Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Тогтвортой хөгжлийн зорилгууд   10 сарын 24, 2019

2030: Байгальд ээлтэй, бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл "ногоон инновац"

Хүн төрөлхтөн “бүтээхүй” гэдэг ойлголтыг XIX зууныг хүртэл зөвхөн бурханд л харьяалагдах ёстой гэж үздэг байв. Уг нь XVII зуунд Польшийн яруу найрагч Мацей Казимир Сарбиевски анх удаа “бүтээлч байдал” гэдэг үгийг ашигласан ч түүнээс хойш 150 жилийн турш хүний бүтээлч байдлын тухай санааг хүн төрөлхтөн өөрсдөө ч няцаасаар ирсэн юм. Тэгвэл орчин үед дэлхийн аль ч хөдөлмөрийн зах зээл дэх хамгийн эрэлт хэрэгцээтэй зан чанар, ур чадварыг бүтээлч байдал тэргүүлж, түүний үр дүн нь эцэстээ олон салбарын үйл ажиллагаанд шинэ инновацыг бий болгож байна.

Тухайлбал, Google, Facebook, Microsoft зэрэг дэлхийн тэргүүлэх компаниуд бүтээлч хүмүүсийг ажилд авч, тэднийг хөгжүүлэн, шинэ санаа, шийдлийг үргэлж эрэлхийлж байдгаараа алдартай. Энэ хүрээнд XXI зуунд улс орны өрсөлдөх чадвар хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаар бус мэдлэг оюунд түшиглэн нөөцөө хэрхэн үр өгөөжтэй ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч, бүх салбарт инновац шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болоод байна. Гэхдээ техник технологийн дэвшлүүд хүний ажиллагааг хялбарчлах, ая тухыг хангахаас илүүтэй нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдэх, тогтвортой хөгжлийг дэмжих инновацуудыг бий болгох нь дэлхий нийтэд хамгийн чухал ач холбогдолтой тренд болсныг онцолъё. Түүнийг дагаад аливаа шийдэл, санаачилга, алхам бүр байгаль орчиндоо ээлтэй биш, нийгмийн хариуцлагатай уялдаагүй бол инновац хэмээн тодорхойлж, хүлээн зөвшөөрөхөд бэрх болжээ.

Тиймээс ХААН банктай хамтран бэлгэдэг “2030” цахим товхимлын энэ дугаарт бид инновац хэрхэн "тоглоомын дүрэм"-ийг өөрчилж, итгэхэд ч бэрх гэмээр нээлтүүд ар араасаа цуварч бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар тайлбарлахыг хичээлээ.

Тайлбарлах нь

Хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн хамгийн анхны инновац бол гал байлаа. Ойролцоогоор 500 мянган жилийн тэртээгээс хүмүүс галыг хэрэглэж эхэлсэн гэдэг. Бидний өвөг дээдэс галыг эзэмшсэнээр хүйтэн орчин болон агуйн гүнд амьдрах, махчин араатнаас өөрийгөө хамгаалах, хоолоо болгож идэх, олон төрлийн хоол хүнс хэрэглэх зэрэг олон дэвшлийг бий болгосон билээ.

Гэвч шинжлэх ухааны хувьсал гарах хүртэл хүн төрөлхтөн хөгжил дэвшилд төдийлөн итгэдэггүй байв. Өөрөөр хэлбэл, Америкийн эрдэмтэн анхны атомын бөмбөгийг хийн дэлбэлж, саран дээр хөл тавихаас өмнө хүн төрөлхтөн шинэ чадвар олж авах бус байгаа чадвараа л хадгалж үлдэхэд чиглэж байлаа. Хаад, ноёдын аль нь ч шинэ технологи тэднийг хамгаалж, хөрөнгө чинээг нь нэмнэ гэж боддоггүй байв. Хүн төрөлхтний “алтан үе” ард хоцорч, дэлхий ертөнц цааш улам доройтдоггүй юм гэхэд ахиж дэвшинэ гэж санасны гарз хэмээн хүртэл боддог байсан нь өнөөгийн хүн төрөлхтөнд итгэмээргүй санагдаж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээний том асуудлыг шийдэхэд хүний хуримтлуулсан мэдлэг хангалтгүй хэмээн үздэг байсан ажээ. Гэтэл өнөөдөр шинжлэх ухаан, технологи бидний бүх асуудлын шийдэл болно гэдэгтэй маргах хүн ховор биз ээ.

Тэгэхээр шинжлэх ухаан, аж үйлдвэр, инновац нь дөнгөж капиталист систем бий болж, аж үйлдвэрийн хувьсгал гарахад л эрчтэй хүчээ авч эхэлсэн түүхтэй. Хүчээ авч эхэлсэн даруйдаа дэлхий дахиныг маш хурдан өөрчилсөн билээ.

