Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   10 сарын 24, 2019

UB Film Festival-ийн шилдэг кинонууд + Үзэгчдийн сэтгэгдэл

Монгол үзэгчдэд дэлхийн шилдэг артхаус кинонуудыг долоо хоногийн турш өргөн дэлгэцээр үзэх ховорхон боломжийг олгодог “Улаанбаатар” олон улсын кино наадам (UBIFF) өнгөрсөн долоо хоногт 11 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Тус наадам 2014 оноос эхлэн үзэгчдийн нэрэмжит шагналыг гардуулдаг болсон юм. Ингэхдээ кино тус бүрийг гарч дууссан даруйд үзэгчдээс санал хурааж, наадмын сүүлийн өдөр шагналт бүтээлийг олонд танилцуулдаг уламжлалтай. Өнөөдөр бид “Улаанбаатар” олон улсын кино наадмын 2014-2019 үзэгчдийн нэрэмжит “Шонхор” шагналыг хүртсэн шилдэг зургаан бүтээлийг танилцуулахын хамт зарим үзэгчийн сэтгэгдлийг хүргэж байна.  

Кинонуудыг танилцуулахаас өмнө артхаус киноны тухай бэсрэг тодотгол хэлье. Энэ төрлийн ихэнх бүтээл нь санаанд оромгүй үйл явдлаар хүний сэтгэлийн нандин утсыг хөндөж, хөглөж, үзэгчдэд ямар нэг ухаарал, сургамж үлдээдэг онцлогтой. Артхаус кино найруулдаг хувь уран бүтээлчдийн зорилго нь нийтийн сонирхол таашаалд нийцэх, их ашиг олохдоо биш. Харин өөрийн ур чадвар, дотоод ертөнц, гоо зүйг киногоороо дамжуулан илэрхийлэхийг эрмэлздэг.

2014 он - Leviathan

Олон улсад алдаршсан Оросын нэрт найруулагч Андрей Звягинцевын “Левиафан” киноны уур амьсгал, хурц ширүүн үг хэллэг, шударга бус нийгмийн илэрхийлэмж нь тухайн үед дахин давтагдашгүй хийгээд тун чиг сонирхолтой байдлаараа кино урлагт тэсрэлт болсон билээ. Тиймдээ ч энэ бүтээл Их Британи, Торонто, Канны кино наадмуудаас шагнал хүртэж, Хойд Америкийн бокс оффист ч чамгүй амжилт үзүүлсэн. Харин монголчуудын хувьд “Левиафан”-ийг UBIFF-аар дамжуулан өргөн дэлгэцээр үзсэн юм. Үүнээс гурван жилийн дараа буюу 2017 оны UBIFF-аас найруулагч Андрей Звягинцев “Хайр үгүй” киногоороо “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг дахин хүртэж байв.

Найруулагч хожмоо “Левиафан бол Библид гардаг далайн аварга том могой. Энэ мангасаар нийгэмд буй шударга бус зүйлс, тэр дундаа авлигыг илэрхийлсэн. Киног үзсэн хүмүүс эдгээр зүйлс нийгэмд хэрхэн хүчтэй нөлөөлдгийг ойлгож, бодит мэдрэмж аваасай гэж хүсч байна” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.

Оросын нэгэн зэлүүд тосгонд амьдрах Николай хэмээх залуу авлигад идэгдсэн удирдах албан тушаалтнуудтайгаа тэмцэж буйгаар үйл явдал өрнөнө. Энд улс төрийн хүнд суртал, хээл хахууль, нийгмийн томоохон асуудлуудаас авхуулаад бидний өдөр тутамдаа анзаардаггүй өчүүхэн үйлдлүүдийн цаана ч шударга бус оршин буйг харуулна.

