Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   11 сарын 06, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - Bullybox, Vemity компаниудыг үүсгэн байгуулагч Брандон Бойнтон

"Залуучуудын жил"-ийн хүрээнд АНУ-ын Элчин сайдын яам болон Зориг сангийн урилгаар өнгөрсөн долоо хоногт Монголд зочилсон энтрепренер Брандон Бойнтоны ярилцлагыг хүргэж байна. Тэрээр ердөө 14 настайдаа Bullybox хэмээх, сургуулийн орчинд бусдыг дээрэлхэх үзэгдлийг мэдээлдэг гар утасны апп-ийг бүтээсэн нь өдгөө нэг сая гаруй хэрэглэгчид хүрсэн тун амжилттай апп болон хөгжжээ. Брандон 2017 онд Vemity хэмээх хиймэл оюун, machine learning-ийн хялбар байдлаар ашиглах боломжийг компаниудад олгох стартапыг хамтран байгуулж, энэ оны эхээр CarrierHQ компанид худалдсан байна. 22 настай тэрээр одоо Индиана-Пурдю Индианаполис их сургуульд компьютерийн шинжлэх ухаанаар суралцдаг.

Байршил: АНУ
Эрхэлдэг ажил: Bullybox компанийн үүсгэн байгуулагч, Vemity компанид үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone XI Pro
Хэрэглэдэг лаптоп: MacBook
Сошиал хуудсууд: @bboynton87 (Twitter), Brandon Boynton (Medium)

ТА ЭХЛЭЭД ӨӨРИЙГӨӨ БОЛОН ОДОО ХИЙЖ БУЙ АЖЛАА ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

Би 14 настайдаа код бичиж сурсан юм. Өөрөө бие даан хичээлүүд үзээд, түүнийхээ дадлага болгон Bullybox апп-ийг бүтээсэн. Аппаа хийгээд сургуульдаа үнэгүй ашиглаач хэмээн санал болготол "үгүй" гэсэн. Энэ санаагаараа нэг жилийн дараа хурдасгуур хөтөлбөрт оролцоод тэндээс бизнес болгох урам авсан юм. Шилжсэн сургууль маань ч апп-ийг ашиглахыг зөвшөөрч, нэг л мэдэхэд маш хурдтай өргөжсөн дөө. Түүнээс хойш би хэд хэдэн старап төсөл дээр ажилласан.

2017 онд ахлах ангийн найз болон их сургуулийн байрны найзтайгаа хамтран хиймэл оюун, machine learning-ийн стартап байгуулсан. Би нөгөө хоёроо бодвол энэ чиглэлийн мэдлэг тааруу, гэхдээ бизнесийн талдаа туршлагатай байв. Улмаар өөрөө ч энэ сэдвийг их сонирхон академик өгүүллүүд уншиж, мэдлэгээ гүнзгийрүүлж, компани удирдах хэмжээнд хүрсэн. 2019 оны эхээр стартап маань зарагдсан ч одоо компанидаа түр ажиллаж байна.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би оройгоор их ажилладаг. Ер нь шөнө 12-04 цагийн хооронд маш сайн төвлөрч суудаг юм. Өглөө 10 цагийн үед босдог. Ингэж ажиллахын нэг гэм нь бусдын ажлын цагтай миний ажлын цаг зөрөөд байдаг. Хүмүүст шөнө имэйл явуулаад хариуг нь нэлээн удаж авна, заримдаа.