Ази тив нь 1775 онд дэлхийн эдийн засгийн 80 хувийг бүрдүүлж, Энэтхэг, Хятадын хоршсон эдийн засаг дэлхийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гуравны хоёрыг эзэлж байсан бол 200 гаруй жилийн дараа буюу 1950 он гэхэд шинжлэх ухаан, инновацид тулгуурласан эдийн засгийг бий болгохоор түүчээлсэн Баруун Европ, АНУ хоёр дэлхийн нийт бүтээгдэхүүний тэн хагасыг үйлдвэрлэдэг болсон байв.

Харин өдгөө Азийн орнууд Барууны орнуудтай эн зэрэгцэн өрсөлдөж, аж үйлдвэрийн IV хувьсгалыг өртөөлөн, хиймэл оюун ухаан, хүний тархийг компьютертэй холбох ирээдүйн салбаруудыг хөгжүүлсээр байна. Тухайлбал, жил бүр улс орнуудын инновацын хөгжлийг эрэмбэлдэг “Дэлхийн инновацын индекс” үзүүлэлтээр Швейцарь улс тэргүүлж, Швед, АНУ хоёр удаалж байна. Бүсчлэлийн хувьд Хойд Африк болон Баруун Азийн орнуудаас Израиль, Ази тивээс Сингапур улс инновацын хөгжлөөрөө манлайлж байгаа ажээ. Харин манай улс энэ оны байдлаар 53 дугаарт жагсаж байна.

Монгол Улс Инновацын тухай хуулийг анх 2012 баталж, “Инновац” гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл явцыг хэлнэ" гэж тодорхойлсон байдаг. Бид өдгөө ДНБ-ий 0.3 хувийг шинжлэх ухааны зардалд зарцуулж, өнгөрсөн онд гэхэд эрдэм шинжилгээний 529 ажилд 12 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Харин Өмнөд Солонгос улс ДНБ-ий 4.3 хувийг судалгаа, шинжилгээний ажилд зарцуулдгаараа дэлхийд тэргүүлж байгаа юм.

Гал гаргахаас эхэлсэн инновацын хэлхээгээр өдгөө дэлхийн хүн ам сүүлийн 500 жилийн дотор 14 дахин өсөж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл 240 дахин нэмэгдэн, энергийн хэрэглээ 115 дахин нугараад байна. Харамсалтай нь, тэр бүх шийдлүүдийн байгаль орчин, эх дэлхийд үзүүлэх сөрөг нөлөөг бид харьцангуй хожим ухаарч, хөдөлж эхэлсэн билээ. Инновац бол хүн төрөлхтний хамгийн үнэт зэвсэг болж, ирээдүйд итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлдэг, үр өгөөжөөрөө зуун зууныг тэтгэдэг гайхамшиг хэдий ч түүний зохисгүй хэрэглээ, үр нөлөөг тооцохгүй бол байгаль орчин төдийгүй хүний амьдралын алхам тутамд сөрөг үр дагаврыг авчрах аюултай юм.

Тухайлбал, хөвөн даавуун футболк хийхэд 2700 литр ус ашиглаж, нэг машин дунджаар 4.6 тонн нүүрстөрөгчийн давхар ислийг агаар мандалд ялгаруулж байгаа бол хөгжингүй орны нэг хүн жилд 20 кг гаруй e-waste буюу электрон төхөөрөмжийн хаягдал үүсгэж байна. Тиймээс бид өдийг хүртэл ашиглаж ирсэн арга барилаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ.

IRIM Судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батсугар

Чиг хандлага

Тогтвортой хөгжилд суурилсан инновац нь зөвхөн байгальд ээлтэй сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүний шийдэл олохоос хамаагүй өргөн цар хүрээтэй ойлголт билээ. Хүн төрөлхтний хязгааргүй хэрэгцээ, хүсэл дээр суурилсан зах зээлийн нийгэмд нэг талаас зогсолтгүй үйлдвэрлэл явуулж бүтээгдэхүүн бий болгох, нөгөө талаас “хэрэглэж дуусаад шинийг” гэх соёл бий болгосон нь ямар сөрөг үр дагавар авчирч буйг бид өнөөдөр харж байна.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал дэлхий дахиныг хөдөлгөж буй үед бид амьдарч байгаа билээ. Үүнтэй зэрэгцээд хүрээлэн буй орчныг хамгаалах дөрөвдүгээр давалгаа биднийг байгаль орчноо хамгаалах аргаа шинэ төвшинд авчрах цаг болсныг сануулж байна.

Энэ хүрээнд 1860-аад оноос эхлэн нэг зууны турш үргэлжилсэн хүрээлэн буй орчныг хамгаалах эхний давалгаагаар хүн төрөлхтөн анхлан байгаль орчныг хамгаалах тухай ойлголт бий болгож, зэрлэг амьтад, ой модыг хамгаалах төрөл бүрийн ажлыг эхлүүлсэн билээ. Дараагийн давалгаа 1960-аад оноос эхэлж, хүний хэт их хэрэглээ болон түүнээс үүсэж буй байгаль орчны бохирдолд чиглэсэн олон янзын хөдөлгөөнүүд идэвхтэй өрнөсөн юм. Харин хүрээлэн буй орчныг хамгаалах гурав дахь давалгаа нь 1990-ээд оноос сууриа тавьж, сав баглаа боодлын хаягдлыг бууруулах, дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх зэрэгт онцгой анхаарал хандуулж эхэлжээ. Тэгвэл бидний амьдарч буй энэ цаг үе буюу дөрөвдүгээр давалгаа нь шинээр гарч ирж буй технологийн шинэ инновациуд буюу блокчэйн, их дата, хиймэл оюун ухаан зэрэг нь хүлэмжийн хийг арилгах, бохирдлыг бууруулах болон хүрээлэн буй орчинд ээлтэй байх шинж чанартай юм. Нэг ёсондоо инновацын хөдөлгүүр нь тогтвортой хөгжилд чиглэсэн байх гэсэн үзэл санаа ажээ.