2015 он - Taxi

Кино урлагт амьдралаараа дэнчин тавьж үнэнч үлдсэн, драматай нэгэн бол Ираны нэрт кино найруулагч, Канн, Берлин, Венецийн наадмын шагналт Жафар Панахи юм. Түүний нууцаар хийсэн ээлжит кино нь “Такси” бөгөөд өөрөө зохиолоо бичиж найруулан, жүжиглэсэн гэдгээрээ туйлын өвөрмөц, нандин. Тоног төхөөрөмж, хүн хүч хомс нөхцөлд “уламжлал ёсоор” гарцаагүй сайн бүтээл хийж чадсан нь түүнд Берлиний олон улсын кино наадмын “Алтан баавгай” шагналыг дагуулсан билээ. Гэвч энэ шагналаа өөрөө гардан авч чадаагүй нь харамсалтай.

Тэрээр бүтээлүүддээ хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, шашны бурангуй үзлийг шүүмжлэхийн зэрэгцээ хүн төрөлхтний оршихуйн учир, мөн чанарыг тусгадаг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэдий ч эх орондоо хавчигдан шахагдах үндэс болсон юм. 2010 онд Ираны эрх баригчид төрийн эсрэг суртал ухуулга хийсэн хэргээр түүнийг баривчилж, 20 жил кино бүтээх эрхийг нь хасан, зургаан жилийн хорих ял оноосон. Мөн тухайн үед эхнэр, найз нөхдийг нь ч баривчилж байжээ.

Жафар Панахи эл киногоороо дамжуулан өөрийн амьдралын нэгэн өдрийг үзэгч олонд хүргэсэн аж. Тэрээр Тегаран хотын гудамжаар такси барьж, үйлчлүүлэгчидтэйгээ нийгэмд тулгамдсан асуудлын талаар ярилцан, элдэв сониныг ажиж явна. Энгийн мэт харилцан яриа, үг үйлдлийн цаана чухам юу өгүүлж буйг уг киног үзсэн хүмүүс андахгүй болов уу.

2016 ОН - THE SALESMAN

Найруулагч Асгар Фархади бол Ираны нийгэм, цаг үеийн байдал, гэр бүлийн харилцаа, хувь хүний ёс суртахууны асуудлуудыг бүтээлүүддээ тусгадгаараа алдартай. Тэрээр 2012 онд “Салалт” киногоороо Оскарын шагнал хүртсэн бол 2017 онд “Худалдаачин” киногоороо тус наадамд дахин нэр дэвшиж байв. Харин энэ бүтээл 2016 оны Канны наадмын Шилдэг кино зохиол, Шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг тус тус хүртсэн юм.

Гэрийнх нь хажуугийн барилгын ажлаас болж хүчээр нүүсэн Имад, Рана хоёр Тегран хотын төвд шинэ орон сууцанд амьдарч эхэлдэг. Уг байрны өмнөх түрээслэгчтэй холбоотой явдал залуу хосын амьдралыг орвонгоор нь эргүүлнэ.

2017 ОН - LOVELESS

"Левиафан", "Возвращение" зэрэг даацтай бүтээлээрээ олонд танигдсан, Оросын шилдэг найруулагч Андрей Звягинцевын “Хайр үгүй” кино олон шагналыг дагуулсан юм. Заримаас нь дурдвал, 2017 онд Канны кино наадмын Шүүгчдийн нэрэмжит шагналыг хүртэхийн зэрэгцээ “Алтан дал мод” шагналд өрсөлдсөн бөгөөд Лондон, Мюнхен, Мельбурн, Сараево, Теллюрид, Торонто, Пусаны кино наадмуудад оролцож, үзэгчдийн хүртээл болжээ.

Женя, Борис хоёр нэгэн үе бие биедээ дурлаж гэр бүл болсон хэдий ч өдгөө тэдэнд зэвүүцэл, гутрал, үзэн ядалт л үлдсэн. Хэн хэн нь өөр хүнд дурлаж, шинэ амьдрал зохиох гэсэн ч 12 настай хүүгээ хэрхэхийг үл мэднэ. Гэр бүлийн хурцадмал байдал үргэлжилсээр, нэгэн өдөр хүү нь тэдний ээлжит хэрүүлийг санамсаргүй сонссоноор ор сураггүй алга болдог. Үйл явдал хэрхэн үргэлжилж, ямар төгсгөлд хүрэхийг та киноноос үзээрэй.

