Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   11 сарын 03, 2019

7 хоногийн тойм: Токио хүрэх тасалбар + Контент дайн + Эвхэгддэг дэлгэц

Агуулгын тайлбар:
Токио хүрэх тасалбар: Монголын эмэгтэй сагсчид Токио 2020-д оролцох эрхээ авлаа
Контент дайн: Apple TV+ нээлтээ хийж, HBO Max бөөн мэдээ задлав
Эвхэгддэг утас: Samsung нумардаг дэлгэцийг өөрөөр тодорхойлохыг хүсэж байна

ОНЦЛОХ: Контент дайн хүчээ авав

Collider: Apple TV+-д та мөнгө төлөх хэрэгтэй юу?

11-р сарын 1-нд Apple-ийн цоо шинэ үйлчилгээ Apple TV+ нээлтээ хийлээ. Дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчид, тэр дотроо монголчууд сарын 4.99 долларын төлбөр төлөн ашиглаж болох контент сандаа Apple аль хэдийн 6 тэрбум доллар зарцуулаад буй. The Morning Show, Dickinson, See зэрэг оригинал шоунд нь Холливудын топ одод тоглосон нь үзэгчдийн анхаарлыг татаж байна.

The Verge: HBO Max-ийн нээлтийн тов, үнэ, шинэ контентууд

Үүнтэй зэрэгцэн WarnerMedia ч шинэ стриминг платформын нээлтийн тов, үндсэн үнэ болон зарим шинэ контентийн мэдээгээ танилцуулсан эвентийг зохион байгуулав. HBO Max нэртэй уг платформ 2020 оны 5-р сард сарын 14.99 долларын үнэтэйгээр АНУ-д нээлтээ хийнэ. Тэд залуусын дунд алдартай South Park анимэйшн цувралын бүх 23 бүлгийг онцгой эрхтэйгээр цацах эрхийг 500 сая доллараар өөрийн болгосон нь онцлох мэдээ байв. Үүнээс гадна Rick and Morty, Looney Tunes, DC Comics-ийн шинэ контентууд нь тэдний угаас арвин санг улам баяжуулсан мэт санагдав.

Гэхдээ үүгээр тэдний мэдэгдэл зогссонгүй. HBO-ийн хамгийн алдартай цуврал Game of Thrones-ийн өмнөтгөл "House of Dragon" албан ёсоор хийгдэх болсон нь фенүүдийг ихэд баярлуулсан мэдээ байлаа. Үндсэн үйл явдлаас 300 жилийн өмнө, Таргаряний удмын хаадын түүхийг өгүүлэх энэ цувралын зохиолыг Ж.Мартин өөрөө бичиж байгаа гэнэ. Тэд үүнээс өмнө мянгаад жилийн өмнөх үйл явдлыг өгүүлэх, Наоми Ваттсын тоглосон өөр нэг цувралыг үргэлжлүүлэхгүй байх шийдвэрийг гаргаад байсан билээ.

CNBC: Яагаад Peacock үнэгүй байна гэж?

2020 оны 4-р сард нээлтээ хийх өөр нэг стриминг платформ Peacock үйлчилгээгээ үнэгүй цацах боломжийг судалж байгаа гэнэ. NBCUniversal болон Comcast-ийн хамтран хөгжүүлж буй уг платформ зөвхөн сурталчилгаагүйгээр киногоо үзэхийг хүссэн хэрэглэгчдээс төлбөр авахыг эрмэлзэх аж. Universal-ийн бүрэн хэмжээний киног сандаа нэгтгэсэн тэд 2021 оноос The Office-ийг онцгой эрхтэйгээр хүргэхээс гадна Battlestar Galactica, Punky Brewster зэрэг хит бүтээлүүдээ дахин шинээр хийхээ зарласан билээ.

Харин Disney+ нээлтээ хийхээсээ өмнө АНУ-ын зах зээлд аль хэдийн сая хэрэглэгчтэй болсон гэдэг нь ил болсон явдал өрсөлдөгчдөд нь "айдас" мэдрүүлэв. Тэд 2024 он гэхэд Америкаас 30 сая хэрэглэгчтэй, дэлхий даяар 90 сая хэрэглэгчтэй болох зорилготой байгаа гэнэ.

