Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   10 сарын 06, 2019

7 хоногийн тойм: Хос дэлгэц + Жокерийн тэсрэлт + Хэвлэсэн пуужин

Гарчгийн агуулга:
Хос дэлгэц: Microsoft ухаалаг утасны зах зээлд хос дэлгэцтэй утсаараа эргэн ирлээ
Жокерийн тэсрэлт: Joker 10-р сард нээлтээ хийсэн хамгийн амжилттай кино боллоо
Хэвлэсэн пуужин: 3D принтерээр пуужин үйлдвэрлэгч шинэ санхүүжилт татлаа

Онцлох

Microsoft өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн онцлох бүтээгдэхүүнээ танилцуулснаар өөрсдийгөө зөвхөн програм хангамжаас гадна ухаалаг төхөөрөмжийн зах зээлд хүчтэй тоглогч болсныг батлан харууллаа.

Энэ жилийн хамгийн онцлох, магадгүй олныг гайхшируулсан төхөөрөмж нь давхар дэлгэцтэй ухаалаг гар утас болох Surface Duo байлаа. Ирэх жилийн эцэст худалдаанд гарах энэ утас нь өмнөх "бүтэлгүй" оролдлогуудын адил Windows дээр бус Андройд үйлдлийн систем дээр ажиллана. Surface Duo бүрэн нумарсан үедээ 8.3 инчийн дэлгэцтэй болно гэнэ. Үүнээс гадна тэд Surface Neo нэртэй мөн хос дэлгэцтэй таблетийг энэ үеэр ил болгосон. Хос дэлгэцтэй төхөөрөмжүүдэд зориулан хөгжүүлж буй Windows 10X үйлдлийн систем дээр ажиллах уг таблет бүрэн дэлгэгдсэн үедээ 13 инчийн хэмжээтэй болох аж.

Олны таамаглаж байсанчлан энэ өдөр шинэ Surface Laptop 3 танилцуулагдсан. 999 доллараас эхлэн борлуулагдах уг лаптоп зөвхөн 13.5 инчээс гадна 15 инчийн дэлгэцтэй, мөн метал гадаргууны сонголттой болон худалдаанд гарна. Илүү хүчирхэг, хурдтай болсон лаптопоос нь 1 цагийн дотор бүрэн цэнэглэх "түргэн цэнэглэгч"-ийн нэмэлтийг нь онцолъё.

Энэ үеэр Surface Pro 7 болон Surface Pro X таблетууд мөн танилцуулагдсан бөгөөд эдгээрийг бүтээхдээ тэд зөвхөн Intel-ээс гадна ARM, Qualcomm-ийн чипүүдийг ашигласан нь онцлууштай байлаа. Мөн тэд USB-C оролтыг нэмснээрээ гол сул талаа нөхөж чадсан байна.

Apple, Amazon, Samsung зэрэг бусад өрсөлдөгчдийнхөө адил тэд утасгүй чихэвч Surface Earbuds-ийг мөн ил болголоо. 24 цагийн турш цэнэгээ барих чадалтай, шууд орчуулга хийх чадвартай, слайдуудаа гүйлгэх зэргээр Office-ийн програмуудтай шууд хоршин ажилладаг зэрэг давуу талуудтай уг чихэвч 249 долларын үнэтэй.

The Verge: Microsoft-ийн эвентээр танилцуулагдсан бүх зүйлс

Samsung, Huawei-ийн адилаар Microsoft ч хос дэлгэцэнд бооцоо тавьж байна

Дэлхий дахинд

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Нийслэл Бээжин хотын төв талбайд 15 мянган цэрэг, 600 цэргийн техник хэрэгсэл, 160 нисэх онгоц оролцсон тус улсын түүхэн дэх хамгийн том цэргийн парад болжээ. БНХАУ-ын дарга Ши Жинпин баярын үеэр хийсэн мэдэгдэлдээ "Хятад үндэстнийг нэг ч үндэстэн ганхуулж үл чадна" хэмээгээд "нээлттэй бодлогоо үргэлжлүүлж, цэргийн хүчээ улам бэхжүүлнэ" хэмээн онцолсон байна.

BBC: БНХАУ-ын цэргийн парад гэрэл зургийн дуранд

Мелинда Гэйтс ирэх жилүүдэд 1 тэрбум долларыг нийгэм дэх хүйсийн тэгш байдлыг хангахад чиглэсэн төслүүдийг дэмжихэд зарцуулна гэдгээ амлалаа. Тэрээр эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа төрийн алба, медиа, технологийн салбаруудад төвлөрөн, бусад түншүүдийнхээ хамтаар урт хугацааны төлөвлөгөө гарган ажиллана хэмээн мэдэгджээ.

