Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   10 сарын 05, 2019

Сэтгүүлч Л.Болормаа агсны "Даашинзтай сурвалжлагууд" номын тухай

“Даашинзтай сурвалжлага” хэмээх нэрийн эхний үг нь танд эмэгтэйлэг, сүүлийн үг нь тэвчээртэй, нийлээд нэлээн тууштай сэтгүүлч бүсгүйн түүх юм байна гэж ойлгогдохуйц сэтгэгдэл төрүүлж байна уу? Тийм ээ, энэ ном бол эзэмшсэн мэргэжлийнхээ үүрэг хариуцлага, сайн сайхан хийгээд зовлон бэрхшээлийг бүрнээ ухамсарлаж түүндээ дурласан, бахархам хөдөлмөрч сэтгүүлчийн 2000-2007 оны хооронд хийсэн сурвалжлага, бичвэрүүдийн цоморлиг юм. Сэтгүүл зүйгээр суралцаж, ажиллаж буй, мөн сэтгүүл зүйг сонирхон хүндэлдэг хэн бүхний уншвал зохих ном гэдгийг олон мэргэжилтэн энэ бүтээлийг онцолдог. Уншиж дууссаны дараа зүгээр ч нэг уншвал зохих ном гээд нэрлэчихээгүйг та ойлгох болно. Ингээд сэтгүүлч мэргэжлийн ур чадварын томоохон гарын авлага болох “Даашинзтай сурвалжлагууд”-ыг товч сурвалжилъя.

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ

Сэтгүүлч Лунтангийн Болормаа нь МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн, Германы Олон улсын сэтгүүл зүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд эдийн засаг, бизнесийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, Washington Post болон Grand Forks Herald сонины редакциудад туршлага судалжээ. 2007 онд “Даашинзтай сурвалжлагууд”, 2013 онд “Завгүй” номуудаа хэвлүүлсэн юм. Тэрээр эдийн засаг, уул уурхай, улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг байсан бөгөөд “Өнөөдөр” сониноос карьераа эхлүүлж, 2008 онд эдийн засаг, уул уурхайн сэдвээр дагнан бичдэг, англи, монгол хос хэлээр хэвлэгддэг “The Mongolian Mining Journal” сэтгүүлийг үүсгэн байгуулжээ. Тэрээр 2015 онд зуурдаар таалал төгссөн юм.

НОМЫН ТУХАЙ

Ном шинэ мянган эхэлсэн тэр жилүүдийн хамгийн дуулиант үйл явдлууд болох НҮБ-ийн Ерөнхий Ассемблейн 55 дугаар чуулга уулзалт болон АНУ-ын ихэр цамхаг террористуудын халдлагад өртсөн үед сэтгүүлчдийн хийж байсан ажил, тухайн үеийн уур амьсгалыг дүрсэлсэн бичвэрүүдээс эхлэх аж. Энэ хооронд уншигчаа залхаалгүй өнгөрөх хуудсуудад цөмийн зэвсэг, улс төр, хөнгөн тэмдэглэл, бодрол гээд төрөл бүрийн бичвэрүүд бий. Энэ бүхэн танд сэтгүүлч хүний тухай, сэтгүүлчийн ажил ямар зорилготой, яах гэж байдаг тухай, бас сэтгүүлчдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг хэчнээн чухал болохыг мэдрүүлж чадна.

Ялангуяа одоогийн залуу 21 дүгээр зууны эхэн үед дэлхий дахинд болон манай улсад улс төр, нийгэм эдийн засгийн ямар асуудлууд болж, тухайн үеийнхэн түүнийг хэрхэн хүлээн авч, яаж шийдэж байсан тухай сонирхолтой баримт, дэвшүүлсэн санаануудтай танилцах болно. Тэгэхээр энэ ном бас түүхэн ач холбогдолтой юм.

Түүнчлэн, 2000 оны үеийн интернетийн хэрэглээ, сэтгүүлчдийн онцлогтой танилцаж, “Өнөөдөр” сонины редакцаар аялах мэт болно. Зохиогчтой хамт гадаадад томилолтоор явж, олон орны сэтгүүлчдийг харьцуулж, тэр байтугай алдарт Бродвэйн театрт ч тоглолт үзнэ. Энэ номд сэтгэл мэдрэмж, ажил мэргэжлийн олон өнгө нэг дор сүлэлдэн оршжээ.

Сэтгүүлчийн хувьд тэрээр асар их тэмүүлэлтэй, тууштай, зоригтой, шударга хүн байжээ гэдгийг ойлгож авав. Л.Болормаа сэтгүүлчийн өгүүллүүдээс улс эх орноо хайрлах сэтгэл, хөгжил дэвшилд нь тустай мэдүүллүүдийг хүргэх гэсэн чин хүсэл нэвт харагдах аж. Харин номын сүүлийн “Би” өгүүлэлдээ өөрийн бодол санаа, хувийн амьдралаас цухас хуваалцсан нь таны сэтгэлийг баттай хөдөлгөх вий.

НОМЫН ЗАРИМ ЭШЛЭЛҮҮД

1. Гадаадын сэтгүүлчидтэй эн зэрэгцэн Монголын хэвлэлийнхэн ажиллах цаг ирсэн. Дараагийн удаа Путинээс ч, Кофи Аннанаас ч, Америкийн ерөнхийлөгчөөс ч асуух л болно. “Эрхэм Ерөнхийлөгч өө, Монголын өдөр тутмын сонин...” гэж эхэлнэ дээ.

2. Бидний ажлын хатуу хэцүү нь энд л бий. Тун сайн болжээ хэмээн талархах хүн ховор. Харин том, жижиг яльгүй зүйл дээр ч заавал гомдол мэдүүлж, хатуу үг чулуудна.

3. Хамгийн чухал халуун цэг болгонд сэтгүүлч үзэг, дэвтрээ бариад очдог.

4. Шуурхай, тэнцвэрт мэдээлэл түгээгч суваг цэнхэр дэлгэцнээ цөөн байгаа тохиолдолд өдөр тутмын сонинууд тэрхүү орон зайг нь эзэгнэсээр байна.

5. Ямар нэг үйл явдлын хажууд байж, бусдаас илүү мэдээлэл олж авсан бол тэр сэдвийг мухарлах хүртлээ өөртөө өмчлөөрэй.

6....Ар араасаа хөврөх шинэ санаанууд үзэг хөөж, үг урсаж байна... Яаралтай сурвалжлагыг хүртэл компьютер дээр шивдэггүй байлаа. Тэр дөрвөлжин “хайрцаг” амтыг нь аваад хаячих шиг санагдаад...

7. Дэвтэр дүүрэн баримт цуглуулсан атлаа өмнөө дэлгэсэн цагаан цаасан дээр эхний өгүүлбэрээ тавих гэж эрж шаналан, үзгээ хэмлэхийн амтат зовлонг оюутнууд мэдэрсэн байх аа.

8....Албархуу, эсвэл тээр дээрээс том том дүгнэлт хашгирдаг, баримтгүй, мэдэмхий сэтгүүлзүйгээс зугтаж яваарай... Чиний мэдээ, сурвалжлага хүний тухай өгүүлж, жирийн амьдрал тэр бяцхан зайд өрнөж, олны дотор алхаж яваа нэгний нүдээр баримтыг илэрхийлээрэй...

9. Сурвалжлан бичих ажлын гайхамшиг эрхлэгчийн том сандлаас хамаагүй амттай.

10. Ээж нь ажилдаа явлаа, нөгөө л замаараа.

2762   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Г. Оюунлхам




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.