Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   10 сарын 31, 2019

“Бизнесээ дараагийн түвшинд гаргах боломж - Inspire 2019”-ийн тайзнаа хэн, юу хэлэв?

Дижитал орчин бол цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажиллаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ чанаржуулан, бизнесийн салбарт манлайлах хүсэлтэй байгууллагын гол талбар юм. Энэ орчинд хэрхэн амжилттай ажиллах талаар цогц мэдээллийг хүргэн, сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнүүлсэн “Inspire” арга хэмжээ энэ сарын 23-нд амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээнд технологи, бизнесийн салбарын гадаад, дотоодын томоохон компаниудын төлөөлөгчид хүрэлцэн ирж, дижитал шилжилтийн боломж, ирээдүйг ярилцаж, өөрсдийн туршлагаас хуваалцсан юм. Мөн бизнесээ дараагийн түвшинд гаргах боломжийг эрэлхийлсэн Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд оролцож, хагас өдрийг хамт өнгөрөөлөө.

Байгууллагууд дижитал шилжилт хийхийн тулд зөвхөн технологидоо ач холбогдол өгөх бус ажилтан бүрийнхээ дижитал хандлага, соёлыг бий болгоход анхаарах нь илүү чухал болохыг илэрхийлсэн энэхүү арга хэмжээний илтгэгч бүрийн онцлууштай санаа, шийдлийг эшлэл болгон хүргэж байна. 

“Microsoft” компанийн Бүс нутаг хариуцсан захирал Наталя Матассова

Нэг үеэ бодвол хүмүүсийн ажиллах арга барил, бусад харилцах харилцааны хэлбэр эрс өөрчлөгдөж байна. Энэ нь зөвхөн хувь хүн гэлтгүй байгууллага, улс орны хэмжээнд ач холбогдолтой өөрчлөлт юм. Өдгөө ямар төрлийн үйл ажиллагаа эрхэлдгээс үл хамааран бүх салбарын байгууллагууд дижитал шилжилт хийхийг илүүд үзэн, програм хангамжийн компаниас ялгаагүй анхаарал хандуулах болжээ.

Дижитал шилжилт бол үндсэндээ хүний шилжилт хийж буй хэрэг юм. Хэрэв танай байгууллага энэхүү өөрчлөлтийг хийхээр шийдсэн бол хамгийн түрүүнд ажилчдадаа анхаарч, дижитал соёлд сургах хэрэгтэй. "Майкрософт" компани дижитал шилжилт хийхэд нөлөөлдөг таван чухал хүчин зүйлийг тодорхойлсон байдаг:

1. Авьяас чадварын төлөөх дайн – Хүмүүс зогсолтгүй суралцдаг байх.
2. Хиймэл оюунд суурилсан автомат ажил (AI) - Одоогоос 10 жилийн дараа гэхэд технологийн нөлөөгөөр дэлхийн нийт ажлын байрны 70 хувь нь өөрчлөгдөх магадлалтай тул хүмүүс дор бүрнээ дижитал чадвараа сайжруулах зайлшгүй шаардлагатай. Оксфордын нэгэн судалгаанд дурдсанаар АНУ-д ирэх 25 жилийн дотор нийт ажлын байрны 47 хувь нь автомат болох гэнэ.
3. Уян хатан байдал – Ажилтнуудаа бүтэн өдрийн турш оффисд суулгахаас илүү алсын зайнаас юм уу хагас цагаар ажиллах боломжоор хангаж, түргэн шуурхай, найдвартай багийн ажиллагааг дэмждэг байх.
4. Олон талт оролцоо (D&I) - Одоогийн болон ирээдүйн бизнестээ илүү амжилт гаргахын тулд янз бүрийн авьяас чадвартай байх.
5. Зорилго ба соёл – Бүх хүнд урам зориг өгч, сэдэлжүүлдэг байх. Энэ нь орчин үеийн “шинэ валют” болоод байна.

Дижитал шилжилт хийхийн тулд ажилтан бүр дээрх зүйлсийг анхаарч, компанийн соёлыг бүрдүүлэх хэрэгтэй юм. Энэ бүхний гарааны цэг нь дижитал хандлагатай шилдэг удирдагчаас эхэлж, дараа нь ажилчдад нөлөөлдөг.

