Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   09 сарын 14, 2019

"Хадгаламж өлсөхөөс эхэлнэ" номын тухай

Хүссэн бүхнээ шуудхан хийж, байгаа чинээгээр нь үрж болдоггүйгээрээ мөнгө жаахан хэцүү. Бид хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээгээ хангахын төлөө тэмүүлж, өдөр тутам санхүүгээ зөв зүйтэй удирдах ёстой болдог. Санхүү удирдах нь хамгийн түрүүнд эрсдэлээс өөрийгөө хамгаалах хадгаламж нээхээс эхтэй. Ихэнх хүний хувьд хадгаламж нээж, хуримтлалаа тогтмол өсгөх нь хэлэхэд амархан ч хийхэд хэцүү ажил. Наад зах нь л зардлаа багасгаж, хэрэглээгээ танана. Тогтсон өдрөө хадгаламждаа мөнгө хийнэ. Аль банк илүү найдвартайг судална гээд л олон асуудал хөврөн гарна. Энэ бүх санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд туслах, коуч Г.Мөнгөний бичсэн “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ - 6 дансны арга” номыг бид онцолж байна.

НОМЫН ТУХАЙ

Номоо гаргахаас өмнө зохиогч Г.Мөнгөн Дэлхийн хуримтлалын өдрөөр Монгол банкинд “6 дансны арга” илтгэлээ танилцуулж, түүнийгээ долоон минутын видео болгон цахим хуудсандаа тавьжээ. Уг бичлэгийг богино хугацаанд сая гаруй хүн үзсэн бөгөөд олон хүнээс эерэг сэтгэгдэл ирсэн аж. Улмаар түүнд ном бичих санаа төрж, энэхүү номыг бичжээ.

Миний хувьд энэ номыг дор нь уншиж дуусгасан. Зохиогч өөрийн амьдралаас сэдэвлэн бичсэн болоод ч тэр үү, “Нээрээ л тийм шүү” гэж бодохоор хэсэг олон таарч байв. Ингэхдээ хүмүүсийн хадгаламжгүй байдаг шалтгаанаас аваад нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаан хадгаламжтай болохоор шийдтэл, санхүүгийн зөв зохион байгуулалт, хадгаламжийн талаар өгүүлжээ. Энгийн нэг жишээ дурдахад, бид орлоготой болсон үедээ байнга тооцоолол хийж, мөнгөгүй байсан үеэсээ тэс өөр хүн болж, өөрөөр сэтгэж эхэлдэг. Эхнэртээ нэг аятайхан юм аваад өгчихье, эсвэл хоолонд оръё, яг байрны түрээс төлөх болчихсон, машиндаа нэг юм аваад тавьчихмаар, хүүхдүүдэд өвлийн куртик хэрэгтэй гэх мэтээр. Гэтэл яг үнэндээ бид орлого олсон үеийн сэтгэлийн хөөрөлдөө автан, энэ бүх хэрэглээг шинээр бий болгодог байна. Угаасаа хүний хэрэглээ хязгааргүй шүү дээ. Тиймээс санхүүгээ удирдахад, өөртөө хадгалах дадлыг хэвшүүлэх нь нэн тэргүүний асуудал ажээ. Зохиогчийн хэлснээр “Хүн төрөлхтний түүхэнд хэрэглээгээ давсан хадгаламж гэж огт байдаггүй. Үнэхээр байхгүй. Харин хадгалж цааш нь хийсний дараа үлдсэн мөнгөөр нь хүргэж болно” гэсэн санаа нь хадгаламжийн гол зарчмыг илэрхийлж байна. Мөн ганцхан хадгаламжтай байлаа гээд та санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэвэл эндүүрэл. Үүний оронд хэрэгцээгээ ангилж, тус бүрийн зориулалттай данс нээвэл санхүүгийн сахилга баттай байхаас гадна зохицуулахад амар болох аж.

“Иргэн баян бол улс баян” гэдэг эртний үг байдаг даа. Номын зарим хэсэг нь энэ утгыг гаргаж байх шиг санагдсан. Өөрөөр хэлбэл, ямар ч эрсдэл тулгарлаа гэсэн, даваад гарах санхүүгийн чадамжтай байх хүн олон байж гэмээнэ улс орны эдийн засаг тогтвортой байна гэсэн үг. Энэ ойлголтыг хэрэгжүүлж буй хятад хүмүүсээс бид үлгэр жишээ авч болно. Тэд хадгалах дадлыг туйлын чанд мөрддөг юм билээ. Эцэст нь, зохиогчийн бичлэгийн арга тун сонирхолтой байсныг хэлье. Яг л өөрөө ярьж байгаа мэт өгүүлж, сонирхолтой жишээ сэлтийг хавсаргасан байсан. Зохиогчийн тухай нэг баримт хэлэхэд, тэрээр оюутан байхдаа нийтийн байранд амьдарч, даарахын эрхэнд орны даавуугаа индүүдэж унтдаг байсан аж.

7042   5


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ё.Ичинноров




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.