Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Тогтвортой хөгжлийн зорилгууд   10 сарын 31, 2019

2030: Үнэ цэнэтэй нийгмийг бүтээх оюуны хөрөнгө оруулалт

Боловсрол бол соёл иргэншлийг өвлүүлэх үйл явц учраас Нелсон Мандела “Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчирхэг зэвсэг” хэмээсэн билээ. ЮНЕСКО-гоос сурч боловсрох нь бүхий л амьдралынхаа туршид эдлэх хүний үндсэн эрх бөгөөд чанартай боловсрол эзэмшихэд хүн бүр тэгш эрхээр хангагдах ёстой хэмээн үздэг учраас Тогтвортой хөгжлийн бүх зорилтуудын үндэс суурь юм.

Гэвч өдгөө дэлхий дээр 759 сая хүүхэд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж  бичиг үсэг, тоо тоолох наад захын суурь мэдлэг эзэмшиж чадахгүй байна. Тэдгээр хүүхдэд суурь боловсрол олгохын тулд дэлхий даяар дор хаяж 69 сая гаруй багш мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх шаардлагатай юм.

Хүн төрөлхтөн боловсрол эзэмшсэнээр улс орны нийгэм, эдийн засаг, экологийн тогтвортой хөгжилд урт хугацаанд тоочиж баршгүй эерэг нөлөө үзүүлж, хүрээлэн буй орчиндоо үнэ цэнийг бүтээх боломжтой. Иерусалимын Еврейн их сургуулийн профессор Юваль Ноа Харари “Ядуурал, өвчин, өлсгөлөн, өтлөлт, үхэл бол хүн төрөлхтний зайлшгүй туулах хувь заяа биш. Энэ бүгд бидний харанхуй бүдүүлгийн үр дагавар” хэмээн боловсролтой байхын ач холбогдлыг онцолсон байдаг.

Тиймээс ХААН Банктай хамтран хүргэдэг цахим товхимлын энэ удаагийн дугаарт бид бүх нийтэд чанартай, тэгш боловсрол олгох нь улс орнуудын нийгэм, эдийн засагт хэрхэн эерэгээр нөлөөлж, дэлхийн түүхийг өөрчлөх боломжтой талаар тайлбарлахыг хичээлээ.

Боловсрол бол аливаа улс үндэстэн хөгжин цэцэглэж, эрүүл, тэгш нийгмийг бүтээх хамгийн сайн хөрөнгө оруулалт билээ!

ТАЙЛБАРЛАХ НЬ

Эртний Грект Афины иргэдийн оюун ухаан, гоо зүй, бие бялдрын хөгжлийг дэмжихийн тулд лааны тосон самбар дээр төмөр саваагаар үсэг, тоо бичихийг заадаг сургууль бий болгосон нь дэлхийн боловсролын системийн анхны суурийг тавьжээ. Тухайн үед хүүхдүүд багш нартайгаа мэтгэлцэх урлагаар хичээллэн алдарт илтгэгч, гүн ухаантнууд тэдэнд зориулан лекц уншдаг байсан тухай түүхийн олон баримт бий.

Ислам, христ, буддын шашин, Күнзийн сургааль зэрэг өмнөх үеийн мэдлэгийн уламжлалд дэлхийн ертөнцтэй холбоотой таньж мэдэх хэрэгтэй бүх зүйлийг хүн төрөлхтөн аль хэдийнэ өөрийн болгочихсон хэмээн батлахыг оролддог байв. Гэвч шинжлэх ухааны хувьслаар хүн төрөлхтөн мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч, мэдэх, хийх, оршин байх, хамтдаа амьдрахын төлөө тасралтгүй суралцсаар байна.

Тухайлбал, улс орнуудын хөгжлийн түвшинг 1960 оноос ДНБ-ий хэмжээгээр хэмждэг байсан бол НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөн 1990 оноос эхлэн “Хүний хөгжлийн индекс”-ээр хэмжих болж, орлогын үзүүлэлт болон боловсролын хэмжүүрээр үнэлдэг болсон билээ. Ингээд 2015 оноос НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд улс орнуудын хөгжлийг түвшинг авч үзэж, аз жаргалын индексийг хэмжихдээ ч нийгэм, соёл, боловсрол, сайн засаглал, экологийн тэнцвэрт байдал гэсэн үзүүлэлтүүдээр үнэлдэг болоод байна.