Контент дайн эхэллээ

Дэлхий дахинд

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч Д.Трампд итгэл үзүүлэх эсэх үйл явцыг албан ёсоор эхлүүллээ. Ардчилсан намын олонхыг нь бүрдүүлдэг уг танхим 232:196-ийн харьцаатайгаар уг тогтоолыг баталсан ч Бүгд найрамдах намын нэг ч төлөөлөгч эсрэг санал өгөөгүй нь энэ явцын цаашдын ирээдүйг "бүрхэг", "найдваргүй" гэдгийг харуулж байна хэмээн шинжээчид дүгнэж байна. Тогтоол ёсоор тусгай хороо Трампын Украйны ерөнхийлөгчид хувийн улс төрийн зорилгоор шахалт үзүүлсэн эсэхийг нарийвчлан шалгаж, зарим оролцогч талуудыг гэрчээр дуудах учиртай. Үүний дараа олонх ахин дэмжвэл сенат руу энэ асуудлыг шилжүүлж, сенатын гишүүдийн гуравны хоёрын саналаар ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гарах журамтай юм. Гэхдээ сенатын танхимд Трампын нам бүгд найрамдахчууд олонх билээ.

Европын Холбооноос Brexit-ийн үйл явцыг 2020 оны 1-р сарын 31 хүртэл хойшлуулах зөвшөөрлийг өглөө. Энэ нь Их Британийн Европын Холбоог орхих явц гурав дахь удаагаа хойшилж байна гэсэн үг. Үүнтэй зэрэгцэн ерөнхий сайд Б.Жонсоны "зүтгүүлсэн" 12-р сарын 12-нд ээлжит бус сонгууль явуулах саналыг парламент дэмжсэн нь сонирхолтой үйл явдал болов. Жонсон энэ сонгуулиар дийлэнх олонхыг бүрдүүлж, Brexit-тэй холбоотой үүсээд буй мухардлыг арилгах боломжтой хэмээн үзэн кампанит ажлаа эхлүүлээд байна.

The Atlantic: Б.Жонсон хяналтаа алдаагүй гэж бодсоор л

Твиттер 11-р сараас эхлэн улс төрийн агуулгатай аливаа сурталчилгааг хориглох болсноо зарлалаа. Компанийн үүсгэн байгуулагч Ж.Дорси 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийг тойрон үүсэх аливаа скандал, будлианаас зайлсхийхийг хүсэж буй бөгөөд хэрэглэгчдэд үнэн зөв, бодит мэдээлэл хүргэх эцсийн зорилгынхоо төлөө ийм алхам хийх болсон хэмээн тайлбарлажээ.

Financial Times: Одоо таны ээлж, ноён Зукерберг!

Сүүлийн үед хүчээ авч буй Tik Tok апп-ийг үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотойгоор шалгаж эхэлснээ АНУ мэдэгдлээ. 2 жилийн өмнө Musical.ly-г 1 тэрбум доллараар худалдан авснаас хойш тэд хэрэглэгчийн датаг хэрхэн ашиглаж буй, улс төрийн зорилгоор тохируулга хийж буй эсэхэд асуулт тавьсаар ирсэн юм. Сүүлийн үед, Хятадын засгийн газар болон Хонгконгийн асуудалтай холбоотой контентийг хэрэглэгчдэд хүргэхдээ хязгаарлах, хориглох зэрэг үйлдлүүдийг хийж байж магадгүй хэмээн тэд сэжиглэж байгаа юм.

