Толгой доторх бодлоо цэгцэлж, тархинд харван орсон элдэв шинэ санаа, шийдлээ тогтоон барих хамгийн сайн арга бол тэмдэглэл хөтлөх билээ. Дижитал технологийн дэвшил нь хүмүүст цаасан дээр тэмдэглэл хөтөлж, цүнхэндээ үзэг бал өвөртөлж явахаас илүүтэй ухаалаг гар утсаа ашиглан амар хялбар аргаар тэмдэглэл хөтлөх олон төрлийн сонирхолтой боломжийг бий болгосон. Тиймээс энэ удаа бид ухаалаг утас, таблет дээрээ тэмдэглэл хөтлөхөд тохиромжтой дөрвөн апп-ийг танилцуулж байна.
Zoho notes
Zoho Notes апп нь хийх ажлын жагсаалт гаргах, дуу бичлэг хураах, зураг, файл хавсаргах зэрэг олон төрлийн үйлчилгээг санал болгодог. Байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглахад тохиромжтой Zoho-ийн бусад апп-уудтай хоршин ажилладаг учраас хувийн болон ажлын тэмдэглэлийг бусадтай хуваалцах, нууц үгтэй болгох, өмнөх хувилбаруудыг харах, сануулга өгөх зэрэг нэмэлт давуу талтай юм. Мөн өөрийн тэмдэглэлийг PDF файл болгон хувирган, бусдад илгээж болдог нь таалагдлаа.
Түүнээс гадна тэмдэглэлээ өөрийн хүссэнээр эмх цэгцэд оруулан, хүссэн өнгөөр ялгах функцтэй аж. Апп-ийг Android, iOS, Mac, Windows, Web ашиглах боломжтой учраас хаана ч, хэзээ ч явж байсан тухайн өдрийн ажил, төлөвлөгөөгөө хянаж, хүмүүст хуваалцаж болох юм.
Татах: iOS, Android, Mac, Windows
paper by dropbox
Та бичиж, тэмдэглэсэн санаагаа багийнхантайгаа хуваалцаж, нээлттэй засвар оруулах тохиромжтой функц хайж буй бол бол энэхүү апп хамгийн тохиромжтой гэдгийг онцольё. Тухайн тэмдэглэлд засвар хийсэн бол хэн, хэзээ өөрчлөлт хийснийг хянах боломжтой учраас олон хүн зэрэг ашиглахад тун амар.
Paper апп-ийн хамгийн том давуу тал нь Trello, Prezi, YouTube, Airtable зэрэг түгээмэл ашигладаг 29 төрлийн вебсайт, үйлчилгээг тэмдэглэлдээ оруулан нэг дороос харж болох юм. Тэмдэглэлээ бусадтай хуваалцах нь Google Drive, Docs, Slides зэрэг платформтай ижил тул засвар хийн, сэтгэгдэл оруулж болно. Мөн Dropbox дээрээ хадгалах боломжтой.
google keep
Тэмдэглэл хөтөлж, жагсаалт гаргадаг хүмүүсийн дунд хамгийн эрэлттэйд тооцогддог Google-ээс гаргасан үнэгүй апп-уудын нэг болох Google Keep-ийг танилцуулж байна. Хэрэв та Google-ийн Docs, Sheets, Forms зэргийг хэрэглэдэг бол тун тохиромжтой апп юм. Google Keep апп-ийг хэт олон үйлдэл хийхээс зайлсхийж, энгийн функц, амар хялбар байдлыг илүүд үздэг хүмүүсийг туршаад үзэхийг санал болгож байна. Уг апп-ийг ашиглахын тулд ердөө Google аккаунттай байхад л хангалттай бөгөөд Android, iOS, Вэб дээр ажилладаг хувилбаруудтай.
Гэхдээ хайлтын систем нь боловсроогүй, бүх тэмдэглэл апп-ийн нүүр цонхонд гарч ирдэг учраас олон төрлийн тэмдэглэл, жагсаалт гаргадаг хүмүүст тохиромжгүй байх магадлалтай юм.
Bear
Bear апп дээр аливаа тэмдэглэлээ эмх цэгцтэй хуваан, жагсаалт үүсгэх боломжтойгоос гадна гэрэл зураг, дүрс бичлэг зэрэг олон төрлийн файлыг хавсаргаж болдог. Мөн бичвэртээ хаштаг оруулж, ангилал үүсгэх боломжтой тул хайлтын систем нь бусад апптай харьцуулахад илүү амар хялбар ажээ.
Гэхдээ зөвхөн Apple-ийн бүтээгдэхүүнүүд болох iPhone, iPad, Mac болон iWatch дээр ажилладаг учраас өөр үйлдлийн системтэй гар утас ашигладаг хүмүүс ашиглах боломжгүй юм. Бусад апптай адил тэмдэглэлээ имэйл болон сошиал хуудсууд, мессежээр хуваалцаж болох төдийгүй PDF, HTML, DOCX-д хувиргаж болно. Мөн апп-ийн өнгө, дизайныг өөрчлөх, лаптоптой холбох гээд нэмэлтүүдийг сарын 1.49$-ийг төлөн ашиглах боломжтой.
Сэтгэгдэл бичих