Зөгийн балыг байнга хэрэглэвэл зохилтой, хүний биед нэн тустай гайхалтай хүнс гэдгийг та бид мэдэх билээ. Зөгийн балыг эрс тэс уур амьсгалтай улсын иргэд бид дархлаа дэмжих хүнс болгож хэрэглэхэд нэн тохиромжтой ч саяхны болтол сонголт болоод хэрэглээ нь тийм сайнгүй байв. Дэлгүүрийн лангууг голдуу импортын зөгийн балууд эзэлж, хааяа нэг орон нутгуудаас ирсэн шилэн савтай зөгий балууд тааралдана. Харин өнөөдөр бидний танилцуулах Sarana Goods тэргүүтэй монгол брэндүүд энэ байдлыг халан, хүнсний салбарт шинэ өнгө төрх, ахиц дэвшлийг авчирч байна. Тэд сайн чанарын зөгийн балаар хүнсний төдийгүй ахуйн хэрэглээний шинэлэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа бөгөөд гоёмсог сав баглаа, бэлгийн багцуудаараа гадаадын зочдод ноолуураас өөр бүтээгдэхүүн бэлэглэж болно гэдгийг илтгэж харуулж байгаа юм. Ингээд тус бизнесийг хамтран байгуулсан, гүйцэтгэх захирал Л.Наранзултай хөөрөлдсөнөө хүргэе.

Бизнесийн нэр: Sarana Goods
Хаяг:
Нэрийн дэлгүүр 1 - Хуучнаар центрпойнт, Голомт банкны Бизнес төвийн зүүн талын 29 дүгээр байр “Greenstock shop”
Нэрийн дэлгүүр 2 - River Tower 1 давхар “Lenoble Wine shop”
Нэрийн дэлгүүр 3 - Спортын төв ордны эсрэг талын Петровисын байрны зүүн талд байрлах “Lenoble Wine shop”
Үйл ажиллагааны чиглэл: Зөгийн бал үйлдвэрлэл, савлагаа; хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагдсан: 2017 он
Үүсгэн байгуулагчид: Б.Шинэзаяа, Л.Наранзул, О.Лхагва
Цахим хуудсууд: saranagoods.com (Веб), Sarana Goods (Фэйсбүүк), @saranagoods (Инстаграм)

бизнесийн санаагаа анх яаж олсон бэ?

Миний хувьд сүүлийн долоон жил хөдөө аж ахуйн бизнест ажиллаж байна. 2012 онд миний ажиллаж байсан хөрөнгө оруулалтын компани стартапуудад хөрөнгө оруулалт хийж эхлэх үеэс л энэ салбарт татагдсан. Хөдөө аж ахуйн бизнес гэдэг хөрөнгө оруулалт, эрсдэл өндөртэй ч урт хугацаандаа нийгэмд ихээхэн үр өгөөжтэй байдаг. Олон хүнийг ажлын байраар хангаж, улс орны эдийн засагт эергээр нөлөөлдөг салбар болохоор энэ төрлийн төслүүд дээр ажиллаж эхэлсэн. Тэгээд 2016 онд зөгийн бал, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, амтлагчийн ногоо, жамц давс зэргийг судалж үзтэл бидний өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүний бараг 80 хувь нь импортын бүтээгдэхүүн болж таарсан. Энэ үед “Яагаад монголчууд бид өөрсдөө цөөн хэдэн гол бүтээгдэхүүнээ эх орондоо үйлдвэрлэж болдоггүй юм бол. Ер нь өөрсдөө үзээд алдвал яасан юм” гэх бодол орж ирсэн. Улмаар түүхий эдүүдээ ээлж дараалан судалсаар хамгийн эхэнд зөгийн балаар бизнес эхлүүлье гэж шийдсэн юм. Яагаад гэвэл зөгийн аж ахуйгаас 13 төрлийн түүхий эд гардаг. Үүний ердөө нэг нь л зөгийн бал. Энэ аж ахуйгаар зөвхөн хоол хүнс гэлтгүй хүмүүсийн өдөр тутмын зарим хэрэглээг хангаж чадахуйц бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох юм байна хэмээн “Сарана Гүүдс” компаниа анх хамтран байгуулж байлаа. Одоогийн байдлаар манай компани нийт 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Цаашид байгалийн нөөц болон ойн дагалт бүтээгдэхүүн дээр үндэслэн шинэлэг импортыг орлох, экспортлох дэмжих бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр төвлөрөн ажиллахаар судалгаа хийж байна.