2018 он - LETO

2018 оны Канны кино наадмын Шилдэг киноны хөгжим шагналыг хүртсэн, Оросын кино найруулагч Кирилл Серебренниковын бүтээл “Лето” нь өнгөрсөн жилийн UBIFF-ийн Үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн билээ. Дөрвөн ч хүний оролцоотой бүтсэн тус киноны зохиолд Зөвлөлт Орост рок хөгжмийг моодонд оруулсан алдарт Виктор Цойн амьдралын тухай өгүүлдэг. Ингэхдээ хайр дурлал, хөгжим, хүний амьдралын утга уянгыг тун чадварлагаар илэрхийлсэн нь санаанаас гарамгүй.

Үйл явдал 1980-аад оны эхэн үед Ленинград хотод зунаар өрнөнө. Оросын авангард рок хөдөлгөөн, андерграунд хөгжмийн амьдрал ид буцалж байна. Лед Зеплин, Дэвид Боувийн шүтэн бишрэгч Виктор Цой “Зоопарк” хамтлагийн рокер Майк Науменко болон эхнэр Наталятай учирснаар амьдрал, уран бүтээлийн замнал хэрхэн өрнөхийг энэ кинонд өгүүлнэ.

2019 он - PARASITE

Энэ жилийн Оскарын шилдэг гадаад кино төрөлд БНСУ-ыг төлөөлөн нэр дэвшиж буй, Канны кино наадмын “Алтан дал мод” шагналт “Шимэгч” киноны амжилтын цуваа үргэлжилсээр байна. Найруулагч Бун Жун У-ийн долоо дахь бүрэн хэмжээний энэ бүтээл энэ жилийн UBIFF-ийн Үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэв. Тус кино Оскарын наадамд ч өндөр амжилт үзүүлэх магадлалтайд тооцогдож буй нь санаандгүй хэрэг биш.

Ки-Таекийн гэр бүлийнхэн бүгд ажилгүй, орлогогүй хийгээд байрны хонгилд амьдардаг. Нэгэн өдөр хүү нь найзынхаа тусламжтайгаар шинэ ажилд орсноор гэр бүлийнхнээ ч ажилтай болгохоор шийднэ. Түүний төлөвлөгөө алхам алхмаар биелж, тэд төсөөлж ч байгаагүй жаргалтай мөчийг хамт өнгөрөөнө. Гэвч эцэстээ хүүгийн шийдвэр юу дагуулахыг та киноноос үзээрэй.

Үзэгчдийн сэтгэгдлээс

 Архаг үзэгч - А.Марал

Энэ жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадам сайхан болж өндөрлөлөө. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад илүү олон орны кинонуудыг гаргасан нь дэвшилттэй санагдсан. Наадам маань олон улсын тодотголтой болсноос хойш жил бүр киноны сургалт, форум зохиож, гадаадын чадварлаг найруулагч, уран бүтээлчдийг урьж оролцуулах болсонд их олзуурхдаг. Мөн тухайн жил нээлтээ хийсэн шинэхэн уран бүтээлүүдийг хүргэдэг нь биднийг кино урлагт илүү ойр байх боломжийг олгодог. Тиймээс би жил алгасалгүй үзэхийг хичээдэг.

