Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   09 сарын 18, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - "Empasoft" компанийн үүсгэн байгуулагч С.Кадирбек

Сүүлийн үед дижитал шилжилт хийх тухай ойлголт байнга сонстож, хүчээ авах боллоо. Технологийг үр дүнтэй ашиглаагүй бизнесүүд өнөө цагт хоцрох болсон тул Монголын компаниуд эхнээсээ мэдээллийн технологийн сүүлийн үеийн оновчтой шийдлүүдийг нэвтрүүлж байна. Тэдгээр компаниудын гол түншүүдийн нэг бол салбартаа хэдийн байр сууриа эзэлсэн "Empasoft". Бид тус компанийн үүсгэн байгуулагч С.Кадирбектэй ярилцаж, ямар арга барил, философиор компаниа удирддагийг нь сонирхсон юм. Тэрээр Турк улсад мэдээллийн технологиор суралцаж ирээд компаниа байгуулсан бөгөөд "Empasoft Academy"-аараа дамжуулан өнөөг хүртэл энэ салбарын 5000 гаруй инженерийг бэлтгэжээ. Тус академийг төгссөн залуу инженерүүд өдгөө технологийн дэлхийн топ компаниудад ажиллаж, Монголын бизнесийн салаа мөчир бүрд мэдлэг чадвараа зориулан үр дүнтэй ажиллаж байна.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: “Empasoft” компанийн үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: Samsung 10
Хэрэглэдэг компьютер: Surface Pro
Сошиал хуудсууд: Kadirbek Sailau (LinkedIn), Kadirbek Sailau (Facebook)

мэдээллийн технологийн компани байгуулах болсон түүхээсээ хуваалцана уу?

Мэдээллийн технологи (IT) нь өдөр ирэх бүр өөрчлөгдөж, хөгжиж буй салбар учраас бидний ажлын хэв маяг ч дагаад динамик, хөдөлгөөнтэй гэж хэлж болно. Цөөн хүнтэй ч бүтээмж өндөр ажиллахыг зорьдог бид сүүлийн 13 жилийн хугацаанд салбартаа тодорхой хувь нэмэр оруулж чадсан гэдэгт итгэдэг юм.

Би Туркийн Анкара хотод мэдээллийн технологийн чиглэлээр их сургууль төгсөж ирээд энэ чиглэлийн их, дээд сургуулиудын сургалтын чанар тааруугаас гадна гадуур мэргэжлийн сургалтууд дутмаг байгааг анзаарсан. Тухайн үед залуу инженерүүд ихэвчлэн Энэтхэг рүү сурахаар явж, ур чадвараа дээшлүүлдэг байсан л даа. Тиймээс Туркэд хамт сургууль төгссөн найзтайгаа нийлэн 2006 онд мэдээллийн технологийн сургалтын төв нээж, компаниа “Empasoft” гэж нэрлэсэн юм. Улмаар өнөөг хүртэл олон улсын сертификаттай 5000 гаруй инженерийг бэлтгэж, “Empasoft Academy” болгон өргөжүүлээд байна.

Бид сургалтуудаа зохион байгуулахын сацуу албан байгууллагуудад IT-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, дижитал шилжилтийг нь хийж өгч, мэдээллийн технологи, аюулгүй байдлын төрөл бүрийн шийдлүүд, үүлэн технологийг нэвтрүүлдэг. Мөн дэлхийд алдартай софтвер ханган нийлүүлэгч 20 гаруй компанитай хамтран ажиллаж байна.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Хүнийг удирдана гэдэг цаад хүнээ хэр үнэлж байгаатай шууд холбоотой ойлголт. Зөв үнэлж чадвал тухайн хүн урам зориг авч, ажилдаа сэтгэл хангалуун болдог учраас хүндлэх, хүндлүүлэх харилцааг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүст эелдэг, эерэг хандахыг эрмэлздэг. Хүнийг сонсож, ойлгож, оронд нь өөрийгөө тавин үзэж, сул тал биш давуу талтай нь тул ажиллахыг зөв гэж боддог юм. Туршлагаас харахад, ийм арга барилаар ажиллахад сул тал нь аяндаа арилдаг.

Манай компанийн шаардлагыг хангаад нэгэнт багийн гишүүн болсон бол тэр хүн ажиллаж чадахгүй байна гэж байхгүй. Харин ажиллуулж чадахгүй байж л магадгүй. Тэр нь надтай буююу миний шинэ ажилтнуудтайгаа хэр хурдан ойлголцохтой холбоотой асуудал юм.

Нөгөө талаар аливаа асуудлыг олон талаас нь харж, олон хүнийг оролцуулан шийдлийг олох нь зүйтэй. Би хэчнээн олон жил бизнес эрхэлж, ажлаа гартаа оруулсан байлаа ч зарим шийдвэрийг гаргахдаа бусдын санаа бодлыг сонсож, "Чи оронд нь байсан бол хэрхэн шийдэх байсан бэ?" хэмээн асууж, хамтран шийдэхийг хичээдэг.

ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, АПП ТАНЬ ЮУ ВЭ?