санхүүжилтийн асуудлаа ТА БҮХЭН хэрхэн шийдсэн бэ? 

Хөрөнгө санхүүжилтаа бид өөрсдийн хөрөнгөөр шийдсэн. Ямар нэг зээл авалгүй бизнесээ эхлүүлээд жил хагас болсон байна. Хөрөнгө оруулалт аваагүй эхэлсэн гэхэд харьцангуй амжилттай ажиллаж байгаа гэж өөрсдийгөө дүгнэдэг шүү (инээв).

хамтрагчаа хэрхэн олж сонгосон бэ?

Бид бол олон төсөл дээр хамтран ажилласан нэгнээ сайн мэдэх хамтрагчид. Бид бүгдээр бизнес хөгжихийн хэрээр байгаль орчин болоод нийгэмд эерэг нөлөөтэй гэж үздэг, компаниа ч тийм бизнес болгоно гэж зорьдог.

Танай бүтээгдэхүүний онцлог давуу талууд юу вэ? 

Нэгдүгээрт, манай бүтээгдэхүүн зөгийн балаараа алдартай Сэлэнгийн Шаамар сумаас гаралтай. Хоёрдугаарт, бид цэвэр зөгийн балны стандартад нийцүүлэн савлагааг хийж, импортын барааг орлохуйц түвшинд хүргэсэн. Гуравдугаарт, рапсын бал, бор будааны бал, байгалийн бал зэрэг Монголд хураадаг гурван түгээмэл балыг 1 халбага буюу 5 граммаас эхлээд 35 гр, 280 гр, 460 гр-аар савлаж хэрэглэгчдэд хүргэдэг. Зөгийн бал цэцэг цэцгээрээ өөр өөрийн гэсэн амт чанартай байдаг тул үүнийг хүмүүст мэдрүүлэхийг зорьдог гэсэн үг.

зөгийн бал хүний биед ямар ашиг тустай вэ?

Ямар цэцгээс гарган авсан бэ гэдгээр нь ангилан яривал зүгээр байх. Сахарын агууламж хамгийн багатай бор будааны зөгийн балыг Зүүн Европын орнууд их хэрэглэдэг. Түүнчлэн төмрийн агууламж өндөртэй тул цус төлжүүлэхэд хэрэглэхэд нэн тохиромжтой байдаг. Харин рапсын бол хоол шингээхэд болон ходоодны шархлаанд тустай. Олон цэцэгсийн балыг харин жил бүр ондоо цэцэгсээс гарган авдаг. Өнгөрсөн жилийн хувьд гогод мангир, гоньд, туйплан, морины уруул зэрэг цэцэгс бүхий байгалийн бал гарсан. Иймээс амин дэмийн агууламж өндөртэй, дархлаа дэмжих ач тустай. Бид удахгүй бал бүрийн онцлог, шинж чанар, ач тусын талаар блог бичин сошиал хуудсуудаараа түгээх болно.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Ойрын үед Японы зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар ажиллаж байна. Бид өнгөрсөн хоёрдугаар сард Япон улсад үзэсгэлэн худалдаанд оролцож байхдаа тэндхийн органик дэлгүүрүүдтэй хамтарч ажиллах санал авсан. Мөн Хятадад хоёр онлайн дэлгүүртэй хамтран ажиллах зорилгоор бүтээгдэхүүн байршуулан туршилт хийж эхэлсэн. Хэтийн зорилго бол хөдөө аж ахуй, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн инновац бүхий бизнесийн загварыг туршиж, нутагшуулах. Өнгөрсөн хугацаанд бид хөдөө орон нутгуудаар явж байхдаа ямар их нөөц боломж өмнө минь байгааг олж харсан. Тиймээс залуучууд бид бүтээлч, эрэл хайгуулч, хөдөлмөрч байх хэрэгтэй юм билээ.

Бизнесийн үнэт зүйл, баримталдаг зарчим?