Анхны үзэгч - Э.Хүслэн

Миний хувьд энэ жил анх удаа “Улаанбаатар” кино наадмыг сонирхон үзлээ.“Сибилл” гэх киног үзсэн. Уг бүтээлийн гол дүр нь сэтгэл судлаач эмэгтэй гэж сонсоод, мэргэжил нэгтэй учраас зорьж очсон юм. Тэгтэл үзэж дадсан Холливудын хэв маягаас тэс өөр уур амьсгалыг уг киноноос мэдэрсэн. Бүтээлийн эхлэлээс төгсгөл хүртэлх дүрс, дуу авиа, үйл явдал, дүрүүдийн илэрхийлэмж нь төсөөлшгүй өвөрмөц, этгээд, цаанаа жирийн нэг эмэгтэйн амьдралыг харуулдаг. Зовлон шаналал, хүсэл тачаал, үзэн ядалт, уучлал, инээд хөөр, эргэлзээ тээнэгэлзэл, бас хайр. Энэ бүхэн хэтэрхий хүнд ч юм шиг, хөнгөн ч юм шиг сонин мэдрэмж төрүүлсэн. Мөн киног үзсэн хүмүүс “Сэтгэл зүйч нар шидтэн биш. Тэд энгийн л хүмүүстэй адил олон асуудалд санаа зовж, ганцаарддаг” гэдгийг илүү ихээр ойлгосон байх.

ШИМТЭН ҮЗЭГЧ - О.АНХЗАЯА

Би орой болгон кино үзэхийг хичээдэг. Дор хаяж нэгийг. Заримдаа бүр ар араас нь угсруулж, кино марафон хийнэ. Тэгээд тэмдэглэл хөтөлнө. Ийнхүү 365 хоногийн хэдэд нь кино үзэж, хэчнээн киноны ард гардгаа хэлж мэдэхгүй байна. Гэхдээ эдгээрийн дундаас сэтгэлд хоногшиж үлдэх нь цөөхөн.

Харин UBIFF-ийн кинонууд хэзээ ч мартагддаггүй. Тиймдээ ч өнгөрсөн жилүүдийн бүтээлүүдийг би одоо ч сайн санаж байна. Миний хувьд уйлахгүй, баярлахгүй, сэтгэл хөдлөхгүй хоцорно гэж байдаггүй. Энэ жил "Дуулахын тулд амьдарна" киног үзэж байхдаа уйлаад авсан.

Мөн би энэ жил кино наадмын "Цав цагаан өдөр" киног монгол хадмал руу орчуулсан юм. Киног театрт үзэж байхдаа ганц үг алдсанаа анзаараад ухаан алдахаа шахсан. Энэ мэтчилэн жил болгон сэтгэлд минь тод дурсамж үлдээдэг UBIFF-ийг намар цаг ирэхтэй зэрэгцээд догдлон хүлээдэг дээ.

ШИНЭХЭН ҮЗЭГЧ - Х.СУВД-ЭРДЭНЭ

Өмнө нь олон улсын кино фестиваль Монголд болдог тухай найз нөхдөөсөө сонсож байсан ч очиж үзэж байсангүй. Харин энэ жил зорин очиж, гурван ч кино үзээд амжлаа.

Үзвэр эхлэхээс өмнө гадаад, дотоодоос ирсэн зочид киноны тухай сэтгэгдлээ хуваалцдаг юм билээ. Ингэхдээ бараг киноны үйл явдлыг яриад өгч байгаа юм шиг санагдсан шүү. Уг нь би шинэ кино үзэх гээд маш их хүлээлт, догдлолтой байдаг. Гэтэл үзэхээс өмнө ийм зүйл болсонд жаахан урам хугарсан. Мэдээж энэ наадмыг зохион байгуулахад олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байх. Гэхдээ зарим зүйл дээр дутагдалтай тал анзаарагдсан нь кинонуудын орчуулга,хадмал нь тогтворгүй,орж гараад л, заримдаа бүр кино нь гацаад байсан. Үүнээс гадна онлайнаар тасалбараа захиалах гэсэн боловч сүүлийн өдрүүдэд өөрийн биеэр очиж авах шаардлагатай болсон зэрэг нь цаг зав муутай хүмүүст жаахан хүндрэлтэй санагдсан.

Гарсан бүтээлүүдийн талаар ярих бол илүүц биз дээ. Угаас их шинэлэг, өвөрмөц, далд өгүүлэмжтэй кинонууд байдгийг үзэгчид андахгүй болов уу.

4627   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ё.Ичинноров
С.Намуунаа

Гэрэл зургийг:

Ё.Ичинноров




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.