Төлөөлөгчдийн танхимд түүнд итгэл эс үзүүлэх тухай асуудал хөндөгдөж буй энэ үед Д.Трамп БНХАУ-ын талаас Ж.Байден болон түүний хүүг авлигын хэргээр шалгах хэрэгтэй хэмээн нээлттэй мэдэгдлээ. Ардчилсан намаас 2020 оны сонгуульд өрсөлдөх магадлал өндөртэй буй Ж.Байдений хүү Хантер Хятадад хөрөнгө оруулалтын фирм байгуулж, 1.5 тэрбум долларын санхүүжилт татсан байдаг. Үүнээс гадна Трампын Украйны ерөнхийлөгчтэй хийсэн ярианы баримтуудыг гэрчлэх 2 дахь "шүгэл үлээгч" гарч ирсэн тухай хууль сахиулагчид мэдэгджээ.

Казахстаны хойд нутгаас Алтан Ордны улсад хамаарах 7 бунханг олсон талаар археологичид мэдээллээ. Зүчи хааны удмынханд хамаарах энэ бунхнаас алтан эдлэл, сав суулга, дархны газрын үлдэц зэргийг олжээ. Үүнээс гадна 2200 жилийн өмнө баригдсан сүмийн туурь Египтээс олдсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Фараон Птолемей IV-ийн үед баригдсан хэмээн үзэж буй энэ сүм жуулчдыг татах нэг суваг болно хэмээн орон нутгийн удирдлага найдаж байгаа гэнэ.

Forbes сэтгүүл Америкийн хамгийн баян 400 хүний жагсаалтаа шинэчлэн танилцууллаа. Уг жагсаалтыг Амазоныг үүсгэн байгуулагч Ж.Бэйзос 114 тэрбум долларын хөрөнгөөр 2 дахь жилдээ тэргүүллээ. Дараагийн байрт Билл Гэйтс 106 тэрбум, Уоррен Баффет 80 тэрбум долларын хөрөнгөөр тус тус бичигдсэн байна. 400 тэрбумтны жагсаалтын сүүлд бичигдсэн 13 эрхэм тус бүр 2.1 тэрбум долларын хөрөнгөтэй байсан нь 1982 оны Америкийн хамгийн баян хүнээс илүү чинээлэгт тооцогдож буйг Forbes онцолжээ.

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн парадын тоймыг үзээрэй

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Hyundai нисдэг машины технологи хөгжүүлэх албыг байгуулж байгаагаа албан ёсоор зарлалаа. NASA-д 30 жилийн турш өндөр технологи хөгжүүлэх багийг удирдсан туршлагатай Ж.Шин энэ багийг тэргүүлэх болсон байна. Тэд дараагийн 20 жилд нисдэг машины зах зээл 1.5 триллион долларын хэмжээтэй болно хэмээн үзэж байгаа юм.

Элон Маск сансарт хүн тээвэрлэх зориулалттай "Starship" хөлгийн анхны загвараа олон нийтэд танилцууллаа. Зургаан сарын дотор тойрог замд оруулах төлөвлөгөөтэй байгаа энэхүү хөлөг нь дахин ашиглагдах боломжтой, 100 хүртэл хүнийг тээвэрлэх боломжтой гэдгээрээ онцлогтой юм. Тэрээр "Starship"-ийг хөлөглөн Ангараг, сар луу зорчих зорилготой байгаа билээ.

3D принтер ашиглан пуужин үйлдвэрлэх технологи хөгжүүлэгч Relativity нэртэй стартап 140 сая долларын шинэ хөрөнгө оруулалтыг татлаа. 60 хоногийн дотор пуужин бүтээдэг болох амбицтай тус стартап Terran 1 нэртэй анхны пуужингаа 2021 оны эхээр сансарт хөөргөхөөр зэхэж байгаа юм.

Facebook-ийн хөгжүүлж буй криптовалют "Libra"-г дэмжигч нэгдлээс гарч байгаагаа PayPal мэдэгдлээ. Онлайн санхүүгийн харилцааны тэргүүлэгч PayPal-ийн шийдвэр улс төр, хууль эрх зүйн төвөгтэй нөхцөлтэй тулгараад буй Фэйсбүүкд томоохон цохилт болох нь гарцаагүй. Тэдний араас Visa, MasterCard ч нэрээ татахад бэлэн байгааг зарим эх сурвалжууд онцолж байна.