“Мобинет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Идэрмөнх

Бид анх дижитал шилжилтийг зөвхөн технологийн мэдлэгтэй хүмүүс л хийдэг гэж боддог байлаа. Гэтэл энэ нь хүн бүрд байж болох шаламгай, хариуцлагатай, шинийг эрэлхийлэгч, зохион байгуулагч, хэрэглэгч төвтэй гэх мэт хувь хүний олон чанар, ур чадварын нэгдэл байжээ. Тиймээс ямар ч байгууллагын дижитал шилжилт хийх хамгийн том сорилт бол компанийн соёл, ажилтнуудын хандлага юм билээ. Томьёолбол, “Идэвхтэй манлайлал +Шинийг санаачлагч соёл = Амжилттай дижитал хувьсал”.

Манай компани дижитал шилжилт хийхийн тулд “Эмпасофт” компанитай хамтран Office 365 төслийг хэрэгжүүлсэн юм. Дижитал хэрэглээг бүх ажилтны өдөр тутмын хэрэглээнд бүрэн нэвтрүүлэхэд 5-6 сар зарцуулсны эцэст мэдэгдэхүйц эерэг өөрчлөлтүүд гарсан. Үүнд мөнгөн болон мөнгөн бус үр дүнгүүд багтана. Тухайлбал, өмнө нь оффисд цөөнгүй гардаг байсан технологитой холбоотой асуудал 80 хувь буурсан. Орон нутгийн салбарынхантайгаа видео хурал хийж, мэдээлэл солилцохын тулд жилд 50 сая төгрөгийн лиценз төлдөг байсан бол дижитал шилжилт хийснээр хэмнэж чадсан. Мөн зарим ажилтнууд хүссэн газраасаа алсын зайнаас ажиллаж, өдөр тутмын ажлаа илүү хурдан шуурхай явуулдаг болоод байна.

Гэхдээ дижитал шилжилтийг амжилттай нэвтрүүлэхэд тулгарсан асуудал бий. Шилжилтийг бүрэн хийхийн тулд хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг сайтар хамгаалж, нууцлалын зэрэглэлийг тодорхойлох шаардлагатай болсон. Улмаар бид мэдээлэл технологийн эрсдэл бүрээ тооцоолж, урьдчилан сэргийлэх платформууд ашигладаг болоод байна.

БНЭУ-ын “TDPrasad Consulting” компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх Дурга Прасад Тади

Мэдээлэл технологийн засаглал нь аливаа байгууллагын стратеги, бизнесийн зорилготой уялдан хөгждөг тул өсөлт, инновац, биет хөрөнгийг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах, зах зээлийн өрсөлдөөнд ялгарах давуу талыг бий болгодог. Тиймээс өдгөө Cloud дээрх мэдээллийн технологийн засаглал чухал хэвээр байна.

Дэлхийн олон улс орон мэдээллийн технологийн засаглалын хяналтын тогтолцоо буюу COBIT-ийг хэрэгжүүлдэг. Энэ нь байгууллагын мэдээлэл болон мэдээллийн технологийн чиг үүрэг, зорилгыг хооронд нь уялдуулдаг давуу талтай.

2019 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд COBIT системийг дагаж мөрдөх тухай Монгол Банкны журам гарсан. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд хэд хэдэн алдаа гарч болзошгүй. Жишээлбэл, байгууллагууд бизнестээ бодит бус зорилго тавьж, богино хугацаанд биелүүлэх гэж оролддог. БНСУ гэхэд өнөөг хүртэл COBIT-ийг амжилттай нэвтрүүлж чадаагүй байгаа нь чадварлаг мэргэжилтнүүд хомс байгаатай холбоотой болов уу.

“Эмпасофт” академийн гүйцэтгэх захирал Н.Энхсайхан

Дижитал шилжилт хийж буй байгууллагууд ажилтнууддаа “Эмпасофт” академид сургах нь цөөнгүй. Гэвч нэг ангид 10 хүн суралцахад хоёр нь сурах хүсэлгүй, зорилгогүй байгаа нь бидэнд анзаарагддаг. Тэднээс шалтгааныг нь тодруулахад дараах хэд хэдэн тайлбар гарч ирсэн юм.

  • Дижитал шилжилтийн тухай огт мэдлэггүй, ойлголтгүй хүмүүс бий. Тэд байгууллагаас нь сургалтад суух албан үүрэг өгсний дагуу ирсэн гэх тайлбарыг өгдөг.
  • Өөрийн гэсэн зорилгогүй хүмүүс бий. Тухайн байгууллагадаа хэр удаан ажиллахаа мэддэггүй.
  • Компанитайгаа байгуулсан гэрээний дагуу сурах гэж ирсэн хүмүүс байдаг. Тэд хөдөлмөрийн гэрээний дагуу аргагүйн эрхэнд ирдэг гэсэн үг.
  • Байгууллагаас нэг хүнд хэтэрхий их ачаалал өгдөг. Нэг хүнд технологитой холбоотой бүх хариуцуулах зорилгоор олон сургалтад хамруулдаг.
  • Технологитой ойр биш буюу анхан шатны мэдлэггүй хүмүүс ирдэг.

