Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   10 сарын 19, 2019

Эрих Фроммын “Хайрлах урлаг" номын тухай

Бидний энэ амьдралаас магад хамгийн их хүсдэг зүйл бол хайр байх. Харин бид асар ихээр хүсэмжилдэг энэ зүйлээ хэр судалдаг билээ? Сэтгэл хөдөлгөсөн, дотрыг огшоосон романтик ойлголт гэдгээс өөрөөр бид хайрыг хэр сайн мэдэх вэ? Хайрыг хүсэж, хайрлуулахыг мөрөөдөхөөсөө өмнө бид эхлээд хайрлая гэж боддог билүү? Өнөөдрийн танилцуулах, Германы социологич Эрих Фроммын бичсэн “Хайрлах урлаг” ном яг энэ асуултуудад хариу өгч, хайрыг шинжлэх ухаанчаар, бидний өмнө нь бодож төсөөлж байгаагүй өнцгөөс тайлбарлах болно. Улмаар бидний нүдийг нээх болно гэдэгт итгэж байна.

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ

“Хайрлах урлаг” номын зохиогч Эрих Фромм нь 1900 онд Германы Франкфурт хотод төрсөн, еврей гаралтай хүн юм. Тэрээр социологийн ухааны доктор болж, сэтгэл зүй, нийгмийн ухаан, философийн салбарт өөрийн ухамсарт амьдралыг зориулсан юм. Дэлхийн нэг, хоёрдугаар дайныг бие, сэтгэлээрээ туулж өнгөрүүлсэн нь аливаа асуудлын учир шалтгааныг шинжилж, үргэлж "яагаад" гэх асуултыг өөртөө тавих сэдэл болсон бөгөөд хожим нэр алдрыг нь олон улсад таниулсан уг номыг туурвихад нөлөөлсөн биз ээ. 1934 онд еврей гаралтайн улмаас Германаас дүрвэж, Нью-Йорк хотод шилжин суурьшаад 1974 он хүртэл АНУ, Мексик улсуудад багш, судлаачаар ажиллахын сацуу Уиллиам Алансон Уайт психоанализ, психологийн хүрээлэнг хамтран байгуулжээ. Энэ алдарт эрдэмтэн 1980 онд Швейцарын Муралто хот дахь гэртээ насан эцэслэжээ.

НОМЫН ТУХАЙ

1956 онд хэвлэгдсэн “Art of Loving” буюу “Хайрлах урлаг” ном нь монгол хэлнээ анх 1996 онд “Хайрын амт” нэрээр орос хэлнээс орчуулагдан уншигчдад хүрч байсан удаатай. Удаах орчуулгыг 2015 онд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн, герман, англи хэлнээс хөрвүүлэн гаргажээ. 40 гаруй хэл дээр орчуулагдсан уг ном нь зохиогчийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд энэхүү монгол хувилбарын зөвлөх орчуулагчаар философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэ ажилласан байна.

"Хайрлах урлаг" гэх нэрнээсээ эхлээд л уншигчдын анхаарлыг татах уг номд хайрыг тун өргөн хүрээнд буюу нийгэм, философи, сэтгэл судлал, сүсэг бишрэлийн талаас судлан тайлбарлажээ. Хайрлуулах буюу хайрлагдах урлаг гэж нэрлээгүйн учрыг зохиогч өмнөх үг дээрээ “Энэ номоос хайрлах урлагийн талаар зааварчилгаа хүлээсэн уншигчийн урам хугарах болно” гэх өгүүлбэрээр нэг мөр хариулт өгдөг. Үнэхээр ч энэ номд хүнд хайрлуулах, хүний хайрыг татах талаар огт хөндөгдөхгүй агаад бид яагаад хайрлах ёстой, жинхэнэ хайр гэж чухам ямар хайрыг хэлээд байгаа тухай гардаг. Мөн хайр нь зөвхөн хүн хоорондын харилцаа биш, нийгмийг сайн сайхан байлгадаг хамгийн гол хүчин зүйл болохыг олон төрлийн жишээгээр ойлгуулахыг оролджээ.

