Гэр бүл, найз нөхөд эсвэл ах эгч нартайгаа нэгэн дээвэр доор хамтран амьдрахад өрхийн санхүү болон гэр ахуйн ажлуудаа цаг тухайд нь төлөвлөж, тогтсон менежменттэй явах нь бэрхшээлтэй байх нь бий. Тэдгээр өрхийн асуудлыг бүрэн шийдэх цахим менежерийг бид энэ удаа онцлохоор бэлтгэлээ. Зөвхөн гэр бүл, найз нөхөд гэлтгүй байрны эзэн, түрээслэгчдийн хооронд тулгардаг төлбөр тооцоо, гэр ахуйн цэвэрлэгээний асуудлыг цогцоор шийдэх RoomMate апп-ийг танилцуулж байна.  

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Хэрэв та найз нөхөд, ах, эгч нартайгаа хамтран амьдардаг эсвэл хэн нэгэнд байр түрээслүүлдэг эсвэл өөрөө түрээсэлдэг бол энэхүү апп-ийг хэрэглэхэд тун тохиромжтой. RoomMate нь өрхийн орлого, зардлага, гэр ахуйн ажлуудаа төлөвлөх, гүйцэтгэх, хянах зэрэг ахуйн бүх асуудлыг шийдэх менежментийн платформ юм.

Уг апп нь хамтран амьдрагчид, байр түрээслэгч, байрны эздийн хооронд үүсдэг санхүүгийн болон гэр ахуйн цэвэрлэгээний асуудлыг шийдэх талбар болжээ. Өрхийн зардлыг хянах, урсгал зардлыг төлөх, гэрийн ажлуудаа хуваарилах, хэн нэгэндээ ямар нэгэн даалгавар захиж үлдээхэд тун тохиромжтой.

Ямар онцлог, давуу талтай вэ?

RoomMate апп нь “Зардал”, “Урсгал зардал”, “Гэрийн ажлууд”, “Даалгаврууд” гэсэн үндсэн дөрвөн цэсээс бүрдэнэ. “Зардал” цэсийг ашиглан гэртээ шинэ зүйл худалдан авах бүртээ жагсаалт үүсгэн, бусад гишүүдэд төлбөрийн мэдээлэл хүргэх боломжтой. Шаардлагатай бол нэхэмжлэх явуулсан ч болох юм. Ингэснээр хамтран амьдрагч хэдий ч аливаа санхүүгийн асуудалд найзан дундаа орохгүй, сахилга баттай байх боломжийг бүрдүүлжээ.

Харин “Урсгал зардал” цэсэнд орон сууцны тогтмол зардлууд болох цахилгаан, ус, хог, гэрийн утас, интернет, СӨХ-ийн төлбөрийг хуанлид тэмдэглэн, оруулах боломжтой. Хугацаанд нь төлөхөө мартахгүйн тулд апп-аас сонордуулга (notification) ирэх тохиргоог хийж болдог нь тун аятайхан санагдлаа. Урсгал зардлын төлөх хугацааг өөрийн хүссэнээр тохируулан, хажууд нь тэмдэглэл хийхаас гадна хамтран амьдрагчаа нэмж болно.

Хоол хийх, хувцас угаах, гэр цэвэрлэх зэрэг ахуйн ажлуудыг тус бүр хариуцах гишүүн, тэдгээрийн гүйцэтгэлийг хянахад энэхүү апп л шилдэг менежер болж чадна. Апп-ийн тусламжтайгаар өөрийн ээлжин дээр хийх ёстой гэр ахуйн ажлуудаа шалгаж, бусад хүмүүсийн гүйцэтгэлийг хянана.

Дараагийн чухал хэсэг бол гэртээ авах шаардлагатай зүйлс болон бусад хийх ажлын жагсаалт юм. Гэрийнхээ хүнсийг цуглуулахдаа давхардсан худалдан авалт хийх эсвэл мартах тохиолдол гардаг бол энэхүү апп тэр бүх асуудлыг шийдэх болно. Түүнээс гадна худалдан авсан зүйлсийнхээ үнийн дүнг бүртгэн, зардлаа хувааж төлөх тохироог идэвхжүүлэх боломжтой.

Мөн тус апп-д нэгдсэн гэр бүлийн гишүүд, хамтран амьдрагчид групп чат үүсгэн хоорондоо чатлах боломжтой бөгөөд санхүү, гэр ахуйн ажлуудыг гүйцэтгэсэн тохиолдолд энэ талаарх мэдээлэл групп чат руу илгээгддэг. Түүнчлэн та байрны эзэн эсвэл байр түрээслэгчтэй энэхүү апп-ийг ашигласнаар төрөл бүрийн зар, мэдээлэл, нэхэмжлэл зэрэг файлуудыг цаг алдалгүй илгээж болно.

Ямар сул талтай вэ?

Өрхийн хэрэглээнд зориулсан ийм төрлийн апп цөөн байдаг тул өөлөх зүйл бага байлаа. Гэхдээ өрхийн орлого, зарлагын мэдээлэл болон гэр ахуйн ажлуудын мэдээллийг Zoho Calendar, Google Calendar зэрэг хуанлид шууд экспорт хийх боломжтой байсан бол тун аятайхан болох байжээ. Энэхүү апп-ыг хамтран амьдрагч нар хамтран зохион бүтээсэн бөгөөд цаашид тогтмол хөгжүүлэх тухай өөрсдийн сошиал хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.