Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   10 сарын 03, 2019

Багш нарын баярт: Ажилдаа эзэн болсон дөрвөн багшийн бичил түүх

Дэлхийн улс орнууд жил бүрийн 10 сарын 5-ны өдөр багш нарын хөдөлмөрийг үнэлэх, тэдэнд талархах, нийгэмд оруулж буй хувь нэмрийг нь таниулах зорилгоор “Багш нарын баяр”-ыг тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан бид өөрийн ур ухаан, авьяас чадварыг хүүхэд багачуудад эрдэм олгох үйлсэд зориулан яваа эгэл дөрвөн багшийн бичил түүхийг хуваалцаж байна.

Монгол Улсын Гавьяат багш С.Жамъянхорол

Би анхнаасаа багш болно гэж бодож явсан хүн биш л дээ. 90-ээд оны нийгмийн шилжилтийн үеэр урлагийн салбар уналтад орсныг хэн хүнгүй л мэдэх байх. Тэр үед ажиллаж байсан орон нутгийн цирк маань үндсэндээ дампуурснаар амьдрал өөрөө намайг багшийн мэргэжил рүү чиглүүлээд өгчихсөн гэж хэлж болно. Ингээд л Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдүгээр 10 жилд хөгжмийн багшаар ажиллах болсон доо. Эрхэлсэн ажилдаа эзэн нь болж, дааж авсан хүүхдүүдээ хөгжүүлж, уралдаан тэмцээнд амжилт гаргачих юм сан гэсэн хүслээр янз бүрийн юм оролдож, туршиж явсан нь одоогийн “Эгшиглэнт чимээ” хамтлагийн үндэс суурь болсон юм.

Байгаа эд материалыг ашиглаад нийцтэй сайхан дуугаргах гэж нэг хэсэг харсан болгоноо тогшиж, цохиж, өшиглөж явсаар сүүл рүүгээ бүр түүндээ донтчихсон байсан. Өөр хоорондоо харилцан адилгүй олон төрлийн эд юмсыг нэг хөгөнд оруулж дуугаргахын тулд хүүхдүүд маань багаар ажиллаж, харин би тэднээс багшлах арга ухааныг давхар сурч явлаа. Энэ сурах үйл явц минь боловсролын салбарт ажилласан 30 жилийн туршид үргэлжилсээр л явна. Миний хувьд шавь нар дотроосоо тэр минь энэ минь гэж онцгойлж ялгаж байсангүй. Цалин буух үеэр хэд гурван чихэр аваад, тоглолтынхоо дараа хүүхдүүдийнхээ урмыг яаж сэргээж, баярлуулах вэ гэсэн нийтийг бодсон бодлууд л орж ирнэ.

Ингээд бодохоор үе үеийн шавь нар минь намайг шинийг эрэлхийлэх, биеэ дайчлах, хүн бүртэй тэгш харилцах ёс зүйд сургасан буянтай. Хүнийг хайрлаж, халамжилж, баярлаж талархаж, аливаад чин сэтгэлээсээ хандахын үр шим ямар их болохыг тэд минь надад ойлгуулсан. Нөгөө талаас хүүхдүүд өргөн бүрэлдэхүүнтэй хөгжмийн хамтлагийн гишүүн байснаараа хөгжмөөс гадна багаар ажиллах, хүнийг сонсох, анхаарлаа төвлөрүүлэх, биеэ даах, бусдыгаа хайрлах чадварт давхар суралцсан байдаг. Гавьяаныхаа амралтанд гараад 2 жил болсон энэ хугацаанд гэр бүл, үр хүүхэдтэй болсон анхны шавь нар минь үргэлж л эргэж тойрч, ирж үнсүүлээд явдаг нь сайхан. Хүүхдийн эерэг энергиэр өөрийгөө үргэлж цэнэглэж, олон түмнийхээ дунд явах энэ их хувь заяа гагцхүү хийж буй зүйлдээ эзэн болох гэсэн чинхүү зүтгэл болоод багш хэмээх эрхэм алдрын үр шим юм.

Нийслэлийн ЕБС-ын лаборатори Ирээдүй цогцолборын хоёрдугаар ахлах сургуулийн багш Д.Жавзансүрэн

Боловсролын салбарт ажиллаад хэдийн 25 жил болжээ. Энэ хугацаанд олон сайхан шавь нартай болсон байна. Миний хувьд хүүхдүүдээ номоор дамжуулан зааж сургах арга барилтай. Багш хүний амьдралд таардаг ангиуд бүгд нэгэн жигд түвшнийх байна гэдэг хэцүү. Сайн анги, сулхан анги гэж байна. Тэр нэг жил миний шинээр дааж авсан ангийн хамаг сурлага сайтай сурагчид нь математик, англи хэлний гүнзгийрүүлсэн анги руу шилжчихсэн гээд сурлагаараа тун сулхан анги хүлээж авсан юм. Математикийн тэргүүтэй багш нар орж ирээд л “Танай анги явахгүй байна аа” гэхэд их л хүнд тусдаг сан. Тэглээ гээд сурагчдадаа хатуу шаардлага тавьж болдоггүй. Өсвөр насандаа явж байгаа дунд ангийн хүүхдүүдийн сэтгэл зүй нь тогтворгүй байдаг тул буруу харьцвал улам холдчихдог хэцүү талтай.