Номд бичсэнээр хүний амьдралд хамгийн том айдсыг авчирдаг, оршихуйг нь утга учиргүй болгодог зүйл бол ганцаардал хэмээн үзэж, ганцаардлыг мэдрэхгүй байх ухамсарт биш зорилгоор хүн хайрыг эрж, хайрлаж, аливаа үйлдлийг хийдэг аж. Иймийн учир хүн байгалийн зөнгөөрөө сүргээр амьдрах бөгөөд тусгаарлагдсан, ганцаардсан мэдрэмжийг авахгүй гэсэндээ сүсэг бишрэлийн шинж чанартай, олныг хамарсан уламжлалт зан үйлүүдийг хийж, түүнийгээ хүлээн зөвшөөрөгдөх учиртай зүйл хэмээн итгэдэг гэжээ. Нөгөө талаар бусадтай нийцтэй байх, бусдад таалагдах гэх мэт хүний хүсэл, ухамсар бүгд угтаа өөрийн оршихуйг хамгаалах буюу “би ганцаараа биш” гэдгээ мэдрэхэд чиглэгдсэн байдаг байна. Хүний энэ сэтгэл зүйн онцлогийг сэтгэл зүйн талаас хайр гэх ойлголтоор тайлбарлаж, хэрхэн хайрыг зөвөөр ойлгож, хайрлаж сурах тухай өгүүлдэг.

Хайрыг бусдыг хайрлах хайр, ээжийн хайр, эротик буюу хосын хайр, өөрийгөө хайрлах, бурханыг хайрлах хайр хэмээн олон өнцгөөс ялган тайлбарласан нь хайр хэмээх нэгэн бүхэллэг ойлголттой (магадгүй энэ талаар урьд өмнө бодож байгаагүй) хүмүүсийн хувьд тун сонирхолтой байх болов уу. Дэлхий даяаршиж, олон нийт эрх чөлөөт сэтгэлгээтэй болсон энэ үед хүмүүс аливааг хайрлах гэхээс илүү хайрлах обьектоо эрж хайхад эрч хүчээ зарцуулж байгаа нь биднийг болзолгүй хайрлаж сурахад том саад болсон нь үнэний хувьтай. Хайрлахад биш хайрлах нэгнээ олоход илүү их анхаарал хандуулснаар ганцаардлаас ангижирсан амьдралыг биш, эсрэгээрээ бие биесээ харамлаж, хазаарласан, хамтдаа ганцаардаж буй хоёр хүнийг бий болгож байгааг зохиогч сануулжээ. Үнэндээ хайр гэдэг эхийн хайр мэт ямар ч болзолгүй, шалгуургүй, аминч үзэлгүй байснаар хамгийн үнэтэй, үр дүнтэй байдаг байна. Үүнийг л жинхэнэ хайр гэж болохыг номд шинжлэх ухаанчаар бичжээ.

Хайрын буй болох үндсэн шалтгаан нь ганцаардал. Ганцаардлыг хамгийн их няцаадаг зүйл бол ямар нэг арилжаа, солилцооны сэдэлгүй, хүлээлтгүй хайр байдаг бөгөөд энэ л зүйл хүний сэтгэлийг хамгийн их дүүргэж, дулаацуулдаг. Иймээс бид цаашдаа илүү бие даасан, сэтгэл зүйн хувьд эрүүл хүн байхын тулд хайрыг хайх, хайрыг мэдрэх гэж хүчлэх биш, харин бусдыг хайрлаж сурах хэрэгтэй аж. Зохиогч зураг зурж сурахын тулд зурах ёстой байдаг шиг хайрлаж сурахад ч бас дадлага хэрэгтэйг, хайрлана гэдэг аливаа зүйлийг сурахтай адил цаг хугацаа, дадал, мэрийлтийг шаарддаг, тэр нь сахилга бат, төвлөрөл, тэвчээрээс эхлэлтэйг тодотгосон нь сонирхолтой.

Үндсэндээ уг ном хайрын тухай л ярьж буй мэт боловч бидний сэтгэлгээний онцлог, өнөөгийн амьдралын хэлбэр, нийгмийн байгуулал хүний сэтгэлгээнд хэрхэн нөлөөлдөг хийгээд хайр биднийг хааш нь хөтөлдөг зэргийг дэлгэн харуулах ажээ.

ЗАРИМ ЭШЛЭЛҮҮД

-Хүсэмжилсэн шинж чанарууд сонирхсон хүнд маань байх нэг хэрэг. Харин одоо би түүнтэй хэрхэн юугаа дүйцүүлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ингээд солилцоо эхэлнэ.

