Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   09 сарын 12, 2019

Номын баярын тухай + УБ хотын 26 дахь номын баяраар юу юу болох вэ?

Сурч боловсрох, өсөж дэвжихийн үндэс бол унших явдал билээ. Илүү олон хүн унших үйлд шамдах тусам тухайн нийгэм улам бүр ахиж, хөгжиж байдгийг бид түүхийн хуудаснаас бэлхнээ харж болно. Олон зуун жилийн турш хүн төрөлхтний ертөнцийг харах "ганц цонх" байсан ном өнөө цагт "олон цонхны нэг" мэт болоод байгаа боловч мэдээллийн хэт илүүдэл, хүчтэй урсгал дунд номын гүнзгий агуулга улам бүр үнэ цэнээ нэмээд буй. Тийм ч учраас бид ном бүтээгчид ба уншигчдын хүсэн хүлээдэг "Үндэсний номын баяр"-ыг дэмжин энэхүү нийтлэлээ хүргэж байна. Улаанбаатар хотын ээлжит, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч номын баяр энэ амралтын өдрүүдээр буюу 9 сарын 14, 15-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. 

НОМЫН ҮЗЭСГЭЛЭН БУЮУ БАЯРЫН ТУХАЙ

Өдгөө дэлхийн 100 гаруй улс орон өөр өөрсдийн онцлог бүхий “Номын баяр”-ыг (Book Fair) зохион байгуулдаг. 17 дугаар зууны үед Герман улсад зохиогдож эхэлсэн гэгддэг номын баярын одоогийн зохион байгуулалт XX зууны дунд үед Европоос үүдэлтэй гэж үздэг. Цар хүрээ, зохион байгуулагдсан хугацаагаараа Франкфурт хотын номын баяр дэлхийн хамгийн том номын үзэсгэлэнд тооцогддог бол үүний араас Лондон, Калкута зэрэг хотуудынх орж, хотынхоо нэрийг дэлхийн нийтэд дуурсган байдаг. Сүүлийн жилүүдэд олон улсад номын баяр гэдэг ганц номтой холбоотой хүмүүсийн цугларалт гэхээсээ нийт контент бүтээгчдийн чуулга болон өргөжин хөгжиж байгаа юм. Жилийн өмнөөс л зохион байгуулагдах тов нь гарчихдаг олон улсын номын үзэсгэлэнгүүд төрөл, хэв маягаараа өөр хоорондоо харилцан адилгүй. Хэрвээ та номын хорхойтон бол хилийн дээс алхах ажил, аяллын хуваариа очих улсынхаа номын баяртай тааруулж гэмээнэ “нэг сумаар хоёр туулай буудах” боломжтой юм.

Манай улсын хувьд 2007 оноос эхлэн хаврын улиралд “UB Book Fair”, намартаа “Үндэсний номын баярын өдөр”-үүдийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ. Өдгөө 13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг баярыг “Номын соёлт ертөнц” ТББ-аас зохион байгуулдаг. Олон асуулт, эргэлзээг дагуулсаар анхны жилдээ 20 орчим номын зохиогч, байгууллагын бүрэлдэхүүнтэй эхэлж байсан уг арга хэмжээ номд хайртай хэн бүхний талархлыг хүлээн, жил бүр цар хүрээгээ тэлж ирэв. Энэ өргөжилтөд 2012 онд гарсан “Номын баярын өдөр”-тэй болох ерөнхийлөгчийн зарлиг ч хөшүүрэг болсон юм.

Үндэсний номын баярыг номын зохиогч, орчуулагчид яг л цагаан сар, наадам мэт хэмээн догдлон хүлээдэг нь учиртай. Энэ үеэр номын зохиогч, орчуулагчид, хэвлэлийн компаниуд нэг дор чуулж, ном бүтээлээ нэмүү өртөг шингээгүй үнээр борлуулан, уншигчидтайгаа шууд харилцаа тогтоодог. Тэд шинэ номуудаа энэ баяраар "нээдэг" болсон нь өөрсдөд нь ч ашигтай, уншигчдад ч таатай байдаг. Түүнчлэн ном бүтээгчид цугласан газар шинэ шинэ хамтын ажиллагааны эхлэл тавигдах нь ойлгомжтой.

Харин уншигчид төрөл бүрийн номуудыг хямдралтай үнээр худалдан авахын сацуу уншдаг хүндэлдэг зохиогчидтойгоо уулзаж, санал сэтгэгдлээ хэлэх боломжтой байдаг. Хуучин номын худалдаагаар сайн эргэлдвэл эрээд эрээд олохгүй эрдэнэ мэт номоо олох нь ч бий. Ийнхүү тогтмол зохиогдож буй номын баяр нь иргэдийг соён гэгээрүүлж, номын зах зээлийг тэлж байна. Номын зах зээл өдгөө 80 тэрбум орчим төгрөгөөр хэмжигдэж байгаад энэ баяр нөлөөлсөн нь эргэлзээгүй билээ.

Ийм ч учраас, ирээдүйд Улаанбаатар хотын "нэрийн хуудас" болох боломжтой энэ арга хэмжээг номд дурлагчид, номтой холбоотой бизнесийнхэн, холбогдох төрийн байгууллагууд сайтар дэмжин, жил ирэх бүр шинэ шатанд гаргаасай хэмээн уриалж байна.

9 сарын 14, 15-нд болох 26 дахь удаагийн номын баярын тухай

Улаанбаатар хотын 26 дахь удаагийн номын баяр энэ долоо хоногийн бямба, ням гарагт буюу 9 сарын 14, 15-нд уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд зохиогдох гэж байна. Энэ удаагийн баяр 100 гаруй номын компани, зохиогч, орчуулагчид хуран чуулан бөгөөд 20 гаруй шинэ номын нээлт болох юм. Тухайлбал, АНУ-ын Конгрессийн номын сангийн ажилтан М.Саруул-Эрдэнэ багшийн Грекийн домгуудыг хураангуйлсан ном, “Балж энд Пүрэв Паблишинг” компаниас эрхлэн гаргаж буй Тара Вестоверын “Educated: Боловсролд тэмүүлсэн дурсамж”, зохиолч Б.Сарантуяагийн “Сэтгэл залгигч хот” тэргүүтэй олон бүтээл уншигчдын өмнө дэлгэгдэх аж.

“Ном бол зам” уриатай зохион байгуулагдаж буй ээлжит номын баяр нэг зүйлээр онцгой байгаа нь, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэд захирал С.Ф.Дмитренко, хүүхдийн зохиолын семинарын удирдагч багш, нэрт зохиолч А.П.Торопцев нар хүрэлцэн ирж буй явдал юм. Тэд Оросын орчин үеийн уран зохиол, хүүхдийн уран зохиол зэрэг сэдвүүдээр их, дээд сургуулиудад илтгэл тавьж, зохиолчидтой тусгай уулзалт хийн, өөрсдийн бүтээлийг сонирхуулна. Улаанбаатарын номын баярт ийнхүү гадаадын хүндтэй зочид төлөөлөгчид ирдэг болж байна.

Энэ удаагийн Үндэсний номын баяртай “Автомашингүй өдөр” давхцаж буй нь бүр ч олзуурхууштай. Уншигч та энэ амралтын өдрүүдээр гэр бүл, найз нөхөдтэйгөө машингүй хотоор зугаалангаа номын баярт хүрэлцэн ирж, оюундаа хөрөнгө оруулалт хийгээрэй.

12728   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Г.Оюунлхам




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.