Ингээд яажшуухан хүүхдүүдийнхээ түвшинг сайжруулах вэ гэж бодож байгаад ерөөс номоор л хүмүүжүүлье гэж шийдсэн. Хичээл сурлага нь яая гэхэд, ядаж хүмүүжилтэй зөв хүн болгох ёстой гэдэг ганцхан зорилго тавиад ойролцоох номын санд бүгдийг нь хүчээр бүртгүүлж, карттай болгоод, номын санчтай нь нийлж бүтэн жил оройгоор гэртээ ч харилгүй хүүхдүүдтэйгээ хөөцөлдөв өө. Хүүхдийн сурлага хүмүүжилд сайнаар нөлөөлдөг номын жагсаалт гаргаад, хүүхдүүдээ номын санд тухайн номыг уншиж ирэхийг даалгадаг байлаа. Өдөрт гурван удаа өөрийн биеэр очиж шалгаж, номын санчаас хэн хэн үнэнчээр номоо уншиж байгааг лавлаж, болж өгөхгүй байгааг нь номын санчийн гарын үсгийг авч ирэх нөхцөлтэйгөөр дүнг нь гаргана.

Эхний нэг жил үнэхээр туулай, чоно хоёр шиг хөөцөлдсөний эцэст дараагийн 3 жилд хүүхдүүд маань багшаар нэхүүлж, шаардуулалгүй биеэ даагаад уншдаг дадалд суралцсан юм. Мундаг сурлагатай, амжилттай анги болсон гэхгүй ч хүмүүжилтэй, төлөвшилтэй анги болсон. Тэдний маань төлөөлөл одоо ч цагаан сараар хадаг, сүү бариад “Багшдаа баярлалаа” гээд ирэхэд багш хүний баяр жаргалыг мэдэрдэг дээ. Миний хувьд “Би түүх, нийгмийн багш” гээд хүүхдүүддээ түүхийн тоо баримтыг ягштал цээжлүүлэхээс илүүтэй багш хүний хувьд тэдний хүн болох үйл явцад нь сайн сайхнаар нөлөөлөхийг эрхэмлэж ажилладаг.

Баянхонгор аймгийн “Алгоритм” дунд сургуулийн математикийн багш С.Цагаан

Баянхонгор аймагт математикаар гүнзгийрсэн сургалтын төвөө байгуулахад, анхны шавь нарын маань нэг болж ирсэн зургаадугаар ангийн Батжаргалын Чимэдширчин хэмээх хүү надад багш гэдгийг минь хамгийн их ойлгуулж өгсөн шиг санагддаг. Чимэдширчинг манай сургалтын төвд анх ирэхэд надад зөвхөн мөрөөдөл л байсан, бас залуу нас. Анхныхаа шавийг амжилтанд хүргэхийн тулд бид хоёр хамтдаа цаг нартай уралдан хичээллэдэг байлаа. Хөдөлмөр хүнийг хуурдаггүй гэдэг. Үнэхээр бидний тэгтлээ их хөдөлмөрлөсөн нь үр өгөөжөө өгч Чимэдширчин маань математик болон мэдээлэл зүйн аймаг, орон нутаг, улсын шинж чанартай олон олимпиадад амжилттай оролцож, эхний байруудад олонтаа шалгарсан.

Чимэдширчинг бэлтгэж гаргаснаар манай сургалтын төвийн сургалтын чанар, арга барил олон шатаар ахиж, түүнээс хойш зорьсон бараг бүх амжилтандаа хүрч, одоо олон улсын түвшинд амжилт гаргаж эхлэхийн хамт үйл ажиллагааны хувьд “Алгоритм” дунд сургууль болон өргөжин тэлээд байна. Багшлах энэ хугацаандаа Монгол улсын математикийн болон мэдээлэл зүйн олимпиадуудаас өөрөө болон шавь нар нь медаль авсан ганц багш болсондоо шавь нартаа тун их талархаж явдаг. Угтаа бол Чимэдширчингийн хэмжээний авьяаслаг хүүхэд олон байгаа л даа. Гэхдээ түүний хэмжээнд хөдөлмөрлөдөг нь тийм ч олон биш байгаа юм. Одоо тэрээр математик, мэдээлэл зүйн чиглэлээрээ мэргэшиж Польш улсын Варшав хотод мэдээллийн технологийн инженерээр амжилттай суралцаж буй.