Uber Нью Йорк хотноо нисдэг тэрэг түрээсийн үйлчилгээг бүрэн нэвтрүүллээ. Хэрэглэгчид одоо Манхаттанаас нисэх онгоцны буудал хүртэл 200 долларын төлбөр төлөн 8 минутын аялал захиалах боломжтой болсон байна. Uber 2023 он гэхэд нисдэг тэргээс гадна нисдэг таксины үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байгаа юм.

Пуужинг ингэж хэвлэдэг

Бизнесийн еРтөнцийн эргэн тойронд

Спорт бооцооны салбарын топ тоглогчид болох Flutter, Star Group 12.3 тэрбум долларын үнэлгээтэй шинэ нэгдлийг үүсгэлээ. Дублинд төвтэй Flutter FanDuel болон Paddy Power-ийг эзэмшдэг бол Star Group-ийн харьяанд Bet Stars, Poker Stars брэндүүд багтдаг. Тус 2 компани өнгөрсөн жил 4 тэрбум долларын орлоготой ажилласан байна.

Vice Media эмэгтэй уншигчид руу чиглэсэн контент үйлдвэрлэгч Refinery29-ийг 400 сая доллараар худалдан авлаа. Ингэснээр тэд 4 тэрбум долларын үнэлгээтэй, сард 350 сая хэрэглэгчид хүрэх дижитал медиагийн хамгийн том нэгдлийн нэгийг үүсгэж байгаа юм.

Coca Cola илүү өсөлт үзүүлэх стратегийн хүрээнд Хойд Америкийн зах зээлд анх удаа энергийн ундаагаа борлуулах болсноо зарлалаа. Итали, Их Британи зэрэг 25 оронд борлуулагдаж эхэлсэн Coca Cola Energy ирэх оны 1-р сараас эхлэн дөрвөн төрлөөр худалдаанд гарна гэнэ. Тэд мөн ирэх жилээс синнамоны амттай кола гаргахаар бэлтгэж байгаа аж.

Instagram дотно хэрэглэгчид хоорондоо харилцахад чиглэсэн Thread нэртэй апп-ийг гаргалаа. Энд та хэнтэй харилцахаа "Close Friends" жагсаалтаа удирдан сонгох боломжтой бөгөөд статус бичих, өөрөө устдаг контент илгээх, байршлаа хуваалцах, утасны цэнэг дууссаныг мэдэгдэх зэрэг нэмэлтийг ашиглах боломжтой.

Цахим зар сурталчилгааны технологи хөгжүүлэгч Taboola гол өрсөлдөгчдийн нэг Outbrain-ийг худалдан авч, нэгтгэж байгаагаа зарлалаа. Ингэснээр тус 2 компани сард 2 тэрбум хүнд онлайн сурталчилгаагаа хүргэх боломжтой болж байгаа бөгөөд жилд 2 тэрбум долларын орлоготой ажиллана хэмээн тооцож байна. Шинэ нэгдэл 50 улсын 20,000 гаруй компанид үйлчилгээ үзүүлэх бөгөөд дэлхий даяар 23 салбарт 2000 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулна.

Энергийн ундааны зах зээлд Кока Кола хүч түрэн орж ирэв

Энтертэйнмент ертөнЦийн эргэн тойронд

Үзэгчдийн дунд хүлээлт өндөртэй нээлтээ хийсэн "Joker" эхний өдрөө 39 сая, нийт 93 сая долларын орлого олж, Хойд Америкийн зах зээлд 10-р сард нээлтээ хийсэн хамгийн амжилттай кино боллоо. Олон улсын зах зээлд ч "Joker" ихээхэн амжилт олж, 73 улсад нээлтээ хийн 140.5 сая долларыг цуглуулаад байна. Ж.Финиксийн бүтээсэн дүр шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа бөгөөд шагналын хур буулгах төлөвтэй байгаа билээ. Бокс оффисын дараагийн байруудад дебют долоо хоногтоо чартыг тэргүүлсэн "Abominable", "Downtown Abbey" тус тус бичигджээ.