Дэлхий дахинаа бизнесийн маш олон байгууллага үйл ажиллагаандаа байгальд ээлтэй, тогтвортой шинж чанаруудыг шингээх болсон нь эдийн засгийн хувьд ашигт ажиллагааг нэмэгдүүлж, брэндийн үнэ цэнийг өсгөсөөр байгаа олон сайн жишээ бий. Техник технологийн салбарын тэргүүлэгч Dell компани далайн хаягдал хуванцрыг дахин боловсруулж, 125 нэр төрлийн бүтээгдэхүүндээ ашигладаг байна. Мөн далайг хамгаалах санаачилгуудыг дэмжин ажилладаг "Lonely Whale" сантай хамтран далай дахь хуванцрын асуудлыг шийдэхээр дэлхийн томоохон технологийн компаниудыг нэгтгэсэн "Next Wave" санаачилгыг эхлүүлсэн ажээ.

Тогтвортой инноавацийн хөгжлийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2014 онд “Innovation for 2030” төслийг санаачлан, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Энэхүү төсөл нь “Ядуурлыг устгах буюу хэнийг ч хоосон үлдээхгүй байх”, “Байгаль орчныг сүйрлээс хамгаалах”, “Хүчирхийллээс урьдчилан сэргийлж, амар амгалан нийгмийг цогцлоох”, “Эрсдэлийг тооцоолж, гамшгийн хохирлыг бууруулах”, “Хүйсийн тэгш эрхийг сайжруулж, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих” гэсэн үндсэн зургаан дэд бүлэгт хуваагдан нийт 76 улсад, 100 гаруй санаачилгыг санхүүжүүлсэн аж. Үүний үр дүнд тогтвортой хөгжилд суурилсан хамтын ажиллагаа, цар хүрээг хоёр дахин нэмэгдүүлээд байна.

Зөвлөгөө

Тогтвортой хөгжлийн төлөөх давалгаа хэрэглэгчийн зан төлөв, сэтгэлзүйн онцлог, үнэт зүйлд нөлөөлж, бүтээгдэхүүний өртгөөс илүүтэй байгальд ээлтэй байх нөхцөлд ач холбогдол өгч эхэлжээ. Энэ нь бизнес эрхлэгчдэд тогтвортой хөгжлийг дэмжих инновацын эрэлд гарах шаардлагыг бий болгож байгаа юм. Тэгвэл энэ удаа байгууллагадаа тогтвортой инновацыг бий болгох, нутагшуулахад туслах дараах зөвлөгөөг бэлтгэлээ.

1. Хууль эрх зүйн орчны давуу тал боломжуудыг алдалгүй судлах

Одоогоос 12 жилийн өмнө АНУ-ын Сан Франциско хотод гялгар уут худалдаалахыг хориглосон бол Монгол Улсад энэ төрлийн хэрэглээг хориглосноос хойш хагас жил өнгөрч байна. Бодлого боловсруулагчид цаашид хууль эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгож, шинэчлэлт, инновацыг бий болгох нь зүйтэй.

2. Бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хэрэглэгчийн гарт очих хүртэлх бизнесийн бүхий л үйл явцыг эх дэлхийнхээ төлөө зохион байгуулах

Ажлын байрнаас гадна гэрээсээ ажиллах боломжийг бий олгосноор тээврийн зардал, цаг хугацаа болон энергийг хэмнэн ажилчдынхаа сэтгэл ханамжийг дээшлүүлэх боломжтой.

3. Байгаль орчинд ээлтэй, тогтвортой бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох

Өдгөө хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах, шавхагдах нөөцийг хэмнэх зориулалттай техник технологийн дэвшлүүд ар араасаа бий болж, байгальд хор хөнөөлтэй бизнесүүд аажмаар зах зээлээс шахагдан гарсаар байна. Иймд зах зээлээ мэдрэн, тогтвортой бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох нь зах зээлийг хошуучлах боломж юм.

4. Бизнес моделоо эргэн харах

Зөвхөн хэрэглэгчийн хэрэгцээг хангах бус гурав, дөрөвдөгч талууд, салбарын асуудлыг шийдвэрлэх хэмжээний үйлчилгээ, үнэ цэнийг санал болгох өөрчлөлтийн эрэлд гарцгаая.

Цахим товхимолд бүртгүүлэх: http://2030.mn/

3857   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ш.Цогзолмаа

Креатив директор:

О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.