Балбын уулчин Нирмал Пурья дэлхийн хамгийн өндөр буюу 8000 метрээс дээш өндөрт орших бүх 14 уулын оргилыг ердөө 6 сарын дотор эзэлж дээд амжилт тогтоолоо. Хамгийн сүүлд Хятадын Шишабангма уулын оргилыг эзэлсэн тэр өдгөө 36 настай бөгөөд 2012 оноос хойш уулчны замналаа эхэлсэн, түүнээс өмнө Британийн армид алба хааж байсан аж. Өмнөх дээд амжилтыг Польш, БНСУ-ын уулчид 7 жил 10 сарын хугацаанд "амжуулснаараа" эзэмшдэг байсан гэнэ.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Жолоочгүй нисдэг такси хөгжүүлэгч Хятадын стартап EHang NASDAQ-д бүртгэлтэй нээлттэй компани болох гэж байна. Тэд IPO-ийн хүрээнд 100 сая доллар босгохоор зэхэж байгаа гэнэ. Хятадын засгийн газраас зөвшөөрөл авч, бараг мянга орчим туршилтын нислэг хийсэн тэд ирэх жилийн эхээр бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах зорилготой байгаа юм. Тэдний 216 загвар нь 8 "гартай" учир аварга дронтой төстэй харагддаг бөгөөд бусад өрсөлдөгчид шигээ 1 биш 2 зорчигч багтаах чадалтай гэдгээрээ онцлогтой билээ.

Google-ийн харьяа Deepmind-ийн хөгжүүлсэн хиймэл оюун Starcraft II тоглоомоор мастерын хэмжээнд хүрч, нийт тоглогчдын 99.8 хувийг хожих чадвартай болсон гэнэ. AlphaStar нэртэй уг хиймэл оюун хүнтэй тоглохдоо 5 секундэд хамгийн ихдээ 22 давтагдаагүй үйлдэл хийхээр тохируулагдсан бөгөөд богино хугацаанд тохирсон стратеги сонгох чадвар нь ахисан түвшинд хүрснийг онцолсон байна. Эрдэмтэд харьцангуй өргөн талбарт өөр хэрэгслүүд ашиглан олон сонголт гаргах боломжтой учир уг тоглоомыг го даамаас төвөгтэй, өрсөлдөгчийн шийдвэр гаргалт нь покер тоглохоос ч тодорхойгүй хэмээн үзэж хөгжүүлэлт хийхээр шийдсэн аж.

Apple 249 долларын үнэтэй шинэ загварын "Airpods Pro"-ийг танилцууллаа. Дуу тусгаарлагчтай, гадаад орчны чимээг бүрэн хязгаарлах боломжтой гэдгээрээ онцлог энэ загвартаа тэд дизайны багагүй өөрчлөлтийг оруулжээ. Утасгүй чихэвчийн зах зээлд тэсрэлт хийсэн өмнөх загвар нь 159 доллараар борлуулагддаг билээ.

Дэлхийн топ автомашин үйлдвэрлэгчдийн нэг Volkswagen жолоочгүй машины технологи хөгжүүлэх салбараа тусад нь гаргаж байгаагаа зарлалаа. "Volkswagen Autonomy" нэртэй шинэ компанидаа тэд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж, "дэлхийн хамгийн өндөр санхүүжилттэй стартап" болгох гэнэ. Тэд 2025 он гэхэд робот такси, цахилгаан ачааны машин, бүрэн автомат удирдлагатай машиныг гурван тив дамнан нэвтрүүлэх зорилготой байна.

Samsung нумардаг утасны шинэ дизайн концептийг танилцуулав. Уг технологийг анхлан хөгжүүлж, ихээхэн эрсдэл дагуулсан шинэ утсаа худалдаанд гаргаад удаагүй байгаа тэд энэ удаа босоо чиглэлд дэлгэц нь эвхэгддэг утасны санааг танилцуулсан нь сонирхол татав. Хэдий уг технологи хэзээ төхөөрөмжид буух нь тодорхойгүй ч гар утасны ирээдүйн төлөвийг тольдсон хэрэг болсныг экспертүүд онцолж байна.

