Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Блог   09 сарын 13, 2019

2030: Хэрэгцээнээс давсан хэрэглээгээ хазаарлах уу?

Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хувьсгал нь хүн төрөлхтөнд хязгааргүй хэрэглээг бий болгосноор бидний өдөр тутмын амьдралын хэв маяг тэр чигтээ хувьсан өөрчлөгджээ. Гэвч түүхийн туршид хүмүүс хурааж хуримтлуулсан баялгаасаа тэр хэрээр сэтгэл ханамж авч, аз жаргалтай байж чадсан болов уу?

ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлынхоо энэ удаагийн дугаарт бид тогтвортой хэрэглээний тухай сэдвийг онцлохоор бэлтгэлээ. Аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө хүний хэрэглээ бараг бүхэлдээ зөвхөн ургамлаас хамаардаг байв. Гэвч бид шинэ эх сурвалж нээхийн хэрээр өдөр тутмын хэрэглээ зах хязгааргүй болж, дэлгүүр хэсэх, эд баялаг цуглуулах нь хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан арга болсон төдийгүй хэрэглээ нь хүмүүс хоорондын харилцааны амин чухал зуучлагчийн үүргийг гүйцэтгэж иржээ.

Эртний Грекийн гүн ухаантан Эпикур “Эд юмсаас хамааралгүй байх бол хүний хамгийн том үнэт зүйл” хэмээсэн байдаг. Хүн төрөлхтөн олон зуун жилийн турш материаллаг ертөнцийг бий болгож, түүнийг дагасан олон соёл, хэв маяг, урсгал, түүхийг бүтээж ирсэн. Гэвч бид гишгэсэн мөрөө эргэн харж, ирээдүйдээ өөрчлөлт хийх цаг болсныг эх дэлхий сануулж, түр зуурын хэрэглээ, тухтай байдлаас илүүтэй тогтвортой хэрэглээ, хариуцлагатай хандлагыг бий болгох нь хүн төрөлхтний хамгийн чухал үүрэг хариуцлага болоод байна.

Тиймээс тогтвортой хэрэглээг хамтдаа бий болгоцгооё.

тайлбарлах нь

"Reduce, Reuse, Recycle” буюу “Багасга, дахин ашигла, дахин боловсруул гэх дүрмийг баримталдаг шведчүүд өдөр тутамдаа зөвхөн нэн шаардлагатай зүйлсийг хэрэглэж, Лагом буюу тэнцвэртэй амьдралын хэв маягийг эрхэмлэдгээрээ алдартай. Аз жаргалтай амьдрах швед философи хэмээн тодорхойлсон энэхүү хэв маяг тансаг хэрэглээнээс давж, энгийн бүхнийг агуу болгож буйн шалтгаан юу вэ? Цөөн, цэвэрхэн, цэмцгэр гэх тодорхойлолтыг агуулсан less is more, minimalism, natural beauty гэх ойлголтууд дэлхийн өнцөг булан бүрт трэнд болж, энгийн, тогтвортой амьдралын хэв маяг эрчээ авч буйн ач холбогдол юу болохыг энэ удаагийн дугаартаа онцлон хүргэе.

Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9,8 тэрбум давж, хүнсний хэрэгцээ 70 хувиар нэмэгдсэнээр хог хаягдлын хэмжээ 3.4 тэрбум тоннд хүрэх тооцоо бий. Гэвч эх дэлхий маань ийм их хог хаягдлыг тээгээд өөрчлөлтгүйгээр оршин тогтнож чадах болов уу.

Харамсалтай нь, уур амьсгалын өөрчлөлтөд аль хэдийнэ өртсөн дэлхийг Арктикийн мөс хайлж, амьтад амьдрах нөхцөлгүй болох төдийхнөөр алсуур төсөөлөх аргагүй болжээ. Бидний алхам тутамд уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдсоор байна. НҮБ-ын шинжээчид болон олон улсын байгууллагууд бидний ирээдүйн талаар бараан мэдээллийг түгээж, хүн төрөлхтөнд анхааруулан сануулсаар. Тиймээс бид өдөр тутмын дадал зуршил, хандлагаа байгальд ээлтэй хэв маягт хөтөлж, дэлхий ээжийнхээ “халууныг бууруулахын” тулд өнөөдрөөс эхлэн хүн бүр ногоон амьдралыг чухалчлах зайлшгүй шаардлагатай болжээ.

