Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   11 сарын 01, 2019

#ЮуБайнаТүүгээрээ + Маргаашийн гэрлийг хамтдаа асаая!

НЭГ. маргаашийн гэрлийг хамтдаа асаая!

2018 оны Unplug арга хэмжээний "Шилдэг Санаачилга" шагналыг "Ид Шидийн Орон" төсөл сэтгүүлчдийн дийлэнхийн саналаар хүртсэн нь санамсаргүй хэрэг байгаагүй билээ. Монголчуудыг нас хүйс, ажил мэргэжил, орлого зиндаа үл хамааран нэгтгэж чадсан үндэсний хэмжээний жишиг төсөл байсан учраас шагнал нүдээ оллоо хэмээн дотроо таатай байснаа нуух юун. Энэ төслийн эхний шат амжилттай хэрэгжиж, мянга мянган хүүхдүүдэд үр өгөөжөө өгч, өдгөө хоёр дахь төвөө байгуулахаар ид ажиллаж байгааг олон хүн мэдэж буй биз ээ.

Энэ төслийг санаачлагчдын нэг Ганжавхлантай би HUB Innovation Center-т байрлах "Jack's Coffee Shop"-д нь хааяа таардаг юм. Уулзах болгондоо л яаж ийм том, төвөгтэй ажлуудаас халшралгүй хүсэл тэмүүлэл, урам зориг дүүрэн ажилладаг юм бол доо хэмээн бодож, бас тэр хэрээрээ бахархдаг юм. Энэ удаа ойрд таараагүй бидний яриа төд удсангүй "Ид Шидийн Орон 2" төсөл рүү шилжсэн билээ. Зуу зуун залуучуудын хүч хөдөлмөр, мянга мянган "ид шидтэй" ах эгч нарын итгэл сэтгэлийн дэмээр босож буй уг төслөө амжилттай гүйцээхийн төлөө хүйтэн буухаас урьтаж олон ажил төлөвлөн, цагтай уралдан зүтгэн буйгаа Жак ярив. Энэ үедээ ХААН Банкны "Signature"-ийн багийнхантай нийлж, шинэлэг аргаар хандив цуглуулахаар зэхэж байгаагаа дурдсан нь сонирхол татсан юм. Ганцхан сарын дотор банкныхаа бүх 4500 ажилтныг өдөр бүр хандив өргөдөг "ид шидтэй" болгож чадсан Signature-ийнхэн энэ удаа DataBank-тай хамтран технологийн дэвшлийг ашиглан хэн нэгний амьдралыг өөрчлөх боломжийг олон хүнд олгохыг хүсэж байгаа нь энэ.

Тийм учраас маргааш нь албан ёсоор зарлагдангуут шууд л туршиж үзэхээр би шийдэв. Ганжавхлангийн лайв, зарим газраар тарсан хэвлэлийн мэдээнүүд ч анхаарал татаж, бүр хорхой хүргэж орхисон юм. Манай оффисын дөнгөж урдхан, Хөгжим Бүжгийн коллежийн автобусны буудал дээр онцлох хэсэг нь байрласныг мэдээд олзуурхав. Эрч хүч ундарсан залуучуудаар дүүрэн, их сургуулиудын төвлөрөл дунд байршсан хэрнээ хэт их хүн холхидоггүй, зориод очиход төгс байршил мэт.

Өмнө нь хандив өгөх ийм амархан байгаагүй мэт ажээ. Бидний байнга картаа уншуулдаг ПОС машин автобусны буудал дээр байршсан байна. Хамгийн дээр байх улаан товчийг дараад л, картаа хийхэд таны данснаас автоматаар 500 төгрөг хасагдаж, "Ид Шидийн Орон" төсөл рүү шууд шилжинэ. Зөвхөн картаас гадна контактлесс картаараа, эсвэл QR код уншуулаад хандиваа өргөж болох юм билээ. Зөвхөн Хөгжим Бүжгийн автобусны буудлаас гадна өөр 18 буудалд QR код бүхий самбарууд байршсан гэдгийг давхар онцолъё.

Гэхдээ ингээд л дуусчихгүй. Хажууд нь байрших дэлгэцэн дээр таны хандивын "жинхэнэ" эздийн дүрс инээмсэглэл тодрон өөрчлөгдөх мөчийг та гэрчлэх болно. Өвлийг өнтэй давах дулаан хувцас, бүтээлэгтэй болоод яаж баярлаж байгааг нь, яаж хөөрч догдолж байгааг нь та заавал харах хэрэгтэй. Таныг нэг байтугай нэлээн хэдэн өдөр эрч хүчээр хангах үнэтэй эрчим тэнд л байна.