Гэвч дэлхийн дээрх долоон тэрбум хүний хэд нь квантын механик, эсийн биологи, макро эдийн засгийн ухааныг сайн ойлгодог бол?

Өдгөө ядуу буурай болон хөгжиж буй орнуудын 15-24 насны дөрвөн хүн тутмын нэг нь бичиг үсэг тайлагдаагүйн улмаас суурь боловсрол эзэмшиж чадаагүй байна. Дэлхий дахинд 10 хүүхэд тутмын 9 нь бага сургуулиа төгсөж буй боловч 759 сая хүүхэд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, боловсролын сургалтын чанараас болж бичиг үсэг, тоо тоолох наад захын суурь мэдлэг эзэмшиж чадахгүй байгаа юм.

Тэдгээрээс охид, эмэгтэйчүүдийн боловсролын асуудлыг илүүтэй онцлох шаардлагатайг олон статистик харуулж байна. Тухайлбал, дайн дажинтай, улс төрийн хямралд өртсөн Ойрхи Дорнодын орнуудад хоёр эмэгтэй хүүхэд тутмын нэг нь сургуульд суралцах боломжгүй байгаагаас гадна залуу эмэгтэйчүүдийн 90 хувь нь ахлах сургуулиа төгсөж чадахгүй байгаа юм.

Өдгөө дэлхийд сургуулийн насны нийт хүүхдийн дөрөвний нэг нь буюу 331 орчим сая хүүхэд Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт амьдарч байна. Гэвч тус бүс нутагт сургуульд суралцаж буй ч зохих хэмжээний боловсролыг бүрэн эзэмшиж чадахгүй байгаа жишээ олон бий. Тухайлбал, Индонезийн сурагчдын сурлагын дундаж үзүүлэлт нь Азийн бусад орны шилдэг сурагчдын амжилтаас гурваас дээш жилийн хоцрогдолтой байгаа юм. Харин Камбож, Зүүн Тимор улсад хоёрдугаар ангийн нийт сурагчдын гуравны нэгээс илүү хувь нь нэг ч үг уншиж чадахгүй байна.

Түүнээс гадна дэлхийн олон оронд их сургуулийн багш нарын тэн хагас нь ахимаг буюу тэтгэврийн насанд ойртжээ. Тухайлбал, Латин Америкийн олон оронд их, дээд сургуулийн багш нарын 80 гаруй хувь нь цагийн буюу орон тооны бус багш байна.

Монгол Улсын хувьд ДНБ-ийхээ 4.6 хувийг боловсролын салбарт зарцуулдаг нь бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. Гэвч үүний ихэнх нь хувьсах зардалд хуваарилагдан, сурлагын үзүүлэлтэд илүү их нөлөө үзүүлдэг сургалтын хэрэглэгдэхүүн зэрэгт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ бүс нутагтаа доогуур түвшинд байна.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал О.Оюунтунгалаг

ЧИГ ХАНДЛАГА

Боловсрол эзэмшинэ гэдэг нь зөвхөн хөдөлмөрийн зах зээлд хөл тавих бэлтгэл гэхээсээ илүүтэй амьдралын үнэт зүйл, үнэ цэнийг авчирдаг. Дэлхий дахинд сүүлийн 15 жилд дээд боловсролын хүртээмж огцом дээшилж, 2000 оноос хойш дээд боловсролд хамрагдах байдал хоёр дахин өсжээ. Ингэснээр өдгөө дэлхийд 200 сая гаруй оюутан суралцаж байна.

ЮНЕСКО-гийн судалгаагаар дэлхий дахинд 2010 онд 3.5 сая залуус өөрийн улсаас бусад улс оронд буюу гадаадад дээд боловсрол эзэмшиж байсан бол 2020 он гэхэд энэ үзүүлэлт бараг хоёр дахин өсөж, зургаан саяд хүрэх төлөвтэй байгаа аж. Учир нь, өдгөө бүх салбарын тулгамдаж буй асуудлын хариуг шинжлэх ухаан, технологи өгнө гэдэгт олон хүн итгэж байгаа учраас дэлхийн улс орнуудын Засгийн газар, бизнес эрхлэгчдийн авдраас хэдэн тэрбум ам.доллар урсан гарч, лаборатори, их сургуулиуд руу шилжин орж байна.

Техник, технологийн хөгжлийн нөлөөгөөр боловсролын салбарт онлайнаар зайнаас суралцах боломжууд бий болж, бусад хөдөлгөөнт төхөөрөмж, тоон технологийн тусламжтайгаар мэдлэг олж авах үйл явц илүү өргөн болсоор байна. Энэ хүрээнд зарим судлаачид сургуулиар боловсрол олж авах загвар хуучинсаг, явцуу болж байна хэмээн үзэх болжээ.