Энэ хүрээнд байгаль орчинд ээлтэй нийгмийг цогцлоохын тулд Мартин Лютер Кинг, Нельсон Мандела, Стив Жобс, Марк Цукерберг тэргүүтэй алдартнууд тогтвортой амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж, үлгэр жишээ болсоор байгаа билээ.

Монголчууд бид ч эрт дээр үеэс минималист хэв маягаар амьдарч, тогтвортой хэрэглээг олон зуун жилийн турш бий болгосон түүхтэй. Нүүдэлчдийн амьдралын хэв маяг нь хэрэгцээнээс давсан хэрэглээг бий болгоддоггүй онцлогтой. Илүү эд зүйлс нүүдэллэхэд дараа болдог учраас нүүдэлчид цомхон хэрэглээтэй, байгальтайгаа зохицож энгийн натурал маягаар амьдарч ирсэн билээ.

Гэвч НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс 2014-2015 онд хийсэн судалгаагаар Монгол Улс өдгөө ДНБ-ий нэг ам долларыг үйлдвэрлэхдээ байгалийн болон бусад нөөцийн 14 доллартой тэнцэх хэмжээний зардал гаргаж байгааг мэдээлсэн. Энэ хүрээнд Монгол Улс нь уул амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөх 10 орны тоонд багтаад байгаа. Тиймээс бид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахыг эрмэлзэж, өдөр тутмын амьдралдаа тогтвортой хэрэглээг бий болгох нь чухал болжээ. Хамгийн наад зах нь гэрэл цахилгаанаа салгах, дулаанаа хэмнэхээс эхэлж, хог хаягдлаа ангилж хаях, элэгдэл ихтэй, чанаргүй автомашин унахгүй байх зэрэг байгальд ээлтэй дадлыг бий болгох нь зүйтэй. Мөн хувцас, эд зүйлсийг удаан эдэлж хэрэглэхэд анхаарч, нэг удаагийн хэрэглээ, хуванцрын үйлдвэрлэлийг багасгахгүй бол ирээдүйдээ үлдээх амьдрал өдөр ирэх бүр багассаар байна.

"Sustainable Mongol" подкастын хөтлөгч Н.Энхзул

чиг хандлага

Хэрэглээний шинжлэх ухаанд илүү бүтээгдэхүүн хэрэглэх, үйлчилгээ авахыг эерэг зүйл хэмээн үздэг. Аль ч орны эдийн засаг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ тогтмол өсгөж, худалдан авагчдыг татахыг эрмэлзэн, хэдэн зуун шинэ хэрэглээг бий болгосоор байгаа билээ. Үйлдвэрлэгчид зориуд богино хугацаанд хэрэглэх бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна цаг үеэсээ хоцрохгүйн тулд бүтээгдэхүүндээ байнга өөрчлөлт хийж, шинэ загвар санал болгодог. Түүнийг дагаад хэрэглэгчид дахин худалдан авах сэдэл, эрэлт нэмэгдсээр байна. Энэ хэрээр дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9,8 тэрбумд хүрэх ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэрэглээ одоогийнхоос хоёр дахин өсөх тооцоо бий.

Тиймээс дэлхийн түүхэнд хамгийн анх удаа 197 орон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт гарын үсэг зурж, энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн “Бид цаг хугацаатай уралдлаа. Үүгээр бидний замбараагүй хэрэглээний эрин дуусгавар болж байна” хэмээн онцолж, эх дэлхийд амьдарч буй хүн бүрийг үүрэг хариуцлагаа ухамсарлан байгальд ээлтэй хэрэглээнд уриалсан билээ.

Энэ хүрээнд олон нийтийг уриалсан томоохон компанийн ажлууд, иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, дэлхийн өнцөг булан бүрт эх дэлхийгээ хайрлах уриалгыг түгээсээр байна. Энэ хандлага нь нийгмийн хариуцлагаа ухамсарладаггүй, байгальд сөрөг үйл ажиллагаа явуулдаг компаниудын үнэлэмжийг багасгаж, хэрэглэгчдийн итгэлийг олж авахын төлөө байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, эерэг хандлагыг түгээх ганцхан сонголтын өмнө ирээд байна.