Хүүхдийн аз жаргал цацруулсан инээдээс илүү гэгээлэг зүйл гэж хаа байдаг билээ дээ.

ХОЁР. юу байна түүгээрээ

Хөргөгчин дээр минь наалттай олон наалт дундаас "Ид Шидтэй Ах Эгч" гэсэн "бөөн хайр" дагуулсан эд үнэ цэнтэй санагддаг юм. Өнөө өглөө энэ наалт маань улам бүр утга учиртай санагдаж, түүний цаадах агуулга, бүтээн байгуулалт, ач холбогдол гүнзгий мэдрэгдсэн нь энгийн нэг тохиол биш.

Учир нь өнөөдөр буюу 11-р сарын 1 бол өгөх өдөр билээ. Нэгэндээ урам зориг, сэтгэлийн дэм, хайр энэрэл бэлэглэх энгийн хэрнээ "эгэлгүй" санааг түгээдэг энэ өдрийг монголчууд тэмдэглэж эхлээд 9 жил болж буй. "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагын цувралын маань анхны оролцогчдын нэгээр уригдаж, хожмоо хамгийн их хүнд хүрсэн контентын нэгт тооцогдох болсон яриагаа өгөн суухдаа Баярмагнай ах төслийнхөө тухай хэзээ ч мартахгүй болтол ярьж өгч билээ. Найзуудын хүрээллээс эхэлсэн төсөл үндэстэн дамнатлаа өргөжиж, хөрөнгө мөнгө босгох үндсэн хүрээнээсээ аль эрт хальж, сэтгэлгээ, боловсролд нөлөөлөгч, соёл түгээх чиг болон өргөжсөн энэ төсөл миний мэдэх "хамгийн гэгээлэг бөгөөд эерэг" ажлуудын нэг.

Хэд хоногийн өмнө энэ жил ямар ажил төлөвлөж байгааг нь сониучирхан "Өгөх Өдөр" хөдөлгөөнийг санаачлагч Б.Баярсайхан руу утас цохиход "бүгдээрээ л дэм дэмэндээ, байгаагаараа л бусдадаа нөлөөлж, чин сэтгэлээсээ, юу байгаагаа л "өгөөсэй" гэж хүсэж байна даа" гэсэн юм. Жил бүр л ямар нэг төсөл, ажил хүлээгээд бүр муу зан сурчихсан надад энэ өдөр хамгийн гол нь "өгөх сэтгэлгээг" суулгах учиртайг ухааруулах шиг болов. #ЮуБайнаТүүгээрээ гэж энэ жилийн уриагаа яг онож сонгожээ.

Гэхдээ тэд энэ жил огт зүгээр суугаагүй, хүмүүсийг яах бол гээд хараад хүлээгээгүй. Энэ нийтлэлийн маань эхний дүр Ганжавхлантай хамтран, "өгөх өдрөөр үржүүлцгээе" гэсэн аяныг хэрэгжүүлээд ид явж байна. Өгөх өдрийн 24 цагт багтааж "Ид Шидийн Орон" төсөлд хандив өргөвөл тэр нь хоёр дахин өсж дансанд нь орно гэсэн санаа. Энэ боломжийг нийгмийн хариуцлагаа ухамсарлагч үндэсний томоохон компаниуд бодит болгож буйг энд бас сануулах учиртай.

Зөвхөн өнөөдөр та хэдэн ч төгрөг хандивласан бай, тэр мөнгө тань яг хоёроор үржигдэх болно. Таны хувь нэмэр асуудал, дарамт, хүчирхийлэл дунд, бидний төсөөлж ч үл чадах орчинд өсөж хүмүүжиж буй хүүхдүүдэд шууд очих болно. Тэдний ирээдүйг гэгээтэй болгож, тэдэнд итгэл бэлэглэх гол хэрэгсэл болно. Хэн нэгэнд итгэл, урам, эрч, бүр цаашлаад ирээдүй бэлэглэнэ гэдэг ямар "гайхалтайг" хэрхэн үгээр илэрхийлэхийг даанч би мэдэхгүй нь.

"Гэрэл нэм, гэрэл нэм" гэдэг дээ. Бидэнд өнөөдөр яг тэр гэрлийг улам бадраах, тодруулах боломж бий болоод байна.

11953   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.