Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   11 сарын 04, 2019

Онцлох бизнес: Rehamed эмнэлэг - Шинэ мэдлэг, шинэ технологийн шийдлийг нэг дороос

Unread-ийн багийнхан бид эрүүл мэндийн бүрэн үзлэг шинжилгээ хийлгэхээр нэлээд эрэл хайгуул хийсний эцэст Rehamed эмнэлгийг сонгосон юм. Тэдний бусдаас ялгарах гол онцлог нь технологийн дэвшил. Бидний үзлэг, шинжилгээний хариуг нэгтгэж хиймэл оюун ухааны програмаар боловсруулж дараагийн 4 жилд, нас баралтад хүргэдэг 10 төрлийн өвчинд өртөх эрсдэлийн магадлалыг тооцоолсон дэлгэрэнгүй тайлан өгч, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн юм. Анагаахын салбарт дэлхийн дахинд үр өгөөжөө өгөөд эхэлсэн шинэ технологиудыг нэвтрүүлж, чимээгүйхэн ажиллаж буй энэ хамт олныг уншигчдадаа хүргэхээр шийдсэн юм. Ингээд айлд яваад орж буй мэдрэмж төрүүлсэн тус эмнэлгийн үүсгэн байгуулагч Д.Алтанчимэг эмчтэй хийсэн ярилцлагаа хүргэе. 

Бизнесийн нэр: RehaMed Clinic
Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Солонгосын ЭСЯ-ны урд, 37/1-р байр, 2 давхар
Үйл ажиллагааны чиглэл: Урьдчилан сэргийлэх оношилгоо, эмчилгээ, сургалт
Үүсгэн байгуулагдсан: 2018
Үүсгэн байгуулагч: Д.Алтанчимэг
Цахим хуудас: RehaMed Clinic Ulaanbaatar (Фэйсбүүк)
Утас: 7575 0400

REHAMED ЭМНЭЛГИЙН ТАЛААР ТОВЧХОН ТАНИЛЦУУЛААЧ?

Өнгөрсөн жилийн яг өдийд анхны үйлчлүүлэгчээ хүлээн авч байлаа. Төлөвлөлт, бэлтгэл ажил гэсээр бараг хоёр жил болсон. Өөрөө эрүүл мэндийн зан үйл, сэргээн засах чиглэлээр мэргэшсэн учраас үйл ажиллагааны чиглэл, зарчмаа тогтоох хялбар байсан. Юуны түрүүнд эм, антибиотикийн замбараагүй хэрэглээг өөхшүүлэхгүй байя гэж шийдсэн. Манай эмнэлэг рүү дусал, тариа хийлгэе, эм бичүүлье гэж хүн ирэхгүй. Бас нэг зарчим бол үйлчлүүлэгчийн хэлээд ирсэн зовууриас илүү, учир шалтгааныг тогтооход хангалттай цаг зарцуулахыг чухалчилдаг. Эм, тариагүй эмнэлэг гэхээр хүмүүс гайхаад л байдаг юм. Гэсэн хэдий ч, өвчнөө эрт үед илрүүлж хүндрэхээс нь сэргийлдэг, эмийн бус эмчилгээг чухалчилдаг хүмүүсийн тоо бодсоноос олон болжээ. Үйлчлүүлэгчдийн урсгал нэмэгдэхийн хэрээр манай баг ч өргөжиж байна. Анх дөрвүүлээ эхэлж байсан бол арав гаруй хүнтэй болж.

REHAMED ЭМНЭЛГИЙГ БАЙГУУЛАХ САНААГ АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