Хоёр жилийн өмнө Чимэдширчин маань оюутны амралтаараа эх орондоо ирээд, өөрөө санаачлан “С.Цагаан багшийн нэрэмжит” хэмээх математикийн олимпиадыг зохион байгуулж, ирээдүйн олон гарамгай математикчдыг төрүүлж, хөгжүүлэх нэгэн ажлыг багшдаа зориулан хийснийг би насан туршдаа санаж явах болно. Энэ мэт олон сайхан шавь нарынхаа урам зоригоор дараагийн Чимэдширчингүүдийг хайсаар, олон олноор нь бэлтгэсээр байх болно ...

Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэгийн багш Г.Энхтуяа

Ээж, аав, эмээ, өвөөгийнхөө халуун энгэрээс ирж буй бяцхан үрсийгцэцэрлэгийн орчинд дасгаж, сургуулийн өмнөх боловсрол буюу сурахарга барилд бэлтгэх ажлыг цэцэрлэгийн багш бид хийдэг л дээ. Өдөр тутамдаа 2-5 насны бяцхан үрстэй 10 цагийн турш ажилладаг учир цэцэрлэгийн багш хүн хүүхдэд үнэн сэтгэлээсээ хайртай, зөв сэтгэлтэй, зөв үйлдэлтэй, үлгэр дууриалал сайтай хүн байх хэрэгтэй гэж боддог.

Нэг удаа манай ангид ээж аав нь Солонгост ажилладаг тул эмээ дээрээ өссөн Энхмандах хүү 3 настайдаа орж ирж байлаа. Өөрөө төрөлхийн бүрэг ичимхийн дээр, гэртээ эмээтэйгээ л амьдардаг учир үгдуугардаггүй, бусадтай тоглодоггүй, инээх ч үгүй, уурлах ч үгүй гэмгүй л сууж байдаг хүүхэд. Ээж нь Монголдоо ирснээс хойш хэсэгхугацааны дараа ч хүү ээжтэйгээ ярьдаггүй, эмээтэйгээ л хаа ганц хэдхэн үгээр ярьдаг хэвээрээ байсан тул ээж нь цэцэрлэгт оруулахаар ирэхдээ хүүгээ тун их захиж, тулж ажиллахыг хүсэж байсан юм.

Ингээд тухайн хүүхдийг бусдад өөрийгөө илэрхийлдэг болгохын тулд эхлээд анхааралтай ажигласан. Монгол хүүхдүүдийн хувьд багаасаа л бусдыг гаднаас нь үнэлж дүгнэх хандлага өндөр ажиглагддаг л даа. Иймд Энхмандахын хэнтэй ч найзалдаггүй бүрэг зангаас нь болоод ангийнхан нь гадуурхах, шоглох явдал гаргах вий гэсэндээ түүний ангид оролцох оролцоог нь нэмэгдүүлж эхэлсэн. “Энхмандах, багшдаа харандаа аваад өгөөч”, “Ямар сайн хүү вэ?” гэх мэтчилэн. Бага багаар ангийнхан нь түүнийг хүлээн зөвшөөрч эхэллээ. Бусад шиг шулганатал уралдаад ярихгүй ч дуугардаг боллоо. Алхам алхмаар дасгасаар бусдын өмнө богино хэмжээний дуу, шүлгийг дуулчихдаг, уншчихдаг болгов. Энэ хэмжээний үр дүнг гаргахын тулд багшаас арга зүй, хүлээцийг маш их шаарддаг. Нэг өдөр заагаад маргааш нь сурчихдаг юм байхгүй шүү дээ. Өдөр бүрийн тасралтгүй сургалтын л үр дүн. Хүүхдүүд яг л толь гэсэн үг. Багш ямар байна, хүүхдүүд яг л тийм төлөвшилтэй болдог. Багш хүүхдүүдээ ялгаж харьцдаг байвал тэр ангиас гадуурхал, дээрэлхүү зан ажиглагддаг. Багш хүүхдүүдээ хүндэлж харьцдаг бол хүүхдүүд нь ч дагаад бие биедээ халамжтай, багийн ажиллагаа сайтай болно.

Энэ маягаар 3 жилийн дараа гэхэд Энхмандах хүү нүүр дүүрэн инээдэг болоод өөрийгөө бусдад биеэр болон яриагаараа зохих хэмжээнд илэрхийлж чаддаг болоод төгссөн дөө. Ээж нь надад маших талархаж, баярласнаа илэрхийлж билээ. Одоо Энхмандах том, сайхан залуу болсон байх. Ерөөс цэцэрлэгийн багш гэдэг хүүхдийн ирээдүйн хөгжил төлөвшилтийн суурийг тавьж өгдөг, тоглох үед нь ч амжаад нэг зүйл заагаад өгчих юмсан гэсэн сэтгэлээр ажилладаг. Хэдийгээр стандартыг 2, 3 дахин нугалсан ачаалал дунд өглөөнөөс үдэш хүртэл ажилладаг ч хүүхдийн ход ход хийсэн инээд дунд ажилладаг бидний мэргэжил сайхан шүү.

12194   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Г.Оюунлхам




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.