оролцсон бөгөөд Герман, Испани, Англи, Итали зэрэг топ улсууд торолгүй эрхээ авлаа. Евро 2016 нь УЕФА-гийн жижиг улсуудыг дэмжих бодлогын хүрээнд анх удаа 24 багтайгаар зохиогдох болсон нь Хойд Ирланд, Албани, Уэльс, Исланд зэрэг багуудад боломж олгож, тэд Францыг зорих эрхтэй болсон юм. Гэсэн ч 1988 оны Европын аварга, ДАШТ-ий гурван удаагийн мөнгөн медальт Нидерландын баг хэсэгтээ 4-р байр эзлэн, тэмцээнээс мултарч "хөгөө чирэв". Хэсэгтээ 3-р байр эзэлсэн Босни, Швед, Дани зэрэг 8 улс 4 эрхийн төлөө нэмэлт тоглолтыг ирэх сард хийх болно.

News: Евро 2016-д ямар багууд орох вэ?
Gazzetta: 20 баг эрхээ авлаа

Piper Jaffray-гаас явуулсан судалгааны үр дүн Америкийн өсвөр насныхан дундах Фэйсбүүкийн хэрэглээ буурсаар байгааг баталлаа. 13-19 настнуудын хамгийн их хэрэглэж буй олон нийттэй харилцах хэрэгсэл нь 33 хувь нь хэрэглэж буй Instagram байгаа гэнэ. Үүний дараа 24 хувь нь Twitter, 19 хувь нь Snapchat-ийг ашиглаж байгаа ажээ. 2012 онд нийт хэрэглэгчдийн талаас илүү нь ашиглаж байсан гэх Facebook шинээр гаргахаар бэлтгэж буй "reaction" үйлдлээрээ залуусыг татаж чадна гэдэгтээ итгэлтэй буй. Харин үүсгэн байгуулагч Жак Дорсигоо CEO-ийн албан тушаалд "жинхэлээд" удаагүй байгаа Twitter "moments" хэмээх шинэ нэмэлтээ танилцуулсан билээ. Тэрчлэн Snapchat өнгөрсөн долоо хоногт өөрсдөө контент бүтээхээ зогсоох шийдвэр гаргаснаа зарласан юм.

WSJ: Өсвөр насныхан Инстаграмыг илүү их ашиглаж байна
Piper Jaffray: Судалгааны үр дүн

Харин энэ байдал Монголд ямар бол? Та алийг нь илүүд үзэн хэрэглэдэг вэ? Сэтгэгдлээ үлдээн, бүтээлч хэлэлцүүлгийг өрнүүлээрэй.

25208   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.