Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   11 сарын 09, 2019

Freakonomics: Бүх юмсын цаадах нуугдсан учрыг тайлах нь

Хэн нэгэн таниас “Хар тамхины наймаачид яагаад ээжтэйгээ амьдарсаар байдаг вэ? Сургуулийн багш, сумогийн тамирчин хоёрын адил зүйл юу бол? Гар буу эсвэл усан сангийн аль нь илүү аюултай вэ?” гэж асуувал таны толгойд юу бодогдох вэ? 

Дээрх хачиртай асуултуудын хариултыг Чикагогийн их сургуулийн эдийн засагч Стивен Левит болон Нью Йорк Таймсын сэтгүүлч Стефен Ж.Дубнер нар "Freakonomics: A Rogue Economist Explores the Hidden Side of Everything" номоороо тайлбарлажээ. Номыг уншсанаар аливаа юмсын учир шалтгааныг нөлөөтэй толинд харж буй мэт өөр өнцгөөс харж, судалснаар таны өдөр тутам хүлээн авдаг мэдээллүүд тэр бүр үнэн биш байх магадлалтайг олж мэдэх вий. Компьютер, мэргэжлийн шинжээчдийн тооцоолсон тоо баримт, статистик худал хэлэхгүй ч тухайн асуудлын үнэнийг бүрэн илэрхийлэх цогц баримт биш. Түүний цаана олон шалтгаан, үр дагавар, түүх нуугдсан болохыг бид энэхүү номоор тайлбарлах болно. 

Хачирхалтай асуултуудыг хэн асуув?

АНУ-ын Харвардын их сургууль болон Массачусетсийн технологийн институтийг дүүргэсэн, эдийн засагчдын дунд Нобелийн шагнал гэгддэг "John Bates Clark”-ийн медаль хүртсэн Чикагогийн их сургуулийн эдийн засагч Стивен Левитийн туулсан зам, туршлагыг нь сонсоод академик боловсролтой, хослол өмссөн залуугийн дүр төрх буух вий. Гэвч түүний тархи үргэлж гэмт хэргийн мөрдөгч эсвэл киноны найруулагч мэт уран бүтээлчээр сэтгэж, аливааг үргэлж сониучирхан судалж явдгийг нь түүний бичсэн номуудаас харж болно.

“Би эдийн засгийн талаар үнэндээ сайн мэдэхгүй. Математик, эконометрикээс авахуулаад элдэв томьёонуудын учрыг олохдоо маруухан. Надаас эдийн засаг цаашид өсөх эсвэл хямрах, инфляцын төвшин тогтвортой байх эсэх тухай асуувал олигтой хариулт өгч чадахгүй л болов уу. Бүгдийг мэддэг юм шиг ярих нь үнэндээ худлаа ярьж буй хэрэг” хэмээн номын эхний бүлэгтээ даруухан өгүүлсэн тэрбээр Нью Йорк Таймсын сэтгүүлч Стефен Ж.Дубнертэй хамтран нийгэм, эдийн засагт өрнөдөг олон асуудлын учир шалтгаан, ээдрээтэй дата мэдээллүүдийг сонирхолтойгоор тайлбарлажээ.

Ингэхдээ өөрсдийн хувийн ажиглалт, сониуч байдлаа нуулгүйгээр ил гаргаж, хошин үг хэллэгээр хачир нэмэн, үйл явдлын учир шалтгааныг бусдын олж хараагүй өнцгөөс харсан нь номыг алдарт хүргэж, дэлхийн 40 оронд найман сая хувь хэвлэгдсэн байна. Аливаа учир битүүлэг, тодорхойгүй, харанхуй асуудлын шалтгааныг олохдоо зөв асуултаа тавьж, судалж чадвал бид бодсоноос илүү дата мэдээллийг цуглуулах боломжтой хэмээсэн тэдний номыг зан төлөвийн эдийн засаг сонирхогчдыг уншиж үзэхийг санал болгоё.

Гэмт хэргийн тоо яагаад буурах болов? 

АНУ-д 1990 онд сонин хэвлэлийн тэргүүн нүүр болгонд нэг л зүйлийн тухай бичиж байв. Энэ бол өсвөр насныхны гэмт хэргийн холбогдол өсч буй тухай асуудал юм. Шинжээчдийн өөдрөг тооцооллоор ирэх 10 жилд энэ төрлийн гэмт хэргийн тоо 15 хувиар өсөх магадлалтай бол муугаар бодвол хоёр дахин өсөх таамгийг гаргаад байв.

Гэвч гайхалтай нь, таван жилийн дараа гэхэд гэмт хэргийн тоо өсөх бүү хэл 50 хувиар огцом буурч, сүүлийн 35 жилд тохиогоогүй бага үзүүлэлт бүртгэгджээ. Зөвхөн өсвөр насныхан гэлтгүй бусад төрлийн гэмт хэргийн үзүүлэлт багассан шалтгааныг шинжээчид тайлбарлахдаа тус улсын эдийн засаг хямралаас сэргэж, иргэдийн амьжиргаа сайжирсан, галт зэвсгийн хууль сайн хэрэгжсэн, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа чангарсантай холбоотой хэмээн магтан сайшааж байлаа. Энэ бүх шалтгаан үнэхээр төгс логиктой сонсогдож байгаа биз?