Манайхаас гарч буй бүх бараа бүтээгдэхүүн стандартын шаардлага хангасан байхаас гадна маш их сэтгэл, хайраар бүтээгдсэн байх ёстой гэх зарчмаар бид ажилладаг. Манай байгууллагын гол үнэт зүйл бол ажилчид ба тэдний эерэг сэтгэлгээ. Бид яг л нэг гэр бүл шиг байхыг эрхэмлэж, нэг зорилгын төлөө ажлаа хийдэг. Дийлэнх ажиллагсад маань ээжүүд байдаг тул эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаадаа сэтгэл хангалуун байж, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Мөн Сарана Гүүдс нийгмийн хариуцлагыг өөртөө байнга агуулж явах учиртай гэж үздэг. Өөрөөр хэлбэл бид сошиал энтерпрайз болох алсын хараатай. Ийм ч учраас бид бэлгийн багцын уутуудаа хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээжүүдээр оёулдаг. Мөн маркетинг, судалгааны ажил дээр эрч хүч дүүрэн ээжүүдтэй зайнаас хамтран ажилладаг. Сав, баглаа боодлоо үндэсний үйлдвэрүүдэд захиалан хийлгүүлдэг.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Одоо бид зөгийн лав дээр түшиглэсэн ахуйн хэрэглээний шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргахад анхааран ажиллаж байна. Мөн гадаад зах зээлд гарахтай холбоотойгоор экспортын гэрчилгээ авах гээд хөөцөлдөж байна. Бидний бас нэлээн хүч тавьж ажиллаж байгаа нэг ажил бол компанийн вебсайт хөгжүүлэлт, блог бичих ажил байна. Үүгээр бид зөгийн балны хэрэглээ ямар энгийн зүйлээс эхэлдэг болох, хүний эрүүл мэндэд ямар ямар ач тус үзүүлдэг, зөгийн баланд бидний мэддэггүй давуу чанарууд байдаг тухай хэрэглэгчдэдээ мэдээлэл хүргэхээр бэлтгэж байна.

энэ бизнесийн эрхлэхийн эерэг САЙН БӨГӨӨД хэцүү бэрхшээлтэй ТАЛУУД?

Манай улсад үйлдвэрлэл сайн хөгжөөгүй, эхлэлийн шатандаа яваа гэж хэлж болно. Олон янзын бүтээгдэхүүн гарч амжаагүй байдаг тул ашиглаж болох түүхий эдүүдийг судлахад маш олон санаа орж ирдэг. Нөгөөтээгүүр, хөдөө аж ахуйн бизнес нэн шаардлагатай зүйл бол санхүүгийн болон татварын таатай нөхцөл гэж боддог. Үүн дээр холбогдох газруудаас анхаараад өгвөл жижиг, дунд үйлдвэрлэгчид олон сайхан бүтээгдэхүүн гаргаж, манай иргэд дотоодын найдвартай, чанартай хүнс хэрэглэх боломж нэмэгдэнэ.

Зарим хэрэглэгчдийн сэтгэгдлээс хуваалцвал?

Хэрэглэгчдээс ихэвчлэн бүтээгдэхүүн чинь "монгол юм уу?" гэх асуулт ирдэг. Мөн "монгол залуучууд үнэхээр сайн сэтгэж байна, гоё сав боодолтой юм аа" гэсэн урмын үг их авдаг шүү. Ялангуяа манай бэлгийн багцуудыг гаднын түнш, найз нөхөд, зочдод өгөхөд тохиромжтой юм байна, ноолуураас өөр сонголттой болох нь хэмээн хэрэглэгчид таашааж байгаа нь анзаарагддаг. Хамгийн сүүлд гаргасан зөгийн лав, хүнсний ногоогоор өнгө оруулсан органик тосон харандааг зураг зурж сурч байгаа багачуудын ээж аавууд ихэд талархан авсанд баяртай байгаа.

Та ижил төлийн бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

Бүгд хамтдаа хөгжих хэрэгтэй гэж боддог. Бид сүлжээ дэлгүүрүүдийн лангуун дээр олон орны зөгийн балууд байдаг гэдгийг мэднэ. Тэр дунд монгол балууд хэдхэн хувийг л эзэлдэг. Тиймээс хэрэглэгчдэд олон сонголт өгөх, импортын бүтээгдэхүүнийг орлох бал үйлдвэрлэцгээе. Цаашлаад дэлгүүрүүдийн лангуун дээр дан дотоодод үйлдвэрлэсэн зөгийн балууд байдаг болгохын төлөө хичээн ажиллацгаая. Ингэж л уриалмаар байна. Бас зөгийн балыг зөвхөн усанд хийгээд найруулж уудаг эд биш, олон янзаар хэрэглэж болдог үнэ цэнтэй зүйл гэдгийг нийгэмд таниулцгаая. Үүгээр амттай хоол амтлагч, өдөр тутмын гоо сайхны ба үс арчилгааны түүхий эд, оюуны ачаалал ихтэй хүмүүст зориулсан шидэт ундаа зэрэг олон зүйлсийг хийж болдог.