Учир нь, Кантар судалгааны байгууллагаас хийсэн судалгаагаар 19-35 насны залуусын 84 хувь нь бизнес эрхлэгчид төдийгүй дэлхийн томоохон брэндүүд нийгмийн асуудлыг заавал шийдэлцэх үүрэгтэй хэмээн хариулжээ. Мөн Эдэлмэнийн хийсэн судалгаагаар судалгаанд оролцогч залуусын 65 хувь нь нийгмийн асуудалд анхаарал хандуулдаггүй, байгальд ээлгүй брэндүүдээс худалдан авалт хийхгүй хэмээн хариулжээ. Үүнээс үзэхэд өдгөө дэлхий нийтийн чиг хандлагыг дагая гэвэл энгийн хувь хүнээс авахуулаад ямар ч компанийн зорилго, алсын хараа нь тухайн нийгмийн зорилготойгоо нийцэх шаардлагатай болоод байна.

Энэ хэрээр хэрэглэгч бид хэрэгцээндээ таарсан худалдан авалт хийж, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг бий болгох нь энэ зуун төдийгүй ирээдүйн зуунуудын голлох сэтгэлгээ, дадал болох учиртай.

Цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.

Зөвлөгөө

Дэлхийн иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай байгааг бид тайлбарлахыг хичээлээ. Үүнд хүн бүрийн оролцоо үнэ цэн, ач холбогдолтой тул тогтвортой амьдралын хэв маягийг бий болгох 10 зөвлөгөө хүргэж байна.

  • Дэлгүүрээс зөвхөн шаардлагатай хүнс, бүтээгдэхүүнээ худалдан авах
  • Нэг удаагийн бүх хэрэглээнээс татгалзаж, дахин боловсруулах боломжтой бүтээгдэхүүн худалдан авах
  • Аль болох байгалийн гэрлийг ашиглаж, оройн цагаар цахилгааны хэрэглээгээ багасгах
  • Хуванцар сойз, халбага, сэрээ, хутга зэргийг хулсан эд хэрэгслээр солих
  • Дотнын хүндээ бэлэг дурсгал өгөхөөс илүүтэй дурсамж бүтээхийг хичээх
  • Хэрэггүй хувцас, эд хэрэгслээ хандивлах
  • Ном, хэвлэлийг аль болох цахим хэлбэрээр худалдан авах
  • Амарч байх үедээ байгальд цагийг өнгөрөөж, техник, технологиос хол байх
  • Материаллаг эд зүйлсийг чухалчлах сэтгэл зүйгээ өөрчлөх
  • Бусдад байгальд ээлтэй дадал зуршлыг түгээх, сурталчлах

“2030” товхимлыг хамтран бэлтгэж, танд хүргэж буй ХААН Банкны хувьд өнгөрсөн сараас эхлэн нэг сарын хугацаанд нийт ажилтнууддаа Тогтвортой хэрэглээг хэвшүүлэх “Эерэг дадлыг хэвшүүлцгээе!” уриатай “Ногоон оффис” аяныг өрнүүлжээ. Тус аяны хүрээнд ажлын байран дахь цахилгаа, ус, цаасны зохистой хэрэглээ болон хог хаягдлаа ангилж хэвших зөвлөмжүүдийг хүргэсэн юм. Ингээд та бүхэнд ажлын орчинд цахилгаанаа хэмнэх 8 зөвлөгөөг нь сонордуулъя.

  • Өдрийн цагаар оффистоо байгалын гэрэлд ажиллах
  • Уулзалт, хурлаа дуусаад өрөөний гэрлээ заавал унтраах
  • Оройн цагаар сууж ажиллахдаа зөвхөн өөрт хэрэгцээтэй хэсгийн гэрлийг асаах
  • Ажлаа тараад гарахдаа цахилгаан хэрэгслүүдээ бүрэн унтрааж салгаад, гэрлээ заавал унтраах
  • Хүнгүй уулзалтын, цайны зэрэг өрөөний гэрэл асаалттай байвал та хажуугаар нь өнгөрөхдөө санаачлагаараа унтраах сэтгэлтэй байгаарай.

Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг ХААН Банк ийнхүү 6000 орчим ажилтнууддаа тогтвортой хэрэглээг хэрхэн ажлын байран дээрээсээ хэвшүүлж болохыг таниулж эхэлсэн нь тунчиг сайны жишээ юм. Цаашид тус аянаа үргэлжлүүлэн илүү олон хүмүүст нөлөөлөхийг зорьж буй юм билээ.

7030   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ш.Цогзолмаа




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.