Өдгөө орчин үед сургалтын арга барилууд эрс өөрчлөгдөж, мэдлэгийн эх сурвалжууд болон мэдлэг солилцох туршлагууд өдөр ирэх бүр өөрчлөгдөх болсон. Өнөөгийн сургуулиар боловсрол олгох загвар нь 100 гаруй жилийн өмнөх үйлдвэрлэлийн хэрэгцээг хангахын тулд гарч ирсэн учраас цаг үетэйгээ нийцүүлэн боловсрол олгох арга барилыг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзэх судлаачид ч олон байна. Энэ хүрээнд ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн багш нарт шаардагдах ур чадвар өөрчлөгдөж, цаг үетэйгээ нийцүүлэн шинэ арга барил, сургалтын хөтөлбөр боловсруулах шаардлагатай болж байна.

Тухайлбал, хиймэл оюуны ухааны хөгжил нь сургалтын хэрэглэгдэхүүн, арга барилыг өөрчилсөөр байгаа аж. АНУ-д ирэх таван жилийн хугацаанд хиймэл оюун ухаанд суурилсан сургалтын хөтөлбөр 43 хувиар өсөх тооцоо гарчээ. Мөн AR буюу виртуал орчинд хичээллэх боломжийг олон их, дээд сургууль нэвтрүүлж эхэлжээ. Ингэснээр шинэ эриний залуусын бүтээмжийг дээшлүүлэх, цаг үетэйгээ нийцсэн боловсрол олгох шинэлэг арга болж буй ажээ.

Нийгмийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр хүүхэд, залуусын ирээдүй, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага улам тодорхойгүй болж, маш олон ур чадвар шаардах болжээ. Энэ хүрээнд Япон улс гэхэд хүүхдэд гуравдугаар ангиас нь эхлэн англи хэл, мэдээллийн технологийн хичээл зааж эхлээд байна.

ЗӨВЛӨГӨӨ

ЮНЕСКО-гоос 2030 он гэхэд бүх нийтийг тэгш хамарсан, тэгш боломж бүхий чанартай, насан туршийн боловсролыг бий болгохын тулд дэлхийн улс орнуудыг ойрын гурваас таван жилийн хугацаанд боловсролын салбартаа бодит ахиц дэвшил гаргах боломжтой дараах зургаан алхмыг санал болгосныг хүргэж байна.

Тэгш боломж: Суурь ялгаатай байдлыг шийдэх, мэдээллийн өргөн хүрээт эх сурвалжуудыг ашиглах зорилгоор боловсролын яам, үндэсний статистикийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг сайжруулах;
Сургалтын үр дүн: Улс орнууд урт хугацаанд сургалтын ахиц дэвшилд хяналт шинжилгээ хийх зорилгоор түүвэрт суурилсан үндэсний сургалтын үнэлгээг бий болгож, хэрэгжүүлэх;

Чанар: Улс орнууд 4.7 дахь зорилтыг үр дүнтэй биелүүлэх амлалтыг биелүүлэхийн хангахын тулд сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш нарын боловсролын хөтөлбөр зэрэгт хяналт шинжилгээ хийх;

Насан туршдаа суралцах: Улс орнууд тогтвортой хөгжлийн талаар чухал шийдвэр гаргадаг насанд хүрсэн хүн амынхаа сурч боловсрох хэрэгцээ, боломж, ололт амжилтын талаар хяналт шинжилгээ хийх;

Тогтолцоо: Бүс нутгийн байгууллагууд нь тухайн бүсийн орнууд бие биенээсээ суралцах боломжтой байхаар боловсролын тогтолцооны онцлог, шинж чанарын талаар мэдээлэл солилцох, зохих хэлэлцүүлгүүд санал болгох;

Санхүүжилт: Улс орнууд нь Засгийн газар, хандивлагчид, айл өрхүүд боловсролын зардлыг хэрхэн хуваалцаж байгааг тодорхой мэдэхийн тулд үндэсний боловсролын санхүүжилтийн хяналтын арга барилыг нэвтрүүлэхийг дэмжих нь зүйтэй.

Цахим товхимолд бүртгүүлэх: http://2030.mn

9336   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ш.Цогзолмаа

Креатив директор:

О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.