Код бичих үедээ мэдээж төвлөрч, олон цагаар суудаг. Бизнесээ удирдаж явуулах үедээ мэдээж өөр аргаар ажиллана. Одоо бол би аль алиныг нь л хийж байна.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Google Drive дээр бүх ажлаа төвлөрүүлдэг. Би бүх л зүйлсээ хүснэгтэнд оруулаад явчихдаг юм. Crunchbase-ээс янз бүрийн мэдээлэл цуглуулж, бусдын олж харахгүй байгаа чиг хандлага, дата сэлтийг олж авахыг хичээдэг. Reddit, тэр дотроо Unread.it-ээс төрөл бүрийн мэдээлэл авдаг. Твиттерийг ажилдаа, инстаграмыг хувийн хэрэгцээндээ ашигладаг юм байна.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Бага унтаж л цаг хэмнэдэг юм уу даа. Өдөрт 4-6 цаг унтдаг. Бусдад ингэ гэж зөвлөхгүй ч надад бол болоод л байдаг юм. Толгойгоо тавиад л хурдан унтчихдаг нэг онцгой чанар надад байдаг.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Google Task дээр. Google бусад аппуудтайгаа холбоотой болохоор их амар. Хувьдаа жагсаалт үүсгэнэ, бас ажил, бизнесүүд дээрээ хийх ажлын жагсаалт үүсгэчихдэг. Монголд хийж буй энэ аялалдаа ч бас зориулан нэгийг үүсгэсэн шүү.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД САЙН БЭ?

Инженерийн хувьд би өөрийгөө дундаж л гэж хэлнэ. Харин бизнесийн талдаа илүү туршлагатай, чадвартай. Тэгээд энэ хоёр чадвараа хослуулан өөртөө давуу тал үүсгэсэн гэж бодож байна.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Энтрепренер байна гэдэг өсөж хөгжих, дээш мацах хязгааргүй боломжийг өгдөг. Зарим ажлуудад "тааз" байдаг шүү дээ. Олон зүйлс чамаас хамаардаггүй. Харин бие даан бизнес хийж буй бол бүх зүйл өөрөөс чинь хамаарна. Гэхдээ нэг зүйл тодорхой нь, чи маш их ажиллаж хөдөлмөрлөх ёстой. Зарим зүйлийг золиослохоос өөр аргагүй.

Миний хувьд Vemity-г үүсгэн байгуулснаас зарах хүртэлх хугацаанд зөвхөн ажилдаа л төвлөрсөн. Маш олон цагийг компьютер дээрээ өнгөрүүлж, найзуудын урилга, гэр бүлийн зугаалгыг олон удаа өнжсөн дөө. Гэхдээ бас заавал ажлаас бусад бүх зүйлийг бүрмөсөн хаях албагүй. Хувийн амьдралаа хүн мэдээж авч явах л ёстой.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Одоогоор Vemity дээрээ ажиллаж байна. Хэдийгээр компаниа худалдсан ч гэсэн гэрээний дагуу би нэг жил ажиллах ёстой юм л даа. Гэхдээ ажлын цаг хоёр дахин багассан. Одоо дараагийн алхмаа тодорхойлохоор судалгаа хийж байгаа гэх үү дээ. Хиймэл оюун, machine learning-ээр аливаа зүйлсийг автоматчлах, үр ашигтай болгох боломжуудыг судалж байгаа. Хэд хэдэн сонголт гарч ирсэн, гэхдээ хараахан шийдээгүй л байна.

Bullybox-ийн хувьд, би өөр компанитай хамтарсан. Тэд менежментийг нь хийж, орлогоо хуваадаг юм. Энэ бол миний хувьд ашиг олох гэхээсээ нийгэмдээ хувь нэмэр, эерэг нөлөөлөл үзүүлж буй ажил болохоор сэтгэлд таатай сайхан байдаг.

Одоо ачаалал харьцангуй бага байгаа болохоор блог бичих, илтгэл яриа хийх зэрэг өөрийгөө таниулах ажилд ач холбогдол өгч байгаа. Энэ хүрээнд Монголд ирэх боломж олдсонд баяртай байна.

