Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   09 сарын 28, 2019

Хү Хү Хү: The Hu хамтлагийн мандан бадралаас сурах 5 зүйл

Та бид энэ өдрүүдэд The Hu хамтлагийн дэлхийн хөгжмийн ертөнцөд гаргаж буй бахдам амжилтын гэрч болж байна. Тэд саяхан анхны “Гэрэг” цомгоо цацсан нь гадаад цомгуудын Billboard-ийг тэргүүлж, сонсогч фэнүүдээ бахдуулан, нийт монголчуудыг баярлуулан байна. Яг энэ цаг мөчид АНУ-ыг хотуудыг “дайлан”, аялан тоглолт хийж яваа The Hu-ийн амжилтын нууцыг бид энэхүү нийтлэлээр задлан, тэднээс суралцаж болох зүйлсийг нэгтгэн хүргэхийг зорилоо.

Нэг. Бэлтгэлээ тултал хий

The Hu хамтлагийн ерөнхий продюсер Б.Дашдондог ийм хамтлаг байгуулах санаа өвөрлөснөөсөө хойш 7-8 жилийн хугацаанд өргөн хүрээтэй судалгаа хийж, түүндээ тулгуурлан хоёр жилийн хугацаанд хамтлагийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, дүр төрхийг бүрдүүлэх ажлуудыг хийжээ. Тийнхүү, бүгд хөгжмийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хамтлаг байгуулагдсан нь 2016 он бөгөөд үүний дараах 2-3 жилийн хугацаанд тэд уран бүтээлүүдээ хийж, чанаржуулж, өөрсдийгөө бэлтгэж байгаад дуунуудаа олон нийтэд цацсан байна. Үүнээс The Hu хамтлагийн амжилт бол санаандгүй хэрэг бус, нөр их хөдөлмөрийн үр шим гэдгийг харж болно.
Ташрамд өгүүлэхэд, одоогоор тус хамтлаг 8 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд 4 гишүүн нь үндсэн нүүр царай болж, бусад нь "арын албанд" хөгжимддөг аж.

Хоёр. Шинэ хольцыг бий болго, анхдагч бай

Дэлхийн рок хөгжмийн урсгал хөгжлийнхөө дээд шатанд хүрч, цаашид хэрхэн хөгжих нь тодорхойгүй болж ирээд байсан үед The Hu хамтлаг гарч ирж, хөгжмийн шинэ хуудсыг нээлээ хэмээн гаднын экспертүүд үнэлж буй. Үнэхээр ч The Hu хамтлаг цоо шинэ хэв маяг, дуугаралтыг гарган ирж, түүнийгээ “Хүннү рок урсгал" хэмээн зарласан юм. Энэ урсгалыг тэд өөрсдийн давуу талд суурилан бий болгосон. Тодруулбал хөөмий, хархираа зэрэг гагц монголчуудын л хийдэг хоолойн техникүүд болоод морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн дуугаралтыг орчин цаг рок хөгжмийн элементүүдтэй хавсарган тэрхүү “цоо шинэ”-ийг бүтээжээ.

Гурав. МенежментДЭЭ АНХААР

Ихэнх гадаад сонсогчдын хувьд The Hu энэ төрөл жанрын анхдагч боловч монголчуудын хувьд шууд тэгж хэлэх нь жаахан ээдрээтэй. Учир нь иймэрхүү өнгө аястай хамтлагууд ар, өвөр Монголын аль алинд байсан, байгаа билээ. Гагцхүү The Hu энэ жанрыг төгөлдөржүүлж, дэлхийн хэмжээнд амжилтад хүрэхэд нөлөөлөх бусад зүйлсэд гойд анхаарснаараа ялгарч чадсан гэж болно. Өөрөөр хэлбэл, тэд уран бүтээлүүдээ бүтээгдэхүүн болгон том зургаар харж чаджээ. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зарчмуудыг сайн барьж байгааг нь тэдний уран бүтээлүүдээ хэрхэн цацаж эхэлснээс харж болно. Тэд эхлээд цомгийнхоо топ хоёр дууг асар өндөр чанартайгаар клипжүүлэн цацсан билээ. Энэ хоёр клип нь Youtube-д дорхноо түгэж, асар их хүлээлтийг үүсгэсэн юм. Тун удалгүй тэдний цомгийн мэдээ, бусад уран бүтээлүүд цувран гарсныг та анзаарсан байх. Энэ бүхэн мэдээж хамтлагийн продюсер, менежментийн багтай салшгүй холбоотой. The Hu хамтлаг АНУ-ын Eleven Seven Label Group (E7LG) хэмээх нэр хүндтэй компанитай гэрээлэн хамтарч байгаа нь олон давуу талыг үүсгэж байгаад үл эргэлзэнэ.