-Хоёр биеэ улам сайн таньж эхлэх тусам тэдний харилцаа нууцлаг, сэтгэл догдлуулам шинжээ улам алдаж, харилцан урам хугарах, маргалдах, бие биеэсээ уйдах зэрэг нь анхны баяр хөөрлийг бөхөөж эхэлнэ. Анхандаа энэ байдалдаа тайлбар өгч мэдэхгүй тул гал халуун дурлалдаа шатаж, галзуурах дөхөх үзэгдэл тэдний хайрын хэр хүчтэйг илэрхийлнэ гэх боловч үнэн хэрэгтээ тэд хэр их ганцаардаж, хайраар хэчнээн их дутаж явсныг илэрхийлж буй бус уу.

Амжилт, нэр хүнд, хөрөнгө мөнгө, эрх мэдэлд хүрэхийн тулд бид хамаг энерги, эрч хүчээ зарцуулан, тэдгээрийг хэрхэн олж авах, зорилгодоо хэрхэн хүрэх арга замуудад бүх хүчээ дайчлан суралцах атлаа бидний хамгийн ихээр хүсэж хүлээдэг хайрлах урлагт суралцах гэж хичээх нь нүдний гэм аж.

“Өөрийн зорилгод хэнийг ч хэрэгсэл болгон ашиглаж болохгүй. Тиймээс тэд бүгдээрээ тэгш эрхтэй тул бүгд зөвхөн л зорилго болох ёстой. Хэзээ ч, хэн ч хэндээ хэрэгсэл байж болохгүй” Кант

Хайр гэдэг идэвхтэй үйлдэл бөгөөд пассив аффект биш. Тиймээс хайр гэдэг өөрөө өөртөө хөгжих хөгжлийн үйл явц болохоос биш, гэнэт дээрээс унаж ирдэг зүйл биш. Ерөнхийдөө хайрын актив төрх байдлыг хамгийн түрүүнд “өгөх” буюу “өглөг” гэж тодорхойлдог болохоос биш “хүлээн авах” биш.

-Өглөгч байгаагаараа, бусдаас авснаас илүү их баясаж байгаагаараа би өөрийгөө золиосолсондоо баярлаж буй биш, харин ингэж бэлэг тарааж яваадаа би өөрийгөө хэрхэн амьд вэ гэдгээ илэрхийлэх боломжтой болдог.

-Хэн бусдад өгөх чадвартай вэ, тэр хүн баян.

-Ээжээрээ хайрлуулах мөн чанартаа пассив. Хайрлуулахын тулд би юу ч хийх шаардлагагүй, ээжийн хайр ямар ч нөхцөл тавьдаггүй. Миний зүгээс шаардагдах зүйл гэвэл би ээжийнхээ хүүхэд байхад л хангалттай.

-Хос хоёр хорвоо ертөнцийн тухай адилхан сонирхолтой болох гэж хичээдэг. Иймэрхүү хос нэг нэгдээ уурлаж, нэгнээ үзэн ядаж, ямар ч ичиж зовохгүй байдлаа харуулж буйгаа нэг нэгэндээ ойр, интим байна гэж нэрлэдэг.

-Бусдыг хайрлаж чаддаг хүн өөрийгөө бас хайрлаж чаддаг байх ёстой. Хайр гэдэг ерөөсөө хэсэглэн хуваах боломжгүй зүйл. Яагаад гэвэл хүн бусад обьектод хайрласан хайраа өөрийгөө хайрласан хайраас таслан авах боломжгүй.

-Жинхэнэ хайр гэдэг хүний доторх үйл ажиллагааны илэрхийлэл бөгөөд халамж, хүндэтгэл, хариуцлага болон танин мэдэхүй зэргийг агуулж байдаг.

-Хүний нийгэмсэг, хайрлах зан чанар нийгмийн амьдралаас салангид бус, нэгдмэл байхаар нийгмийг зохион байгуулах ёстой.

-Хайр бол хүний оршихуйн цорын ганц ухамсартай бөгөөд ханамжтай хариулт ажээ.

-Эдийн засгийн систем хүмүүст үйлчлэх ёстой болохоос хүн системд үйлчлэх ёсгүй.

-Хайр гэдэг идэвхтэй ажиллагаа буюу идэвхтэй үйлдэл. Хэрвээ би хайрлаж байгаа бол хайртай хүндээ идэвхтэй хандах хэрэгтэй.

10802   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Г.Оюунлхам




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.