Германд анагаах төгсөж ирээд мэргэжлээрээ ажилласан. Дараа нь Герман, АНУ-д эрүүл мэндийн удирдлага, хүний зан үйлийн чиглэлээр магистр хамгаалж ирээд НҮБ-ын эрүүл мэндийн төрөлжсөн байгууллагуудад 20 жил ажилласан. Сүүлийн 10 жилд нь UNAIDS гэдэг байгууллагыг төлөөлөх завшаан олдсон юм. Монгол зэрэг нэлээд хэдэн оронд UNAIDS оффис татан буугдахад надад өөр ажилд өргөдөл өгөх, эсвэл НҮБ-аас сайн дураар гарах хоёр сонголт байв. Өөрийн үнэт зүйлс, үзэл баримтлалыг даган мэргэжлээрээ ажиллах хүсэл дийлсэн тул НҮБ-аас гарсан даа. Ингээд Rehabilitation буюу сэргээн засах гэдэг утга агуулсан Рехамед нэртэй эмнэлгээ байгуулах ажлыг эхлүүлсэн. Бидний дунд эм бэлдмэлийн замбараагүй хэрэглээ бий болж, хатуухан хэлэхэд хоол хүнс шигээ боддог болжээ. Ихэнх химийн гаралтай эм бэлдмэл тухайн өвчинд нөлөөлж эдгээдэг боловч олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Тэр дундаас антибиотик, өвдөлт намдаах, сэтгэцэд нөлөөтэй эмийг дурдаж болно. Гэтэл дэлхийн анагаах ухаанд олон төрлийн эмгэгийн үед эмийг орлохуйц, түүнээс ч илүү үр дүнтэй, хүнд сөрөг нөлөөгүй эмчилгээний олон шинэ арга технологи хүчтэй нэвтэрч байна. Гэтэл Монголд эдгээр шинэ технологи орж ирэхгүй байгааг олж харсан юм. Тиймээс энэ чиглэлээр түлхүү ажиллая гэсэн зорилго тавьсан.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг юм болсон. Удаан жил ажилласан албан хаагчдад НҮБ-аас олгодог тэтгэмж, нөхөн олговор эмнэлэг байгуулах санхүүжилтын дийлэнхийг шийдсэн. Анхнаасаа “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэдэг зарчмаар явсан тул, санхүүгийн ноцтой эрсдэл гараагүй. Зарим нийлүүлэгчээс тоног төхөөрөмж уян хатан нөхцөлөөр авсан, хугацаа хэтрүүлсэн зээлгүй. Ер нь багаараа сууж үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, гүйцэтгэлээ хэлэлцэж, санхүүгийн байдлаа харж зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт, худалдан авалтаа шийддэг. Үйлчилгээний салбарт хүний нөөц бол хамгийн том капитал. Иймд хамтдаа зүтгэж, байгууллагын өсөлтийг багаараа мэдэрч, урам авахыг чухалчилдаг тул эмч, ажиллагсдын оролцоог тэгш хангахад их анхаардаг.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Анагаах ухаан гар утасны технологи шиг асар хурдтай хөгжиж байна. Ялангуяа эрт оношилгоонд тэсрэлт гарч байна. Арьсан дээр наадаг ялтсан био мэдрэгчийн тусламжтай биохими, зүрх судас, бусад амин үзүүлэлтийн мэдээллээ зайнаас эмчдээ хянуулдаг болох цаг тун удахгүй. Зүрхний бичлэг хийлгэх, уушгиа чагнуулах гэж эмчид очих шаардлагагүй болно. Эмч нар өвчний явцыг бугуйн цаг шиг төхөөрөмж, эсвэл биосенсор суулгасан цамцны тусламжаар зайнаас хянадаг болно. Түүгээр зогсохгүй хорт хавдрыг дөнгөж эхлэх үед оношлох, мэдээлэл хүлээн авах систем хүртэл хийгджээ. Энэ хөгжлөөс хол хоцрохгүй, мэдлэгтэй байх нь бидний зорилго.

ТАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Үр дүнтэй нь нотлогдсон, өндөр хөгжилтэй орны технологи нутагшуулж, эмийн бус эмчилгээнд эрэлт бий болгож байгаа нь манай онцлог гэж болно. Эмчилгээ, оношилгооноос гадна сэтгэл зүйн тусламж, ганцаарчилсан болон бүлгийн сургалт, иог, бясалгал гээд олон янзын дэмжих үйлчилгээ бий. Сэргээн засах эмчилгээний төрөл бүрийн шийдэл нэвтрүүлснээс Гүний осцилляци (Deep Oscillation) гэдэг 8-10 см гүнд үйлчилдэг Германы патенттай технологийг онцолмоор байна. Манай мэс засалчид ямар ч хүнд хагалгааг гүйцэтгэх өндөр ур чадвартай ч, хагалгааны дараах сэргээн засах эмчилгээний хурд, технологи хоцрогдсон тул эдгэрэлт удааширч, хүндрэл гарах гээд байдаг. Гүний осцилляци эмчилгээг хагалгааны дараа өвдөлт намдаах, хаван буулгах, шархны эдгэрэлтийг түргэсгэх, үрэвслээс сэргийлэх зорилгоор шууд эхлүүлэх боломжтой нь том дэвшил юм. Ингэснээр эмнэлгийн ор хоног богиносох ач холбогдолтой.