Бид “Microsoft”-ийн үүлэн технологийн багц програмуудыг ашигладаг. Зогсоо зайгүй дата үйлдвэрлэж буй өнөө үед аливаа компани чухал мэдээллүүдээ алдах магадлалтай учраас сүүлийн таван жил “Microsoft Office 365” програмыг ашиглаж байна. Мөн Microsoft Teams, Power BI, Outlook-ийг хэрэглэдэг. Өөр гэвэл What3words, Shazam, Telegram, Skyscanner гэсэн аппууд байна.

"Би өрөөндөө самбар байрлуулан, зурж ажиллах дуртай. Эргээд харахад, бусдад тайлбарлахад эмх цэгцтэй байдаг юм."

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цаг хэмнэх, бас хэмнэхгүй зүйлс гэж бий. Миний хувьд гэр бүлдээ зарцуулах цагаасаа хугаслахыг боддоггүй. Харин ажил дээр богино хугацаанд үр дүнтэй ажиллах нь цаг хэмнэх сайн арга гэж боддог. Зарим хүний олон цаг хийх ажлыг өөр нэг хүн богино хугацаанд хийх боломжтой учраас олон төрлийн чадвартай хүмүүсээс бүрдсэн баг бүтээмжтэй ажиллаж, гишүүн бүрийнхээ цагийг хэмнэж чадна.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Тэмдэглэлийн дэвтэр хэрэглэдэггүй юм байна. Манайд шинээр орж ирсэн хүмүүс эхэндээ тэмдэглэлийн дэвтэр хэрэглэдэг ч яваандаа дижитал руу шилжчихээд байдаг. Би хийх ажлын жагсаалтаа гаргахдаа “Microsoft"-ийн "To Do” апп-ийг түлхүү ашигладаг. One Note ч бас дажгүй.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Мэдээллийн технологийн компанид шинэ технологийг хүмүүст ойлгуулж, байнгын хэрэглээтэй болгох нь хамгийн том бэрхшээл байдаг. Автомашин зарж буй хүнд бүтээгдэхүүний талаар ерөнхий мэдээлэл байхад хангалттай байдаг бол шинэ програм хангамжийг нэвтрүүлэхийн тулд хэрэглэгч компанид ажиллаж буй бүх хүний ойлголтын түвшинг тэнцүүлж, өдөр тутам асуудалгүй хэрэглэдэг болгохын тулд сайн тайлбарлах ёстой байдаг. Энэ утгаараа хугацаа их авдаг бизнес гэж хэлж болно.

Харин хугацаа авсан энэ үе шат буюу дижитал шилжилт хийсний дараа тухайн байгууллагын ажлын бүтээмж эрс сайжирдаг. Ийн эцсийн үр дүнг нь харах тун таатай. Харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг сонсоод их урамшдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Би өөрийгөө бусдыг сонсохдоо сайн болов уу гэж боддог. Хүнийг сонсоно гэдэг олон мэдээллийг хүлээн авч, түүнийгээ сайн боловсруулж тунгаана гэсэн үг. Энэ хорвоо дээр бусдаас авах санаа, туршлага маш их шүү дээ.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бид IT-ийн сургалтаа илүү классик болгоход анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд танхимын сургалтаа давхар онлайнд шилжүүлэхээр шинэ платформ хөгжүүлэн, контент бэлтгэж байгаа. Платформоо энэ сарын сүүлээр олон нийтэд цацахаар төлөвлөж байна. Албан байгууллагуудын хувьд дижитал шилжилт хийнэ гэдэг технологитой бус, 100 хувь хүний хэрэглээ, мэдлэгтэй холбоотой ойлголт учраас тийм ч амар биш. Хүмүүс технологийн шийдлийн учрыг олж, гартаа оруулахдаа хурдан биш байдаг. Тиймээс мэдээллийн технологийн багц контентыг онлайнаар түгээх нь иргэдийн технологийн мэдлэгийг дээшлүүлэх хамгийн сайн арга гэж үзэж энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Цаашид бид үүлэн технологи дээр түлхүү ажиллах сонирхолтой байгаа. Өнөө үед ямар ч компани технологийн давуу талыг бизнестээ шингээж чадвал амжилт олж байна. Өөрөөр хэлбэл, XXI зуунд аливаа бизнесийн ирээдүй технологийг хэр ашиглахаас, дижитал шилжилт хийсэн эсэхээс хамаардаг болсон. Жишээ нь сүүлийн үед манайд уул уурхайн компаниуд олноор хандаж, үйлчилгээ авдаг болоод байгаа.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Би “Баян аав, ядуу аав” гэх урьд нь уншиж байсан номоо саяхан дахин уншлаа. Анх залуу байхдаа уншиж байсан болохоор гэр бүл, хүүхдүүдийнхээ өмнө үүрэх хариуцлагын тухай тийм ч сайн ухаж ойлгоогүй байж. Дахиад уншаад үзтэл олон зүйл бодогдууллаа. Технологийн эрин үед номоос гэлтгүй подкаст, вебсайтаас мэдээлэл авч байна. Жишээ нь Medium-ээс хүссэн нийтлэлээ хурдан хугацаанд олдог.