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Fiat Chrysler болон Peugeot нэгдэж, дэлхийн дөрөв дэх том автомашин үйлдвэрлэгчийг үүсгэлээ. Хоёр тал шинэ нэгдлийг 50/50 хувиар эзэмших бөгөөд Нью Йорк, Парис, Миланд бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулна. Ингэснээр тэд 400 мянган ажилтантай, жилд 8.9 сая машин борлуулдаг, 50 тэрбум долларын үнэлгээтэй аварга групп болж байгаа нь энэ. Цахилгаан хөдөлгүүр, жолоочгүй машины технологийн давлагаа өрсөлдөөнийг улам ширүүсгэж, уламжлалт тоглогчдыг нэгдэл үүсгэн, зардлаа багасган, үр ашигт байдлаа нэмэгдүүлэхээс өөр гарцгүй болгож байгаагийн нэг илрэл нь энэ болж байна.

Google зүүдэг төхөөрөмж үйлдвэрлэгч Fitbit-ийг 2.1 тэрбум доллараар худалдан авлаа. Ингэснээр Apple-ийн ноёрхож буй фитнессийн ухаалаг цаг, биет төхөөрөмжийн зах зээлд хүчтэй тоглогч нэвтэрч буй нь энэ. 2015 онд IPO хийсэн Fitbit өнгөрсөн жил 1.8 тэрбум долларын борлуулалттай байсан ч алдагдалтай ажилласаар байсан нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байсан юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Facebook ч тэднийг сонирхож байсан бөгөөд 1 тэрбум долларын санал тавьсан гэнэ.

The Verge: Дараагийн алхам юу вэ?

Их Британийн хамгийн том худалдааны сүлжээ Tesco 2020 оны эцэс гэхэд 1 тэрбум ширхэг пластикийг хэрэглээнээсээ хасах амлалтыг өглөө. Тэд бүх төрлийн хуванцар савлагааг халах, хувцас, мэндчилгээний хуудас зэрэг бүтээгдэхүүнд пластик ашиглахаас татгалзах зэрэг шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм. Tesco Их Британийн жижиглэнгийн худалдааны зах зээлийн 27 хувийг эзэлдэг гэнэ.

Дэлхийн хамгийн том биотехнологийн компаниудын нэг Amgen Хятадын зах зээлд нэвтрэх эхний алхмаа хийлээ. Тэд хавдрын эсрэг технологи хөгжүүлдэг BeiGene-д 2.7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, 20 хувийг нь эзэмших болсон байна. Amgen ирэх жилүүдэд 100 оронд бүтээгдэхүүнээ хүргэх зорилготой байгаа бөгөөд энэ худалдан авалт нь Хятадаар дамжин, Азийн зах зээлд нэвтрэхэд гол түлхэц болно хэмээн үзэж байгаа гэнэ.

Google зүүдэг төхөөрөмжийн зах зээлийг эзлэхийг хүсэж байна

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Энэ долоо хоногт нээлтээ хийсэн Терминатор цувралын шинэ анги бокс оффисийг 27 сая долларын орлогоор тэргүүллээ. "Terminator: Dark Fate" нэртэй цацагдсан шинэ ангид цувралыг бүтээгч Ж.Камерон, оригинал гол дүрүүд болох А.Шварцнеггер, Л.Хэмилтон нар эргэн ирснээрээ онцлог. Гэхдээ экспертүүд 40 сая долларын борлуулалт хүлээж байсныг онцолъё. 2-р байрт гурван долоо хоног чартыг манлайлсан "Joker", 3-т Диснейн өөр нэг хит "Maleficent" бичигджээ.

"Game of Thrones" цувралыг бүтээгчид Д.Вайсс болон Д.Бениофф нар "Оддын дайн" төслийг орхиж байгаагаа мэдэгдлээ. Тэд 2022 онд эхнийх нь нээлтээ хийх цувралын гурван шинэ анги дээр ажиллах болсноо зарлаад удаагүй байсан юм. Гэсэн ч тэд Нетфликстэй 200 сая долларын үнэтэй урт хугацааны гэрээ байгуулан, түүндээ илүү цаг зарцуулах шаардлагатай болсон учир ийм шийдвэр гаргах болсон гэнэ.