Disney өөрсдийн хамгийн алдартай дүрүүдийн нэг, 1938 онх цацагдаж байсан "Цасан цагаан"-ыг дэлгэцийн хэлбэрт шилжүүлж, ахин бүтээх болсон байна. Хэдий найруулагч болон жүжигчдийн нэрс ил болоогүй байгаа ч зураг авалт ирэх гуравдугаар сард эхлэх талаар эх сурвалжууд мэдээлжээ. Disney-н "Alladin", "Lion King", "Dumbo"-ийн шинэ хувилбаруудаар ихээхэн амжилт олсон нь гарцаагүй уг шийдвэрт нөлөөлсөн биз. Сонирхуулахад, удахгүй "Mulan", "Little Mermaid"-ийн кино ч гарах гэж байгаа юм.

The Beatles-ийн хамгийн алдартай цомгуудын нэг "Abbey Road" 50 жилийн дараа Их Британийн чартыг тэргүүллээ. "Here Comes The Sun", "Something", "Come Together" зэрэг хит дуунуудтай уг цомог түүхэн ойдоо зориулж, урьд өмнө ил болж байгаагүй материалуудыг агуулсан шинэ хувилбараар гарсан нь энэ юм. 17 долоо хоногийн турш чартыг тэргүүлсэн анхны хувилбараасаа хойш 49 жил 252 өдрийн дараа чартын нэгт ахин бичигдсэн нь түүхэн дээд амжилт болжээ.

Улс төр, нийгмийн амьдралыг ёжтой, нууцлаг хэлбэрээр дүрсэлдэг Banksy-ийн "Devolved Parliament" зураг 12.2 сая доллараар зарагдсан байна. Энэ нь уран бүтээлчийн хувьд хамгийн өндөр үнэлэгдсэн бүтээл буюу дээд амжилт болсон гэдгийг Sotheby's онцолжээ. Брекситийн асуудал хөндөгдөж буй өнөө үед парламентийн гишүүдийг сармагчнаар зүйрлэсэн уг бүтээл сошиал хэрэглэгчдийн дунд өндөр эрэлттэй болоод байсан юм.

Netflix өөрсдийн хит бүтээлүүдийн нэг Stranger Things-ийн 4-р бүлгийг хийх болсноо албан ёсоор зарлалаа. Цувралын шинэ ангиуд гол үйл явдал болдог Хаукинсаас өөр газарт өрнөж магадгүй талаар эхний трэйлэртээ дурдсан нь олны анхаарлыг татав.

Алдалгүй унших арван мэдээ

MIT Tech Review: Мөнх амьдралыг бүтээгчид
Тэд 500 наслахыг мөрөөдөж, төрөл бүрийн туршилт хийж буй бүтээгчид. Хүн мөнх амьдрах цаг ойрхон гэж тэд үздэг.

NYTimes: NHL-ийн шинэ улирлын өмнө
Хойд Америкийн Үндэсний Хоккейн лигийн шинэ улирал нээлтээ хийв. Анхаарал татаж буй 5 асуултыг эндээс үзээрэй

AP: Берни Сандерс зүрхний өвчний улмаас кампанит ажлаа түр зогсоов
Ардчилсан намын гол лидерүүдийн нэг өдгөө 78 настай.

Vox: Хонгконг маск зүүхийг хориглов
Гэхдээ жагсагчид аль хэдийн эсэргүүцээд эхэлжээ

The Verge: Зукерберг ТикТок-ийг дутуу үнэлж байна уу?
Түүний компанийн удирдах ажилтнууддаа хийсэн ярианы бүтэн бичлэгийг эндээс үзээрэй

BBC: Яагаад Оросууд Гретаг ойлгохгүй байна вэ?
В.Путины хийсэн мэдэгдэл дэлхийг 2 хуваав. Юу зөв, юу буруу байв?

Yahoo: М.Гандигийн чандар хулгайд алдагджээ
Энэтхэгийн үзэл санааны лидерийн мэндэлсний 150 жилийн ойн үеэр энэ явдал тохиожээ

CNBC: Forever 21-ийн хаагдах салбаруудын газрын зураг
Forever 21-ийн дампуурал загварын салбарын асар том хөөсрөлийг задалж магад

CNET: Apple iPhone 11-ийн үйлдвэрлэлийг нэмэгдүүллээ
Шинэ гар утасны эрэлт тооцоолсноос өндөр гарсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээв

Forbes: Bird 2.5 тэрбум долларын үнэлгээтэй болов
Скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгчид 275 сая долларыг шинээр босгожээ

6669   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.