Далай шиг их мэдээллийн урсгал дунд байгаа бидэнд авсан мэдээллээ тархиндаа боловсруулж, бодож тунгаах нь тун чухал. Хаа хамаагүй таарсан номоо барьж уншихаас илүү шаардлагатай мэдээллээ богино хугацаанд олж авах нь илүү ач холбогдолтой болсон байна.

ТА ЗАН ЧАНАРЫН ХУВЬД ДОТОГШОО ТАЛДАА ЮУ, НЭЭЛТТЭЙ ТАЛДАА ЮУ?

IT-ээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн дийлэнх нь дотогшоо хүмүүс байдаг. Гэвч байгууллага удирдаж, бусадтай харилцаж эхлэх үед харилцааны чадварууд дутагдаж эхэлдэг. Би хувьдаа сүүлийн таван жил энэ талын чадваруудаа хөгжүүлэх гэж их хичээж, олон сорилтыг давсан.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Би өглөө 5.30 цагт босож, өөртөө хоёр цаг зарцуулахыг хичээдэг. Сүүлийн үед Udemy.com сайтаас IT-ийн сонирхолтой хичээлүүд авч суралцаж байна. Ажил дээрээ ирээд дотоод уулзалтууд, гол шийдвэрүүдээ үдээс өмнө амжуулж, үдээс хойших цагуудыг хүмүүстэй уулзах, гадуур ажил хөөцөлдөхөд зарцуулдаг.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Хөгжмийн тал дээр маруухан хүн дээ. Амьдралдаа хэдхэн удаа л караокед орж байлаа. Хөгжим сонсоно гэвэл голдуу сайхан аяз л тавьдаг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Мэдээж гэр бүлдээ цаг зарцуулна. Баасан гарагийн орой бүр найзуудтайгаа хөл бөмбөг тоглон хөлсөө гаргаж, найз нөхөдтэйгөө уулздаг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Манай компанийн оффисын ханан дээр даваа гараг бүрийн өглөө ажилтнуудын маань хэн нь урмын үг бичиж наадаг юм. Тэнд бичсэн үгүүдээс “Do your best, forget the rest” гэсэн үг их таалагдсан. Хүн өглөө бүр өөрийгөө цэнэглэж гараад орой хүртэл цэнэгээ барих гэж хичээх хэрэгтэй гэж боддог. Энэ хугацаанд ажлын эцсийн үр дүнд гол анхаарлаа хандуулахаас илүү тухайн цаг мөчдөө төвлөрөн, ажлаа хамгийн сайнаараа хийх хэрэгтэй. Үр дүн нь ямар ч гарч болно. Хамгийн гол нь өөрийгөө 100 хувь зориулж чадсан шүү гэх бодол төрж байвал болох нь тэр.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Би зургаан настайдаа морь унаж сурсан. Нэг удаа хонинд яваад буцаж явтал морь гэнэт үргэн намайг хойш нь унагаад, хөл маань дөрөөнд гацаж чирэгдсэн юм. Тэр үед бүгд айж сандран, аав, ээж гүйлдээд, би ч өөрөө маш их айсан. Тэгтэл өвөө маань “Хүн мориноос унаж болно. Энэ бол хүн болгонд тохиолддог зүйл. Хамгийн гол нь эргээд мордох зоригтой бай” гэж хэлээд дахин мордуулж билээ. Ингээд 7 настайгаас эхлэн хурдны морь унадаг болж, олон сайхан хүлгийг айрагдуулж явлаа. Энэ бол миний хувьд хамгийн том сургамж байсан юм. Ажил, амьдралдаа ч энэ хандлагыг барьж ирлээ.
Тэрнээс гадна өвөө маань манай аав, ээж хоёрт “Та нар хүүхдүүдээ бодъё гэвэл өрөвдөхгүй байх хэрэгтэй шүү” гэж хэлж байсан нь тун зөв санагддаг.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Хүн бүр мөрөөдөл, зорилготой амьдрах ёстой. Гэхдээ өглөө босоод хийх ажил чинь тодорхойгүй байвал тэр хямрал юм. Хүн хэчнээн таатай орчинд ажиллаж, амьдарч байлаа ч хямрах тохиолдол гардаг. Тэр үед гагцхүү зорилго чинь тодорхой, юу хийх чинь ойлгомжтой байх хэрэгтэй. Залуу хүн бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэж хий санаа зовдоггүй, "галзуу" мэт байх ёстой. Залуу хүн хүссэн зүйлээ хийж болно. Тэгэхдээ асуудлыг олон талаас нь харж, аль болох бүтээлч байхыг хичээдэг байгаарай. Хэвшмэл сэтгэлгээнээс аль болох зай бариуштай.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Нест академи”, “Info Solution” компанийн үүсгэн байгуулагч Б.Габитыг санал болгоё. Мэдээллийн технологийн сайн мэргэжилтнүүдийг бэлтгэхийн төлөө нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулж буй, бусдад үлгэр жишээ болж яваа залуу гэж боддог юм.

НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor

Гэрэл зургийг:

Б.Уугансүх

Хандалт / Сэтгэгдэл:

15706   0

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.