Америкийн үндэсний спорт бэйсболын энэ улирлын лигийн аваргаар Вашингтон Нэйшнлс тодорлоо. Хьюстон Астросыг 7 тоглолтын дараа буулган авсан тэд түүхэндээ анх удаа лигийн аварга болов. Сүүлийн тоглолтыг 23 сая хүн шууд үзжээ. Мөн энэ долоо хоногт Японд явагдсан регбигийн ДАШТ-д ӨАБНУ-ын баг тэргүүллээ. Өмнөд Африкчууд финалд Английг хожиж, гурав дахь цомоо өргөжээ.

Алдарт Тайгер Вүүдс PGA Tour-ийн 82 дахь түрүүгээ хүртэж, С.Снидын эзэмшдэг түүхэн дээд амжилттай зэрэгцлээ. 43 настай Вүүдс Японд анх удаа явагдсан Zozo Championship-д аваргалсан юм. Олон удаагийн мэс засал, урт хугацааны завсарлагын дараа эргэн ирсэн түүнд одоо их дуулгын түрүүгээ гурваар ахиулж, Ж.Никлаусын амжилтыг эвдэх л үлдээд буй.

3х3 сагсан бөмбөгийн Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Токио 2020 Олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Энэ нь манай улсын түүхэнд багийн спортоор олимпийг зорих анхны тохиолдол болж буй гэдгээрээ онцлог юм. FIBA-аас анх удаа олимпийн хөтөлбөрт багтсан 3х3-ийн эрэгтэй, эмэгтэй шилдэг 4 багт шууд эрх олгосон билээ. Харин эрэгтэйчүүдийн багийн хувьд шилдэг 20 баг 4 эрхийн төлөө өрсөлдөх сорил тэмцээнд оролцох болжээ.

Уухай!

алдалгүй унших арван мэдээ

Unread: Unplug 2019 зарлагдлаа
Мартагдашгүй, давтагдашгүй, алдашгүй. Unplug 4 дэх жилдээ эргэн ирлээ

The Verge: iOS 13.2-ийн бүх шинэ эможинууд
Илүү өнгөлөг, илүү сонголттой бас өрнөл агуулгатай дүрслэлүүдийг сонирхоцгооё.


BBC: Математикийг өөрчилсөн эмэгтэй
46 настай Хилда Нацистуудад "шахагдан" АНУ-д буужээ. Түүний гол зорилго академик хүрээлэлд хүлээн зөвшөөрөгдөх байв. Гэхдээ тэр үүнээс ч илүүг бүтээж чадсан билээ.


Variety: Spider-Man: Into The Spiderverse-ийн шинэ ангийн тов гарлаа
Календарьтаа тэмдэглээрэй. 2020 оны 4-р сарын 8!

Engadget: Торонто ухаалаг хот байгуулах мөрөөдөлдөө ойртсоор
Гүүглийн санал болгосон 1500 хуудас материалд цөөхөн өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж хотын зөвлөл үзэв.

Marketwatch: Facebook-ийн хувьцааны үнэ 4 хувиар өсөв
Фэйсбүүкийг хэн сүйрнэ, хэцүү байдалтай байгаа гэж бодсон бэ? Тэдний орлого 29 хувиар өсч, хэрэглэгчдийн тоо нь 2,8 тэрбумд хүрчээ.


SCMP: Тэйлор Свифт Алибабатай хамтарна
Ганц биечүүдийн баярын зад хямдралд бэлэн үү? Т.Свифт шоу нээнэ гэвэл хэр сонсогдож байна?

Gogo: БНХАУ-ын 754 иргэнийг албадан гаргав
1000 компьютер, 1000 утас, 800 иргэн. Ямар зорилготой, юу хийж байсныг бид одоогоор мэдэхгүй

CNN: Үнэгүй байр тарааж буй Италийн хотын тухай
Каммарата хотын захиргаа яагаад ийм шийдвэр гаргах болов? Үнэхээр хүмүүс байранд болж нүүнэ гэж үү?

Vox: Халловины үеэр унших 9 бодит түүх
Монгол хүн байна даа, нэг хоёр аймшгийн түүх уншина биз дээ?

8610   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.