Тиймээс дижитал шилжилт хийх гэж буй байгууллагууд энэ асуудалд анхаарч, тохирох хүнээ зөв сонгох хэрэгтэй юм. Ажилтнуудын хувьд аливаа сургалт, семинарт хамрагдах нь насан туршийн боловсрол болдог учраас дотоод, гадаад гэлтгүй ямар ч байгууллагад ажиллах бүрэн боломж нээгдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

“Ландбридж” ХХК-ийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Тулгаа

Манай байгууллага мэдээллийн урсгалыг сайжруулах, бүтээмжээ нэмэгдүүлэх, шийдвэр гаргалтыг автоматжуулах гэсэн гурван үндсэн зорилгын хүрээнд дижитал шилжилт хийсэн. Ингэснээр бид хүссэн газраасаа харилцагчдынхаа ачаа барааг хаана явж буйг анхдагч сурвалжаас шууд авч, бизнес процесс хэрхэн өрнөж байгааг цаг алдалгүй мэдэх боломжтой болсон. Мөн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаа илүү шуурхай, хялбар болж, нэг удаа 10 үг бичдэг байсныг 20-30 болгон ихэсгэж, бүтээмжээ сайжруулсан юм. Энэ хүрээнд одоогийн байдлаар манай байгууллагын үйлчилгээний ажилчдыг оролцуулахгүйгээр нийт ажилтны 92 хувь нь дижитал шилжилтийг амжилттай хийгээд байна. Тэд өгөгдлийг бүртгэх, хянах, боловсруулах ажилд ямар нэгэн байдлаар бүрэн оролцдог болсон тул тэр хэрээр компанийн үр ашигт байдал нэмэгдэж, нуугдмал зардлаа 40 хувиар буурсан. Бид хоёр жилийн дараа 90 хувь бууруулах зорилготой ажиллаж байна.

Эдгээр нь зөвхөн манай компанид гарсан өөрчлөлт биш. Дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн байгууллагуудын сайн жишиг олон бий. Яямар төрлийн үйл ажиллагаа эрхэлдгээс үл хамааран бүхий л компани дижитал шилжилт хийх бүрэн боломжтой санагдсан.

ОХУ-ын “Леоника Лабс” компанийн үүсгэн байгуулагч Леонид Шугуров

Олон жилийн туршлагатай байгууллагууд болон ажилчдад дижитал шилжилт хийхэд тийм ч амар биш. Тэдний туршлага, үзэл бодол, хандлага нь аль хэдийн өөр хэв маяг, соёлд дасчихсан байдаг тул “Яагаад заавал дижитал шилжилт хийх ёстой гэж” хэмээн асуудаг. Хэдий тийм ч бид өнөөдөр энэ өөрчлөлтийг хийхээс өөр сонголтгүй болоод байна. Шилжилт хийх явцад хүндрэлтэй асуудлууд тулгарах нь ойлгомжтой.

Сүүлийн хоёр жилд гэхэд дөрвөн компани тутмын нэг нь бизнесийн дижитал шилжилт хийх гээд бүтэлгүйтсэн байна. Тэдгээр судалгаанд оролцогчдын 33 хувь нь 423 мянган еврогийн төслөө хаасан бол 28 хувь нь 555 мянган еврогоор бүтэлгүйтсэн гэж хариулжээ.

Иймээс дижитал шилжилтийн явцад PACT буюу хүн, үйлдэл, хамтын ажиллагаа, технологи гэсэн үндсэн дөрвөн асуудлыг зэрэг анхаарах хэрэгтэй. Байгууллагуудын түгээмэл гаргадаг нэг том алдаа нь ажилтнаа үл ойшоож, технологид ихээхэн ач холбогдол өгдөг. Гэвч дижитал шилжилт нь технологи бус бизнесийн загвар юм. Энэхүү загварыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд технологи ашигладаг. Харин хүмүүс тэдгээр технологийг ухаалгаар ашиглах чадвартай байх нь дижитал шилжилтийн гол цөм болдог. Нэг ёсондоо энэ бол хүний шилжилт юм.

12028   4


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ё.Ичинноров




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.