Стрессийн гаралтай нойргүйдэл, сэтгэл гутралыг эмчлэх тархины бичил цахилгаан эмчилгээний технологи нэвтрүүлсэн нь манай хамгийн эрэлттэй үйлчилгээ болоод байна. Чихэндээ ээмэг шиг жижиг электрод 20 - 60 минут зүүхэд гүн тайвшрал мэдэрч, улмаар тархийг тайван горимд шилжүүлдэг онцлогтой. Альфа-стим (Alpha-Stim® ) эмчилгээг хүртээмжтэй болгох, сэтгэцийн эмийн зохисгүй хэрэглээг бууруулахаар бодож байгаа олон ажил бий.

Хиймэл оюуны тусламжтай урьдчилан сэргийлэх үзлэгийн тайланг хэрхэн гаргаж байгааг танай хамт олон үзлэг хийлгэсэн тул сайн мэдэж байгаа. Хүний эрүүл мэндийн одоогийн байдлыг үнэлээд зогсохгүй, ойрын 4 жилд 6 төрлийн хорт хавдар, зүрхний шигдээс, чихрийн шижин, харвалт, зөнөгрөл зэрэг өвчинд өртөх эрсдэлийн түвшинг өндөр нарийвчлалтай гаргахыг зөвхөн хиймэл оюун л хийж чадна. Одоогоор 600 орчим хүнд энэ шийдлээр үзлэг хийн, зөвлөгөө өгөөд байна.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Одоогоор манай эмнэлэг архаг, хурц өвдөлт намдаах, үрэвсэл дарах, шээс задгайрал, үе нөхөн сэргээх, нойргүйдэл, сэтгэл гутралыг эмийн бус аргаар эмчлэх чиглэлээр сайн ажиллаж байгаа. Гаргаж буй ахиц дэвшилдээ тайвшралгүй үр дүн нь нотлогдсон, хямд, хэрэглэхэд хялбар, найдвартай, гэрийн нөхцөлд хийх боломжтой оношилгооны шийдэл нэвтрүүлэх гарц хайж байна даа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бидний үнэт зүйл бол хүн. Үйлчилгээ сэтгэл шингэсэн, ёс зүйтэй, хүний төлөө байж чадвал тэд эргэж ирнэ. Өнөөдрийн орлогоос илүү бид ирээдүйгээ хардаг.

ЭМНЭЛЭГ ЭРХЛЭН УДИРДАХЫН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ,  ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Хэцүү бэрхшээлтэй тал гэж огт бодож байгаагүй юм байна шүү. Мэргэжилтэй маань холбоотой юм болов уу. Бид чинь тусламж хайсан, бие, сэтгэлийн зовуурьтай хүмүүстэй харьцдаг болохоор баргийн юмыг хэцүү гэж харахаа больчихдог байх аа. Мэдээж бэрхшээлгүй ямар ч ажил байхгүй, гэхдээ цаана нь гэрэл гэгээ олж хардаг тул даваад гардаг. Давуу тал нь гэвэл улсын эмнэлгийг бодвол ачаалал бага тул үйлчлүүлэгчид хангалттай цаг зарцуулдаг болов уу. Хамгийн сайхан нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлаа шийдүүлээд, баярлаж байгаа царайг харах тэр агшин байдаг. Өвдөлтөөс болж мөр нь хөдлөхөө больсон хүн үсээ илэх, олон жил нойргүй шаналсан хүн бүтэн нойртой хонолоо гэж баярлах, өвчин намдаах эмнээсээ саллаа гэж үйлчлүүлэгч хэлэхийг мэдрэх бүрийд урам ордог. Эмчийн мэргэжил гоё шүү дээ.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ЗАРИМ СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦВАЛ?

Манай орчинг гэртээ байгаа шиг мэдрэмж төрүүлдэг гэдэг хүмүүс бий. Бас химийн эм, тариа санал болгодоггүй тул ирдэг, үнэ тариф бодсоноос хямд юм гэж зарим нь хэлж байсан. За би ч магтаалаас илүү, санал гомдол хүлээж авахдаа сайн. Тэгэхгүй бол бид урагшлахгүй шүү.

19737   7


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Гэрэл зургийг:

Б.Хатанбаатар




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.