Монголд ирж оролцож буй хөтөлбөр маань АНУ-ын Элчин сайдын яам, Зориг сангийн хамтран хэрэгжүүлж буй "Youth Tech Entrepreneurship Accelerator Program". Хөтөлбөрийн хүрээнд 20 энтрепренерт бизнесээ өргөжүүлэхэд нь тусалж буй юм. Мөн боломжоороо бусад энтрепренерүүдтэй уулзаж байна. Удахгүй Сайншанд явж бас энтрепренершипийг хэрхэн дэмжиж болох талаар өөрийн бодол санаагаа хуваалцана. Монголд ирээд ямар олон хүн бизнес эхлүүлэх хүсэлтэйг, амжилтаар "цангаж" буйг хараад олзуурхаж байна. Нөөц боломж ч их юм шиг харагдаж байна. Зориг сан, АНУ-ын ЭСЯ-ны хийж буй ажлууд, бас та бүхний HUB дээр хийж буй ажлууд гайхалтай санагдлаа.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Яг өөрийн хүссэнээр их уншиж чаддаггүй. Голдуу баримтат номууд уншдаг. Улс төрийн сэдэвтэй номд сонирхолтой. Уран зохиол гэвэл илүү дистопи зохиолууд. Надад их нөлөөлсөн, амжилттай бизнес хийхэд тусалсан нэг ном бол "өнөө л" Дэйл Карнегийн "Найз нөхдөө өөртөө татаж, бусдад нөлөөлөх ёсон" гэдэг ном. Би хэвлэмлээр уншдаг.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Deep house төрлийн хөгжим сонсдог. Код бичих үедээ сонсдог.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Түрүүнд хэлсэнчлэн голдуу 04-10 цагийн хооронд.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Зурагт үзнэ, видео тоглоом тоглоно, нохойгоо салхилуулна. Сүйт бүсгүйтэйгээ Netflix үзэх дуртай. Vemity-г зарснаас хойш хүүхэд байхаасаа мөрөөдсөн нисгэгч болох хүслээ биелүүлж сургалтанд суун лиценз авч, бас онгоц худалдаж авсан. Заримдаа сүйт бүсгүйтэйгээ ойролцоох хот руу юм уу арал руу нисэх дуртай.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Том санаа гаргагч, сэдэгч хүмүүсээс. Элон Маск бол гарцаагүй тэдний нэг. Инженер хэрнээ бизнесийн ухаан өндөртэй, маш сонирхолтой хүн. Мөн сонин сонсогдож магадгүй ч machine learning-ээс их урам зориг авдаг. Энэ технологийг үр дүнтэй ашиглавал анализ хийх, мэдээлэл гаргаж ирэх чадвар нь үнэхээр супер шүү

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Найз охиндоо сүй тавихаас өмнө аавтайгаа сууж дотно яриа өрнүүлсэн юм. Бид хоёр миний ажил, амьдралын талаар ярилцаж, аав маань надад ажлаас гадна хүмүүстэй харилцах харилцаа маш чухал шүү гэдгийг сайн хэлж захисан. Тэр нь ч миний үзэл бодлыг их өөрчилсөн.

ТА ЗАЛУУЧУУДАД ХАНДАН ЮУ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Нэгдүгээрт, нас хамаагүй шүү гэж хэлнэ. Би өөртөө "чи дэндүү жаахан" гэж их хэлдэг байлаа. Үүнээсээ их ичдэг байсан. Хүмүүс бааранд уулзъя гэхэд, нас асуухад булзааруулна. Одоо эргээд харахад, нас багаасаа ичилгүй, хийж байгаа зүйлдээ, чадна гэдэгтээ илүү итгэлтэй байх хэрэгтэй байсан санагддаг.

Хоёрдугаарт, энтрепренер болох хүсэлтэй бол аль болох эрт эрсдэл хийгээрэй. Яагаад гэдгийг нь хэлүүлэлтгүй ойлгож байгаа биз ээ. Танай ярилцлагад орсон олон хүн зөвлөсөн гэдэгт ч итгэлтэй байна.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Миний ментор, энжил хөрөнгө оруулагч нэг хүн байдаг юм. Маш эелдэг найрсаг хүн. Хөрөнгө оруулаад ашиг олбол эргүүлээд л хөрөнгө оруулдаг. Үнэхээр хүмүүст бизнесээ эхлүүлэхэд нь, амжилт олоход нь тусалъя гэж боддог, нэлээн өөр төрлийн хөрөнгө оруулагч. Хэрвээ та бүхэн хүсвэл би яриа өгүүлж чадаж магадгүй.

21445   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.