Гэвч үнэндээ бодит шалтгаан огт өөр байв. АНУ-д 1970-аад оны үед эмэгтэйчүүд үр хөндүүлэх нь хуулиар хориотой байсан тул хүсээгүй жирэмслэлтээс төрсөн өнчин, тэнэмэл хүүхдүүд асар олноор нийгэмд өссөөр байсан аж. Ядуу, боловсролгүй, архи, хар тамхины хамааралтай эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдүүд тааруу орчинд өсч өндийснөөр гэмт хэрэгт холбогдох нь ийнхүү ихсэх болжээ. Ингээд 1973 онд АНУ-ын дээд шүүхээс үр хөндүүлэхийг албан ёсоор хуулийн дагуу зөвшөөрөх болсноор хүсээгүй жирэмслэлтээс гарсан өнчин, тэнэмэл хүүхдийн тоо буурах шалтгаан болсон байна. Энэхүү шийдвэрийн эерэг нөлөө 1990 оноос эхлэн бодитоор харагдах болсныг шинжээчид буруугаар тайлбарласны жишээ энэ юм.

Орчин үед аливаа хувь хүн, баг хамт олон, байгууллага, төр засгийн шийдвэр гаргалтууд бидний бодож төсөөлдгөөс тэс өөр байдлаар гарах тохиолдол олон байдаг. Тэр бүхэнд бидний хүлээн авдаг дата мэдээлэл чухал нөлөө үзүүлдэг байна. Тиймээс аливаа шийдвэр гаргалтад юу нөлөөлдөг болох, дата мэдээллийг хэрхэн зөв, буруугаар ашиглаж болох, асуудлын шалтгааныг ойроос хайх бус олон талаас шүүн тунгааж, судлах хэрэгтэйг олон сонирхолтой кэйсээр өгүүлжээ.

Энэхүү ном нь нийт зургаан бүлгээс бүрдэх бөгөөд бүлэг тус бүрт сонирхолтой кэйсүүдийг шигтгэн тайлбарласан юм. Тухайлбал, нэгдүгээр бүлгээс эхлэн Сургуулийн багш болон сумогийн тамирчин хоёрт адил төстэй зүйл юу байдаг бол, Бүх гэмт хэргүүд хаашаа алга болсон бэ, Хар тамхины наймаачин яагаад ээжтэйгээ амьдарсаар л байдаг вэ, Эцэг эхчүүд хүүхдүүддээ хэрхэн нөлөөлдөг бол, Үл хөдлөх хөрөнгийн агент таныг хуурсаар байгааг мэдэх үү? гэх асуултад хариулт өгнө.

Ингээд харвал энэ ном юуны ч тухай бичсэн байж мэдэх юунд ч баригдаагүй “задгай” гэж хэлж болохоор юм. Гэхдээ зохиогчдын аливааг сониучирхаж, этгээд, тогтсон бус өнцгөөс харж, тайлбарлах гэж оролдсон өнгө, аяс нь номын хуудас бүрд шингээстэй байгааг олж мэдэх болно.

Статистик, их өгөгдөл, мэдээлэл нь бүгд өнгөрсөнд болж дуусан, хуучирсан мэт боловч түүнийг боловсруулж чадвал бидний олж хараагүй олон шинэ, нуугдмал зүйлийг илрүүлэх боломжтойг энэхүү ном хэлж өгдөг. Эмч, хуульч, эдийн засагч гэх мэргэжилтнүүдийн таамаг, дүгнэлтүүд тэр бүр үнэн байдаггүй. Тэдний өөрсдийн сонирхолд нийцсэн судалгааны үр дүн, таамаглалыг дэвшүүлж, өөрсдийн мэдээлэлд ойр байдаг давуу талаа ашиглан олон нийтэд хүргэх дата мэдээлэл дээр хэрхэн “тоглолт” хийдгийг уншиж болно.

Тиймээс хүн аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах, олон талаас нь судалж үзэх, эх сурвалжийг нягтлах зэрэг хуурамч мэдээнд автахгүй, тогтсон буруу ойлголттой удаан явж болохгүйг олон бодит жишээгээр тайлбарлажээ.

Уншигч та энэхүү номыг уншсан бол дараагийн цуврал болох "Super Freakonomics", "Think Like a Freak", "When to Rob a Bank" номуудыг унших хүсэл төрсөн биз ээ. Мөн зохиолчид эдийн засгийн онолын төвөгтэй ойлголтуудыг тун сонирхолтой ажиглалт, жишээнүүдээр тайлбарладаг "Tell Me Something I Don't Know" подкастыг сонсохыг санал болгоё.

Статистик, тоо баримт худал хэлдэггүй. Гэхдээ тухайн асуудлын үнэнийг бүрэн илэрхийлэх цогц баримт биш. Түүний хойно нуугдсан олон нууц бий.

11991   1


НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor

Нийтлэлд оролцсон:

Б.ХАТАНБААТАР




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.