Дөрөв. Том зорилго тавь

“Хүннү рок” гэх шинэ урсгалыг бий болгох, хөгжмөөр дамжуулан Монголын түүх, соёлыг дэлхийд таниулах том зорилтыг тэд өмнөө тавьсан. Дууныхаа клипүүдийг англи хэлээр хадмалтай гаргахаас эхлээд гаднын хамтлагуудын бүхий л жишиг, стандартуудыг уран бүтээл, үйл ажиллагаандаа оруулж өгчээ. Энэ том зорилт нь нийт монголчуудын дэмжлэг, сайшаалыг ч зүй ёсоор хүлээж байгаа юм. Тийм ээ, тэд хэчнээн гоё хөгжим хийлээ ч, монголчуудыг хэчнээн баясгалаа ч, дотооддоо бол 3 саяас илүү хүн сонсохгүйг мэдэж байсан, олон улсын зах зээлд гарах том зорилго тавих ёстойгоо мэдэж байсан. Үүний хүчинд өнөөдөр гаднын сонсогчид "13-р зуунд дэлхийг байлдан дагуулсан монголчууд өдгөө хөгжмийн хүчээр бөмбөрцгийг эзлэхээр шийджээ" гэцгээж байна.

Тав. деталиудЫГ БҮҮ ОРХИ

Хамтлаг дуучдад имиж, өнгө төрх гэдэг нэн чухал. Энэ тал дээр The Hu гойд сайн ажилласан, имиж нь сонсогчдыг соронздон татах нэг шалтгаан болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэд эртний дайчин монгол эрсийн төрхийг харуулах бөгөөд тэр нь хөгжмийн дуугаралттайгаа нийлээд үнэхээр шар үс босгом. Бэлгэ тэмдгүүд, хувцас, хэрэглэлээ тэд мэргэжлийн хүмүүс, дизайнеруудаар нарийн утга санаатайгаар хийлгэсэн нь эрхгүй хараа булаана.

Хамтлагийн нэрийг тусад нь онцлох ёстой бөгөөд Hu (Хү) хэмээх нэрийг сонгосон тун оновчтой сонголт болжээ. Hu нь хүн, хүмүн, хүннү гэх үгсийн язгуурыг илтгэхийн сацуу Хү Хү Хү хэмээн дуулахад асар хүчтэй, цохилттой сонсогдох аж. Хөгжмийн зэмсгээ сонгохдоо тэд хуучир, шанз, ёочин гэх мэт өөр улс үндэстний ЮНЕСКО-д бүртгүүлсэн зэмсгүүдийг бус, монголчуудын өв гэж хүлээн зөвшөөрөгдсөн зэмсгүүдийг ашиглажээ. Мөн дууны үгүүддээ Монголын түүх, соёлыг таниулж, ардын урлаг, яруу найргийн элементүүдийг оруулсан нь монголчууд бидэнд таатай, гадаадын сонсогчдод асар сонирхолтой байгааг онцлохгүй өнгөрч боломгүй. Нэгэн нэрт архитекторын “Деталь гэдэг деталь биш, деталь гэдэг чинь дизайныг бий болгодог юм” хэмээсэн үг The Hu-ийн жишээн дээр яв цав нийцэх аж.

Орчин цагт Монгол улсын сурталчилгааг хамгийн сайнаар хийж, өвөрмөц дуугаралт, өнгө төрхөөрөө дэлхийн хөгжмийн ертөнцийг “Хү” хэмээн цочоож буй хамтлагийг онцлоход ийм буюу. Тэдний амжилтаас бүгдээрээ суралцаж, өөр өөрсдийн үйл хэрэг, ажил бизнест шингээцгээе.

“Хү Хү Хү!”

19242   4


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Д.Ганзориг
Г.Оюунлхам




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.